"Гамлет". Уильям Шекспирийн 1599-1601 оны хооронд бичигдсэн эмгэнэлт жүжгийн зохиол. Энэ жүжиг нь 29,551 үгтэйгээрээ Шекспирийн хамгийн урт жүжиг гэгддэг бөгөөд "Гамлет" нь манай гаригийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий уран зохиолын бүтээлийн нэг гэгддэг буюу эцэс төгсгөлгүй дахин дахин тоглогдож, урлагийн аль ч төрөлд хувирч чадвартай зохиол хэмээгддэг ажээ. Энэхүү бүтээл нь Шекспирийн амьд ахуйдаа бичсэн хамгийн алдартай туурвилынх нь нэг байсан ба одоо хүртэл түүний хамгийн олон удаа тоглогдсон жүжгийн тоонд дээгүүр байрт бичигддэг. Эл бүтээл Гете, Ч. Диккенс, Ж. Жойс нарын олон зохиолчдод урам зориг өгсөн байдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн олон удаа кино болсон "Үнсгэлжин"-ын дараа хоёрт орох зохиол ажээ.
ҮНДСЭН САНАА.
"Гамлет"-г бусад өшөө авалттай жүжгээс ялгаж байгаа (мөн магадгүй
өмнө нь бичигдсэн бүх жүжгээс) зүйл бол бидний үзэхийг хүлээж байгаа, нэн
ялангуяа Гамлетын өөрөө үргэлжлүүлэн хойшлуулсаар байдаг үйл явдал агаад Гамлет
хийж буй зүйлийнхээ талаар илүү тодорхой мэдлэг олж авахыг хичээдэг. Бусад жүжигт
энгийнээр хүлээж авах олон зүйлсийг энэ жүжигт асуудал болгон тавьдаг. Бид хий
үзэгдлийн талаар тодорхой мэдлэгтэй байж чадах уу? Хий үзэгдэл яг харагдаж
байна уу, эсхүл үнэхээр эндүүрч харсан төөрөгдөл үү? Хий үзэгдэл өөрийн үхлийн
талаар найдвартай мэдлэгтэй юу, эсхүл сүнс өөрөө төөрөгдөл үү? Бодитой илүү
чухал асуудал руу шилжихэд; гэрчгүй гэмт хэргийн баримтын талаар бид хэрхэн
тодорхой мэдэж чадах вэ? Гамлет Клавдийгийн зан авирыг ажигласнаар сэтгэлийн
төлөвийг нь мэдэж чадах уу? Хэрэв тийм бол, тэр сэтгэлийнхээ ажиглалтаар
Клавдийг юу хийснийг мэдэж чадах уу? Клавдий (эсхүл үзэгчид) Гамлетын зан
авирыг ажиглаж, мөн ярихыг нь сонсоод түүний бодлыг мэдэж чадах уу? Бидний
үйлдлүүд бидний хүсч буй үр дагаварт хүрч чадах эсэхийг бид мэдэж чадах уу? Бид
хойд насны талаар ямар нэгэн зүйл мэдэж чадах уу?. Олон хүн Гамлет нь жүжиг
шигээ шийдэмгий бус, зүй зохистой үйлдэхгүй байгаагаас бүтэлгүйтдэг гэж үздэг.
Жүжгийг бидний амьдрал хичнээн олон тодорхойгүй байдлаас бий болдогийг, хүмүүс бие биенийхээ үйлдлийг хичнээн далдуур
байдлаар шүүдэг нь энгийн зүйл гэдгийг харуулсан гэдэг утгаар хүлээж авбал
сонирхолтой юм.
Үйл хөдлөлийн сэдэв нь шууд утгаараа тодорхой байдлын сэдэвтэй
холбогдоно. Хэрхэн үндэслэлтэй, тодорхой зорилготой бөгөөд үр дүнтэй үйлдэл
хийх боломжтой вэ? Жүжигт, хэрхэн гадны нөлөөгүйгээр зөвхөн рационалаар үйлдэх
вэ гэдэг асуулт нь тодорхой байдлыг шаарддаг боловч мөн сэтгэл хөдлөл, ёс зүй,
сэтгэлзүйн хүчин зүйлүүдээс хамаарна. Гамлет өөрөө хяналттай, зорилготой замаар
үйлдэх боломжтой гэсэн санаанд үл итгэж байна. Тэрээр үйлдлээ сохроор,
бодлогогүй, хүчихийлэлтэйгээр хийхийг илүүд үздэг. Бусад дүрүүд абстракт
"үйлдлийн" талаар Гамлетаас бага боддог нь илэрхий тул үр дүнтэй
үйлдэх боломжийн талаар тэгтлээ санаа зовдоггүй. Тэд зүгээр л өөрсдийнхөө зүй
зохистой гэж үзсэнээрээ үйлддэг. Гэвч зарим талаараа Гамлетын зөв гэдэг нь
батлагддаг, учир нь тэдний бүх үйлдэл бүтэлгүйтдэг. Клавдий зоригтой үйлдлээрээ
титэм болоод хатныг эзэмшдэг хэдий ч түүний ёс суртахуун өөрийг нь тамлаж, эрх
мэдлийнх нь байр суурь эргээд дайснуудаараа хүрээлүүлэгдэхэд хүргэнэ (мэдээж
тэр үхнэ). Лаерт өшөөгөө авахад өөрт нь юу ч саад болохгүй гэж шийдсэн болов ч
тэрээр амархан нөлөөнд нь автагдаж, төгсгөлд нь Клавдийд үйлчилдэг бөгөөд
хордуулсан жадаа буцааж авдаг. Аавынхаа үхлийн дараа Гамлет үхлийн тухай бодолд
автдаг агаад жүжгийн туршид үхлийг маш олон талаас нь авч үздэг. Тэрээр биежсэн
хий үзэгдэл, үхлийн дараах оюун санаа хийгээд оршуулгын газарт ялзарч буй
цогцосууд, нас барагсдын бие махбодийн үлдэгдлүүдийн тухай тунгаан боддог.
Үхлийн санаа нь бүхэлдээ оюун санаа, үнэн ба тодорхой байдлын сэдэвтэй нягт
уялдаатай бөгөөд Гамлетын хамгийн гүн гүнзгий асуултад хариулт өгч, хоёрдмол
утгатай ертөнцийн үнэнийг тодорхойлох гэсэн оролдлогоор асуудлыг нэг мөр
болгоно.
Үхэл нь өшөө авалтын шалтгаан, үр дагавар хоёулаа болдог тул өшөө
авалт, шударга ёсны сэдэвтэй нягт уялддаг ба Клавдийгийн Гамлет Хааныг алсан
хэрэг Гамлетын өшөө авалтын эрлийг эхлүүлсэн бөгөөд Клавдийгийн үхэл энэ эрлийн
төгсгөл юм. Тэвчихийн аргагүй
зовлонтой ертөнцөд амиа хорлох нь ёс суртахууны хувьд хууль ёсны үйлдэл мөн
эсэхийг удаа дараа эрэгцүүлэн бодож байгаа нь Гамлет үхлийнхээ талаарх
өөрийнхөө асуултад зовж буйг илтгэнэ. Гамлет уй гашуу, зовлон шаналалаа үхлээр
дуусгахыг байнга хүсдэг боловч тэрээр амиа хорлохоос айдаг буюу учир нь
христийн шашинд амиа хорловол мөнхийн тамд унана гэж хориглодог. Гамлет алдарт
"Байх уу, эсвэл байхгүй юу" гэдэг үгээрээ хэрэв үхсэний дараа юу
болохоос айдаггүй байсан бол хэн ч зовлонг тэвчиж амьдрахыг хүсэхгүй гэсэн философийн
дүгнэлт хийдэг бөгөөд энэ айдас нь үйл хөдлөлийн чадавхид саад болдог ёс
суртахууны нарийн эрэгцүүлэлд хүргэдэг. Хааны гэр бүлийн сайн сайхан байдлаас
төрийн чадамж зэрэг жүжигт бүх зүйл холбогдсон байдаг. Жүжгийн эхэн үеийн
үзэгдлүүдэд эрх мэдлийг нэг удирдагчаас нөгөөд шилжүүлэхтэй холбоотой түгшүүр,
айдсын мэдрэмжийг судалж үздэг. Жүжгийн туршид дүрүүд нь удирдагчийн ёс
суртахууны хууль ёсны байдал болон үндэстний чадамж хоёрын хооронд тодорхой
холбоо үүсгэдэг.
Дани улсыг Клавдий, Гертруд нарын ёс суртахууны доройтолд
автсан бие махбодиор зүйрлэн олонтаа дүрслэдэг ба олон ажиглагчид хий үзэгдлийн
үзэгдлийг ер бусын шинж тэмдэг гэж үздэг ажээ. Нас барсан Хаан Гамлетын
удирдлага дор төр улс нь хүчирхэг, эрүүл, шударга байснаар дүрслэгддэг бол хорон муу санаатай
улс төрч Клавдий нь зөвхөн өөрийн дур сонирхолын хангахын тулд Дани улсыг бууж
өгүүлэн завхруулж байна. Жүжгийн төгсгөлд шударга Фортинбрасын эрх мэдэл өсөж
байгаа нь Дани улс дахин хүчирхэгжинэ гэсэн үг юм. Жүжгийн гол асуултуудын нэг
бол гол дүр галзуурсан уу, эсхүл зүгээр л галзуу юм шиг жүжиглэж байгаа юу
гэсэн асуулт юм. Гамлетын тогтворгүй авир, утгагүй яриаг бусад дүрүүдэд
өөрийгөө галзуу гэж итгүүлэх арга заль гэж тайлбарладаг. Нөгөөтэйгүүр, түүний
зан авир нь өөрт нь тулгараад буй "галзуу" нөхцөл байдалд үзүүлж буй
логиктой хариу үйлдэж байж болох агаад түүний эцгийн авга ах нь хөнөөсөн бөгөөд
одоо хойд эцэг нь болжээ. Эхэндээ Гамлет өөрийгөө эрүүл саруул гэдэгт итгэж
байгаа мэт байдаг, "маягласан авир гаргана" гэсэн төлөвлөгөөгөө тайлбарлаж,
Розенкранц, Гилденштерн нарт "баруун хойноос" салхилахад л зөвхөн
галзуурдаг гэж хэлдэг; энэ үгээр бол түүний галзуурал нь хүслээр нь асаж,
унтарч байдаг зүйл ажээ. Жүжгийн төгсгөлд Гамлет өөрийгөө эрүүл гэдэгт эргэлзэж
байгаа мэт байдаг.
Гамлетын галзуурал нь түүнийг аллагын хэргээс ангижруулах
шалтаг болж байгаа тул үүнийг эрүүл ухаантай, зальтай оюун ухааны үйл ажиллагаа
гэж үзэж болно. Жүжигт, гол дүрийн эргэлзээ нь тун бага зүйлийг мэддэг
ертөнцийг бий болгодог. Гамлет бодож байгаа ч авга ах нь эцгийг нь хөнөөсөн
гэдэгт бүрэн итгэлтэй байж чаддаггүй.
Тэр эцгийнхээ сүнсийг харлаа гэж итгэдэг, гэхдээ тэр сүнсэнд итгэх эсхүл
сүнсний түүнд хэлснийг сонсох нь тодорхой бус байна. Гамлет өөрийн "Байх
эс байх" үгээрээ өөрийгөө алах ёстой эсэхэд эргэлзэж байгаа боловч булшны
цаана юу оршиж байгаа нь түүний үйлдэлд саад болж байна. Гамлет эргэлзсэндээ
тун их бухимдаж, Офелияд хайртай гэдгээ хэлэхдээ "чи надад итгэх байх
ёстой" гэж хэллдэг, үүгээрээ өөрийнхөө эргэлзээг бусад дүрүүдэд халдаахыг
оролдож байна. Үүний үр дүнд үзэгчид Гамлетын гол дүрийн бат бөх чанартай
эсэхэд эргэлзэж байна. Бид үйлдлийн талаар олон эргэлзээтэй үлдэж байна;
Гертруд нь Гамлетын эцэг алагдахаас өмнө Клавдийтай янаг амрагийн харилцаатай
байсан эсэх; Гамлетын ухаан эрүүл үү, галзуурсан уу эсэх; Гамлет Офелияг сэтгэлдээ чухам юу гэж боддог
вэ?.
МОТИФ. Цус ойртох сэдэв нь жүжгийн туршид үргэлжилдэг бөгөөд Гамлет энэ
талаар байнга тойруу замаар ярьж, Гертруд болон Клавдий нарын ихэнх яриа энэ
талаар байдаг. Лаерт, Офелия нарын харилцаанаас цус ойртох хүслийн сэдвийг
нарийн харж болох агаад Лаерт заримдаа эгчтэйгээ сексийн илэрхийлэмжтэй
байдлаар ярьдаг. Гамлет Гертруд хоёрын харилцаанд цус ойртолтын хүсэл тачаалын
өнгө аяс бий болж ирдэг ба Гертрудыг Клавдийтай бэлгийн харилцаатай байсан
явдал Гамлетын сэтгэлийг зовоож, ерөнхийдөө Гертрудын талаар болохгүй байж
чаддаггүй. Нөхрөө нас барангуут Клавдийтай гэрлэхээр шийдвэрлэсэн ээжийнхээ
шийдвэрт Гамлет эмзэглэж, үүнээс улбаалж ерөнхийдөө эмэгтэйчүүдэд дургүй болж
эхлэдэг бөгөөд эмэгтэй хүний бэлгийн амьдрал, ёс суртахууны завхрал хоёр
хоорондоо холбоотой гэж тэрээр үзэх болсныг тодорхой харуулна. Энэхүү мисогини
буюу эмэгтэй хүнийг үзэн ядсан сэдэв нь жүжгийн турш үе үе тохиолддог боловч Гамлетын
Гертруд болон Офелия хоёрын харилцааг үймүүлэх чухал хүчин зүйл болдог.
Тэрээр
Офелиягийн бэлгийн амьдралын завхралыг мэдэхээсээ илүүтэй гэлэнмаа бол хэмээн
ятгадаг бол Гертрудад хандан "зуурдын байдал, чамайг эмэгтэй хүн
гэдэг" гэж хэлдэг. Гамлетыг жинхэнэ мэдлэг олж авахад тулгарч буй
бэрхшээлийн нэг бол хэлний тодорхойгүй байдал юм. Үгс нь санааг дамжуулахад
хэрэглэгддэгээс гадна мөн үнэнийг гажуудуулахад, бусдыг удирдахад болоод эрх
мэдлийн төлөө муу муухай зүйлсийг ашиглахад хэрэглэж болно. Зальтай улс төрч
Клавдий бол өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө үг хэлээрээ бусдыг
удирдаж чаддаг хамгийн тод жишээ билээ. Клавдийгийн Хааны чихэнд хийсэн хороор
дамжуулан хий үзэгдэл хүртэл Клавдийгийн шударга бус байдал нь Дани улсад
хортой нөлөө үзүүлж буйг бэлгэджээ.
СИМБОЛ. Жүжигт, биет обьектууд нь
сэдэвчилсэн санааг илэрхийлэхэд ховор ашиглагддаг. Нэгдүгээр хэсгийн 4 үзэгдэл
дээр Гамлет оршуулгын газраас Ёрикийн гавлын ясыг олдогийг эс тооцвол өөр
обьектод чиглэсэн чухал хэсэг байхгүй. Гамлет гавлын ясанд, мөн Хааны хуучин
салбадайн гавлын ясанд хандаж ярьж байгаа нь түүний бие махбодийн ялзрал,
үхлийн зайлшгүй байдалд гүн гүнзгий автсаныг харуулна. Тэрээр гавлыг нүүрээр нь
өөр рүүгээ харуулаад ярьж байгаа нь үхлийн биет үр дагаварт хэр зэрэг шохоорхон
буйг илтгэнэ. Энэхүү сүүлийн санаа нь жүжгийн туршид чухал сэдэв болдог бөгөөд
Гамлет хэлэхдээ Полониус өтөнд идэгдэж, Хаан хүртэл өтний хоол болж, Их Александрын ялзарсан бие тоос болоод тэр
нь магадгүй пивоны торхны нүхийг бөглөхөд ашиглагдаж болно хэмээн хүн бүрийн
бие махбодь эцэстээ ялзарч үгүй болохоор талаар тайлбар хийдэг.
Comments
Post a Comment