The Wild Child (1970). "Энэхүү түүх нь жинхэнэ бөгөөд 1798 онд Францын ойд эхэлсэн юм" хэмээн кино маань эхэлдэг. 1798 оны зуны нэгэн өдөр Францын өмнөд хэсэгт орших Авейрон хэмээх хөдөө нутгаас 11 эсхүл 12 насны үс гэзэг нь ургасан нүцгэн хүү ойгоос олджээ. Настай эмэгтэй анх хүүг олж хараад ойрхон явж байсан анчдад харсан зүйлээ хэлжээ. Анчид нохдын хамт хүүг хөөж барих дөхсөн ч хүү модонд авирах юмуу жирийн хүн явахад бэрх замаар амархан явж зугтаж чадаж байсан агаад бүр өөр рүү нь дайрч ирсэн нэг нохойг шархдуулжээ. Хүү нүхэнд нуугдсан ч анчид утаа тавьснаар амжилттай барьж авдаг. Хүүг Парист авчраад хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд оруулна. Хүү яг л араатан амьтан шиг зэрлэг байгальд амьдарч дассан бөгөөд ярьж чадахгүйн дээр хүний хэл ойлгохгүй. Дөрвөн хөллөн явж, хоолоо нохой шиг л иднэ. Хүү бүр багаасаа ойд ганцаараа амьдарч сурсан нь илхэн, мөн хүзүү нь дээрх сорвиос нь харахад багад нь хөнөөх гэж оролдсон бололтой бөгөөд хэн нэгэн хатуу сэтгэлтний хүсээгүй хүүхэд байх магадлалтай байлаа. Сургуульд хүүгийн байдал сайжирсангүй, иргэнших ямар ч боломжгүй гэж эмч нар үзэж эхлэх үед Itard хэмээх сайхан сэтгэлтэй эмч хүүг эмчлэгдэн иргэнших бүрэн боломжтой, хэрэв ингээд орхивол хүү удахгүй үхнэ гэж хэлдэг. Itard-ын үзэж буйгаар хүү дэндүү удаан хүмүүсээс, нийгмээс хол хөндий байснаас болж "зэрлэгшсэн" бөгөөд тэвчээртэйгээр бас системтэйгээр сургаж чадвал боловсролтой, хүмүүжсэн иргэн хүн болно гэж маргадаг. Itard хүүг өөрөө сургахаар болж, Парисын захад байх зуслангийн байшиндаа хамт амьдрахаар болно. Эмч туслахаараа нэгэн авгайг сонгох ба хүүг хүмүүжүүлэх тэтгэлэг бас туслах буюу хүүгийн асрагч Guerin-ын цалинг засгийн газраас өгөхөөр болно. Эмч, асрагч хоёр хүүд Victor гэдэг нэр хайрлана. Victor-г сургах явдал үнэндээ Itard-ын бодож байснаас 10 дахин хүнд байлаа. Гэхдээ Itard хүүг зодож шийтгэдэггүй бөгөөд харанхуй өрөөнд хорих юмуу хоол ундыг нь хасдаг байв. Шийтгэл ийм бол урамшуулал бас л хоол ундаар хязгаарлагдах агаад Victory шагнал болох усаа уунгаа цонхоор ой мод, гол горхи харж зогсох дуртай байв. 3 сар өнгөрөв. Victor дөрвөн хөллөж явахаа больж, хоёр хөлөөрөө явж сурсанаас гадна жирийн хүүхэд шиг хувцаслаж, бас хоол ундаа хүн шиг идэж уудаг болсон байлаа. Гэвч хүн болох хол байлаа. Жаахан ядраахад л зугтаах юмуу бүрэн төвлөрч чадахгүй байв. Засгийн газрын явуулсан эмч нарын дүгнэлтээр Itard-ын зүтгэлд ахиж маш бага гарсан учир тэтгэлэг олгохоо зогсоосноо мэдэгдэнэ. Itard хот орж заргалдсанаар тэтгэлгийг буцааж авч чадна. Ингээд Victor-ын байдал аажмаар сайжирч байтал эмч өөрөө өвдчих бөгөөд энэ үед Victor нууцаар байгаль руугаа буцаад явчихна.
Францын суут кино урлаач Francois
Truffaut-ын найруулж, бас өөрөө гол дүр эмч Itard-ын дүрд тоглосон хүмүүжлийн
талаарх гайхалтай хөрөг болсон бүтээл. Victor хүүгийн дүрд Jean-Pierre Cargol
тоглосон ба Truffaut киноныхоо зохиолыг эмч Jean Marc Gaspard Itard-ын бичсэн
тайлангаас сэдэвлэсэн буюу "Авейроны Виктор" хэмээх бодит түүхийг
дүрсжүүлжээ. Truffaut хүүхэдтэй хүчтэй холбоотой гэдгээ мэдэрдэг байжээ.
Гадуурхагдсан, нийгмийн уламжлалыг үгүйсгэсэн залуу хүмүүс түүний дуртай сэдэв
байсан ба The 400 Blows, Small Chance зэрэг алдартай бүтээлүүдийг нь дурдахад
хангалттай буйзаа. 1962 онд тэрээр The Miracle Workers жүжгийг кино болохыг
хүссэн ч найруулагч Arthur Penn кино болгох эрхийг өрсөөд авчихсан байжээ. 1966
онд Truffaut 1344 оноос 1968 он хүртэлх 52 ойгоос олдсон зэрлэг хүүхдийн тухай
баримтыг сониноос уншжээ. Түүний анхаарлыг "Авейроны Виктор"-ын түүх
татаж, улмаар энэ хэргийг судлах болов. Ингээд киноны зохиолыг эмч Itard-ын
1800-аад онд элчин сайдад бичсэн болон анагаахын академид бичиж байсан хоёр
тайлангаас сэдэвлэн бичжээ. Мөн тэрээр хэлгүй, дүлий хүмүүсийн талаар
судалснаас гадна алдартай багш, хүмүүжүүлэгч Maria Montessori-ын номыг ч гайгүй
сайн уншсанаа кинондоо ашиглажээ. Truffaut эмч Itard-ын тэмдэглэлийг шинэчлэхдээ
эмчийн дуу хоолойг кинондоо шууд тусгахыг зорьжээ. Эмчийн дүрд хэд хэдэн
жүжигчин туршиж үзсэний эцэст Truffaut өөрөө тоглохоор шийдсэн бөгөөд өөрөө
тогловол зуучлагчаас хамааралгүйгээр Victor-ын дүрд тоглож буй хүүхэдтэй шууд
харилцах боломжтой болжээ. Зураг авалт дууссаны дараа тэрээр "дүрд
тоглоогүй юм шиг, киног ардаас нь биш урдаас нь найруулсан юм шиг сэтгэгдэл
төрсөн" гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр эмчийн дүрд тоглох нь тухайн үед
бодож байснаас илүү түвэгтэй байсан гээд энэ киногоороо би өөрийгөө анх удаа
насанд хүрсэн хүн, эцэг хүн гэдгээр харсан бөгөөд энэхүү киногоо би жүжигчин
Jean-Pierre Leaud-д зориулж байна гэжээ. Jean-Pierre Leaud бол түүний анхны
кино The 400 Blows бүтээлд гол дүрд тоглож кино ертөнцөд хөл тавьсан алдартан
агаад Truffaut түүнийг анх кино урлагтай танилцуулсан юм. Хожим Truffaut
киноныхоо намтарчилсан элементийн талаар "миний бодлоор эмч Itard бол
Andre Bazin, харин хүүхэд нь би Truffaut" гэж хэлжээ. Truffaut-д Victor-ын
дүрд таарах сахилгагүй бөгөөд авъяаслаг хүүхэд олоход хамгийн хүнд асуудал
байсан гэдэг. Тэрээр маш авъяаслаг хүүхэд хүсэж байснаас гадна балетчин Rudolf
Nureyev-ын залуу хувилбар байвал төгс тохирохоор байлаа. Аргаа барсан Truffaut
хэцүү ажлыг туслахдаа даалгасан бөгөөд удсан ч үгүй туслах нь Jean-Pierre
Cargol хэмээх цыган хүүг аваад иржээ. Цыган хүүг Truffaut шууд сонгосон. Cargol
бол алдартай Фламенко гитарчин Manitas de Plata-ын зээ хүү байв. Truffaut энэ
кинондоо кино зураглаач Nestor Almendros-той анх удаа хамтарсан нь тэдний
хойшдын 8 киноны хамтралын эхлэл байв. Киноны олон сцэн дуугүй киноны гоо зүйг
баримтлан дагадаг. Анх удаа кинонд тоглож буй Cargol-г Truffaut нохой шиг бай,
морь шиг бай, эсхүл Harpo Marx шиг бай хэмээн зааварддаг байсан гэдэг.
Гэхдээ
Cargol үүнээс өөр ганцхан кинонд л тоглосон байдаг. Хожим нь Truffaut дурсахдаа
"кино урлаг Cargol-г өөрчилсөнийг харсан, миний бодлоор киноноос өмнөх
Cargol, киноны дараах Cargol хоёр эрс ялгаатай" гэж хэлсэн буй. Кино
харилцан яриа багатай, Itard-ын дуу хоолой давамгайлах тул киноны чанар дуугүй
кинотой ойрхон болжээ. Кинонд Antonio Vivaldi-ын хөгжим Antoine Duhamel-ын
найруулгаар эгшиглэнэ. Кино бэлэн болсны дараа Truffaut уг бүтээлээ The 400
Blows кинотойгоо хүчтэй холбогдож байгааг ухаарсан ба энэ зөвхөн бухимдсан
хүүхдүүдийг дүрсэлсэнээрээ биш анх удаа Jean-Pierre Leaud-тай ажиллаж байсан
мэдрэмжийг нь эргэн сануулжээ. Киноныхоо нээлтийн үеэр Truffaut "хүн бусад
хүнгүйгээр хэн ч биш" гэж хэлж байжээ. Roger Ebert уг киног эерэгээр
үнэлээд Truffaut-ын дуртай сэдэвтэй кино гээд Truffaut-ын өгүүлэмжийг энгийн
бөгөөд сэтгэл хөдлөм ба залуу хүмүүс өсөж том болоод өөрийгөө нээж гаргаад
дэлхийд бүтээлчээр ажиллах үүрэгтэйг харуулсан ба найруулагч киноныхоо бүх кадр
дээр өөрийнхөө хувийн мэдрэмжийг байрлуулсан байдаг гэжээ. Мөн тэрээр; энэхүү
оюунлаг, найдвар төрүүлсэн киног үзэх нь оюун ухааныг цэвэршүүлэх туршлага юм
гэжээ. Бусад кино судлаач, шүүмжлэгчид цыган хүүгийн тоглолтыг магтаад үзсэн
хүн болгон удаан хэмнэлтэй, хар-цагаан энгийн биш уг кинотой холбогдоно гэснээс
гадна киноноос хувь жүжигчний тоглолтыг тусгайлан авч онцлох боломжгүй ч
Cargol-ын тоглолтыг сайшаахгүй өнгөрч чадахгүй хэмээжээ. Сүүл үеийн киноны
шүүмжлэгчид уг киног илүүтэй сайшааж үзэх болсон ба Truffaut-ын хамгийн
хуучинсаг хийгээд хар бараан киноны нэг хэдий ч уг кино нь түүний оргил ажлын
нэг гэж дүгнэцгээх болжээ. Мөн хэдэн арван жил өнгөрсөн ч гэсэн энэхүү
бүтээлийн хүмүүнлэг гэрэл тод хэвээрээ л байна гэжээ. Киног рационализм юмуу
соёл иргэншлээс илүүтэйгээр "ихэмсэг зэрлэг" гэсэн романтик идеад
дуртай "цэцгийн хүүхэд" эриний дунд үед гаргасан ба "ихэмсэг
зэрлэг" гэсэн нэр томьёо бол Жон Драйден болон Ж. Ж. Руссогийн идеанаас
үүсэлтэй бөгөөд энэ нь хиппичүүд, романтикчуудаар манлайлуулсан анхдагч төлөв
байдал бол хамгийн сайн гэсэн идеа юм. Ихэнх үзэгчид уг киног анх үзээд ингэж
тайлбарлаж байсан ч ихэнх шүүмжлэгчид найруулагчийн "ихэмсэг зэрлэг"
концептийг шүүмжилж, рационалистуудын талыг барьж байгаа юм шиг харагдаж
байгааг анзаарчээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 708-р байрт эрэмбэлжээ. Кино нээлтээ хийхээс долоо хоногийн өмнө Лос
Анжелэс хотод амьдралынхаа ихэнх хугацааг хүмүүсээс тусгаарлагдаж өнгөрөөсөн
зэрлэг охиныг олсон агаад эмч нарын баг охиныг эмчлэхийн тулд эл бүтээлийг үзэж
санаа авсан байдаг ажээ.
Comments
Post a Comment