Misty Morning

 


Misty Morning (1874). Анхны бүх импрессионист зураачдаас хамгийн дутуу үнэлэгдсэн нь Albert Sisley байсан юм. Sisley Парист төрсөн бөгөөд эцэг эх нь Англичууд байв. Аав нь Парист суурьшсан баян бизнесмэн байсан ба бараг бүх амьдралаа Парист өнгөрүүлжээ. Наймаачны замналаас татгалзахаар шийдсэн тэрээр уран зурагт эргэлт буцалтгүй орж, Charles Gleyre-ын алдартай студид оржээ. Тэнд тэрээр Claude Monet, Auguste Renoir, Frederic Bazille нартай танилцаж нөхөрлөжээ. Чухамдаа, Sisley, Monet, Renoir болон Camille Pissarro нарын хамтаар гэрэл болоод өнгөний агшин зуурын мөчийг буулгахад гол анхаарлаа хандуулсан импрессионист ландшафтын зургийн гадаах хэлбэр болох plein -air зургийн тэргүүлэгч хүмүүсийн нэг болжээ. 1870 он хүртэл Sisley аавынхаа өгөөмөр тэтгэмжээр амьдарч байсан боловч Франц-Пруссын дайны улмаас гэр бүлийн бизнес нь дампуурчээ. Зардлаа бууруулахын тулд Sisley Voisins хэмээх тосгонд суурьшжээ. 1870 оноос хойш тэрээр албан ёсны салонуудад үзэсгэлэнгээ гаргахаа болив. Тэрээр бие даасан хөдөлгөөний гишүүн болсон бөгөөд 1874 онд Nadar-ын студид болсон импрессионистуудын анхны үзэсгэлэнд 5 зураг (Misty Morning багтаж байв) илгээж байжээ. Түүний бүтээлийг олон нийт шоолж байсан агаад үүнээс хойших хоёр ч үзэсгэлэнд оролцсон ч амжилт гээд байх юм байсангүй. Мөн санхүүгийн байдал нь сайжирсангүй; амьдрал түүнд бас гэр бүлд нь хүнд бэрх байсан ч тэрээр мөнгөний төлөө бусад импрессионист найзууд шигээ хөрөг зураг руу ороогүй юм. Гэхдээ тэр шантрахыг хүссэнгүй, бараг л баатарлаг гэмээр тууштайгаар үргэлжлүүлэн зурсаар байсан бөгөөд хөдөөгийн амгалан тайван амьдралыг зургаараа дамжуулж байлаа. Ядруухан амьдарч байсан ч, түүнийг үл хүндэтгэн харьцдаг байсан ч Sisley зурагтаа огт өөрийнхөө зовлон зүдгүүрийг шингээдэггүй байв. Түүний зураг үргэлж аниргүйд умбасан, яруу найргийн зохицлоор дүүрэн байдаг байлаа. Энэхүү зураг нь амар амгалан, ёс суртахууны эгэл байдлын жишээ болдог. Зурагт, хаврын манантай өдөр мушгирсан мөчиртэй модны хажууд тариачин эмэгтэй цэцэрлэгээсээ өвс түүж байх агаад хажууд нь цэцэглэж буй бутнууд харагдана. 
Харин цаана нь хашааны хэсэг харагдах бөгөөд энэ бүхэн мөнгөлөг манангаар нэвт харагдаж, гэрлийг бүдгэрүүлж, обьектын хэлбэрийг жижигрүүлэн, бүхэлдээ хөх саарал өнгө аястай болгож байна. Энэ бол Sisley, Monet хоёрын мэддэг Темзагийн эргийн, мөн Лондонгийн гүүр, хөшөөг хучиж бүрхсэн өтгөн манан биш юм, мөн илүү тод бөгөөд нягт цасаар бүрхэгдсэн хөдөө нутгийн уур амьсгал ч биш юм. Sisley Barbizon сургуулийн хамгийн яруу найраглаг зураач Camille Corot-ын нууцлаг "өглөө" зургийг мэддэггүй байсан нь тодорхой хэдий ч эл хоёр бүтээл тун төстэй гэж судлаачид үздэг. Түүний бусад ландшафт зургаас ялгаатай нь энэхүү зургийн бийрийн ажиллагаа нь тун зөөлөн, хөнгөхөн ба ягаан, хөх, ногоон өнгөнүүдийг хослуулжээ. Тэрээр Monet-д шиг, бий болгох гэж буй зүйлийнхээ үр дүнгээс хамаарч бийрийнхээ ажиллагааг өөрчилдөг байв. Энэ нь түүний импрессионист ландшафт зураг амьдрал болоод эрч хүчийн мэдрэмжээр дүүрэн байдгийн шалтгаан юм. Эгэл жирийн хөдөөгийн үзэгдлээр тэрээр импрессионист ажиглалтын гайхамшигт бүтээлийг бидэнд толилуулж байгаа ба Sisley бол 19-р зууны сүүл үеийн хамгийн шилдэг ландшафт зураачийн нэг юм.

Comments