Kiss Me Deadly (1955). Сайн үнсэлцдэг, гэр бүл салалтын хэргээр гаршсан хувийн мөрдөгч Mike Hammer бол нуруулаг, царайлаг залуу бөгөөд чөтгөр дуудсан нэгэн шөнө машинтайгаа явж байгаад замын хажуугаар хөл нүцгэн, цувнаас өөр хувцасгүй нэгэн хүүхнийг сонирхон, эсхүл сайн санаж машиндаа суулгана. Хүүхэн тайрмал үстэй, сандарсан, айсан байдалтай байх агаад өөрийгөө Christina гэж танилцуулна. Замд тэднийг цагдаа нар зогсоож, ойролцоох сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс цувнаас өөр юм өмсөөгүй хүүхэн оргосон, харсан уу гэж Mike-аас асуухад гярхай мөрдөгч маань цагдаагийн ярьж буй хүүхэн дэргэд нь сууж буйг ойлгох хэдий ч хүүхнийг өрөвдөж, эхнэртэйгээ явж байна хэмээн худал хэлнэ. Ингээд тэд цааш явах бөгөөд Christina түүнд Английн яруу найрагч Christina Rossetti-ын нэгэн яруу найргийн хэсэг болох "намайг санаж байна уу" гэх үгийг олон дахин хэлнэ. Удсангүй тэднийг хэсэг залуус отож байгаад зогсоож халдан дайрах бөгөөд Mike ухаан алдаж, нэг сэрэх нь ээ Christina-г хүмүүс тамлан, улмаар алахыг сонсоно. Үл таних этгээдүүд Christina-ын цогцсыг Mike-ын хамтаар машинд нь суулгаад хаднаас унагана. Азаар Mike амьд үлдэнэ. Түүнийг сэрэхэд туслах нь, мөн амраг нь болох үзэсгэлэнтэй Velda хажууд байж байлаа. Mike сийрэг ухаандаа Christina-ын үхэл ямар нэгэн том зүйлтэй холбогдох учиртай гэж бодож, энэ хэргийн мөрөөр орно.
Эхлээд тэрээр Christina-ын байранд нь
нэвтэрч ороод Rossetti-ын шүлгийн номоос өнөөх "намайг санаж байна
уу" гэх мөрийг олох бөгөөд мөрдөгчийн зөн совин нь түүнд энэ хэрэг чамайг
дуудаж байна гэж хэлэх мэт болно. Mike цааш нь ухаж төнхсөөр байгаад
талийгаачийн өрөөний хамтран амьдрагч Lily гэх мөн л тайрмал үстэй хүүхэнтэй
танилцана. Lily мөн л их айдастай
харагдаж; өөрийгөө нуугдаж байгаа, бас өөрийн нь хамгаалахыг мөрдөгчөөс гуйна.
Lily-ын хэлснээр талийгаач нэгэн нууцлаг ххйрцагны араас яваад байдаг байсан ба
түүний итгэж байгаагаар нууцлаг хайрцагт ихээхэн үнэ цэнтэй зүйл байгаа ажээ.
Mike-ын эрлийн дараагийн зогсоол гэмт хэргийн том гар Evello-ын харш байна.
Mike Evello-той уулзахаасаа өмнө түүний хоёр бие хамгаалагчийг хашраах хэрэг гарах
бөгөөд Evello өөрийгөө нууцлаг хайрцагны араас явж байгаа, ухаантай л бол энэ
хэргээс хол байхыг зөвлөхөд зөрүүд мөрдөгч саналыг үл авна. Мөрдөгчийн зөрүүд
зан түүний найз Nick-ын үхлийн үнэ цэнтэй байлаа. Мөн Velda ч ор сураггүй алга
болов. Evello-ын хүмүүсийн гарт орох ч самбаачлан зугтааж (Evello-г нөхдийн
хамт хөнөөнө) чадах агаад дэслэгч найз Murphy дээрээ очиход дэслэгч түүнд энэ
хэргээс хол бай, энэ бол засгийн газрын нууц хэрэг, толгойгоо цустав гэж
хатуухан сануулна. Mike мэдээж найзынхаа үгэнд орсонгүй, тэрээр Velda-г олохоор
буцаад өөрийг нь хорьж байсан далайн эргийн байшин руу явна. Тэнд түүнийг Lily
буюу жинхэнэ нэр нь Gabrielle болон Evello-той анхнаасаа хамтарч байсан эмч
Soberin хоёр хүлээж байх бол цаад өрөөнд Velda цоожтой байлаа. Soberin, Mike
хоёр буугүй бол Gabrielle ганцаараа буутай байх бөгөөд тэр 3-ын дунд өнөөх
нууцлаг хийгээд ёрын хайрцаг байж байв.
Америкийн кино найруулагч Robert
Aldrich-ын найруулсан классик нуар жанрын бүтээл бөгөөд Mickey Spillane-ын 1952
оны ижил нэрт гэмт хэрэгт жанрын романыг Aldrich болон A. I. Bezzerides хоёр
кино зохиол болгожээ. Kefauver-ын хороо уг киног "залуу үеийнхнийг
баллахаар бүтэцтэй" гэж буруушааж байсан боловч өдгөө эл бүтээлийг бүх цаг
үеийн хамгийн чухал хийгээд нөлөө бүхий нуар жанрын кино гэж дүгнэдэг. Quentin
Tarantino, Alex Cox, Jean-Luc Godard, Francois Truffaut зэрэг кино урлаачид
өөрсдөд уг кино хүчтэй нөлөөлсөн гэдэг бол Францын шинэ давалгааны хэлбэр
маягийн анхдагч гэж Jean-Luc Godard болон Francois Truffaut нар үзэж, мөн хоёр найруулагч
хоёулаа Францын шинэ давалгааг бий болоход хамгийн их үүрэгтэй байсан Америкийн
кино гэж хэлсэн байдаг. кинонд гарах нууцлаг хайрцаг буюу гялтганан гар цүнхийг
Repo Man, Ronin зэрэг кинонд хүндэтгэн үзүүлдэг бол Tarantino-ын Pulp fiction,
Guardians of the galaxy кинонуудад дээрх гайт гар цүнх дурдагддаг билээ. Орчин
үеийн кино судлаачид эл бүтээлийн төсөөлөмгүй төгсгөл, бараан, нихилист өнгө
аясыг магтаад Америкийн хамгийн нөлөө бүхий нуар жанрын киноны нэгээр
нэрлэдэгээс гадна киноны апокалиптик элементүүд нь
киног шинжлэх ухааны зохиолуудын нэвтэрхий толь бичигт оруулжээ.
Яг одоо TSPDT
сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 321-р байрт жагсааж
байна. 1954 онд Robert Aldrich Mickey Spillane-ын хоёр ч зохиолоор кино хийхээ
мэдэгджээ. Кино зохиол дээр Aldrich Bezzerides хоёр чөлөөтэй ажилласан; нууцлаг
хайрцгийг хайсан бүтэцтэй номын зохиолыг дагахад тийм ч их хүчин чармайлт
гаргаагүй хэмээн тэд хэлж байв. Роман болон киноны гол баатар Mike Hammer бол
007 James bond лугаа адил алдартай дүр бөгөөд түүний талаар комик, олон ангит
кино, хэд хэдэн бүрэн хэмжээний кино хийгдсэн байдаг. Киноны романаасаа
ялгаатай олон жишээний нэг бол Mike кинонд огт буу ашигладаггүй; тэрээр дайснуудтайгаа
гараараа учраа олдог. Кинон дээр түүний буу эзэмших эрхийг дэслэгч найз нь
цуцалдаг билээ. Романаас ялгарах өөр гол зүйл киноны баатар Mike уламжлалт
зоригтой, чанга мөрдөгч биш харин залхуу, өөртөө дурласан лээрэлхүү байдаг нь
магадгүй хамгийн хар бараан мөрдөгчтэй нуар жанрын кино болгодог ажээ. Тэрээр
завхай байдлаар бусдыг сүрдүүлэх замаар амь зуугч бөгөөд Velda-г хохирогчдынхоо
өгөөш болгодог буюу Velda-ын өөрт нь дурласан сэтгэлийг бусдын түрүүвчийг
суллах хэрэгсэл болгохдоо огтхон ч зовдоггүй. Мөн Mike Evello-ын залуусыг
амархан аргалж, гудамжны буланд өөрийг нь хүлээх хутгатай залуугаас огтхон ч
айлгүй тулалддаг боловч нэгэн зэрэг хүчирхийлэлд хялбархан автдаг.
Bezzerides
кино зохиолоо бичсэн талаараа "энэ роман миний жигшлийг төрүүлсэн учир би
кино зохиолыг хурдан бичсэн. Би Spillane-д ном чинь таалагдааагүй гэж хэлэхээр
ресторанд очиход бурхан минь тэр надад ерөөсөө таалагдаагүй" гэж хэлжээ.
Шүүмжлэгчид хүйтэн дайны дараах цөмийн дайнаас айх айдас болон параной уг
кинонд зүйрлэл болдог гэж дүгнэдэг. Киноны нууцлаг хайрцагийг атомын бөмбөг гэж
зүйрлэдэг бөгөөд зарим судлаачид уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг шинжлэх
ухааны уран зөгнөлт - нуар жанрын нихилистик, апокалиптик ба шийдвэрлэх бүтээл
гэж тодорхойлжээ. Киноны гол дүрүүдэд Ralph Meeker, Paul Dekker, Wesley Addy,
Maxina Cooper болон Cloris Leachman нар тоглосон ба Mike Hammer гэх дүр
Aldrich-ын уг кинонд л хамгийн төгс хувилбараар гардаг гэж үздэг ажээ.
Сонирхуулахад, Mike-тай учирдаг 3 гол эмэгтэй дүрүүд бүгд ямар нэгэн байдлаар
хөл нүцгэн хийгээд дан цувтайгаар гардаг ба Christina сайн сайхан бол Velda
ухаалаг байдал агаад Lily хорон муу санаа ажаа.
Comments
Post a Comment