The Lacemaker (1669-70). Энэхүү бүтээл нь Нидерландын уран зураач Johannes Vermeer-ын бүтээсэн жижиг хэмжээтэй "жанр" зураг юм. Зураг 1670-аад оны орчим Vermeer-ын сүүлчийн жилүүдэд бүрэн дууссан бөгөөд зураг ойролцоогоор 8-аас 9 ямхийн хэмжээтэй болой. Жижиг хэмжээтэй ч гэсэн Нидерландын реализмын алтан үед бүтээгдсэн хамгийн аугаа "жанр" зургийн тоонд ордог ажээ. Цагаан захтай шар хүрэмтэй охин доошоо харан анхаарлаа төвлөрүүлээд даашинз оёж буйг зурагт дүрсэлжээ. Жижиг зүйлсээр анхаарал сарниулахгүйн тулд хоосон хананы эсрэг субьектийг байрлуулсанаар зургийн найрлагыг гүехэн, ойр болгох агаад өнгөний схем нь үзэгчийг зураг руу оруулахад зориулагджээ. Ширээн дээрх бүрээс нь The Astronomer бүтээл дээр байдагтай нь ижил боловч будагны гадаргуутай харьцсан байдал, эмэгтэй хүний төвлөрөлтийг хүчтэй дүрсэлсэн нь илүүтэй Woman Writing a Letter, with Her Maid бүтээлтэй нь ойрхон гэж үздэг. Зэрэгцээ хэв маягийн элементүүд нь бас нэг сүүл үеийнх нь бүтээл болох The Guitar Player зурагтай төстэй ба тухайлбал; дүрслэгдсэн биеийн түвшин, нарийвчлалтай үс, мөн зурагт гэрэл нь баруун талаас тусч байна. Баруун талаас гэрэл тусч байгаа зураг Vermeer-д дөрөвхөн л байдаг ажээ. Уг бүтээлийг түүний сүүл үеийн зургуудтай харьцуулж үзвэл; жижиг хэмжээтэй бөгөөд дүрийг наана харагдахаар зурсан нь Vermeer-ын сүүл үеийн зурах арга барилтай нь төгс тохирч байна. Энэ нь Vermeer өөрөө энэ бүтээл дээрээ гаргасан эрчимтэй ажиллагаагаа зурагтаа мөн буулгасан байж магадгүй ажээ. 17-р зууны Нидерландын зохиолчид зураачдын бийрийг эмэгтэй хүний оёдлын зүүтэй харьцуулдаг байжээ. Зурагт дэрэн хэлбэртэй оёдлын хайрцагнаас өнгөлөг оёдлын утаснууд гоожиж гарсан байх агаад өтгөн боловч шингэн өнгөт утаснууд нь энэхүү харьцуулалтын бататгаж байх шиг. Vermeer-ын найруулгын хамгийн сонирхолтой техникүүдийн нэг бол тухайн шинж чанарыг онцлохын тулд дүрслэлийн эсрэгцлийг ашиглах юм.
Жишээн; охины үсний засалт нь
чанга боож бас буржийлгаж унжуулсан байгаа нь түүний эсрэг тэсрэг зан чанарыг
буюу нээлттэй бүтээлч чанар, хязгаарлагдмал байдлыг илэрхийлнэ. Өөр нэг тод
ялгаа бол охин гартаа утсаа чанга атгаж байхад наана байгаа улаан, цагаан
утаснууд сул унжиж байна. Охины хуруунд төвлөрсөн бүтэц нь түүний бүтээлч
байдлын хэрэгслийг тодотгох ба түүний доошоо харсан харцыг тэмдэглэж, байгалийн
гэрлийн өргөлтөөр хатуу хэлбэрт оруулсанаар зургийн идэвхтэй төвийг бий
болгоно. Бүр төрлийн оёх, ээрэх, нэхэх ажлыг библээс хойш эмэгтэй хүний ёс
суртахуунтай холбоотой үйл ажиллагаа гэж үзэх болжээ. Сонгодог жишээ дурдахад;
Odyssey-д Penelope Ulysses-г хүлээж байхдаа өдрийн цагаар нэхэж, шөнийн цагаар
нэхснээ буцааж хөвөх замаар сэтгэлийг түгшээх эрчүүдээс хол байж чаддаг билээ.
Тиймээс энэхүү ариун журамт үйл ажиллагааг завхай уруу таталтын эсрэгцэл болгон
голдуу дүрсэлдэг байжээ. Охины хүчтэй төвлөрөлт, динамик шаргал өнгө нь түүний
хязгаарлагдмал хэлбэрийг бэхжүүлэх бөгөөд үүгээрээ Vermeer ариун журам, гар
урлалыг тодотгож өгөхийг хүсчээ. Vermeer протестант шашны шинэчлэлийн гоо зүйд
тохируулан хөдөлмөрч зан чанарыг гэр бүлийн ариун журмын симбол болгон
дүрсэлдэг байсан бөгөөд импрессионист зураач Renoir уг бүтээлийг дэлхий дээрх
хамгийн үзэсгэлэнтэй хоёр зургийн нэг гэж үздэг байжээ. Францын зохиолч, урлаг
судлаач Theophile Thore 1866 онд хоёр зууны турш харьцангуй далд байсан
Vermeer-г дахин нээж илрүүлсэн ба түүнийг одоо хамгийн шилдэг зураачдын нэгээр
өргөмжилж байна. Гэрэл, сүүдрийг бүрэн эзэмшсэн чанар, зөөлөн контур, орон зайн
дизайн болон нөхцөл байдлын өнгөний схем, хэлбэрийг буулгахаасаа илүүтэй
мөнхжүүлэх чадвар нь түүнийг Барокко урлагийн тэргүүлэгчдийн нэг болгодог.
Comments
Post a Comment