Альбер Камю "Этгээд Хүн"

 

 




"Этгээн хүн". Францын философич, зохиолч Альбер Камюгийн 1942 нд хэвлэгдсэн гарсан философийн зохиол (тууж). Эл бүтээлийн сэдэв хийгээд сэдэл бол Камюгийн философийн санаа болох абсурдизмыг экзистенциализмтай хослуулсан гэж үздэг боловч хожим нь тэрээр ингэж гарчиглуулахаас татгалзаж байсан юм.
 Туужийн үйл явдал хоёр хэсэгт хуваагдана; аллагын өмнө ба хойно, ингэхдээ Мерсогийн нэгдүгээр биеэс хүүрнэх маягаар бичигджээ. "манай нийгэмд ээжийнхээ оршуулга дээр уйлдаггүй ямар ч эр хүн цаазын ял сонсох эрсдэлтэй" гэж олон жилийн өмнө би уг бүтээлээ тоймлон хэлэхдээ үүний туйлын парадокс чанарыг хүлээн  зөвшөөрсөн буюу миний номын баатар энэ тоглоомоор тоглодоггүй тул буруутгагдна гэж л хэлэх гэсэн юм. Энэ үгийг Камю 1955 онд хэлж байжээ. "Этгээд хүн"-ын анхны хэвлэл нь ердөө 4400 мянган хувь хэвлэгдсэн байсан тул шилдэг борлуулалттай ном болох боломжгүй байжээ. Эл тууж нацистууд Францыг эзлэн авч байх үед хэвлэгдэн гарсан тул нацистын суртал ухуулгын яам цензур тавих магадлалтай байсан ч эзлэн түрэмгийлэгчдийн төлөөл эл туужид хор хөнөөлтэй зүйл алга гэж үзсэнээр хасалт хийлгүйгээр хэвлүүлжээ. Гэсэн хэдий ч "Этгээд хүн" нь нацизмыг эсэргүүцэгчдийн хүрээлэлд маш их сайшаал хүртсэн байдаг. Англи хэлнээ 4 удаа орчуулагдаж, мөн бусад олон хэлээр хөрвүүлэгдэж байсан эл туужийг өнөөдөр 20-р зууны уран зохиолын шедевр бүтээл гэж үздэг ба Le Monde сонины 20-р зууны хамгийн шилдэг 100  ном жагсаалтыг тэргүүлжээ. Мөн эл туужаар Итали Турк улсуудын хийсэн 2 филм байдаг аж. 

ҮНДСЭН САНАА. "Этгээд хүн" тууж уран зохиолын бүтээл боловч Камюгийн абсурд философийн ойлголтыг хүчтэй илэрхийлдэг. Тэрээр эссэндээ; бие хүний амьдрал, хүмүүний оршихуйн ерөнхийдөө рационал утгагүй, эмх цэгцгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч хүмүүс энэхүү ойлголтыг хүлээн авахад бэрхшээлтэй байдаг тул амьдралаа рационал бүтэцтэй, утга учиртай болгох гэж үргэлж хичээдэг. Абсурд буюу "утгагүй байдал" гэсэн нэр томьёо нь хүн төрөлхтөний оршдоггүй рационал дэг журмыг олох гэж хий дэмий оролдохыг тайлбарладаг. Хэдийгээр Камю "Этгээд хүн" тууждаа абсурд ойлголтын тухай тодорхой дурдаагүй боловч абсурд зарчим нь тууж дотор "ажиллаж" байдаг. Мерсогийн амьдардаг гадаад ертөнц, түүний бодол болоод хандлагын дотоод ертөнцийн аль аль нь рационал дэг журамд автдаггүй. Тэрээр Мариатай гэрлэхээр шийдсэн, Арабыг алахаар шийдсэн зэрэг түүний үйлдлүүдэд ойлгогдохоор шалтгаан байдаггүй. Мерсогийн иррационал үйлдлийг нийгэм хүчээр, зохиомлоор тайлбарлахыг оролддог. Аливаа юмс заримдаа ямар ч шалтгаангүйгээр тохиолддог, заримдаа үйл явдал ямар ч утгагүй байдаг гэсэн идеа нийгэмд асуудал үүсгэж, заналхийлэх болно. 

Туужийн хоёрдугаарт хэсгийн шүүх хурлын үзэгдэлд нийгэм нь рационал дэг журмыг бий болгох гэж оролддог. Прокурор болон Мерсогийн өмгөөлөгч хоёулаа Мерсогийн гэмт хэргийг логиктой, шалтгаантай бөгөөд үр дагаварын талыг үндэслэн тайлбарахыг санал болгодог. Гэсэн хэдий ч эдгээр тайлбарууд нь ямар ч үндэслэлгүй агаад зөвхөн ертөнц иррационал гэсэн аймшигт идеаг саармагжуулах оролдлого болж үйлчилдэг ажээ. Шүүх ажиллагаа нь бүхэлдээ абсурд буюу хүн төрөлхтөний иррационал ертөнцөд хүчээр рационал хандах гэсэн хий хоосон оролдлогын тод жишээ юм. Камюгийн абсурд философийн хоёрдахь гол найрлага буюу хүмүүний амьдрал авралын утга учир хийгээд зорилго байхгүй гэсэн идеа юм. Камю амьдралын цор ганц тодорхой зүйл бол үхлийн зайлшгүй явдал гэж үзсэн ба бүх хүн эцэстээ үхэлтэй нүүр учрах учраас бүх амьдрал адилхан утга учиргүй ажээ. Мерсо туужийн туршид энэхүү ойлголт руу аажмаар шилжих боловч сүүлчийн бүлэгт ламтай маргалдсаныхаа дараа ч үүнийг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Мерсогийн хувьд ертөнц түүнд ач холбогдолгүй шиг ертөнцөд тэр ач холбогдолгүй гэдгийг ухаардаг. Бүх хүмүүсийн нэгэн адилаар Мерсо төрсөн, үхэх болно; цаашид юу ч ач холбогдолгүй болно. 

Мерсо сэтгэл гутралыг ойлгосныхоо дараа л аз жаргалд хүрч чадна. Тэрээр зайлшгүй ирэх үхлийг бүрэн ойлгосноор цаазлуулах юмуу жамаараа хөгшрөөд үхэх нь чухал биш болохыг ойлгодог. Ингэж ойлгосон Мерсо хуулийн дагуу давж заалдах өргөдөл гаргаж цаазаар авхуулахаас зайлсхийх фантаазаа хойш тавих боломжийг олж авдаг. Өмнө нь оюун ухаандаа төсөөлж байсан эдгээр хуурмаг найдварууд түүнд үхлээс зугтаах боломжтой гэсэн хуурамч мэдрэмжийг бий болгохоос өөр чадваргүй гэдгийг ойлгоно. Мерсо тогтвортой амьдралын найдвар нь хүнд зовлон болж байсан гэж үздэг. Тэрээр хуурамч найдвараас чөлөөлөгдсөнөөр тэрээр байгаагаараа амьдрах эрх чөлөөтэй ба үлдсэн өдрүүдээ зөв ашиглах боломжтой гэсэн үг. "Этгээд хүн"-д Мерсогийн сэтгэл хөдлөл хийгээд нийгмийн байдлыг бус физикал ертөнцийг илүүтэй сонирходог болохыг харуулдаг. Мэдрэмжийн ертөнцөд төвлөрсөн энэхүү байдал нь хүмүүний амьдралд үүнээс өндөр утга, эмх журам байхгүйг гэсэн туужийн философийг нотолж байна. Туужийн туршид Мерсогийн анхаарал өөрийн бие махбодь, Мариатай харилцах бие махбодийн дотносол, цаг агаар, хүрээлэн буй орчин зэрэг физикал элементүүд дээр төвлөрдөг. Жишээн; оршуулгын үеэрх бөгчим халуун нь ээжийгээ оршуулж буй бодлоос илүү түүнийг зовоож байдаг бөгөөд мөн далайн эрэг дээрх халуун нар Мерсог тарчлааж, шүүх ажиллагааны үеэр Мерсо Арабыг хөнөөсөн шалтгаанаа нарнаас үүдэлтэй тэсэхүйеэ зовлон байсан хэмээдэг. Мерсогийн хүүрнэх хэв маяг нь мөн түүний физикал сонирхолыг тусгадаг ажээ. Тэрээр нийгэм болон сэтгэл хөдлөлийн нөхцөл байдлыг энгийн бөгөөд товчхон дүрслэдэг ба байгаль, цаг агаарын сэдвээр ярихдаа тод, гоёмсогоор дүрсэлдэг. 

МОТИФ. "Этгээд хүн"-ын янз бүрийн дүрүүд үхэл ба ялзралд төрөл бүрийн хандлагыг баримталдаг. Саламано өөрийн яр шархандаа баригдсан нохойндоо хайртай байдаг бөгөөд ихэнх хүмүүс үүнийг жигшүүртэй гэж үздэг ч тэрээр нөхөрлөлийнхөө үнэ цэнийг эрхэмлэдэг. Мерсо ээжийнхээ үхэлд төдий л их сэтгэл хөдлөл үзүүлдэггүй бол түүний амьдарч буй нийгэм нь түүнийг уй гашууд автах ёстой гэж үздэг. Мерсо бие махбодийн үхэл амьдралын бүрэн ба эцсийн төгсгөлийг илэрхийлдэг гэдэгт итгэдэг бол лам хойд насны идеаг хатуу баримталдаг. Туужийн Мерсогийн дүрийг хөгжүүлэх чухал хэсэг бол түүний үхлийн талаарх хандлагатайгаа эвлэрэх явдал юм. Туужийн төгсгөлд тэрээр үхэл бол хүмүүний амьдралын зайлшгүй факт мөн гэсэн идеаг эцэслэн хүлээн аваад цаазын ялаа цөхрөлгүйгээр эрх чөлөөтэйгөөр хүлээн зөвшөөрч чаджээ. 

Туужийн туршид бусад дүрүүд Мерсог ажиглах юмуу Мерсо тэднийг ажиглаж байсан тохиолдлууд байдаг. Энэ сэдэв нь Камюгийн абсурд философийн хэд хэдэн найрлагыг дахин сануулна. "Этгээд хүн" дэх байнгын ажиглахуй нь хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй эрлийг илтгэх бөгөөд аугаа дээд утга агуулаагүй ертөнцөд физикал байдлын бодит үзэгдэх харагдах нарийн бүхний ач холбогдолыг онцолжээ. Мерсо тагтан дээрээсээ гудамжинд байгаа хүмүүсийг сонирхон бас идэвхгүй нарийвчлан хардаг ч харсан зүйлсээ шүүн дүгнэдэггүй. Үүний эсрэгээр шүүх хуралдааны танхим дахь хүмүүс шүүх, яллах явцын нэг хэсэг болж Мерсог ажиглан харж байна. Шүүх танхимд бид Мерсогийн өмнөх олон үйлдлүүд нь түүний болон бидний мэдлэггүйгээр ажиглагдаж байсныг олж мэднэ. Рэймонд болон түүний найзуудыг автобус руу алхаж байхад Арабууд тэднийг дайсагнасан харцаар ажиглаж байдаг ба Рэймондын хөршүүд түүнийг нууц амрагтайгаа бас цагдаатай хийсэн маргааныг үл ялиг сониуч зангаар ажиглаж үзэгчийн үүрэг гүйцэтгэдэг ажээ. Мерсогийн Селестэ дээр хардаг эмэгтэй дараа нь түүний шүүх ажиллагаан дээр байгаа үзэгдэх зэргээр үе үе нууцлаг ажиглахуй байдаг. Туужийн харах болон ажиглалтын агшин нь Камюгийн бий болгосон абсурд буюу хүн төрөлхтөний утга учрын төлөөх эцэс төгсгөлгүй эрэл хайгуулын тусгал болой. 

СИМБОЛ. "Этгээд хүн"-ын хоёрдахь хагасыг бүрдүүлсэн шүүх танхимын драм нь бүхэлдээ нийгмийг бэлгэддэг. Хууль ард түмний хүсэл зоригийн дагуу үйлчилдэг бол тангарагтны шүүгчид бүх нийтийн өмнөөс шүүлтэд оролцдог. Камю туужийнхаа эхний хагаст гардаг жижиг дүрүүдийн ихэнхийг шүүхийн танхимд гэрч болж буйгаар дахин гаргаж ирсэнээр нийгмийг хамарсан шүүхийн симболыг бэхжүүллдэг ажээ. Мөн шүүхээс Мерсогийн гэмт хэрэгт логик тайлбар олох гэсэн оролдогууд нь хүн төрөлхтний иррационал ертөнцөд рационал тайлбар олох гэсэн оролдлогыг бэлгэджээ. Камюгийн хий хоосон гэж үзсэн эдгээр оролдлогууд нь Камюгийн философийн абсурд идеаг харуулж байна. Шүүгчийн Мерсо руу загалмайлах дохио зангаа нь Камюгийн ертөнцийг абсурдаар харахыг эсэргүүцдэг христийн шашныг бэлгэдэнэ. Абсурдизм бол хүний амьдрал иррационал, зорилгогүй гэсэн идеа нь дээр тулгуурладаг бол христийн шашин ертөнц бол бурхны бүтээл ба түүний удирдамж дээр суурилсан рационал дэг журам агаад метафизикийн агуулгатайгаар хүний амьдралд ихээхэн утга ноогдуулна. Загалмай нь ерөнхийдөө рационал итгэл үнэмшлийг бэлгэлддэг бөгөөд Мерсогийн энэ бүх үл тоомсорлол нь нийгмийн дэг журмыг заналхийлж байгааг нь бататгана.

Comments