Өглөөний од

 


Landscape in the Mist (1988). Бэлгийн бойжилтод дөнгөж хүрсэн Voula (Tania Palaiologou) таван настай дүү Alexandros (Michalis Zeke) нар хэзээ ч уулзаж, харж байгаагүй аавтайгаа уулзахын тулд ээжээсээ зугтан гэрээсээ оргоно. Ээж нь хүүхдүүддээ аав нь Германд амьдардаг гэж хэлснээр хүүхдүүд гэрээсээ нууцаар аавтайгаа уулзахаар Германыг зорьж буйгаар кино маань эхэлнэ. Ингээд тэд Герман руу явах галт тэрэгний буудал дээр ирэх ч билет үгүй учир тэднийг буулгах агаад цагдаа хүүхдүүдийн хүссэнээр авга ах дээр нь хүргэж өгнө.

 Авга ах нь үнэндээ тэдэнтэй ойр байдаггүй, хөндий байдаг бөгөөд хүүхдүүдийн аав гээд байгаа хүн нь Германд байдаггүй, ээж нь худлаа хэлээд зогсохгүй үнэнийг тэднээс нууж байна, хүүхдүүд өөр өөр эцэгтэй буюу нэг үгээр ээж нь завхайрч яваад тэднийг олсон гэж авга ах нь цагдаад тайлбарлана. Харамсалтай нь, хүүхдүүд тэдний ярилцахыг сэмхэн сонсчих бөгөөд гэсэн хэдий ч тэд ээждээ итгэн, авга ахыгаа худлаа ярьж байна гэж итгэнэ. Хүүхдүүд цагдаагийн газарт байх үеэр цаг агаарын хачирхалтай үзэгдэл болно, энэ явдлыг тохиолдуулан тэд цагдаагийн газраас оргочихно. Тэд аялалаа хөлөөрөө үргэлжлүүлж яваад Orestis (Stratos Tzortzoglou) гэх залуутай учирч, Orestis хүүхдүүдийг автобусандаа суухыг урина. Orestis Грекийн түүхийг хэсэгчлэн жүжиглэсэн тоглолтоор үзүүлдэг аялан явдаг театрын хамтлагийн автбусаны жолооч юм. Саяхнаас хамтлагийг үзэх хүмүүс цөөрөөд байгаа буюу үзэгчид илүү зугаа цэнгэлийг хүсэх болжээ. Orestis болон хүүхдүүд дотно танилцсан ч удалгүй зам нь салцгаан хоёр тийшээ явцгаах бөгөөд тэд Герман руу явах төрөл бүрийн арга хайж яваад ачааны машины жолооч ахимаг насны эртэй танилцаж машинд нь сууна. Alexandros-г унтаж байх хойгуур жолооч Voula-г хүчирхийлэн доромжилчихоод зугтаан алга болно. Хүүхдүүд машинаас машин, галт тэргээс галт тэрэг рүү хөөгдөн, зугтаан явсаар цагдаад баригддагийн даваа нь дээр Orestis-тэй дахин учирч залуу хүүхдүүдийг аваад явна. Энэ зуур Orestis-ын театрын хамтлаг тарж, хувцас хэрэгслээ зарж байлаа. Orestis хүүхдүүдийг далайн эрэг дээр аваачих агаад тэд нисдэг тэрэг далай дотроос асар том гантиг чулуун гар гаргаж ирж байхыг харна, гарын долоовоор хуруу байхгүй байлаа.

 Цэрэгт явахаар болсон учир мотоциклээ зарахаар болсноо Orestis хүүхдүүдэд хэлэх бөгөөд тэд Orestis нэгэн үл таних залууд мотоциклээ зарахаар болно. Хожим Voula Orestis-г мотоциклээ зарсан залуутай бэлгийн харилцаанд орсныг олж мэднэ. Залууд дурлаад байсан Voula-ын урам хугарч дүүгээ дагуулаад явчихна. Гэхдээ Orestis тэднийг гүйцэж очоод уйлж буй Voula-г тэврээд ингэж салмааргүй байна хэмээгээд тайтгаруулдаг. Ингээд тэд дахиад салцгаана. Дараагийн галт тэргийн буудал дээр хүүхдүүд нэгэн цэрэгтэй учирч, цэрэг тэдэнд мөнгө өгснөөр тэд Герман руу явах галт тэргэнд сууна. Тэд хил дээр паспорт шалгалт хийхээс өмнө амжиж гардаг. Гаднах хил мөрөнгөөс бүрддэг болохыг тэд ухаарах бөгөөд жижиг завинд суугаад хил гатлан явж байхад харуулууд буудаж эхэлнэ. Дараагийн сцэнд манан дунд хүүхдүүд явж байна, манан аажмаар арилахад хүүхдүүдийн өмнө том мод үзэгдэнэ. 

Грекийн алдарт кино найруулагч Theo Angelopoulos-ын энэхүү харааны яруу найраг болсон шедевр түүний Voyage to Cythera (1984), The Beekeeper (1986) бүтээлийн хамтаар түүний "Silence" трилогийг бүрдүүлдэг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 432-р байрт жагсааж байгаа бол Village Voice сэтгүүл 20-р зууны хамгийн шилдэг 100 киноны тоонд багтаажээ. Angelopoulos аавыгаа хайн Герман руу аялсан хоёр хүүхдийн тухай сонин дээрээс уншаад энэ сэдвээр кино хийхийг маш их хүссэн байдаг бөгөөд уг бүтээл Angelopoulos-ын Америкт гаргасан анхны кино ажээ. Кинон дээрх гарах Orestis-ын аялан явах театрын хамтлагийн хэсэг бол Angelopoulos-ын эхэн үеийн шедевр The Traveling Players (1975) киноноос улбаатай юм. Киноны романтик хөгжмийн болон зовиуртай жимбүүр хөгжмийг Eleni Karaindrou бичсэн ба тэрээр Mendelssohn, Franck нарын хөгжмийн мөрийг энэ бүтээлдээ ашиглажээ. Кино харагдаж байгаагаасаа илүү гүндээ илүү ихийг агуулдаг. 

Хүүхдүүдийн аялал бол бидний амьдралд байхгүй зүйлийг цаг үргэлж хайж аялж явдагийг зүйрлэжээ. Бидний очсон хотууд, танихгүй хүмүүстэй танилцар мөчүүд, зовсон бүлгүүд болон баяр хөөртэй үйл явдлууд үргэлж дандаа маш хурдан болж өнгөрдөг. Эцсийн эцэст бид зорьсон газраа хүрэх үү? Эсхүл бидний туйлын хүсэл манан дунд үлдэх үү?. Энэ бүтээл бол ямар ч урлагийн бүтээлд байдаггүй яруу найргийн уянгалаг байдал трансценд аргачлалтай бүтээлтэй хослуулж чадсан ховор бүтээл юм. Roger Ebert киноны эхлэлийн кадрийг хамгийн шилдэг яруу найраглаг эхлэл гэсэн бол Би үүн дээр нэмээд киноны төгсгөлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг яруу найраглаг төгсгөл гэж хэлэх байна. Кино маань бие даасан агшнуудаас бүрдэх олон гайхамшигтай үзэгдлүүдээс бүрдэх ба гэхдээ эдгээр үлгэрүүд нь үзэсгэлэнтэй бүхэл зүйлийн нэг хэсэг юм. Амьдрал лугаа адил бид уг кинонд нэг агшинг орхиж нөгөө агшин руу ордог бөгөөд агшин бүр өмнөх шигээ гоо зүйн хувьд баялаг байдаг. "Аз жаргалын агшинг бид нандигнан хадгалдагийн шалтгаан бол тэдгээр агшинг үүрдийн биш гэдгийг мэддэгийнх бөгөөд энэ бол нэгэн төрлийн шилжилт юм" гэж Roger Ebert хэлжээ.

Comments