Харанхуйн Гоо

 


Eraserhead (1977). David Lynch-ын мэдрэмж, дүрслэлийг тов тодорхой харуулсан уг сюрреалист шедеврээс найруулагчийн онцгой ертөнцийг мэдрэх буюу эл бүтээл үзэгчийг харанхуйд сорж, зөвхөн аймшиг, тусгаарлалтад унагах бөгөөд энэ кино бол цөхрөл хийгээд хүрч болшгүй зүүд юм. Experiment body хоррор жанрын уг кино Lynch-ын бүрэн хэмжээний анхны кино агаад өөрөө кино зохиолоо бичиж, продюсерээр нь ажилласны дээр дууны дизайныг бас хийжээ. Киноны гол дүрүүдэд Jack Nance, Charlotte Stewart, Jeannie Bates, Jack Fisk болон Judith Anna Roberts нар тоглосон. Анх кино олны анхаарлыг бараг татаагүй боловч "Шөнө дундын" кино болсноор үзэгчид болон шүүмжлэгчдийн анхааралд өртөж алдаршжээ. Кино сюрреалист зураглал болон сексийн далд санаагаараа алдартай ба сексийн далд санаа нь кинонд чухал элемент болдог. Уг киноны үйл явдлыг бичих хэцүү учир энд би үйл явдлыг бичихээс зайлсхийж, кино хэрхэн бүтсэн, юуны тухай сэдэвтэй болохыг голлон бичихээр шийдлээ.

Зохиолч, кино найруулагч David Lynch өмнө нь зураачаар сурч байсан бөгөөд зургуудаа хөдөлгөөнтэй болгохын тулд хэд хэдэн богино хэмжээний кино бүтээж байжээ. 1970 оноос тэрээр кино урлаг руу "урваж", 24 настайдаа Америкийн кино хүрээлэнгийн (AFI) дэргэдэх кино судлалын төвийн тэтгэлэгт хамрагджээ. Lynch сургалтанд дургүй байсан учир сургуулиа орхих талаар бодож байсан боловч өөрийнх нь кино зохиолыг кино болгох санал ирснээр бодлоо өөрчилжээ. Түүнд сургуулийн кампусийг бүхэлд нь кинонд нь ашиглах зөвшөөрөл олгосон агаад тэрээр сургуулийн ашигладаггүй жүчээг киноныхоо зураг авалтад зориулан хувиргаж, мөн тэндээ амьдарч байв. Мөн AFI-ын эзэмшдэг Greystone харшийг киноны олон сцэнд ашиглажээ. Lynch анхандаа нуруунаасаа ургамал ургасан бөгтөр нуруутай дүртэй кино зохиол дээр ажиллаж эхэлсэн бөгөөд Gardenback нэртэй уг зохиолоо тэрээр өөрийнхөө нэгэн зургаас сэдэвлэсэн байв. Gardenback завхайрлын тухай сюрреалист зохиол байсан буюу хөршдөө хүсэн тачаадахийн хэрээр тасралтгүй өсөн нэмэгдэх шавьжийг дүрсэлсэн байж. 

Кино зохиолын үр дүнгээс үзэхэд киноны үргэлжлэх хугацаа 45 минут болохоор байсан ч AFI шугаман бус зохиолтой нь дээр хэтэрхий төсөөллийн кинонд дэндүү урт хугацаа гэж үзэв. Ингээд оронд нь Lynch хүний толгойг харандааны үйлдвэрт хүргэж өгч буй бяцхан хүүгийн тухай төсөөлөл дээрээс үндэслэн Eraserhead-г танилцуулав. AFI-ын удирдах зөвлөлийн зарим гишүүд сюрреалист бүтээл гаргахын эсрэг байсан ч Dean Frank Daniel-ын ачаар кино хийх зөвшөөрөл олгожээ. Lynch киноныхоо зохиолыг оюутан байхдаа уншиж байсан Ф. Кафкагийн "Хувирал" тууж болон Н. Гоголийн "Хамар" богино өгүүллэгээс санаа аван бичжээ. 2007 онд Lynch "итгэнэ үү байна уу, Eraserhead бол миний хамгийн сүнслэг кино" гэж хэлж байв. Мөн кино зохиолыг Lynch-ын эцэг байхаас айх айдсаас үүдэлтэй гэж үздэг; түүний охин Jennifer хөлний согогтой төрсөн бөгөөд багаасаа гажиг засах мэс ажилбарт олонтоо орох шаардлага гардаг байж. Jennifer-ын хэлснээр түүний цочмог ойлголт болон төрөлтийн гажиг нь киноны сэдвийн үндэс суурь болсон ажээ. Киноны өнгө аясаа Lynch Philadelphia-д түвэгтэй нөхцөлд амьдарч байсан цаг үеэсээ эргэн санаж бий болгосон ба тэрээр гэр бүлийн хамтаар өөрийнх нь дүрсэлснээр "үзэн ядам, хүчирхийлэлтэй, бохир заваан" орчинд 5 жил амьдарчээ. "Гэмт хэрэгт автсан, ядруудын бүс" гэж тодорхойлсон тэрхүү амьдралын нөхцөл уг кино дээрх хотынх нь дэвсгэр болно гэж хэн мэдэх билээ. Шүүмжлэгч Greg Olson Lynch-ын тухай номондоо; найруулагчийн Америкийг диваажин ба тамын хоёрын туйл гэж дүрсэлдэг кино хэл нь хүүхэд насных нь амьдралаас улбаатай гэж бичжээ. Киноны жүжигчдийн сонгон шалгаруулалт 1971 онд эхэлсэн бөгөөд Jack Nance тэр дороо л гол дүрд сонгогджээ. Гэсэн хэдий ч AFI-ынхан уг төслийн цар хүрээг дутуу үнэлсэн буюу тэд 21 хуудас бүхий кино зохиолыг үзсэний дараа "ногоон гэрлийг" Eraserhead-д өгөхдөө киноны цагийн хуваарь тулгасан.

 Энэхүү үл ойлголцлоос болж Lynch-ын кино хэдэн жилийн турш продакшны үйл явцаас хэтрэлгүй үлдэхэд хүргэсэн. Уг явдлаас болж киноны эхлэлийн нэг сцэн дээр Nance-ын дүр хаалга онгойлгодог ба тэр өрөөнд орох дараагийн зургийг авахад жил өнгөрсөн байв. Nance киноныхоо продакшны ажилд өөрийгөө бүрэн зориулж, дүрийнхээ өвөрмөц шинжийг илэрхийлэх үсний засалтаа энэ бүх хугацаанд хэвээр нь хадгалж байв. Lynch багын найз Jack Fisk болон түүний эхнэр жүжигчин Sissy Spacek-ын хандивын ачаар хэдэн жил продакшны ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж байв. Мөн Nance-ын эхнэр Catherine E. Coulson киноны багт орон сонин сэтгүүл зөөх зэргээр хувь нэмрээ оруулж байлаа. Зураг авалтын зогсонги үел Lynch богино хэмжээний The Amputee киногоо хийж амжсан агаад уг кинонд хэдийнээ Eraserhead-ын техникийн багт ажиллах болсон Catherine гол дүр бүтээгээд амжив. Ер нь Lynch-ын кино баг цөөхөн хүнээс бүрдэж байсан буюу Lynch өөрөө хөгжмийн найруулга дээрээ сууж байсан нь үүнийг илтгэнэ. Гажигтай төрсөн хүүхдийг хэрхэн, юу ашиглаж бүтээсэн нь одоо хүртэл нууц болой.

 Lynch болон түүний багийнхан өдөр тутмын сонингуудаас уг пропийг маш сайн нууж чадсан буюу энэ талаар ярилцлага өгөхөөс татгалзаж иржээ. Nance-ын хочилсноор Spike гэх энэ пропийн хүзүү, нүд, ам тус тусдаа хөдлөх чадвартай байдгаараа одоо ч оньсого хэвээр байдаг ба харин зарим судлаачид хурга юмуу туулайг ашигласан гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг ажээ. Уг гажиг хүүхдийн проп Lynch-ын хожмын Elephant Man, Dune гэсэн киноных нь урьдчилсан элемент болж өгчээ. Кино бүтээх явцдаа Lynch дуугаралт болон харилцан яриан дээр хэд хэдэн туршилт хийж үзсэн ч энэхүү киног дээрээ ашиглаагүй боловч хожмын бүтээлүүддээ ашигласан байдаг. Туршилтын үзвэрийн дараа Lynch киноны дуугаралт хэтэрхий чанга байгааг ойлгосноос гадна киноныхоо 20 орчим минутыг хасчээ; хассан хэсэгт Spencer-ын үхсэн муураар тоглодог хэсэг багтсан байна. Eraserhead-ын дууны дизайн нь киногоо илэрхийлэх чухал элементийн нэг гэж үздэг. Кинонд гажигтай төрсөн хүүхэд болон аж үйлдвэрийн өргөн байдлын дүрслэл нь киноны "тасралтгүй гинших" дуутай тун нийцдэг. Кинонд аж үйлдвэрийн хэд хэдэн дуу чимээ хийгээд сцэн болгонд нам түвшний дэвсгэр чимээ сонсогдоно. 

Киноны "заналхийлсэн", "цочирдом" постерийг David Fincher "Seven", ах дүү Coen "Barton Fink" киноныхоо постертоо тус тус дуурайлган хийсэн байдаг. Судлаачид сайхь нам түвшний дуу чимээг Spencer-ын төсөөллөөс урган гарсан байх магадлалтай гэж үздэг бөгөөд киноны дуу чимээг бодит байдал ба зүүдний ялгаанд хайнга хандаж буй илрэл гэж тодорхойлжээ. Мөн уг киноноос Lynch-ын диежитик хөгжмийг зүүдтэй холбох цаашдынх нь арга барил эхэлж, хожмын олон кинондоо ашигласан байдаг. Түүнчлэн кино нь ихээхэн сексийн сэдэвтэйгээрээ алдартай. Энэ концепцийн зураглалыг нээж Henry Spencer нь сексээс айхын сацуугаар мөн секст татагддаг дүрээр дүрслэгддэг. Эр бэлгийн эс шиг амьтдын зураглал болон хүүхдийн төрх киноны секс сцэнүүдийн үеэр байнга давтагддаг. Дүрийн хувьд, Spencer бол энгийн эрийн дүр төрх буюу түүний хоосон илэрхийлэмж хийгээд энгийн хувцаслалт нь түүнийг энгийн архетип хэлбэртэй болгодог гэж үздэг аж. 

Spencer киноны туршид пасифистик, фаталист шинжийн идэвхгүй байдлыг харуулдаг бөгөөд хяналтандаа авалгүйгээр эргэн тойрондоо өрнөж байгаа үйл явдлыг зүгээр л хүлээн зөвшөөрч байдаг. Энэ идэвхгүй зан авир нь киноны оргил үед түүний цор ганц түлхээс болох үйл явдлаар төгсдөг; өөрийг нь бүсэлсэн хяналтын нөлөө болон давамгайллаар тэрээр нялх хүүхдээ хөнөөх байдлаар илэрнэ. Eraserhead нээлтээ хийсэн даруй ерөнхийдөө сөрөг үнэлгээ шүүмжлэгчдээс авсан агаад төгсгөл хэсгийг үзэхийн аргагүй гэж тодорхойлж байв. 1984 онд Lloyd Rose эл бүтээлийг кино урлаг дахь хамгийн шижир сюрреалист бүтээл гээд дэндүү хувийн шинжтэй кино ба Luis Bunuel-ын "Un Chien Andalou" болон "L'Age d'Or гэсэн өмнөх сюрреалист кинонуудаас ялгаатай гэжээ. Мөн Lynch-ын зураглалыг; бид түүний кинонуудад бид хүрч чадахгүй, бид кинонд нь урсаж алга болно гэж бичжээ. 

Chicago Tribune сонин Lynch-ын нягт нямбай ажиллагааны үр дүнд онцгой, хурц бөгөөд тунгалаг хар дарсан зүүд бий болсон гэж магтжээ. Empire сэтгүүл уг киноны хэтийдсэн радикал байдал болон Lynch-ын хожмын холливуудын хүчин чармайлтаас илүү сайн болсон гээд бараан комеди ба body хоррорыг хольсон сюрреалист чанарыг онцолжээ. Харин BBC уг кино Lynch-ын дараа дараачийн кино жишгийг тогтоосон гэж үнэлсэн байна. Судлаачид Eraserhead-г Samuel Beckett-ын жүжигтэй, мөн Francis Bacon-ын уран зургуудтай харьцуулж; гэр бүлийн амьдралын эмх замбараагүй пароди гэж тодорхойлжээ. 2010 онд online film critics society 100 шилдэг кино найруулагчийн дебют жагсаалтдаа Eraserhead-г Orson Welles-ын "Citizen Kane"-ын ард хоёрдугаар байрт эрэмбэлсэн ажээ. Домогт найруулагч Stanley Kubrick уг киног өөрийнхөө дуртай киногоор нэрлэж, "The Shining" киногоо хийж байхдаа кино багийнхандаа Eraserhead-г үзүүлдэг байсан агаад өөрт нь ихээхэн нөлөөлсөн кино гэсэн буй.

Comments