Led Zeppelin II


>Led Zeppelin II. Английн Led Zeppelin хамтлагийн студийн хоёрдахь цомог бөгөөд 1969 оны 10-р сард Америкт болон Их Британид худалдаанд гарсан. Цомгийн бичлэгийг Их Британи болон хойд Америкийн хэд хэдэн газарт хийсэн бөгөөд цомгийн продюсерээр хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Jimmy Page ажиллажээ. Цомгийн дуугаралтын хэв маягийг блюз болон гитарын тоглолтоос урган гарсан гэж үздэг агаад хамтлагийн хамгийн хүнд цомог гэж тайлбарлаж иржээ. Цомгийн 9 дууны 6-г хамтлагийнхан өөрсдөө зохиосон бол үлдсэн 3-г нь Willie Dixon болон Howlin Wolf нарын бүтээлийг дахин шинэчлэн өөрсдийнхөөрөө тоглосон. Whole Lotta Love гэсэн ганцхан сингл л уг цомгоос нэгдсэн улсад худалдаанд гарч, дэлхийн дахины сингл чаартуудын эхний 10-р байрт хүртэл багтаж байв.

Дашрамд дурдахад, Led Zeppelin замналынхаа идэвхтэй үед хэзээч Их Британид сингл гаргаж байгаагүй билээ. Уг цомог ашгийн хувьд амжилттай байсны дээр Led Zeppelin-ын Их Британи болон Америкийн шилдэг цомгийн чаартыг тэргүүлсэн анхны цомог ба коверийн дизайныг хийсэн Davis Juniper-ын ажил Grammy award-ын шилдэг цомгийн хавтас төрөлд нэр дэвшиж байв. 1999 онд цомог дэлхий даяар 12 сая хувь борлогдож, 12 удаа платинум цомог болсон бөгөөд судлаач, шүүмжлэгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн нөлөө бүхий цомгийн нэг гэж дуу нэгтэйгээр үздэг ажээ. Энэ цомог хамтлагийн замнал дахь хамгийн завгүй үед бичигджээ. Европоор хийсэн 4, Америкаар хийсэн 3 аялан тоглолтын үеэр бичигдсэн буюу дуу бүрийг тусад нь бичжээ. 
Өөрөөр хэлбэл концертоос концертийн дунд явж байхдаа дуунуудыг бичиж, ингэснээр зарим дууг импровиацаар бичиж байсан тул аялан тоглолтын уур амьсгал цомгийн бичлэгт нөлөөлжээ. Өөр өөр газарт бичлэг хийх, хөгжим болон дууны үгээ явуут дундаа тааруулах зэрэг нь үнэхээр зовлонтой байсан гэж хожим Robert Plant дурссан байдаг. Plant энэ цомогт анх удаа дуу зохиогчийн хувиар кредит эзэмшсэн буюу түүний CBS Record-той хийсэн өмнөх гэрээнээс болж кредит эзэмших боломж дебют цомогт олдоогүй юм. Whole Lotta Love дууны үгийг шууд Willie Dixon-ын You need Love дуунаас авсан бол найруулга нь Small Faces хамтлагийн You need Loving дуутай ижилхэн гэж үздэг. Ерөнхий бичлэгийг Page хийсэн бөгөөд дуу нэгдсэн улсад хит болсон. Whole Lotta Love 1969 оноос хойш хамтлагийн тоглолт болгон дээр тоглогдох болж, 1970-1973 оны хооронд тоглолтыг нь хаадаг дуу байв. Эл бүтээлийг heavy metal-г тодорхойлох дууны нэг гэж үзэх болсон ч хамтлагийнхан хэзээ ч тэгж үздэггүй ажээ. What is and What Should Never Be дууг үндсэндээ Plant зохиосон бол Thank You дууг мөн Plant бичсэн бөгөөд эхнэр Maureen-дээ зориулсан хайрын дуу юм. The Lemon Song бол Howlin Wolf-ын Killing Floor дууны дахин найруулсан бүтээл агаад 1969 оны үед хамтлагийн амьд тоглолтын салшгүй нэг хэсэг байжээ. Heartbreaker дуугаар Page өөрийнхөө гитарын ур чадварыг харуулдаг буюу дууны дундуурх соло тоглолт нь гайхамшигтай ба 1969 оноос хойш Led Zeppelin-ын тоглолт бүртээ тоглодог дуу болжээ. Living Loving Maid дууг хамтлагийнхан Америкаар хийж явсан аялан тоглолтынхоо үеэр зохиосон бөгөөд хамтлаг энэ дуундаа дургүй болж, хэзээ ч амьдаар тоглож байгаагүй, харин Plant 1990 онд соло тоглолтон дээрээ тоглож байжээ. Ramble On дууг Plant бичсэн. Дууны үгийг J. R. R. Tolkien-оос санаа авсан агаад Led Zeppelin мөн л энэ дууг хэзээ ч амьдаар тоглоогүй ч Plant, Page нар хожим хувь хувьдаа тоглосон байдаг. Moby Dick бол Bonham-ын бөмбөрийн соло тоглолтыг харуулдаг. Энэ дуу Led Zeppelin-ын амьд тоглолтын байнгын нэг болжээ. Bring It On Home дууг мөн л Willie Dixon-оос авч, шинэчлэн найруулжээ. Цомгийн хавтасыг Page-ын их сургуулийн найз David Juniper хийсэн бөгөөд дизайнаа дэлхийн 1-р дайны үед Германы агаарын цэргийн хүчний Jagdstaffel 11 дивиз, улаан бароноор удирдуулсан нисдэг циркийн гэрэл зураг дээрээс үндэслэсэн ба зураг дахь 4 нисгэгчийн толгойг хамтлагийн гишүүдийн толгойгоор сольсон. Мөн хүрэн дэвсгэр дээр Zeppelin-г тоймлосон нь хамтлагийн дебют цомгийн коверийг санагдуулам агаад уг цомгийн хочийг "бор бөмбөгдөгч" гэдэг ажээ. Цомог нээлтээ хийхэд шүүмжлэгчид ихэнхдээ сөргөөр хүлээж авсан. Та энэ цомгийг хэдэн зуун удаа сонссон ч нэг хүнд дууг хоёр хэсэгт хуваасан нэг урт дуу шиг сонсогдож байна гэж Rolling Stone энэхүү цомгийг тохуурхасан байхад хөгжим судлаач Robert Christgau энэ цомгийн бүх дуу адилхан гэж шоглож байв. 
Эдүгээ энэхүү цомгийг heavy metal жанрын гол цомог гэж үзэх болсон бөгөөд heavy metal хамтлагуудын дагах үндсэн газрын зураг гэж дүрслэх болсноос гадна metal жанрыг үүсгэгч гол цомгийн нэг хэмээх болжээ. Tom Hull хамтлагийн дебют цомгийг маш амбицтай байсан гээд харин хоёрдахь цомог нь илүү боловсронгуй, нямбай бөгөөд нэлээд ухахлаг гэж дүгнэжээ. Хөгжим судлаач Robert Santelli өөрийнхөө номондоо Led Zeppelin blues - rock нөлөөнөөс аль хэдийн хальж, урьд өмнө судлагдаагүй баясан hard - rock жанр руу чиглэж эхэлсэн гэж бичжээ. Уг цомог дахь Page-ын гитарын соло тоглолт хожим Eddie Van Halen болон Steve Vai нарт гол урам зориг үзүүлсэн гэж үздэг. Spin сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 25 цомог жагсаалтынхаа 5-р байрт уг цомгийг эрэмбэлсэн бол Rolling Stone сэтгүүл хамгийн аугаа 500 цомгийн жагсаалтынхаа 75-р байрт жагсааж байжээ.

Comments