Pornography. Английн Cure хамтлагийн студийн 4 дөх цомог бөгөөд 1982 оны 3-р сард худалдаанд гарсан. Энэ цомог бол шинэ продюсер Phil Thornalley-тэй хамтарсан хамтлагийн анхны цомог юм. The Cure цомгийн бичлэгийн үеэр өөр хоорондоо хэрэлдэж, маш ихээр хар тамхи хэрэглэж байсны улмаас тарах дөхсөн ба мөн хамтлагийн ахлагч Robert Smith-ын сэтгэл гутрал цомгийн хөгжим болон дууны үгэнд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Pornography бол хамтлагийн хоёрдахь цомог болох Seventeen Seconds цомгоос эхлэлтэй бараан, дүнсгэр өнгө аясыг төгсгөл болсон гэдэг. Цомог худалдаанд гарсны дараа басс гитарчин Simon Gallup хамтлагийг орхисон бөгөөд хамтлаг илүү гэгээлэг, радиод нөхөрсөг New wave дуугаралт руу шилжсэн. Тухайн цаг үед энэхүү цомог нь хамтлагийн хамгийн алдартай цомог байсан ч шүүмжлэгчид сайнаар хүлээж аваагүй байдаг. Цомог Их Британий шилдэг цомгийн чаартад 8-р байр хүртэл дэвшсэн бол жилээс жилд судлаачид уг цомгийг өндрөөр үнэлэх болсон агаад энэ бол готик рок хөгжмийн хэв маягийн хамгийн чухал бүтээлийн нэг гэж үзэх болжээ. Robert Smith цомгийнхоо концептийн талаар "би.цомог бичихээсээ бүрэн татгалзах юмуу энэ бичлэгийг хурдан бичиж дуусгаад өөрөөсөө зайлуулах гэсэн хоёр л сонголт байсан" гэсэн бол мөн цааш нь "би энэ бүхнийг хамтлагийнхаа төлөө л гэж бодож хийснээс үнэндээ байнга болихыг хүсэж, бичлэгийн үеэр зүгээр л орхиод явчихмаар санагддаг байсан" гэж хэлсэн байдаг. Smith тухайн цаг үед оюун санааны хувьд маш их ядарсан байсан бөгөөд "1981 - 1982 оны хооронд би оюун санааны хувьд маш их ядарсан, хамтлаг жилийн 200 өдрийг аялан тоглолтод зориулдаг байсан нь надад маш хүнд байдаг байсан буюу ийм хуваарийн дор өөр юу ч хийх боломжгүй байдаг байлаа" хэмээн Smith хэлсэн буй. Хамтлаг, ялангуяа. Smith Seventeen Seconds болон Faith цомгуудыг продюсерласан Mike Hedges-ээс өөр продюсерийг уг цомог дээрээ ажиллуулахыг хүссэн бөгөөд удсан ч үгүй Phil Thornalley-тэй тохиролцож чаджээ. Уг цомог бол Lol Tolhurst-ын хамтлагийн бамбөрчинөөр тоглосон сүүлчийн цомог (тэрээр хамтлагийн даралтад хөгжимчин болсон) бол мөн анх удаа The Cure-ын даралтад хөгжимчинөөр тоглож гаргасан цомог болжээ. Хожим Smith цомгийн бичлэгийг хийж байсан үеэ дурсахдаа; "аймшигтай" байсан гээд маш их хар тамхи татацгааж, бас архиддаг байсан бөгөөд бичлэгийн студийнхээ оффист унтдаг байсан гэжээ. Tolhurst "бид хүчтэй, маш сайн цомог хийхийг хүссэн. Чухам яагаад тэгснээ санахгүй байгаа ч бид тэгж байсан" хэмээжээ. Цомог бэлэн болоход 3 долоо хоног болсон агаад Smith "тэр үед би бүх найзаа алдсан. Учир нь тэр үед би аймшигтай амиа бодсон хүн байсан" гэжээ. Судлаачид A Strange Day дууг поп дуутай ойролцоо гэсэн бол Cold дууг готик шинжтэй, харин Pornography дууг Cabaret Voltaire-ыг дуурайсан гэж дүгнэжээ. Smith уг цомгийнхоо "лавлагааг" the Psychedelic Furs хамтлагийн хүчтэй, эрчтэй хөгжмөөс авсан гээд мөн хамгийн гол нөлөө Siouxsie and the Banshees хамтлаг болсон гэжээ.
Цомог Их Британий шилдэг цомгийн чаартад 8-р хүртэл бичигдэж, чаартад 9
долоо хоног байжээ. Цомгоос гарсан цор ганц сингл The Hanging Garden Их
Британий синглэс чаартын 32-р байр хүртэл дэвшжээ. Pornography сайн борлогдож
байсан ч шүүмжлэгчид харин таатай хүлээж аваагүй. NME сэтгүүл цомгийн дуунуудын
үгийг өөрөө өөртөө дүн шмнжилгээ хийхийг оролдсон маягтай гэж тодорхойлсон
байхад зарим нь Robert Smith өөрөө өөртөө түгжигдсэн юм шиг санагдаж байна, үг
багатай, хэтэрхий их хөгжимтэй гэх мэтээр баалж байв. Rolling Stone цомгийн
дууны үгийг өсвөр настны экзистенциализмын эцэс төгсгөлгүй уйтгар гуниг шиг ба
мөн яг л шүдний өвдөлт шиг байна гэжээ. Сүүлийн үеийн шүүмжлэл болон дүгнэлтүүд
илүү эерэг болж ирсэн буюу The Cure-ын намтрыг бичигч Jeff Apter хэдэн жилийн
дараа хөгжмийн түүх энэ цомогт талархах болно гэж бичиж байв. Rolling Stone
сэтгүүл энэхүү цомог нь The Cure-ын гайхамшигтай шийдэл боловч энгийн сонсогчид
нэвтрэшгүй зүйл мэт санагдана гэжээ. Uncut сэтгүүл Pornography-г өөрийгөө үзэн
ядах кластрофоб шедевр бүтээл гэж нэрлэжээ. Судлаач Colin Larkin бүх цаг үеийн
хамгийн шилдэг 1000 цомог жагсаалтынхаа 183-р байрт эрэмбэлсэн бол NME сэтгүүл
хамгийн хар бараан 50 цомог жагсаалтад 6-р байрт жагсаажээ.
Comments
Post a Comment