Хагас өдөр, бүтэн шөнө

 

 


The Marriage of Maria Braun (1979). 1943 он буюу дэлхийн хоёрдугаар дайны ид үеэр холбоотнууд Германы хотуудыг бөмбөгдөж байх үед цэрэг Hermman Braun (Klaus Lowitsch) Maria (Hanna Schygulla) нар хуримлаж, хэзээд бие биедээ үнэнч байж, үхэн үхтлээ хамт байхаа тангараглаж байна. Тэд хамтдаа хагас өдөр, бүтэн шөнийг л хамт өнгөрүүлээд Hermman буцаад фронт руу явснаар Maria эх болон мөн нөхрөө фронт руу явуулсан найз хүүхэнтэйгээ хамт үлдэнэ. Хүүхнүүд эр нөхрүүдээ амьд мэнд эргэж ирээсэй хэмээн зовлон шаналангаа хамтдаа эдлэж, хэн хэндээ хань болно. Maria амьдрал ахуйгаа тэтгэхийн төлөө биеэ үнэлэгчдийн бааранд ажиллах бөгөөд бааранд голдуу л Америк.цэргүүдэд биеэ үнэлэх Герман хүүхнүүд ажиллаж, эргэлдэнэ. Maria Bill хэмээх хар арьстай Америк цэрэгтээ танилцаад, улмаар дотно харилцаатай болж эхэлнэ. Maria-ын ингэх болсон шалтгаан бол найз хүүхнийх нь нөхөр амьд мэнд эргэж ирэхдээ Hermman-г үхсэн гэсэн мэдээ авчирсанаар үүдэлтэй буюу амьдрахын тулд, мөн эр хүний халамж хэрэгтэй байсан тул Maria Америк цэргийн амраг болно. Удалгүй тэрээр жирэмсэн болно. Bill түүнээс гэрлэхийг хүсэхэд Maria; би нэгэнтээ хурим хийж нөхөрт гарсан, дахиж хүнтэй суухгүй, чи надад таалагддаг, чамтай хамт амьдрахад асуудалгүй гэж хэлдэг. Нэг өдөр тэд гал халуунаар янаглаж байхад Hermman гэнэт ороод ирнэ. Hermman эхнэрээ цохиж унагаагаад Bill-тэй зодолдож байхад Maria зөнгөөрөө нөхрөө хамгаалах ёстой гэж санаад санамсаргүйгээр Bill-г алчихна. Ингээд тэрээр цэргийн шүүхээр орно, шүүх дээр нөхөртөө хайртай, Bill-д дурласан байсан гэж мэдүүлэхийг нь сонссон Hermman-ын сэтгэл хөдөлж Bill-г өөрөө алсан болгож мэдүүлснээр шоронд эхнэрийнхээ өмнөөс орно. Maria нөхрөө гарахыг хүлээнэ, хэзээ ч орхихгүй гэдгээ амлаад дутуу төрсөн хүүхдээ оршуулчихаад сайхан амьдралын төлөө, нөхрийгөө гарч ирэхэд хүн шиг амьдралтай угтахын төлөө цааш хүчтэйгээр, чадалтайгаар зүтгэнэ. Maria зориудаар баян үйлдвэрийн эзэн Karl Oswald-тай ( Ivan Desny) танилцах буюу хараанд нь өртөж чадсанаар нарийн бичиг нь болно. Oswald түүнээс олон ах бөгөөд залуухан, аятайхан хүүхний амбицтай, шулуухан зан хандлагад татагдаж, улмаар дурлаж орхино. Төлөвлөгөөний дагуу Maria түүний нууц амраг болох агаад байртай, сайн цалинтай ажилтай, нэг үгээр дутах юмгүй болно. Тэрээр мөн л Oswald-ын гэрлэх саналаас татгалзах бөгөөд би чиний нууц амраг л байя гээд ерөнхийдөө сексээс бусдаар харилцаагаа хөндийрүүлэх болно. Maria энэ хугацаанд нөхөр дээрээ байнга очиж, бүх үнэнээ хэлж, чиний эхнэр хэвээрээ байгаа, хүлээх болно гэдгээ хэлсээр байдаг. Oswald удахгүй үхэхээ эмчээс сонсоод Hermman дээр очоод; Maria-г орхивол маш их хэмжээний өв хөрөнгө Maria-д өвлүүлэхээ амлах ба эрчүүд тохиролцох боловч "гэрээгээ" Maria-д хэлэхгүй. Ингээд Hermman суллагдаад шууд эхнэртээ очихгүй бөгөөд эхнэртээ бичсэн захиандаа; би хүн шиг хүн болохын тулд надад цаг хугацаа хэрэгтэй байна, хүн болчихоод эргээд ирнэ, Канад явлаа гэж бичсэн байна. Hermman эхнэртээ хайртай гэдгээ сануулахын тулд сар болгон сарнай цэцэг явуулдаг байлаа. Oswald үхлээ, Hermman буцаад Германдаа буюу Maria-даа эргэн ирэх бөгөөд энэ үед Oswald-ын захирамж болох эрчүүдийн тохиролцоог Maria олж мэднэ. Бүх юмтай болсон Maria үнэндээ юу ч үгүй үлдсэнээ ойлгоно. Олон жилийн, олон удаагийн золиосол эцэстээ өөрийг нь аз жаргалд хүргэсэнгүй. Эго, мөнгө, секс эцэстээ сүйрэл л авчирдаг гэж үү?. 
Германы сод кино найруулагч Rainer Werner Fassbinder-ын энэхүү кино нь эмэгтэй хүний хайрын үнэнч сэтгэлийг төгс зурагласнаас гадна Fassbinder-ын олон улсаас хамгийн өндөр ашиг орлого олсон кино нь юм. Уг бүтээл нь Германы шинэ кино урлагийг дэлхий дахин тодотгож өгсөн бөгөөд Lola (1981), Veronika Voss (1982) зэрэг киноны хамтаар Fassbinder-ын BRD трилогийг бүрдүүлдэг. Энэхүү кино нь эмэгтэй хүн сүйрсэн амьдралаас өөрийгөө татан авч байгаа сэтгэл эмтрэм судалгаанаас гадна өнгөрсөнөө мартахаар шийдсэн нийгэм рүү чиглэсэн зүйрлэсэн дайралт юм. Уг киноны санаа нь Fassbinder болон философич Alexander Kluge нарын хамтран хэрэгжүүлж байсан телевизийн цувралаас үүдэлтэй ажээ. Fassbinder зохиолын ноорог дээрээ Klaus-Dieter Lang, Kurt Raab нартай хамт ажиллаж байгаад 1977 оны зун удаан хугацааны хамтрагч Peter Marthesheimer-д зохиолоо танилцуулжээ. Marthesheimer кино зохиол дээр сэтгэл судлалын профессор Pea Frohlich-той хамтран ажиллав. Энэ нь тэдний анхны кино зохиол байсан бөгөөд Fassbinder-ын бусад киноны бүтэц, хэв маягийг мэддэг байсан болохоор тэр онцлогт нь тааруулж зохиолоо бичсэн байна. Кино зохиол бүрэн бэлэн болсны дараа Fassbinder цөөхөн хэдэн өөрчлөлт оруулсны дотор зарим нэг харилцан яриа болоод Maria Braun авто осолд орж амиа хорлохын оронд хийн дэлбэрэлтэд өртөж амиа хорлох юмуу эсхүл санамсаргүй байдлаар үхсэн эсэх нь тодорхойгүй үлджээ. Киноны продюсерээр Fassbinder-ын олон жилийн хамтрагч байсан Michael Fengler байсан ба Fengler киноны зураг авалтыг арай эртхэн эхлүүлэх хүсэлтэй байсан ч Fassbinder театрын жүжиг, мөн Berlin Alexanderplatz кинон дээрээ давхар ажиллаад завгүй байлаа. Fengler кинондоо олон улсын оддыг тоглуулахыг хүссэн; тэрээр гол дүрдээ Romy Schneider-г санал болгосон боловч Romy-ын архины асуудлаас болж энэ дүр Hanna Schygulla-д очсон буюу эндээс Hanna Fassbinder хоёрын олон жилийн хамтрал эхэлсэн. Анхнаасаа киноны санхүүжилтийн асуудал тодорхойгүй байжээ. Төсөв хангалтгүй байсан тул Fengler өөр санхүүжлэгч хайхад хүргэсэн бөгөөд Fengler Tango-Film-тэй гэрээ хийснээр Fassbinder Fengler нарын хөндийрөл эхэлсэн буюу Fassbinder Fengler-г дээрэмчинээр нэрлэж, Fassbinder-г үхсний дараа ч киноны эрхийн төлөөх шүүх үргэлжилсээр байсан буюу Fengler киноны бүх эрхийг Fassbinder-ын зөвшөөрөлгүйгээр өөр компанид зарчихсан ба өөрөө эндээс мөнгө тоншсон нь мэдээж юм. Киноны бүх эрхийг эзэмшсэн Eckelkamp Берлины кино наадамд киногоо сайн өрсөлдүүлэхийн төлөө Gerhard Zwerenz зохиолчийг хөлслөөд киногоороо тууж бичүүлсэн нь Der Stern сэтгүүлд цувралаар гарсанаар киног сонирхож, анхаарах хүмүүс үлэмж нэмэгджээ. Ингээд 29 дахь удаагийн Берлины кино наадмаар кинонд тоглосон Hanna Schygulla шилдэг эмэгтэй жүжигчний мөнгөн арслан шагнал хүртсэн ба наадмын дээд шагнал хүлээж байсан Fassbinder үүнд сэтгэл дундуур байлаа. 
Германы шүүмжлэгчид киног эерэгээр хүлээж авав; тэд Fassbinder-ын төлөвшсөн бүхий л бүтээлээс хамгийн ойлгоход хялбар бас масс-д хүртээмжтэй кино нь гэж бичээд мөн киноны дур булаам, гайхам чанарыг магтаад чадварлаг хийгээд чадварлаг бус ер бусын чанарыг нь тодотгож байжээ. Hanna Schygulla-ын тоглолтыг дотооддоо төдийгүй олон улсад магтан сайшаасан. Fassbinder-ын ачаар Hanna Schygulla өөрийнхөө авъяасыг гаргах боломж гарсан ба тэрээр дүрийнхээ сэтгэл хөдлөл, эрч хүч хийгээд дур булаам байдлыг төгс илэрхийлсэнээр судлаачид түүний тоглолтыг Dietrich Harlow нарын хооронд дахь байж болшгүй огтлолцол хэмээж байв. Уг киног Godard-ын Contempt киноноос гадна зохиолч Bertolt Brecht-ын бүтээлээс, мөн найруулагч Douglas Sirk-ын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайранд ижил тэгш хандах санаанаас сэдэв авсныг дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд мөн судлаачид Maria-ын энгийн хэрнээ ганган төрхийг Германы төрх байдалтай зүйрлэсэн буюу чамин үнэтэй хувцас өмссөн ч сэтгэл зүрхээ алдсан нэгэн гэсэн юм буй. The New York Times уг киног хамгийн шилдэг 1000 кино жагсаалтадаа багтаасан байдаг ба бүх цаг үеийн хамгийн  шилдэг мянган киноны 673-р  байрт эрэмбэлэгджээ.

Comments