Modern Times (1936). Бидний хайртай бяцхан тэнүүлч "орчин үед" иржээ. Капиталист нийгмийн том үйлдвэрийн конвейр дээр ажиллах тэрээр их үйлдвэрийн нэг эд эс, механик хэрэгслийн нэг араа шүд болжээ. Амралтгүй ажиллах тэнүүлч маань ядаргаанд орж улмаар мэдрэлийн ядаргаанд орох ба эмнэлэг руу илгээгдэнэ. Эдгэж бас сэргэсэн тэнүүлч эмнэлэгээс гарч яваад санамсаргүйгээр коммунист эсэргүүцлийн жагсаалд орсоноор цагдаад баригдана. Бүтэлгүй нь дэндсэн тэрээр хар тамхийг давс гэж идэх бөгөөд энэ үеэр давхцсан шоронгийн бослогод оролцсон ч энэ удаа цагдаа нарт тусласанаар шоронгийн бослогыг дарахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэнүүлчийг тусгай өрөөнд байлгаж, баатар луугаа харьцаж удахгүй суллана хэмээхэд шоронд бэлэн хоол, унтах ортой байсан тэнүүлч дурамжхан хүлээж авна. Цагдаагийн дарга түүнд талархлаа илэрхийлж шинэ ажилд оруулах бичиг хийж өгнө. Тэнүүлч маань тус бичгээр нэг ажилд орох ч эхний минутад л бүтэлгүйтэн хөөгдөнө.
Дахиад ажилгүй болсон тэнүүлч гудамжинд Gamin гэх хөөрхөн бүсгүйтэй мөргөлдчих ба энэ бүсгүй бол мөн л тэнүүлч, өнчин буюу талх хулгайлаад зугтааж байсан нь энэ ажээ. Бүсгүйд тусалж талхыг өөрөө хулгайлсан болвол буцаад шоронд орж болохыг сэтгэсэн тэнүүлч цагдаад өөрийгөө хулгайч гэж мэдүүлсэнээр тухайн үед Gamin чөлөөлөгдөнө. Харин дараа нь гэрчүүд талх хулгайлагчийг залуу биш хүүхэн гэж мэдүүлснээр тэнүүлч чөлөөлөгдөнө. Уурласан тэнүүлч ресторанд ороод баахан хоол идээд үнийг нь төлөхгүй байснаар дахин баригдан шоронд явахаар болно. Тэр цагдаагийн тэргэнд Gamin-тай таарна; энэ үед тэрэг онхолдчих ба Gamin тэнүүлч хоёр хамтдаа зугтаана. Тэд хамтдаа амьдарч, сайхан гэр оронтой болж, олигтойхон хоол унд идэж байна хэмээн мөрөөдөнө. Тэд хамтдаа тэнэж яваад нэгэн их дэлгүүрийн харуулын албанд ажлын байр байгааг олж мэдэн азаар шахуу тэнүүлч маань ажилтай болно. Шөнийн цагаар тэд дэлгүүрт цадталаа идэж, ханатлаа тоглож наадах агаад энэ үед дээрэмчид дэлгүүрт халдан орж ирнэ. Дээрэмчдийн нэг хуучин үйлдвэрт хамт ажиллаж байсан тэнүүлчийн найз байх бөгөөд ингэж яваагаа өлсөж байна, цөхөрч байна гэж тайлбарладаг. Тэд хамтдаа архидана; өглөө даргадаа шал согтуу баригдсан тэнүүлч дахин шоронгийн хаалга татна.
Арван өдөр өнгөрч,
тэнүүлч суллагдахад түүнийг Gamin хүлээж байлаа. Бүсгүй түүнийг нурж унах
шахсан байшинд аваачаад энэ миний олсон бидний шинэ гэр хэмээнэ. Тэд ядуу ч
хамтдаа жаргалтай амьдарч байтал хуучин үйлдвэр дахин нээгдэж байна, шинэ
ажилчид авна гэсэн зар тавигдах агаад тэнүүлч маань ажилд орохоор явна. Ингээд
ажилд дөнгөж ортол үйлдвэрийн ажилчид бослого гаргаснаар тэнүүлч маань дахин
гудамжинд гарах бөгөөд дахин нэг удаа санамсаргүйгээр цагдаад баривчлагдана.
Хоёр долоо хоног өнгөрч, тэнүүлч маань шоронгоос суллагдахад мөн л Gamin
түүнийг тосон авах ба Gamin ресторанд бүжигчин хийж ажилтай цалинтай болсон
байна, мөн тэнүүлчинд маань зөөгч, дуучны ажил олсон байв. Рестораны дарга хэр
дуулдагийг нь шалгаж байж авна гэхэд тэнүүлч маань бэлтгэж бэлтгэж байгаад
цагаа болоход үгээ мартчих бөгөөд цаг ирэхэд импровиацаараа олон хэлээр
дуулахдаа пантомиминг хийж олны талархлыг хүртэнэ. Бүх юм сайхан болж байтал
цагдаа нар Gamin-г хайсаар орж ирнэ, тэнүүлчид зугтахаас өөр аргагүй болно.
Ингээд дахин ажилгүй, гэдэс өлсгөлөн боллоо. Gamin ингэж утга учиргүй тэмцэж
явсаар цөхөрч байна гэхэд тэнүүлч яаж ийж байгаад сайн сайхан болгоноо гэж
хэлдэг. Үүр цайж байхад тэнүүлч Gamin хоёр зам дээр гаран тодорхой бус ч
ирээдүй итгэлтэйгээр алхална.
Энэхүү цаглашгүй дуугүй комедийн аугаа Charlie
Chaplin-г дуугүй комеди жанрын гоц суутан болохыг илтгэдэг ба үйлдвэржсэн,
орчин үеийн ертөнцөд амьдрах гэж зовж буй домогт Little Tramp дүрээ сүүлчийн
удаа (мөн анх удаа дэлгэцнээ ярьсан) дэлгэцнээ мөнхжүүлсэнээр киноны онцлог
оршино. City Lights киноныхоо сурталчилгаагаар европоор аялж явахдаа Chaplin
Mahatma Gandhi-тай орчин үеийн технологийн талаар ярилцсан яриа, мөн их
хамралын үеийн хүнд үеэс киноныхоо санааг олжээ. Ярианы үеэр Хүмүүсийг ажилгүй
болгох, гагцхүү ашгийг л харгалзан үзэх техник хэрэгслийг эсэргүүцэж байсан
Chaplin-ын санааг Gandhi эсэргүүцэж байсныг тэрээр ойлгоогүй байдаг. Chaplin
1934 онд киногоо яриатай хийхээр төлөвлөж, харилцан яриатай сцэнийг бичиж,
зарим сцэнийг дуутайгаар туршиж үзсэн байжээ. Тэгсэн ч удалгүй тэрээр энэ
оролдлогоо орхиж, ганцхан нэгхэн яриатай, синхрончлогдсон дууны эффэкттэй
дуугүй формат руу шилжжээ. Харилцан яриатай туршилтууд нь түүний Little Tramp
дүрийн бүх алдар нэр, сэтгэл татам байдлыг алдагдуулна гэж үзсэнийг бататгажээ,
нэг үгээр киногоо дуугүй хийсэн Chaplin-ын зөв байжээ. Киноны ихэнх хэсгийг
"чимээгүй хурдаар" авсан ба секундэд 18 кадр авчээ. Chaplin-ын намтар
судлаач Jeffrey Vance; Chaplin энэ киногоороо Little Tramp-тайгаа салах ёс хийж
байгаагаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд олон хошигнол, элэглэлээрээ энэ
дүртэйгээ, мөн уламжлалт комедитайгаа салах ёс хийж хүндэтгэсэн гэжээ.
Кино
дээрх Chaplin-ын нүдээ боогоод тэшүүрээр дэлгүүр дотор гулгадаг хэсэгт матте
уран зургийн арга ашигласан нь маш алдартай; эгц унадаг хэсгийг матте зургаар
зурсан буюу үнэндээ Chaplin-д ямар ч аюул байгаагүй ажээ. Шорон доторх хар
тамхины хэсэг тухайн цаг үедээ маш зоригтой шийдвэр байсан агаад энэ хэсгийг
1917 оны Easy Street богино хэмжээний киноноосоо Chaplin санаа авчээ. Киноныхоо
хөгжмийг Chaplin өөрөө зохиож, Alfred Newman туслахаар нь ажилласан бөгөөд
хамтран ажиллагааны төгсгөлд Chaplin-ын муухай аашнаас болж тэд муудалцаад
салсан гэдэг.
Уг киног Chaplin-ын хамгийн аугаа бөгөөд хамгийн олонд хүрсэн
киноны нэг гэж үздэг бөгөөд The New York Times; энэ кинонд Chaplin бидний
хайртай тэр бяцхан тэнүүлч хэвээрээ л байна, цаг хугацаа түүний суу авъяасыг
өөрчилж чадсангүй гэсэн байхад Film Daily; Chaplin хөгжмийн зохиолчийн хувьд
өөрийнхөө аугаа ялалтуудын нэгийг байгууллаа гэж бичиж байв. Английн алдарт
зохиолч Graham Green энэ киноны талаар; Chaplin-ын кинонуудад үргэлж жаахан
хуучинсаг мэдрэмж байдаг байсан бол тэрээр эцэст нь орчин үеийн сцэнээр орж
ирлээ гэж тэмдэглэжээ. Мөн тэрээр цааш; Paulette Goddard-ын бүтээсэн Gamin-ын
дүр нь Chaplin-ын киноны өмнөх бүх эмэгтэй дүрээс илүү хувийн чанартай буюу
хувийн чанарыг нь Chaplin тодотгож өгсөн гэжээ. Кино шүүмжлэгчдээс өндөр
үнэлгээ аваад зогсохгүй 1936 оны хамгийн их ашиг олсон киноны тоонд багтжээ.
Энэ кино нь Chaplin-ын анхны нээлттэй улс төрийн сэдэвтэй кино байсан агаад аж
үйлдвэрийн нийгмийг зохимжгүйгээр үзүүлснээр анх дэлгэцнээ гаруутаа нэлээн
маргаан дагуулсан. Их Британий либерал намын сонин уг киноны талаар залуу либерал
хүмүүс заавал үзэх ёстой бүтээл гэж бичиж байв.
Харин нацист Германы суртал
ухуулгын яамны сайд Жозеф Геббелс коммунизмыг сурталчилсан хэмээн киног
хоригдож байжээ. Киноны зарим хэсэг Францын кино найруулагч Rene Clair-ын
Liberty for us гэх 1931 оны киноныхтой адилхан байдаг; энэ шалтгаанаар Tobis
film Chaplin-г шүүхэд өгч байсан ба эхний удаа шүүх хэргийг хэрэгсэхгүй
болгосон ч хоёрдахь удаад асуудал нэлээд түвэгтэй байсан тул Chaplin болон кино
компани хоёр шүүхээс гадуур учир зүйгээ олсон байдаг. Кино компаниуд хэдийн
дуутай кино хийж, дуугүй киног шүүмжилж байсан үед заавал Chaplin дуугүй кино
хийдэг нь тэрээр Little Tramp-ынх нь романтик, нууцлаг байдал яриад унавал
алдагдана, ингэхдээ Англиар ярьдаггүй орнуудад бүр муугаар нөлөөлнө гэж айсных
юм. Jeffrey Vance энэ киноны өвийн талаар хэлэхдээ; энэ кино анх нээлтээ
хийснээсээ хойш магадгүй хамгийн ач холбогдолтой үедээ иржээ. Кинон дээрх
Little Tramp-ын зовж буй дүр хийгээд түүний замбараагүй хошигнол хяналтгүй
ертөнцөд өөрийгөө хэн ч биш гэж мэдэрч байгаа хэн бүхэнд урам зориг, тайтгарал
өгнө. Энэ кино нийтлэг сэдвээрээ, бүтээлч хошигнолоороо Chaplin-ын хамгийн
аугаа бөгөөд урт настай бүтээлийн нэг хэвээр байна. Магадгүй хамгийн чухал нь
Chaplin-ын хамгийн хайртай дүрдээ болон өөрийнх нь захиргаанд байсан дуугүй
кино эринд хүндэтгэл үзүүлсэнд оршино гэжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 51-р байрт жагсаасан бол 2012 онд Sight &
Sound сэтгүүл хамгийн шилдэг киноны 63-р байрт эрэмбэлжээ.
Comments
Post a Comment