Уильям Шекспир "Макбет"

 




"Макбет". Уильям Шекспирийн эмгэнэлт жүжиг. 1606 онд анх тоглогдсон гэж үздэг бөгөөд 1623 онд Полио-д анх нийтлэгдэж, тэндээсээ ном болж гарсан гэж таамагладаг ба "Макбет" бол Шекспирийн хамгийн богинохон эмгэнэлт жүжгийн зохиол юм. Шекспирийн гол эх сурвалж нь Холиншедийн шастирууд байсан гэж үздэг ч жүжгийн үйл явдал түүхэн Макбеттай холбоотой үйл явдлаас ихээхэн ялгаатай ажээ. Театрт "Макбет"-г хараалтай холбон ярьж,  хүмүүс нэрийг нь хэлэхээс зайлсхийж зүгээр л "Шотландын жүжиг" гэж нэрлэдэг байлаа. Хэдий тийм ч үеийн үед хамгийн алдартай жүжигчид эл жүжгийн гол дүрүүдэд тоглосоор ирсэн бөгөөд 1660-аад оноос хойш тасралтгүй тайзнаа тавигдсаар буй классик жүжиг юм.
ҮНДСЭН САНАА. "Макбет"-ын үндсэн санаа бол амбиц ёс суртахууны хяналтгүй бол сүйрэлд хүргэдэг; энэ санаа нь жүжгийн хоёр гол дүрээс хүчтэй харагдана. Макбет бол төрөлхийн хорон муу санаагүй, зоригтой Шотландын жанжин боловч  мөн тэрээр алдар нэр, эрх мэдлийг туйлаас хүсэгч юм. Тэрээр Данканыг шүүх хэрэгтэй байсан ч алж орхидог агаад хийсэн гэм буруудаа зовж, улмаар паранойд автдаг. Жүжгийн төгсгөлд тэрээр нэгэн төрлийн сагсуурсан солиоролд автдаг. Харин Лэди Макбет зорилгодоо илүүтэй тууштай ханддаг боловч ёс суртахуунгүй үйлдлийнхээ хор уршгийг тэсвэрлэх чадваргүй байдаг. Шекспирийн хамгийн харгис эмэгтэй дүрүүдийн нэг тэрээр Данканыг ал хэмээн нөхрөө хайр найргүй шахаад аллагын дараа нөхрөө хүчтэй байхыг анхааруулдаг боловч эцэст нь өөрөө нөхрийнхөө ухамсарт нэвчсэн цуст аллагын байнгын дурдах нөлөөгөөр галзуурахад хүрдэг билээ. Аль ч тохиолдолд амбиц нь шуламуудын хорон муухай зөгнөлийг дэмжиж хосуудыг улам бүр аймшигт харгислал руу хөтөлдөг. Эрх мэдлийг авахын төлөө хүчирхийлэл ашиглахаар нэгэнт шийдсэн бол үүнийг зогсоох тун хэцүү байдгийг эл жүжигт харуулдаг ба Банко, Фленс, Макдафф зэрэг хааны сэнтийд санаархагчид үргэлж байх боломжтой тул тэднийг замаасаа зайлуулахын тулд хүчирхийлэл хэрэглэх хорхой хүргэм санаархал үргэлж байдаг. 

"Макбет"-ын дүрүүд жендерийн асуудалд байнга орж байдаг. Лэди Макбет нөхрийнхөө эр зоригтой эсэхийг байнга асууж энэ аргаараа нөхрөө удирдаж байдаг; мөн тэрээр өөрийгөө "хүйсгүй" байсан болоосой гэж хүсэхээс гадна эмэгтэй хүн зөвхөн хөвгүүд л төрүүлэх ёстой гэсэн Макбеттай санал зөрдөггүй. Лэди Макбет нөхрөө аллага үйлдэхэд түлхдэгтэй адил Макбет Банког алуулахаар хөлсөлсөн алуурчдаас эр зоригтой эсэхийг нь асууж шорддог. Энэ үйлдэл эхнэр нөхөр хоёрын эрэлхэг чанарыг түрэмгийлэлтэй адилтган үздэг болохыг харуулж байгаа агаад тэдний эр зоригийн талаарх яриа бүрийн араас хүчирхийлэл үйлдэгддэг. Эр зоригийн тухай тэдний ойлголт нь жүжигт дүрслэгдсэн улс төрийн дэг журам эмх замбараагүй байдалд орох боломжийг олгодог. Эмэгтэйчүүд бас хүчирхийлэл хийгээд хорон муу санааны эх үүсвэр болж байгааг үзэгчид анзаарахгүй байж чадахгүй. Шуламуудын зөгнөл Макбетийн амбицыг өдөөж, мөн дараа нь харгис зан авирыг нь урамшуулж байна; Лэди Макбет нь нөхрийнхөө төлөвлөгөөний ардах арга ухаан, хүсэл зоригийг нь өгдөг. Жүжигт эмэгтэй хүн эмх замбараагүй, муу муухай бүхний үндэс болж буйг зарим шүүмжлэгчид энэ бол Шекспирийн хамгийн эмэгтэй хүнийг үзэн ядсан шинжтэй жүжиг гэж маргахад хүргэжээ. Эрэгтэй дүрүүд нь эмэгтэйчүүд шигээ харгис, хорон мууд өртөмтгий байдаг ч эмэгтэй дүрүүдийн түрэмгийлэл илүү анхаарал татахуйц байдаг нь эмэгтэй хүн хэрхэн биеэ авч явах ёстой гэсэн хүлээлтийн эсрэг байдагтай холбоотой аж. Лэди Макбетийн зан авираас эмэгтэй хүн ч гэсэн эрчүүд шиг амбицтай, харгис хэрцгий байж болохыг харж болно. 

Лэди Макбет нийгмийнхээ хязгаарлагдмал байдлаас болсон уу, эсхүл алах хангалттай зориггүй байгаагаас тэр үү, тэрээр зорилгодоо хүрэхийн төлөө хүчирхийллээс илүүтэй заль мэх, хууран мэхлэлтэд найддаг. Жүжигт эрэлхэг байдлыг сайжруулан, хөнөөл багатайгаар тодорхойлон харуулна. Макдафф эхнэр, хүүхдийнхээ алуулсныг олж мэддэг хэсэгт Макдафф өшөөгөө авна гэхэд Малколм түүнийг тайтгаруулаад энэ мэдээг "эр хүний" маягаар хүлээж ав хэмээн зоригжуулдаг. Макдафф залуу өв залгамжлагчид эрэлхэг байдлын тухай буруу ойлголттой байгаагаа харуулж байна. Жүжгийн төгсгөлд Сивард хүүгийнхээ үхлийн тухай мэдээг хэнэггүй хүлээж авдаг. Малколм үүний хариуд "тэр таны илэрхийлж байгаагаас илүү уй гашуу хүртэх эрхтэй" гээд "би түүнд үүнийг нь зориулж зарцуулах болно" гэдэг. Малколмын тайлбараас тэрээр жинхэнэ эрэлхэг байдлын мөн чанарын ухаарлыг Макдаффийн өгсөн сургамжаас авсан болох нь харагдаж байна. Энэ нь мөн Малколм Хаан ширээнд сууснаар Шотландын вант улсад дэг журам сэргэхийг санал болгож байна. Жүжигт Данканыг үргэлж "Хаан" гэж нэрлэдэг бол Макбет удалгүй "дарангуйлагч" гэдгээрээ алдаршдаг. 3-р хэсгийн 4-р үзэгдэл дээр хоёр өөр төрлийн удирдагчдын хоорондох ялгаатай байдал Макдафф Малколм хоёрын Англид уулзаж ярилцах үеэр илэрхийлэн гардаг. Макдаффийн Шотландад үнэнч эсэхийг шалгахын тулд Макбетээс ч долоон дор Хаан болох болно гэж Малколм дүр эсгэдэг бөгөөд тэрээр Макдафф-д өөрийн шүүмжлэлтэй чанарууд болох хувийн эрх мэдлээр цангасан, харгис зан ааштай болохоо хэлдэг, эдгээр чанарууд нь Макбетийн  төгс тодорхойлолт юм. Нөгөө талаар Малколм "Хаан болж бол шударга, энэрэнгүй, өгөөмөр, тэвчээртэй, даруу байх" гэж хэлдэг. Иймээс үлгэр жишээ Хаан нь вант улсад дэг журам, шударга ёсны биелэл болохын сацуу тайван амьдрал, халамж энхрийллийг санал болгодог. 

Түүний удирдлага дор харъяатууд нь гавъяаныхаа төлөө шагнагддаг шиг түрэмгийлэгчдийн ялан дийлсний дараа Данкан Макбетийг Кавдорын ахлагч болгодог. Хамгийн чухал нь Хаан өөрийн хувийн сонирхлоос илүү Шотландад үнэнч байх ёстой; эсрэгээрээ Макбет нь Шотландад цаг агаарын таагүй байдал болон ер бусын үйл явдлуудын симбол болсон эмх замбараагүй байдлыг л авчирдаг бөгөөд жинхэнэ шударга ёсыг санал болгодоггүй, харин өөрийг нь заналхийлж байна гэж үзсэн хүмүүсийг устгах муу зантай болдог. Дарангуйллын биелэл болохынх нь хувьд түүнийг Малколм заавал ялан дийлэх ёстой бөгөөд ингэснээр Шотланд дахин жинхэнэ Хаантай болох боломжтой. Хэдий шуламууд түүнийг урамшуулж байгаа ч Макбетийн жинхэнэ сүйрэх шалтгаан нь өөрийнх нь амбиц болдог. Лэди Макбет нөхөр шигээ амбицтай агаад өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд нөхрөө аллага үйлдэхийг өдөөн хатгадаг. Тэд хоёулаа өөрсдийнх нь энэ амбиц ёс суртахууны хилийг даван гарч тэднийг сүйрэлд хүргэх болно гэдгийг олж харж чаддаггүй. Макбет Данканыг алсныхаа дараа Хаан болох амбиц нь түүний паранойтой холилдон хутгалдаж эхэлдэг. Тэрээр амбицынхаа үр өгөөжийг эдлэн жаргахаасаа илүүтэйгээр олж авсан эрх мэдлээ хадгалан үлдэх хүсэлдээ автдаг. Макбет эрх мэдлийн араас сохроор хөөцөлдөж байгаа нь Банко зэрэг жүжгийн бусад амбицтай дүрүүдтэй эсрэгцэж байна. Банко бас шуламуудын зөгнөлийг сонсдог ба хөвгүүдийнхээ адил амбицтай байдаг билээ. Гэхдээ Макбетээс ялгаатай нь Банкогийн ёс суртахуун түүнийг зорилгодоо хүрэхийн төлөө юу ч хамаагүй хийх хүсэлд нь саад болдог. Жүжгийн төгсгөлд Макбет хүссэн бүхэндээ хүрсэн байдаг боловч тэр юу ч үгүй үлдсэн байдаг агаад мөн эхнэр нь үгүй болж, ханхүү төрөх найдваргүй болсон байдаг; хяналтгүй амбиц нь өөрт нь юу авчирсныг сая нэг ухаарах буюу Макбет хайртай бүхнээ алджээ. Макбет хаан Данканаа алсан гэм буруутай, мөн найз Банкогоо алах тушаал өгсөн гэм буруутай, энэ нь түүнийг хий юм харахад хүргэж байна. Лэди Макбет мөн хий юм харах бөгөөд Данканы үхэлд оролцсон гэм буруугаасаа болж эцэст нь солиордог билээ. Эл хоёр дүр хоёулаа хийсэн үйлдлээсээ болж тарчлан зовж байгаа нь тэднийг хүйтэн цустай, бүр яадгаа алдсан хүмүүс биш болохыг харуулж байна. 

Хэдийгээр тэд аймшигтай гэмт хэргүүд үйлддэг ч буруу зүйл хийснээ мэдэж байдаг. Тэд гэм буругаасаа болж хүсч байсан эрх мэдлээ бүрэн дүүрэн эдэлж чаддаггүй. Макбетийн гэм буруу нь түүнийг анхны гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дахин аллага үйлдэхэд хүргэж байгаа бол Лэди Макбетийн гэм буруу нь түүнийг галзууруулж, эцэст нь амиа хорлоход хүргэж байна. Хүүхдээ алдаж байгаа нь жүжгийн нарийн түвэгтэй бөгөөд сонирхолтой сэдэв юм. Макбет, Банкогийн аль алиных нь хувьд хүүхэд нь гэр бүлийн удмын үргэлжлэл гэсэн санааг илэрхийлдэг. Макбет шуламуудын Банкогийн удам урт удаан хугацаанд Хаан ширээг залгамжлах болно гэсэн зөгнөлийг зогсооно гэж найдсандаа Банког алдаг. Гэсэн хэдий ч Фленс аллагдахаас зугтаж чаддаг, ингэснээр хэзээ нэгэн өдөр Хаан ширээнд залрах боломжийг өөртөө нээлттэй үлдээдэг. Макбет болон түүний эхнэр өв залгамжлагч үгүй, гэвч Лэди Макбет нэг удаа "би хөхөө хөхүүлж байсан, намайг хөхөж буй нялх үр минь хичнээн хайр татам гээч" гэж хэлдэг; энэ мөрнөөс түүнийг хүүхдээ алдсан байж болох таамгийг дэвшүүлж байна. Үүнтэй адилаар Макдафф Макбетийн алахыг тушаасан хүүхдүүдэд гашуудаж, энэ дурсамж нь тэднийг хөнөөсөн алуурчныг ялахад түлхэц болдог; харин жүжгийн төгсгөлд Сивард тулаанд алагдсан хүүдээ харамсдаг ч эрхэм зорилгын төлөө тулалдаж яваад амь үрэгдсэн цэргийг төрүүлсэндээ бахархдаг. 

МОТИФ. Төсөөлөл хийгээд хий юм харах нь жүжгийн туршид давтагддаг бөгөөд үхэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр Макбетуудын гэм бурууг сануулж өгнө. Данканыг алах гэж байхдаа Макбет агаарт хөвөх чинжаал олж хардаг. Цусаар хучигдаж, Хааны өргөө руу чиглэгдсэн чинжаал нь Макбетийн мордох гэж буй цуст замыг бэлгэддэг. Хожим тэр найрын ширээн дээр Банкогийн сүнс сууж байхыг хардаг ба түүний ухамсарт чимээгүйхэн чи найзыгаа алсан гэдгийг сануулсаар байдаг. Зоригтой юм шиг харагддаг Лэди Макбет ч гэсэн эцэст нь төсөөлж, зүүдэндээ явж, гарт нь наалдсан цусыг усаар яаж ч угаагаад арилахгүй нь гэдэгт итгэж эхэлдэг. Аль ч тохиолдолд төсөөлөн бодох нь бодит эсхүл цэвэр хий юм харсан эсэх нь хоёрдмол утгатай, гэхдээ аль ч тохиодолд мастеруудын  эдгээрийг өөрсдийнхөө гэм буруугийн ер бусын дохио болгож хардаг. "Макбет" бол хүчирхйллээрээ алдартай жүжиг юм. Сонирхолтой нь, ихэнх аллага тайзан дээр болдоггүй, харин жүжгийн туршид дүрүүд нь үзэгчиддээ аллагын тухай тодорхой дүрслэлийг өгдөг буюу Макбет, Банко нарын байлдааны талбар дахь цуст тулааныг дүрслэн ахмадын ярианаас эхлээд Лэди Макбетийн цусанд будагдсан гар хүртэл эцэс төгсгөлгүй ийм ишлэлүүдээр дүрслэгдэнэ. Голлох үйл явдлыг хоёр цуст тулаанаар тэмдэглэсэн болно; эхнийх нь Макбет түрэмгийлэгчдийн ялсан; хоёрдахад нь, түүнийг Макдафф ялж, амийг нь авдаг. Дээрх үйл явдлын дунд хэд хэдэн цуврал аллага болдог; Данкан, Банко, Лэди Макдафф болоод Макдаффийн хүү бүгд цус урсгаж төгсдөг. 

Үйл явдлын төгсгөл ирэхэд цус хаа сайгүй байгаа мэт санагдана. Зөгнөл нь Макбетийн төлөвлөгөөг амилуулдаг, өөрөөр хэлбэл шуламууд Макбетийг эхлээд  Кавдорын ахлагч болоод дараа нь Хаан болно гэж зөгнөдөг. Жигтэй эгч дүү өөр хэд хэдэн зүйлс зөгнөдөг; тэд Банкогийн өв залгамжлагчид Хаан ширээнд сууна гэдэг, бас Макбетийг Макдаффаас болгоомжил гээд Бирнам Вуд Дунсинаненд ирэх хүртэл Макбет аюулгүй бөгөөд мөн эмэгтэй хүнээс төрсөн ямар ч эр хүн Макбетэд хор хүргэж чадахгүй гэж хэлдэг. Банкогийн өв залгамжлагчийн талаарх зөгнөлөөс бусад эдгээр бүх таамаг жүжгийн турш биеллээ олно. Гэсэн хэдий ч эдгээрийн заримыг сайн дураараа хийж байгаа учир санаатайгаар хоёрдмол утгатай болгож байна; жишээлбэл, Макбетийн хүсэл нь түүнийг Хаан болгох уу, эсхүл Хаан болох хувь тавилантай юу. Бирнам Вуд ба "эмэгтэй хүнээс төрсөн" зөгнөлүүд нь тодохой байгаа ч зөгнөлүүд нь үргэлж утга санааг чухалчилдаггүй, харин таамаг гэж тайлбарлах ёстой ажээ. 

СИМБОЛ. Жүжигт цус хаа сайгүй байдаг. Шотланчууд болон Норвегийн түрэмгийлэгчид хоорондох тулалдаанаас эхлээд 1-р үзэгдлийн 2-р хэсгийг шархдсан ахмад аймшигтайгаар дүрсэлсэн байдаг. Макбетууд аллагын аян замдаа гарсны дараа цус тэдний гэм буруугийн симбол болж, тэд хийсэн гэмт хэргээ яаж ч угаагаад арилашгүй болохыг мэдэрч эхэлдэг. Макбет Данканыг алчихсаныхаа дараа уйлахад эхнэр нь түүнийг загнадаг бөгөөд жаахан ус байхад л наадахыг чинь арилгачихна гэж хэлдэг. Гэсэн хэдий ч дараа нь Лэди Макбет аймшигт мэдрэмжийг нь хуваалцаж эхэлдэг. Цус нь Макбетуудыг булшиндаа орох хүртэл нь оюун ухаанд мөнхөд суусан толбо шиг гэм буруугийн симбол болно. Шекспирийн бусад эмгэнэлт жүжгүүдийн нэгэн адилаар Макбетийн хачин янзын аллага нь байгалийн бус хэд хэдэн үзэгдлүүдийг дагуулдаг. Шуламууд аянга, цахилгаантай хамт гарч ирэхээс эхлээд Данкан алагдсан шөнө дэгдсэн аймшигт шуурга хүртэл байгалийн зүй тогтлыг зөрчсөн эдгээр байдал нь ёс суртахуун болоод улс төрийн ялзарлын тусгал болно.

Comments