Ashes and Diamonds (1958). Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн өдөр, Польшийн хаа нэгтээ, хөдөөгийн жижигхэн сүмийн дэргэд Польшийн дотоодын армийн хуучин цэргүүд Maciek, Andrzej, Drewnoswki нар Польшийн ажилчдын намын комиссар Szczuka-г алахаар хүлээж байлаа. Ингээд дайралт болж, халдлага үйлдэгчид андууран хоёр өөр хүн алсанаа ойлгосноор отолт нь бүтэлгүйтдэг. Тэдний дарга Waga аллага бүтэлгүйтсэнийг олж мэдээд тэдэнд алдаагаа засч даалгавараа биелүүлэх хоёрдахь боломжийг олгосноор бүтэлгүйтсэн цэргүүд Monopol буудалд хүрч ирэх бөгөөд энд дайнд ялсны хүндэтгэлийн болох ёстой байв. Тэд бааранд ороод зоригоо чангалж бас амь үрэгдсэн нөхдийнхөө дурсгалд зориулан ууж эхлэх агаад Drewnowski зол заяагүйдээ гутран арай ахиу балгана. Maciek буудалд өрөө захиалж ороод буугаа шалгаж байхдаа урд талынх нь байшинд нэг хүүхэн сүйт залуугийн өглөө алчихсан хэмээн гашуудан уйлж байна, сайтар сонсвоос Maciek-ын өглөө андуурч алсан хүн хүүхний сүйт залуу мөн шиг санагдана. Maciek доошоо бууж бааранд ортол баарны бармен хүүхэн сэтгэл гижигдэм сайхан амьтан болохыг анзаарч, улмаар яриа өдөн танилцана. Хүүхнийг Krystyna гэдэг ба Maciek-ын бүхий л өдөлт, сээтэгнэлд эвтэйхэн хариу өгнө. Үүнд урамшсан Maciek өрөөнийхөө дугаарыг хэлээд шөнө хүлээж байх болно гэнэ. Maciek буугаа цэвэрлэж байтал хаалга тогшино, онгойлготол Krystyna байлаа, үнэндээ Maciek түүнийг ирнэ гэдэгт итгэхгүй байсан нь гайхаж байгаагаас нь илэрнэ.
Цааш нь юу болсныг төсөөлөхөд
бэрх бишээ. Юутай ч шөнө бороо орж эхлэх бөгөөд салхилахаар хамт гараад байсан
хосууд борооноос нуугдахын тулд хуучны балгас болсон сүмд орно. Одоо тэдний
яриа дотно, өөриймсөг болсныг анзаарахад хоёр биендээ дурласан нь тод үзэгдэнэ.
Сүмд хоёр цогцос байлаа, Maciek хүүрнүүдийг хараад өглөө андуурч алсан хүмүүс
болохыг таниад ажилдаа орох ёстойгоо ухаарна. Ингээд Krystyna-тай салах ёс
хийчихээд нөхөд дээрээ очтол Drewnowski шал согтуу баярын цэнгүүнийн үймүүлж
байна, харин Andrzej чухал, ноцтой хэвээрээ л байлаа. Maciek түүнд одоо боливол
яасан юм, ингэж амьдраад залхаж байна, хүн шиг амьдармаар байна гэж хэлдэг ч эцсийн
удаа энэ даалгаварыг гүйцэтгэхээр болно. Үүр цайж байлаа. Хүү нь Коммунистуудын
эсрэг нууц бүлгэмд орсон байсныг, одоо баригдаад байгааг Szczuka олж мэдээд хүү
рүүгээ яаран явж байхад нь Maciek замд нь отож байгаад буудаж ална. Ингээд
Andrzej дээр ирэхэд Andrzej Drewnowski-г нохой шиг зодож байх агаад Andrzej
зугтаад явчих бол Maciek өөрийнхөө зам мөрийг хөөж яваад Польшийн ардын армийн
цэргүүдтэй таарч буутай байгаагаа мэдэгдсэнээс болж зугтахад хүрнэ. Maciek
удаан зугтаж чадсангүй, хогийн цэг дээр тарчилж үхнэ.
Польшийн кино найруулагч
Andrzej Wajda-ын найруулсан улс төр, дайны драм жанрын уг кино нь нэг хүний
хувь тавиланг улс үндэстнийхтэй гайхалтай хослуулж чадсанаар Польшийн бүх цаг
үеийн хамгийн чухал киноны нэг бий болоод зогсохгүй кино урлагийн алмааз эрдэнэ
болжээ. Киноны зохиолыг Польшийн зохиолч Jerzy Andrzejewski-ын ижил нэрт
романаас сэдэвлэсэн ба гол дүрүүдэд Zbigniew Cybulski, Ewa Krzyzewska нар
тоглосон.эл бүтээл Kanal (1956), A Generation (1954) кинонуудынх нь араас
гарснаар Wajda-ын "Дайны" трилоги бүтэн болдог агаад уг киног 1989
оны хувьсгалын дараа Польшийн партизануудын дурсамжийг хуурамчаар үзүүлсэн гэж
шүүмжилж байсан хэдий ч, мөн Канны кино наадмын үндсэн уралдаант хэсэгт
оруулаагүй ч FIPRESCI шанал хүртэж, Польшийн кино урлагийн хамгийн алдартай
киноны нэг хэвээр байсаар байна. Jerzy-ын роман 1948 онд хэвлэгджээ. Энэ ном
коммунист Польшийн үед сургуулиудад заавал байх ёстой номд тооцогдож, орчин
үеийн эх баригчдын таашаан соёрхдог номын нэгд багтдаг ажээ.
Эл номоор анх кино
хийхээр Erwin Axer, Antoni Bohdziewicz нар оролдож байж. Axer-ын кино зохиол
романдаа үнэнч байхаас гадна дүрүүд нь илүү хошин инээдмийн өнгө аястай
бичигдсэн байна. Харин Antoni-ын кино зохиолд Waga Szczuka-г алуулахын тулд
Maciek-г сүрдүүлж, төгсгөлд нь Maciek Szczuka-д тусалж байгаа талаар байж.
Гэсэн хэдий ч эл хоёр зохиол хоёулаа дэмжигдээгүй бөгөөд бодлого
боловсруулагчид Antoni-ын хувилбарыг хэтэрхий "хамгаалсан" гэж
дүгнэжээ. Ингэж явсаар Andrzej Wajda эл төслийг хэрэгжүүлэх боломжтой болов. 1957
онд Wajda Jerzy-тэй ярилцсанаар киноны үйл явдалд зарим нэг өөрчлөлт оруулав;
үүнд шүүгчийн хэсгийг хасаад Maciek, Szczuka хоёрын дунд кино зохиолоо
төвлөрүүлэхээр болжээ. Мөн Wajda киноны үйл явдлыг нэг л өдөрт болохоор
товчилж, Maciek-г гол дүрийн баатраар үзүүлэхээр болсон байна. Wajda Jerzy хоёр
кино зохиолыг 1958 онд бэлэн болгосон бөгөөд эрх баригчид удаан хэлэлцсэний
эцэст кино болгох эрхийг өгчээ.
Wajda KADR кино нэгдэлтэй хамтран киногоо
боловсруулсан ба удаан бодсоны эцэст Wroclaw хотод дотоод зургаа авахыг хүсчээ;
ингэх болсон шалтгаан нь, бодлого боловсруулагчдын хэт хошуу дүрэхээс сэргийлж,
мөн мөнгө хэмнэх зорилготой байв.
Wajda кино багаа; продюсерээр Stanislaw
Adler, зураглаачаар Jerzy Wojcik, киноны хөгжмийн сонгогчоор Filip Nowak нараар
бүрдүүлжээ. Киноны эхний зураг авалтууд студид авагдсан бол гадаах зургийг нь
дараа нь авчээ. Үндсэн Monopol зочид буудлын хэсгийг студид авсан ба сүмтэй
зарим хэсгийг гадаа байршилд авсан байна. Wajda киноны жүжигчдээ сонгох гэж
нэлээд зүдэрчээ. Түүнд туслах найруулагч нь Janusz Morgenstern тусалсан буюу
Janusz жүжигчдийн "захыг" Wajda-гаас илүү мэддэг байв. Ийнхүү
Cybulski Maciek-ын дүрийг авсан бөгөөд түүнд партизаны дүрэмт хувцас
таалагдаагүй учир 1950-аад оны хэв маягаар хувцаслахыг хүссэн байдаг. Szczuka-д
тоглосон жүжигчин киноны туршлагагүй театрын жүжигчин байсан Andrzej-д тоглогч
нь хөгжим судлаач хүн байжээ. Кино олон улсад өндөр амжилт олсон агаад
судлаачид Wajda-ын хамгийн ихээр олонд танигдсан кино гэж дүгнэдэг. Үүний
зэрэгцээ Wajda-ын ажлыг Польшийн кино сургуулийн найруулагчийн онцлог хэв
маягийг тодотгож өгсөн чухал кино гэж байхад зарим коммунист шүүмжлэгчид уг
киног буруушааж байсан ч тусгаар тогтносон олон Польшчууд өөрийгөө Maciek-ын
дүрээр хардаг байв. Cybulski тоглолт болон 1950-аад оны дүр төрхийг
харуулсанаараа James Dean-тэй харьцуулахад байв. Киноны нээлтийг бараг 2 сая
орчим хүн үзсэн гэсэн тооцоо бий.
Баруун Европт уг киног шүүмжлэгчид шагшин хүлээж
авсан. Олонх судлаачид киноны яруу найраглаг байдлыг магтаж, зарим нь киног
Барокко урлагтай адилтгаж байв. The Guardian сэтгүүл Maciek-ын үхлийг Luis
Bunuel-ын Los Olvidados киноны төгсгөлтэй харьцуулсан байдаг бол зарим
шүүмжлэгчид Wajda зураглалийг хэт хатуу бас хэтрүүлэгтэй гэж үзэж байлаа.
Гэхдээ сүм доторх уруу харсан Христийн хөшөө хийгээд Maciek-ын бааранд хундага
дотор гал асаадаг хэсгүүдийг кино урлагийн мартагдашгүй сцэний тоонд оруулдаг
билээ. Richard Pena-ын үхэхээсээ өмнө амжиж үзэх 1001 кино номондоо тэрээр уг
киноны төгсгөлийг кино урлагийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, байнга ишлэгддэг
төгсгөл гэж бичсэн байдаг. Martin Scorsese, Hayao Miyazaki, Francis Ford
Coppola болон Roy Andersson нар уг киноны фен бөгөөд алдарт Pink Floyd
хамтлагийн хуучин ахлагч Roger Waters уг кино нь залуу насанд нь асар их нөлөө
үзүүлсэнийг хүлээн зөвшөөрч, The Final Cut цомгийнх нь Suns in the Sunset дуунд
энэ кино нөлөөлсөнийг нуугаагүй байдаг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 226-р байрт жагсаасан байгаа бол Empire сэтгүүл
манай гаригийн хамгийн шилдэг 100 кино жагсаалтын 38-р байрт жагсаж байсан ба
2015 оны санал асуулгаар Польшийн хамгийн аугаа киноны 3-р байрт жагсаж байна.
Comments
Post a Comment