Детектив зохиолын эцэг; Эдгар Аллан По

 


Эдгар Аллан По (1809 - 1849) бол Америкийн зохиолч, яруу найрагч, редактор, уран зохиолын шүүмжлэгч юм. По яруу найраг, богино өгүүллэгүүд, нэн ялангуяа баргар, нууцлаг сэдэвт зохиолуудаараа алдартай. Түүний Америкийн романтизмын гол зүтгэлтэн, мөн нэгдсэн улсын уран зохиолын ертөнцөд богино өгүүллэгийг анхлан бичсэн хүмүүсийн нэг гэж үздэг. Түүнийг мөн детектив жанрын зохиолийг үндэслэгч гэж үздэгээс гадна шинээр гарч ирж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт жанрт үнэтэй хувь нэмэр оруулагч хэмээдэг ажээ. По бол ганцаараа уран бүтээлээ туурвих замаар мөнгө олдог, үүнээсээ болж амьдрал болон замнал санхүүгийн хүнд байдалд байсан Америкийн анхны алдартай зохиолч юм.
 
АМЬДРАЛЫН ЭХЭН ҮЕ БА ГЭР БҮЛ. Эдгар Аллан По 1809 оны 1-р сарын 19нд Массачусетсийн Бостон хотод мэндэлжээ. Тэрээр эцэг эхээ үнэндээ мэддэггүй буюу аав Дэвид По нь Балтимороос гаралтай жүжигчин байсан бол ээж Элизабэт Арнолд По нь Англиас гаралтай мөн л жүжигчин хүн байжээ. Түүний аав багад нь гэр бүлээ орхин явж, ээж нь дөнгөж 3 настайд нь сүрьеэгээр нас баржээ. По ах Уильям, эгч Розали нараасаа салж, тамхины наймаачин байсан Жон болон түүний эхнэр Фрэнсис Аллан нартай хамт Виржиниа мужийн Ричмонд хотод амьдрахаар явав. По Фрэнсистэй сайн харилцаатай байсан бол Жонтой таарамж муутай байсан гэж үздэг. По 13 нас хүрэхэд яруу найрагчийн хувьд авъяас чадвараа аль хэдийнээ нээсэн байсан бөгөөд харин уран зохиол бичих урам зоригийг Жон Аллан мохоож, Пог өөр шигээ наймаачин болгохыг илүүд үзэж байжээ. Ашгаас илүү яруу найргийг эрхэмлэдэг По Жоны бизнесийн бичиг цаасны ард шүлгээ бичдэг байв. По Жон хоёрын хоорондох гол зөрчил мөнгө байсан бөгөөд По 1826 онд Виржиниагийн их сургуульд орж, ангийнхаа онц сурлагтан болов. Гэсэн хэдий ч тэрээр Жоноос хангалттай хэмжээний мөнгө санхүүгийн дэмжлэг авдаггүй байсан бөгөөд По мөнгө олохын төлөө мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн ч харин ч бүр өрөнд орсон байдаг. Тэрээр гэртээ зөвхөн хувийн асуудлаар буцаж очсон буюу түүнийг буцаж ирэхэд түүний хамгийн хөрш, сүйт бүсгүй Сара Элмира Ройстер өөр хүнтэй сүй тавьсан байлаа. Зүрх сэтгэл нь шаналж, бухимдсан По Бостон руу нүүжээ. 

АРМИД. 1827 онд По анхныхаа номыг хэвлүүлдэг жилдээ нэгдсэн улсын армид элсэв. Хоёр жилийн дараа тэрээр Фрэнсис Аллан сүрьеэгээр үхэж байгааг мэдээд буцаад Ричмондод очиход Фрэнсис аль хэдийнээ нас барсан байлаа. Виржиниа хотод байхдаа По Жонтой түр хугацаанд эвлэрч, Жон Пог нэгдсэн улсын цэргийн академид томилогдоход нь тусалжээ. По Вест Пойнт дахь сургуульдаа сайн сурч байсан боловч үүргээ муу гүйцэтгэснээсээ болж жилийн дараа хөөгджээ. По Вест Пойнтод байх хугацаандаа өөрт нь хэлэлгүйгээр дахин гэрлэсэн өргөж авсан аавтайгаа маш их маргаантай байсан. Зарим судлаачид По зориуд харилцаагаа таслах аргыг эрэлхийлж байсан гэж үздэг ба эцсийн эцэст тэд холбоогоо тасалсан юм. 

РЕДАКТОР, КРИТИК, ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ. Вест Пойнтийг орхисны дараа По гуравдахь номоо хэвлүүлсэн агаад бичгийн ажилдаа хамаг анхаарал, цаг заваа зориулж эхлэв. Тэрээр боломж хайн Нью Иорк, Балтимор, Филадельфи, Ричмонд хотуудаар аялж, амьдарч байлаа. 1834 онд Жон По-д өв хөрөнгө үлдээлгүй нас барав. Ядуу зүдрүү амьдралтайгаа тэмцэж байсан По Балтиморын нэгэн богино өгүүллэгийн уралдаанд оролцож түрүүлснээр хэсэг өөртөө итгэх итгэлтэй болжээ. Ингээд тэрээр илүү олон богино өгүүллэгүүд нийтлүүлж эхэлсэн бөгөөд 1835 онд Ричмондын уран зохиолын сэтгүүлд редакторын алба хаших болов. По үе тэнгийнхээ зохиолчдын бүтээлийг хатуу ширүүн үгтэй шүүмжлэлт нийтлэлээр "булж", улмаар хорон, хүнд шүүмжлүүлүүд нь түүнийг "Томахавк Эр" хочтой болгожээ. Түүний сэтгүүлд ажилласан хугацаа богино байсан; Погийн түрэмгий бичлэгийн хэлбэр болон заримдаа хувийн чанартай дайралтууд түүнийг хэвлэн нийтлэгчдээс хөндийрүүлж, улмаар 1837 онд сэтгүүлээ орхижээ. Зарим эх сурвалжаар бол түүний гарах болсон шалтааныг архинд хэт орсонтой холбодог байна. По "Burton's Gentleman's Magazine, "Graham's Magazine" гэсэн сэтгүүлүүдэд тоймчоор ажиллаж, мөн хэд хэдэн сэтгүүлд бүтээлээ зардаг байв. 1844 онд По Нью Иорк хот руу нүүв. Тэнд тэрээр "The New York Sun" сонинд Атлантын далайг гаталсан нисдэг бөмбөлөгийн талаар нийтлэл бичиж, хожим нь энэ явдал нь заль мэх болохыг нь илчилжээ. Түүний ур чадвар хэдийнээ олны анхаарлыг татаад байсан ч 1845 онд хэвлүүлсэн "The Raven" бүтээлээрээ уран зохиолын ертөнцөд жинхэнэ шуугиан тарьсан. Тэр жилдээ нутаг нэгт яруу найрагч Хэнри Уодсворт Лонгфеллоуг шүүмжилснийхээ хариуд өөрөө дайралтад өртсөн. По уран зохиолын ертөнцөд алдартай байсан Лонгфеллоуг санаа хулгайлсан гэж мэдэгдсэнээр хариу цохилтод орсон. По зохиолчын хувьд амжилтад хүрч, алдартай байсан ч мөнгө санхүүгийн хувьд үргэлж гачигдалтай байсан бөгөөд зохиолчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, олон улсын зохиогчийн эрхийн тухай хууль гаргахыг дэмжиж байжээ.

 ЭХНЭР. 1831 - 1835 онуудад По нагац эгч Мария Клемм болон түүний охин, үеэл Виржиниагийн хамтаар эцгийнхээ төрсөн Балтимор хотод амьдарч байв. Тэрээр Виржиниад татагдаж эхэлсэн агаад түүний хайр сэтгэл уран бүтээлд урам зориг өгөх болжээ. Хосууд 1836 онд гэрлэхэд Виржиниа дөнгөж 13 настай байсан ба харамсалтай тэрээр 24 настайдаа сүрьеэгээр нас баржээ, хачирхалтай нь, Погийн ээж, ах хоёр мөн энэ насан дээр нас барж байв. Эхнэрийнхээ үхэлд По маш ихээр гашуудан зовсон ч үргэлжлүүлэн ажилласаар байсан агаад 1849 онд нас барах хүртлээ эрүүл мэндийн хувьд зовж шаналан, мөнгө санхүүгийн асуудалтайгаа тэмцсээр байсан. 

БҮТЭЭЛҮҮД. 1827 онд По анхныхаа "Tamerlane and Other Poems" номоо өөрөө хэвлэн нийтлүүлэв. "Al Aaraaf, Tamerlane, and Minor Poems" хэмээх хоёр дахь шүлгийн түүврээ 1829 онд хэвлүүлсэн. 1835 - 1837 онуудад Ричмондын уран зохиолын сэтгүүлд шүүмжлэгчээр ажиллаж байсны хувьд По өөрийнхөө зарим бүтээлийг, мөн өөрийн цорын ганц "The Narrative of Arthur Gordon" хэмээх хоёр хэсэгтэй романыг хэвлүүлсэн. 1830-аад оны сүүлээр По "Tales of the Grotesque and Arabesque" нэртэй богино өгүүллэгийн түүврээ гаргасан ба уг түүвэрт түүний хэд хэдэн нуруу хүйт даам аймшигт өгүүллэгүүд багтсан. 1841 онд По "The Murders in the Rue morgue" бүтээлээрээ уран зохиолын детектив жанрын үүсгэв. Түүний уран зохиол дахь шинэчлэл нь Пог "Детектив зохиолын эцэг" хэмээн өргөмжлөгдөхөд хүргэжээ. 1843 онд тэрээр "The Gold Bug" бүтээлээрээ уран зохиолын шагнал хүртэв. Мөн онд хэвлүүлсэн "The Black Cat" богино өгүүллэгт амьтанд хайртай гол хүүрнэгч маань архинд орсоноор эхнэр болон муураа зодож эхлээд хар бараанаар төгсөж байгаа өгүүлдэг. 1845 онд хэвлэгдсэн "The Raven" шүлэг нь Погийн замналын хамгийн шилдэг ажлынх нь нэгээс гадна Америкийн уран зохиол дахь шилдэг яруу найргийн нэгд тооцогддог. По уг бүтээлдээ өөрийнхөө нийтлэг сэдэв болох үхэл ба хагацлын талаар судалдаг. "Annabel Lee" яруу найрагтаа По үхэл ба хагацалын сэдвийг дахин судалдаг буюу уг бүтээлээ хайрт эхнэр Виржиниагийн гэгээн дурсгалд зориулсан гэж үздэг. Энэ яруу найраг Погийн үхлээс хоёр өдрийн дараа хэвлэгджээ. Замналынхаа сүүл үед По янз бүрийн сэдвээр бичиж эхэлсэн; өөрийнхөө бичих аргачлалыг шинжилж байснаас "The Philosophy of Composition", "The Poetic Principle" зэрэг эссэ бичсэн байдаг. 

ҮХЭЛ. По 1849 оны 10-р сарын 7нд нас барав. Түүний сүүлчийн өдрүүд одоо ч нууцлаг хэвээр үлджээ. 1849 оны 9-р 27нд тэрээр Ричмондоос гарсан агаад Филадельфи орохоор явж байсан гэж үздэг. 10-р сарын 3нд тэрээр Балтимор хотод маш их сэтгэлийн шаналгаатайгаар олдов. По эмнэлэгт хэвтсэн ч 4 хоногийн дараа амьсгал хураав; "бурхан минь хөөрхий сүнсэд минь туслаач" түүний эцсийн үг байлаа. Түүний үхлийн шалтгааныг тархины бөглөрөл гэж тухайн үед оношилж байсан агаад зарим судлаачид архинаас болсон, унадаг өвчинөөс болсон гэсэн олон таамаг дэвшүүлдэг ч үнэн шалтгаан нь одоо ч эцэс төгсгөлгүй маргаан дагуулдаг. 

ӨВ. Түүнийг өнгөрсөний дараахан нэр хүндэд нь Погийн уран зохиолын өрсөлдөгч Руфус Грисволд ихээхэн хохирол учруулсан. По Грисволдыг хурцаар шүүмжилдэг байсан учир Грисволд Пог үхсэний дараа түүнийг архичин, хүүхэмсэг сэтгэцийн гажигтай хүн байсан гэж бичин тодорхойлж өшөөгөө авсан гэдэг. Грисволдын бичсэн Погийн анхны намтар олон нийтийн дунд их зохиолчийг буруугаар харах үндэс суурийг тавьсан байна. Амьдралынхаа турш хэзээ ч элбэг дэлбэг амьдраагүй По Америкийн хамгийн гайхамшигтай зохиолчдын нэг ба түүний бүтээлүүд зуун жилийн өмнөхтэйгөө адил өнөө үед ч хүмүүсийн сэтгэлийг татсаар л байна.  Шинэлэг, уран сэтгэмжтэй сэтгэгч По орчин үеийн уншигчдыг цочирдуулж, гайхшруулж бас сэтгэлийг нь хөдөлгөсөн богино өгүүллэг, яруу найргууд бичжээ. Түүний хар бараан зохиолууд Достоевский, Чарльз Бодлер, Стефан Малларме нарын зохиолчдод нөлөөлжээ. 

УРАН ЗОХИОЛЫН ХЭВ МАЯГ БА СЭДЭВ. Погийн хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүд готик байдаг бөгөөд олон нийтийн таашаалд нийцүүлэхийн тулд уг жанрын уламжлалыг баримталжээ. Түүний байнга ашигладаг сэдэв бол үхлийн талаарх асуултууд, бие махбодийн шинэ тэмдэг, ялзарлын үр нөлөө, амьдаараа булшлагдах, үхэгсдийг дахин амьлуулах болон гашуудлыг авч үздэг. Түүний ихэнх бүтээлийг ерөнхийд нь бараан романтизмын төрөлд авч үздэг бөгөөд энэ нь Погийн дургүй байсан уран зохиолын трансцендентализмд үзүүлсэн хариу үйлдэл юм. По Холли Чиверст бичсэн захидалдаа трансценденталистуудад дургүйцдэггүй; зөвхөн тэдний дунд дүр эсгэгчид, Софистууд байдаг гэж бичсэн байжээ. По аймшгаас гадна элэглэл, хошигнолоор бичдэг байсан буюу комик нөлөөгөөр тэрээр уншигчдыг соёлын уламжлалаас чөлөөлөх гэж ихэвчлэн хэтрүүлсэн, бүдүүлэг маягийн ёгтлол ашигладаг байжээ.

Comments