Гэм ба айдас

 


Caché (2005). Парисын чинээлэг хос Georges, Anne нар хэнээс нь үл мэдэгдэх нэгэн видео бичлэг ирнэ. Бичлэгт тэдний байшинг гаднаас олон цаг ямар ч тайлбаргүй бичсэн байх агаад энэ нь тандалт, тагнах маягийн байсан учир хосууд жихүүцэн гайхна. 
Гэр бүлд бөөн маргаан үүснэ; тэд 12 настай хүү Pierrot-ын найзуудын тоглоом юмуу уран зохиолын телевизийн шоу хөтөлдөг Georges-ын фений тохуурхал гэж хардаж гайхах ч айдас хүйдэс ерөнхийдөө сэтгэлд нь хургана. Удалгүй хоёрдахь бичлэг ирнэ, бичлэгтэй хамт амнаас нь цус урсаж байгаа хүүхдийн гэмээр зураг ирэх бөгөөд тус зураг мөн Pierrot-ын сургуульд бас Georges-ын ажлын газарт очно. George цагдаад хандан ч цагдаагийн зүгээс гэмт хэргийн сэдэл алга хэмээн үл тооно. Хосууд гэр бүлийн найзуудаараа оройн зоог барьж байхад дараагийн бичлэг хүрэлцэн ирэх бөгөөд бичлэгт Georges-ын өссөн хөдөө нутаг дахь эдлэнгийг нь зурагласан байлаа. Яг энэ явдлаас хойш Georges хүүхэд насны дурсамж Majid-ын тухай бодож эхлэх бөгөөд энэ Majid бол эцэг эх нь Georges-ын эдлэнд ажилладаг байсан Алжир улсын иргэдийн хүү ба 1961 оны Парисын хоморголон устгасан аймшигт үйл явдлаар Majid-ын эцэг эх "алга" болсны улмаас Georges-ын эцэг эх Majid-г өргөж авахаар төлөвлөж байсан ч ийм явдал хэзээ ч биелээгүй ажээ. Georges эдгээрийг бичлэгийг Majid-тай холбож, түүнийг хардаж эхэлдэг, учир нь түүний худлаа хэлснээс болж Majid-г өргөж аваагүйн дээр галзуу хэмээн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэсэн байх магадлалтай юм.

 Georges энэхүү хардалтаа Anne-д бүрэн дүүрэн бус ч надад нэг сэжүүр байна гэж хэлнэ, Anne эхнэртээ итгэхгүй байна, эхнэрээсээ нуулаа хэмээн хэрүүл үүсгэнэ. Дараагийн бичлэг ирнэ, бичлэг ядуусын амьдардаг байшин харагдана, ингээд бичлэг ирэхэд Majid-ын байгаа газар тодорхой болсноор Georges учрыг олохоор явна. Majid эртний найзаа гайхан угтаад ямар ч бичлэг явуулаагүй, тийм юм мэдэхгүй бөгөөд чамайг заналхийлэх огтхон бодолгүй байна гэхэд Georges түүнд итгэсэнгүй; дахиж бичлэг энэ тэр явуулбал сайнаа үзэхгүй шүү гэж хэлчихээд явна. Ингээд сүүлчийн бичлэг ирнэ; бичлэгт Georges Majid хоёрын ярилцаж байгааг нууцаар бичсэн байна, харин Georges гараад явсны дараа Majid цурхиран уйлсан байлаа. Georges Anne-д Majid-ын талаарх бүх "үнэнээ" хэлэх агаад энэ үед Pierrot алга болчихно. Хангалттай нотлох баримттай болсон гэж үзсэн Georges цагдаа нарын хамт Majid-ын байранд очиход тэнд Majid биш түүний хүү байж байлаа. 

Колончлол болон колончлолын дараах улс төрийн, ёс суртахууны асуумж болсон энэхүү сэтгэлзүйн триллерийг Австрийн кино найруулагч Michael Haneke найруулж бас зохиолыг нь бичиж гол дүрүүдэд Daniel Auteuil, Juliette Binoche нар тоглосон. Уг киног 60-70-аад оны арт кино мандан бадарч явсан үе рүү эргэж очсон бүтээл буюу идэж уунгаа үздэг кино биш харилцан ярилцаж мэдрэмжээ солилцдог кино юм. Киноны зураг авалтыг 2004 онд Парис, Вена хотуудад авч Франц, Герман, Австрийн кино уран бүтээлчид бүтээжээ. Haneke кино зохиолоо Auteuil, Binoche нарыг бодож байгаад бичихдээ хүүхэд насны болон гэм буруугийн концептийг бас хавсаргасан бөгөөд мөн 1961 оны Парисын хоморголон устгасан үйл явдлыг тусгаж өгсөн байна. Кино Канны кино наадмаар нээлтээ хийв. Киноны хоёрдмол утгаас болж өргөн хэлэлцүүлэг өрнөж, Францын колончлол, Алжирын дайнд мэдэгдэл хийсэн, нийтийн дурсамж хийгээд нийтийн гэм буруугийн тухай ёгтлол хэмээн тайлбарлаж байв. Кино Канны наадмаас 3 шагнал авсны дотор шилдэг кино найруулагч шагнал багтана. Haneke 2001 оноос кино зохиолоо бичиж эхэлсэн; тэрээр хүүхэд насандаа үйлдсэн гэм буруутайгаа насанд хүрээд учирч буй хэн нэгний тухай бичиж эхэлжээ. Киногоо триллер жанрынх байхаар төлөвлөж байсан ч гэм бурууг судалсан утгатай байхаар болсон ба кинонд хэн бичлэг илгээгээд байдаг талаар "Би энэ хариултыг хэнд ч өгөхгүй. Та хэрвээ Majid, Pierrot, харгис найруулагч, бурхан өөрөө, ухамсартай хүн гэж бодож байгаа бол эдгээр бүх хариулт зөв. Гэхдээ та бичлэгийг хэн явуулаад байгааг мэдэхийг хүсч байвал, та киног ойлгоогүй байна". 

Haneke Парисын хоморголон устгасан үйл явдал киноны зохиолд санаа өгснийг зөвшөөрөөд энэ түүх бол зөвхөн Францын асуудал биш, энэ киног Францад хийсэн ч цөөхөн тохиргоо хийгээд Австри юмуу Америкт хийхэд асуудалгүй гэжээ. Кинон дээр гардаг нохойны тухай онигоо-түүхийг Haneke найзынхаа ярьсан түүхээс санаа авч кинондоо оруулсан бөгөөд анх сонсуутаа бичиж аваад энэ түүхийг үргэлж кинондоо ашиглахыг хүсдэг байсан гэж хэлсэн буй. Daniel Auteuil бол энэ киноны зохиолыг бичих шалтгаан байсан гэж Haneke дурдсан байдаг, ерөнхийдөө бүх дүрдээ тоглох жүжигчидээ бодож байгаад кино зохиолоо бичжээ. Haneke өмнө нь Auteuil-тай хамтарч ажиллаж байгаагүй бөгөөд Auteuil-ын үргэлж дүрээ нууцлаг байлгаж чаддаг тоглолтоос нь болж кинондоо сонгосон гэдэг бол Juliette Binoche 2000 онд Haneke-ын Code Unknown кинонд тоглочихоод байв. Pierrot-ын дүрд тоглосон Lester Makedonsky сайн сэлдэг учраас энэ кинонд тоглохоор болжээ. 

Судлаачдын дүгнэж байгаагаар кинонд тандалтын (хянах) сэдэв түгээмэл ажиглагддаг аж. 2001 оны 9 сарын халдлагааас хойш нийтээр нь хянаж тагнах явдал энгийн зүйл болсныг кино тусгасан мэт. Энэ кино нь хянах, тандах кино урлагийн хэлбэрийг дагасан буюу Blow-Up, The Conversation зэрэг классикуудыг дагасан ч хэн нэгнийг юмуу ямар нэг юмыг харахаасаа илүү харж байгаагаараа онцлог гэжээ. Хэн хараад байгаа гэдэг бол бидний өдөр тутмын амьдралын зовлонт асуулт бөгөөд энэ кино бол Google, Big brother болон бурханд хариулсан цөөхөн киноны нэг ажээ. Зарим философичид киноны бичлэг илгээгчийн хоёрдмол утгыг Ницшегийн философийн тайлбар гэсэн байдаг; Haneke "мянган үнэн байгаа, энэ мэдрэмжээс л хамаарна" гэж хэлж байжээ. Дүрүүдийг судлахад нэлээд сонирхолтой зүйлс ил болдог. Хянах, тандалт нь сэтгэлийн эмч Jacques Lacan-ын "харц"-ын психоанализыг илэрхийлдэг гэж таамагладаг агаад Georges үүнээс зайлсхийхийг хүсдэг. Georges-ын найз нөхөдтэйгөө, ажил дээрээс нээлттэй, илэн далангуй байж чаддаггүй байдлаас түүний параной ажиглагддаг. Мөн Georges Anne хоёрын дунд харилцааны дутагдал ажиглагддаг ажээ. Anne-ын "ёс суртахууны луужингийн" байршил нь Pierre-тэй нууц амрагийн холбоотой байж магадгүй гэсэн хоёрдмол утгыг бий болгож байна. Секс харуулаагүй боловч тэдний кафе доторх сцэн энэ таамгийг үгүйсгэхгүй байна. Судлаачид Pierrot-ын ээжийгээ хардан сэжиглэж байгааг зөв гээд Anne-ын бодож байгаагаас илүү хүү нь илүү ихийг мэддэг байж болох ажээ. Pierrot-ын нууцлаг, дайсагнасан араншин болон ээжийгээ буруутгаж байгаа байдал түүнийг бичлэгийн нууц илгээгч болгож болно.

 Хөгшин хүмүүсийн эсрэг боссон Pierrot шиг хүүхдийн дүр Haneke-ын хэд хэдэн кинонд байдаг ба уг киноны хүүхдийн мэдрэмжийг ашиглан насанд хүрэгчдийн шударга бус байдлыг илчилдэг Италийн Неореализмтай адилтгадаг ажээ. Мөн уг киног Италийн кино найруулагч Vittorio De Sica-ын 1944 оны The Children Are Watching Us киноны сэдэвтэй адилтгадаг. Majid бас сэтгэлийн гэмтлээ эдгээхээр оролдож байгаа магадгүй буюу түүний ядуу амьдарч байгаа нь эцэг эхээ алдсан зовлондоо шаналсаар байгаатай холбоотой байж болно. Majid ядуусын хороололд амьдарч байгаа нь арьс өнгө, соёл, анги дээр суурилсан туйлшралын шинжийг илчилдэг буюу Majid Georges хоёрын ангийг тусгаарладаг ажээ. Зарим судлаачдын дүгнэж буйгаар Majid зураг болон бичлэгүүдэд ямар нэгэн байдлаар буруутай нь танигддаг буюу Majid үүгээрэа өөрийнхөө өнгөрснийг ойлгуулахыг оролддог ч Georges түүний "хэлийг" ойлгосонгүй. Үзэгчид Majid-ын хүү аавынхаа "өшөөг" өвлөн авлаа гэж боддог, гэхдээ Majid-ын хэлснээр тэр хүүгээ маш сайнаар өсгөсөн учир хүү нь Georges-г үзэн ядан учиргүй юм.

 Уг орчин үеийн шедеврийг The Daily Telegraph сонин 2000-аад оны хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 44-р байрт, The Guardian сэтгүүл 2000-аад оны шилдэг 100 киноныхоо 36-р байрт тус тус эрэмбэлсэн бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 216-р байрт жагсааж, Empire сэтгүүл манай гаригийн хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 73-р байрт бичиж байж. Ерөнхийдөө Haneke-ын киноны хэд маягийг айдсын гоо зүй, оршихуйн айдас, орчноосоо айх мэдрэмжийг илэрхийлдэг гэж тайлбарлажээ. Британий кино хүрээлэн уг киног триллер жанр руу орохын тулд сонгодог түгшүүрийн стратегийг ашигладаг гэж мэдэгджээ. Мөн Hitchcock-ын хэв маягаас ялгаатай нь дүрүүд нууцийг илчлэх хүртэл үзэгчдээс мэдээллийг нуудаг гээд дүрүүдийн ярьж байгаа үнэн эсэх, эргэн дурсаж байгаа зэрэг нь жинхэнэ эсэх нь тодорхойгүй байдаг гэжээ. 

Georges-ын бага насыг дахин бүтээх "хуурамч-реализм"-аас татгалзаж байна гэж үздэг. Киноны эхлэлийн тогтсон камерийн удаан зураглал, мөн гудамжинд төвлөрсөн "хөл хөдөлгөөн ихтэй найрлага", төвд байршсан хоёр давхар байшингийн хэсгийг судлаачид гэрэл зурагтай адилтгадаг ба мөн хянах, тандах сэдэв нь  Hitchcock-ын Rear Window классик бүтээлтэй харьцуулдаг ажээ. Киноны эхлэл хэсэгт кредитүүд дээр кадр гарч ирдэг, энэ нь бичлэг хийж байгааг харуулах бөгөөд ямар ч эвлүүлэггүй хоёр минут "зогсонги" байх нь үзэгчдэд "хүнд" санагдаж эхэлнэ. Үүнийг Италийн найруулагч Michelangelo Antonioni-ын temps mort техниктэй адилтгадаг агаад хүүрнэл байхгүй ч кадр үргэлжилсээр байдаг. Төгсгөлийн 4 минутын mise-en-scene-ын "няхуур зохион байгуулалт" нь үзэгчдэд сэжүүр хайж олоход урих боловч ихэнх үзэгчид хуйвалдаан зохион байгуулж байгаа хөвгүүдийн уулзалтыг орхигдуулдаг гэж судлаачид тэмдэглэжээ.

Comments