Өчигдрийн хээнцэр хатан

 

 


Sunset Blvd. (1950). Үйлс нь хазайсан кино зохиолч Joe байрныхаа түрээсийг төлөхгүй бол хөөгдөх дээрээ тулаад зогсохгүй машинаа мөн алдахад хүрсэн учир эцсийн найдвар болсон кино зохиолоо Paramount кино компанид худалдахаар өгөхөд кино зохиол шалгагч Betty гэх бүсгүйн шүүмжлэлд өртөн унана. Joe Betty-д дургүй нь хүрэх ч яаж чадах билээ? Ингээд машинтайгаа явж байгаад өөрөөс нь авлагатай хүмүүс өөрийн дагаад байна гэж санагдан зугтаж яваад машиныхаа дугуйг хагалчих агаад замаас гараад нэгэн харш чиглэн явсаар тэнд машинаа нуучихаад энд аюулгүй болтол байхыг хүснэ.  Гэтэл харш дотроос нэгэн эмэгтэй түүнийг даллан дуудна, яваад очтол зарц нь болох ахимаг насны эр түүнийг үүдэн дээрээс угтаж аваад хатагтай таныг хүлээж байгаа орогтун хэмээнэ.

Гайхсан Joe андуурал болоод байгааг гадарлах бөгөөд хатагтайг харуутаа дуугүй киноны мартагдсан од Norma Desmond болохыг танина. Norma үнэхээр нэгэн цагт аугаа од байсан одоо баян тансаг ч ганцаараа буюу зарц Max-ын хамт том харшдаа амьдрах бөгөөд үнэхээр ч Joe-г андуурсан байлаа. Joe бол царайлаг бас авъяаслаг кино зохиолч бөгөөд тэдний хооронд лав л 20 насны зөрүү байлаа Norma Joe-г машин нь осолдсон кино зохиолч болохыг дуулаад өөртэй нь хамт үлдээд өөрийнх нь бичиж байгаа кино зохиолтой танилцахыг хүснэ. Нэгэнт яарах ажилгүй болсон Joe-д татгалзах шаардлага байсангүй; Salome гэх кино зохиолыг уншина, энэ үнэндээ хог байсан ч Norma үүнийгээ аугаа бүтээл болсон буюу энэ зохиолоо кино болгоод өөрөө гол дүрд тоглож дахин кино урлагийг байлдан дагуулна гэдэгтээ хатуу итгэсэн байлаа. Joe даруухнаар дажгүй зохиол байна, гэхдээ засах мэр сэр юм байна гэхэд Norma түүнийг харшид хэсэг хугацаанд амьдрангаа зохиол дээр нь ажиллахыг "тушааж" хариуд нь хүссэн мөнгийг нь өгье гэнэ. Алдахгүй юмгүй, харин ч байр, машинаа өөртөө үлдээж, дээр нь мөнгөжөөд авах боломжтой болсон тул Joe саналыг хүлээнэ. Norma-ын харш сүрлэг сайхан ч цаанаа л дүнсгэр, эвгүйцэм ба гэрээр нь дүүрэн Norma-ын зураг байдаг байв. Joe өдрөөс өдөрт Norma-ын дээрэлхүү, өөрийнхөө түрэмгий занг мэдрэх болж, мөн үргэлж өөрт нь үнэтэй бэлэг өгөх зэргээс нь буюу материаллаг зүйлээр хэт өөрийг нь хүлж, баглах болсныг ухаарч эхэлнэ.

Тэд кино үзсэн ч зөвхөн Norma-ын тоглосон хуучин киног л үзэж, нэг үгээр Joe түүний хүүхэлдэй болж байлаа. Өдөр бүр Norma-д ирэх хэдэн зуун захиаг үнэндээ Max бичдэг болохыг Joe олж мэдэхээс гадна харшийн бүх өрөөний хаалга цоожгүй байдаг нь Norma сэтгэл гутрах өвчтэй, хэд хэдэн удаа амиа хорлохоор завдаж байсныг Max-аас олж мэднэ. Norma бол дуугүй кино эринд од байж байгаад энэ эринтэйгээ хамт унаж сүйрсэн од болохыг Joe ухаарч эхлээд айж эхэлнэ. Ингэж байтал шинэ жил болж Norma өөрт нь дурласнаа Joe-д хэлнэ, Joe эелдгээр татгалзсанаар хэрүүл болно. Joe харшийг орхиж яваад Artie гэх найзынхаа бааранд очно, гэтэл Betty Artie-ын найз охин болохыг олж мэдэх бөгөөд кино зохиол чинь сайн бүтээл болох боломжтой, хоёулаа хамтран ажиллая хэмээнэ. Энэ үед Joe Betty-г аятайхан хүүхэн болохыг анзаарах ч найзынх нь хүүхэн болохоор хүслээ дарна. Энэ үед утсаар Norma бугуйгаа зүсчихлээ гэж хэлснээр Joe Norma руу буцаж очдог. Norma Joe хоёр кино зохиолоо найруулагч Cecil B. DeMille руу явуулна, энэ хүн бол Norma-тай олон шилдэг кино хүн учир Norma өөртөө тун итгэж байсан ч олигтой хариу ирэхгүй байсан  учир тэд DeMille-тэй биечлэн уулзахаар Paramount компанид очно. DeMille-д мэдээж кино зохиол таалагдаагүй, мөн хөгшин Norma-тай дахин хамтрах сонирхолгүй байлаа.

Тиймээс DeMille Norma-г хүндэтгэн хүлээж аваад эвтэйхэн бөөрөнхийлсөн хариулт өгөөд явуулна. Norma үүнийг удахгүй кино хийгдэж эхэлнэ, өөрийгөө бэлтгэ гэж ойлгоод гоо сайхны эмчилгээнд өдөр шөнөгүй орж эхэлнэ. Энэ үед Joe-ын санаанаас Betty гарахаа больж, шөнө болохоор нууцаар харшаас гарч Betty дээр очин хамт кино зохиол бичдэг байв. Joe-ын шөнийн зугаалгыг мэдсэн Max нэг шөнө түүнтэй уулзаад; би Norma-г анх 16 настай байхад олж нээж түүнийг од болгосон найруулагч бас 3 нөхрийнх нь анхных, тэр намайг хаяхад би түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдээд түүнтэй үүрд хамт байх гэж зарц нь болсон учир чи түүнийг битгий аюултай байдалд оруул гэж хэлнэ. Эсрэгээрээ Joe Betty хоёрын харилцаа улам сайжрах ба Betty Joe-д хайртай болсноо хэлээд үнсэнэ. Norma Joe-г байнга хардах бөгөөд Betty-тэй хамт шөнөөр ажилладагийг нь олж мэдээд Betty руу залгаад наад залуу чинь чиний бодож байгаагаас өөр шүү гэж хэлэх үед сэмээрхэн чагнаж байсан Joe утасны хариулцуурыг булааж аваад Betty-г хүрээд ир, ирээд энэ бүхнийг хар гээд хаяг хэлж өгнө. Betty Sunset Boulevard руу очно. 

Суут найруулагч Billy Wilder-ын энэхүү бараан комедийг бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд оруулдаг ба гол дүрүүдэд William Holden, Gloria Swanson, нэрт найруулагч Erich von Stroheim, Nancy Olson болон нэрт найруулагч Cecil B. DeMille, алдартай сонины тоймч Hedda Hopper нар өөрсдийнхөө дүрд тоглосон бол суут Buster Keaton жижиг дүр бүтээжээ. Sunset Boulevard хэмээх алдартай гудамж нь 1911 оноос хойш хотын анхны кино студи болох Nestor нээгдсэнээс хойш холливуудын кино үйлдвэртэй холбоотой болжээ. Киноны ажилчид орчин тойрон сайжирч байсан даруухан аж төрж байсан ч 1920-оод оноос ашиг орлого, цалин хэзээ ч байгаагүйгээрээ нэмэгджээ. Оддын систем бий болсноор тэр хавьд тансаг зэрэглэлийн байшингууд баригдах болжээ. 1920-оод оны үед Берлинд амьдарч байсан залуухан Billy Wilder Америкийн соёлыг, тэр дундаа Америкийн кинонууд түүний сонирхолыг ихээхэн татаж байлаа. 1940-оод оны сүүлээр холливудад олон том байшингууд үлдсэн бөгөөд тэр үед Лос Анжелес хотод амьдарч байсан Wilder үүнийг сонирхож эхэлсэн буюу дуугүй кино эриний олон хуучин энэ бизнесээс гарсан одууд амьдарсаар байв. Алдартай байсан үе нь өнгөрчихсөн, хэн ч дахиж үзэхийн төлөө мөнгөө зориулахгүй тийм эмэгтэй одын тухай кино бодож эхэлжээ. Киноны гол дүр Norma-г дуугүй эрин үеийн од байгаад кино дуутай болоход бүдэгрэн алга болсон хэд хэдэн бодит жүжигчний амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг, үүнд; Mary Pickford, Pola Negri нарын өвөрмөц оршихуй болон Mae Murray, Valeska Surrat, Clara Bow нарын сэтгэцийн эмгэн зэрэг байдлаас санаа авсан гэж үзэх нь бий. Norma бол олон хүмүүсээс санаа авсан зохиомол дүр гэж үздэг ч эсрэг саналтай хүмүүс олон. 

Зарим судлаачид энэ дүрийн харгис, хачин байдлын загвар бол жүжигчин Norma Talmadge-аас санаа авсан нь тодорхой байна гэж үздэг бол зарим нэг нь нэрэнд утга өгч; жүжигчин Mabel Normand-ын дотно найз бас найруулагч William Desmond Taylor-г буудаж алсан гэх хэргээс сэдэвлэсэн гэж үздэг. Гэвч энэ хэрэг одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй билээ. Wilder кино зохиол дээрээ Charles Brackett-тэй хамтран 1948 оноос ажилласан эхэлсэн ч тэдний сэтгэлд нэг л хүрсэнгүй; ингээд тэд The Emperor Waltz киног нь сүрхий шүүмжилж байсан D. H. Marshman-г кино багтаа нэгтгэснээр асуудал шийдэгджээ. Wilder киногоо ерөнхийлөн дүгнэлт өгөхөөс зайлсхийж үүнийг судлаачдад үлдээсэн байдаг бөгөөд сурвалжлагчид энэ кино чинь бараан комеди юу гэж асуухад тэрээр үгүй ээ, энэ зүгээр л кино гэсэн байдаг. Brackett-ын хэлж буйгаар Norma-ын дүрд анхнаасаа Gloria Swanson байсан гэсэн бол Wilder дурсамжиндаа; анх гол дүрүүдээ Mae West, Marlon Brando нарыг тоглуулахыг хүсч байсан гэдэг. Mae West залуугаасаа секс симбол гэгдэж байсан тул уг саналаас татгалзсан байдаг. Кино бүтээгчид домогт Greta Garbo-д санал тавьсан тэрээр татгалзжээ. Ингээд Clara Bow-той холбогдоход тэрээр дуутай кинонд тоглох хэцүү учир дахин кино салбарт хөл тавих хүсэлгүй гээд бас л татгалзжээ. Аргаа барсан Wilder найруулагч George Cukor-оос зөвлөгөө авахад Cukor түүнд дуугүй кино эриний хамгийн үзэсгэлэнтэй, авъяаслаг, тансаг амьдралаараа алдартай Gloria Swanson-г санал болгожээ. Олон талаараа Swanson Norma дүртэйгээ төстэй байсан бөгөөд хамгийн сүүлд 1941 онд кинонд тоглоод байсан Swanson радио, театрт ажиллаж байсан учир их хэмжээний цалинтай кинонд тоглох саналыг олзуурхаж хүлээж авчээ.

Гэхдээ дэлгэцийн шалгаруултад орох болоход тэрээр; би Paramount-той 20 кино хийсэн, намайг шалгах шаардлагатай юмуу гэж зөрүүдэлсэн байдаг нь киноных нь дүрийн цуурай гэлтэй. Montgomery Clift анх Joe-ын дүрд тоглохоор гэрээ хийгээд байжээ. Киноны зураг авалт эхлэхийн өмнөхөн тэрээр төслөөс гарсан агаад шалтгаанаа ядуу залуу баян хөгшин хүүхэнтэй холбоотой ижил сэдэвтэй кинонд жилийн өмнө тоглосон учраас гэж хэлдэг ч үнэндээ тэрээр тэрээр өөрөөсөө олон эгч дуучинтай янаг амрагийн холбоотой байсан учир киног орхисон гэж үздэг ажээ. Joe-ын дүрд William Holden-г Wilder асуудалгүй олсон бол Max-д тоглосон Erich von Stroheim-г сонгосон буюу нэрт кино найруулагч маань Swanson-той хамт 1920-оод оны үеэр кино байжээ. Wilder Betty-ын дүрийг Norma-ын эсрэгээр илүү амьд, энгийн байхаар зорьсны дээр аль болох шинэ жүжичгин тоглуулахыг хүсчээ. Ингээд Wilder Betty-ын дүрийг Cecil. B. DeMille-ын Samson and Delilah кинонд тоглосон Nancy Olson-г  тоглуулжээ.  TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 33-р байрт жагсаасан ба Sight & Sound сэтгүүлийн шүүмжлэгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 63-р байрт эрэмбэлсэн бол Америкийн кино зохиолчдын холбооноос уг киноны зохиолыг хамгийн шилдэг жагсаалтынхаа 7-р байрт жагсаажээ.

 Кино тэр жилийнхээ Оскарын наадамд 11 төрөлд нэр дэвшиж, бүх 4 жүжигчний төрөлд мөн нэр дэвшсэн ч харамсалтай нь ганц ч Оскар аваагүй бөгөөд Оскарын түүхэнд бүх 4 жүжигчин нь нэр дэвшээд ганц ч ялалт аваагүй 3 киноны нэг (My Man Godfrey болон American Hustle) болжээ. Шүүмжлэгчид Norma-ын дүрээр Swanson ялна, эсхүл All About Eve киногоороо Betty Davis авна гэж харж байсан ч шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Born Yesterday кинонд тоглосон Judy Holliday хүртэж олныг гайхшруулжээ. Судлаачид Swanson Betty Davis хоёр бие биенийхээ тоглолтыг үгүй хийсэн учир Judy шагнал хүртсэн гэж үздэг ажээ. Гэхдээ кино маань Оскараас шилдэг кино зохиол шагнал авсан. Кино Шүүмжлэгч Roger Ebert Holden, von Stroheim нарын тоглолтыг магтаад Swanson тоглолтыг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтын нэг гэжээ. Мөн уг киног төөрөгдлийг харуулсан байдлаараа хамгийн шилдэг драм жанрын киноны нэг хэмээжээ. Харин шүүмжлэгч Pauline Kael уг киног бараг л дэндүү ухаалаг гээд Wilder-г дэлхийн хамгийн шилдэг кино найруулагч гэжээ. 2002 онд Wilder-г нас барсны дараа тус бүтээлийг Double Indemnity, Some Like It Hot кинонуудын хамтаар Wilder-ын хамгийн аугаа 3 киноны тоонд багтаажээ. Кино зохиолч Richard Corliss  уг киноны зохиол бараг тэр аяараа "жихүүцэм" учраас холливуудын хоррор кино болох нь илэрхий байна гэж бичжээ. Мөн Norma-ын хуучирсан, харанхуй байшин зөвхөн үхэгсдэд л хаалгаа нээдэг буюу Max-г The Phantom of the opera романы Erik-тэй адилтгаж, Norma-г Dracula-тай харьцуулжээ.

Comments