Нарны арслан буюу Рабиндранат Таагүр

 


 Рабиндранат Таагүр бол Бенгалийн яруу найрагч, философич, зохиолч, хөгжмийн зохиолч, зураач, мөн нийгмийг шинэчлэгч юм. "Бенгалийн туульч" гэгддэг тэрээр Бенгалийн уран зохиол, хөгжим хийгээд Энэтхэгийн урлагийг 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үед контекст модернизмаар шинэчлэн тогтоосон. Түүний хамгийн аугаа бүтээлийн нэг болох "Гитанжали"-г судлаач, шүүмжлэгчид гүн гүнзгий мэдрэмжтэй, шинэлэг бөгөөд үзэсгэлэнтэй яруу найргийн бүтээл гэж дүгнэдэг.
 Таагүр 1913 онд Европын бус анхны төдийгүй Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн анхны хөгжмийн яруу найрагч болжээ. Таагүрийн яруу найраглаг дуунуудыг сүнслэг, амьтай гэж үздэг ба тэгсэн хэдий ч түүний тансаг үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэр, ид шидийн гэмээр яруу найраг Бенгалиас гаднах ертөнцөд бага танигдсан хэвээр байгаа гэж үздэг. 8 настайгаасаа яруу найраг бичиж эхэлсэн тэрээр 16 настайдаа томоохон яруу найргийн бүтээлээ "Нарны Арслан" гэсэн нууц нэрээр гаргасан бөгөөд энэ бүтээл нь тухайн үеийн уран зохиолын томчууд нь тоохоо болиод байсан классик хэлбэрээр бичжээ. 1877 он гэхэд Таагүр өөрийнхөө нэрээр анхны богино өгүүллэг, жүжгийн зохиолуудаа нийтлүүлсэн. Тэрээр хуманист, универсалист, интернационалист байсан бөгөөд хэт үндсэрхэг үзлийг буруушаагч байв. Мөн түүнчлэн Их Британий колончлолыг хатуу эсрэгүүцэгч, Энэтхэгийн тусгаар тогтнолыг талархан дэмжигч байсан агаад Энэтхэгийн болоод Бангладешийн төрийн дууллыг зохиосон (мөн Шри Ланк улс төрийн дууллаа түүний уран бүтээлээс санаа авсан) буюу хоёр улсын төрийн дууллыг зохиосон цор ганц яруу найрагч юм. Бенгалийн сэргэн мандалтын үеийн төлөөлөгчийн хувьд тэрээр олон тооны зураг, 200 гаруй дуу, хэдэн хуудас бичвэр бүхий өргөн хэмжээний урлагийн цогц өвийг үлдээсэн ба мөн Visva - Bharati гэх их сургуулийг үндэслэжээ. Таагүр Бенгалийн урлагийн нугарашгүй сонгодог хэлбэрийг бий болгож, хэл шинжлэлийн ягширмал байдлыг эсэргүүцэн орчин үеийн болгожээ. Түүний роман, өгүүллэг, бүжгэн жүжиг, эссэнүүд улс төрийн хийгээд хувийн шинжтэй байдаг агаад энгийн ярианы байхын сацуу давхар уянгалаг байгаад натурализм, ер бусын бодролын шинжтэй байдаг. 

ХҮҮХЭД НАС БА АМЬДРАЛЫН ЭХЭН ҮЕ. Рабиндранат Таагүр нь 1861 оны 5-р сарын 7нд Калькутта хотод Дебендранат Таагүр, Сарада Деви нарын гэр бүлд төржээ. Тэрээр 13 хүүхэдтэй айлын хамгийн бага нь байв. Түүний аав Хинду шашны их философич байсан бөгөөд "Брахмо Самаж" гэдэг шашны хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг байжээ. "Раби" хочтой Таагүрийг бага залуухан байхад ээж нь нас барсан агаад аав нь ихэнхдээ эзгүй байдаг байсан тул түүнийг гэрийнхэн нь өсгөжээ. Таагүрийнхэн урлагт дуртай хүмүүс байв. Энэ гэр бол Бенгалийн соёл, уран зохиолын ертөнцөд ихээхэн нөлөө үзүүлснээр Бенгал даяар алдартай байлаа. Сэхээтэн айлд төрсөн тэрээр багаасаа л театр, хөгжим, уран зохиолын (ардын болон өрнөдийн) ертөнцтэй танилцжээ. Таагүр 11 настайдаа аавыгаа даган Энэтхэг даяар аялан явжээ. 
Тэрээр аялалаар явж байхдаа алдартай зохиолчдын бүтээлийг уншиж байсан бөгөөд үүнд алдартай сонгодог санскарит яруу найрагч Калидасийн бүтээлүүдийг уншиж явжээ. 1877 онд гэртээ буцаж ирээд Майтхили маягийн урт яруу найраг бичсэн. 1878 онд тэрээр Английн Брайтон хотод хуулийн чиглэлээр сурахаар явжээ. Заримдаа Лондоны их сургуулийн коллежид сурч байсан Таагүр дараа нь Шекспирийн бүтээлийг судалж эхэлжээ. 1880 онд тэрээр Бенгалдаа эрдмийн зэрэггүй буцаж ирэв. Ингээд өөрөө бичиж эхэлсэн буюу Бенгал болоод Европын уламжлалт элементүүдийг нэгтгэхийг эрмэлзсэн байна. 1882 онд тэрээр хамгийн өндрөөр үнэлэгдсэн бүтээлийнхээ нэг болох "Ниржарер Свапнабханга" яруу найргаа бичжээ. Түүний хадам эгч нарын нэг Кадамбари бол Таагүрийн хамгийн дотно, итгэдэг хүн нь байлаа. Кадамбари 1884 онд амиа хорлов. Энэ явдал түүнд хүндээр туссан ба хичээлээ таслах болж, ихэнх цагаа Ганга мөрөнд сэлж, тэр хавиар хэсүүчилж өнгөрөөх болжээ. 

АЛДАР НЭР БА ОЛОН УЛСАД ТАНИГДСАН НЬ. 1890 онд тэрээр Шелайдаха дахь өвөг дээдсийнхээ эдлэн газарт байхдаа "Манаси" гэх яруу найргийн түүврээ гаргав. 1891-1855 оны хооронд шаргуу ажилласны үр дүнд "Галпагуччха" нэртэй 3 боть богино өгүүллэгийн түүврийг гаргасан. Таагүр 1901 онд Шантиникетан руу нүүж, тэндээ 1901, 1906 онуудад тус тус хэвлэгдсэн "Наиведя", "Хеа" зэрэг бүтээлүүдээ зохиожээ. Үүний дараа өөрийн хэд хэдэн бүтээлийг хэвлүүлсэн Таагүр Бенгалийн уншигчдын дунд асар алдартай болов. 1912 онд тэрээр орчуулсан өөрийнхөө бүтээлүүдийг аваад Англи руу явсан бөгөөд Англид очоод өөрийнхөө зарим бүтээлийг тухайн үеийн алдартай зохиолчид болох У. Б. Ийтс, Эзра Паунд, Эрнест Рис болон Т. С. Мур нарт танилцуулжээ. "Гитанжали" бүтээл нь хэвлэгдсэний дараа Англи хэлээр ярьдаг улс орнуудад түүний нэр хүнд үлэмж өссөн ба 1913 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн нь үүнийг батална. 1915 онд түүнд Их Британи рицарын цол хэргэм олгосон боловч 1919 онд Энэтхэгт болсон аймшигт аллагын дараа Таагүр уг цолоос татгалзсан байдаг. 1916 оны 5-р сараас 1917 оны 4-р сар хүртэл Таагүр Япон болон нэгдсэн улсад байж Национализмын талаар лекцүүд уншжээ. 1920-1930-аад оны хооронд Таагүр дэлхийгээр аялсан; Латин Америк, Европ, Зүүн өмнөд Азиар аялж явах хугацаандаа шүтэн бишрэгчид нь, дагагчид нь зуу зуугаараа нэмэгдсээр байлаа. 

БҮТЭЭЛИЙН СЭДЭВ ХИЙГЭЭД ҮНДСЭН ТУУРВИЛУУД. Таагүр яруу найрагч гэдгээрээ илүүтэй алдартай боловч уран зураг, хөгжмийн зохиолч, богино өгүүллэг болоод романуудаараа бас алдартай билээ. Түүний яруу найраг, богино өгүүллэг болоод дуунуудад нийгмийн, шашны нийтлэг үзэл, зарчмыг буруушаадаг бөгөөд хүүхдийн гэрлэлтийг шүүмжилдэгийн адилаар патриарх нийгмийг шүүмжилдэг. Таагүрийн бүтээлийг уншиж байхад олонтаа таарах сэдэв бол байгаль байдаг; тэрээр бага балчираасаа л ихэнх цагаа байгальд өнгөрүүлдэг байсан нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гэдэг. байгаль болоод ганцаараа байх нь түүнд эрх чөлөөтэй байхын мэдрэмжийг төрүүлж, тухайн үеийнхээ нийгмийн зан заншлаас хөндий байх боломжийг олгожээ.
 Тэгсэн ч гэсэн тэрээр амьдралын хатуу ширүүн бодит байдлаас өөрийгөө хэзээ ч холдуулж байгаагүй ба өөрийг нь тойрсон шашинд автсан, зан заншлын уламжлалд даруулсан нийгмийнхээ байдлыг сайтар ажигладаг байсан агаад түүний бүтээлийн гол сэдэв нь нийгмийн догмаг шүүмжлэхэд чиглэж байв. Түүний уламжлалт Бенгал аялгуугаар бичсэн, 157 шүлгээс бүрдэх "Гитанжали" яруу найргийн түүврийг яруу найргийнх нь хамгийн оргил ажил гэж үздэг. Эдгээр яруу найраг нь хүмүүний байгальтай холбогдох сэтгэл, урам зоригоос үндэслэн сэдэвлэгджээ. Таагүр ойролцоогоор 2,230 дуу зохиосон гэж үздэг. Түүний хамгийн алдартай богино өгүүллэгийн түүвэр "Галпагуччха" нь 80 "үлгэрээс" бүрдэх бөгөөд энд голдуу Бенгалийн хөдөө нутгийн амьдралыг дүрсэлдэг. Богино өгүүллэгүүдийн ерөнхий сэдэв нь ядуурал, бичиг үсэггүй байх, эмэгтэйчүүдийн асуудалд хандах ба эдгээр сэдвүүд нь өнөөдөр ч асар их хүчинтэй байна. 

ХУВИЙН АМЬДРАЛ БА СОНИРХОЛТОЙ БАРИМТ. Таагүр 1883 онд Мриналини Деви гэгчтэй гэрлээж, 5 хүүхдийн эцэг болжээ. Гашуудалтай нь түүний эхнэр 1902 онд нас барсан. Зовлон гашуудал ингээд дууссангүй 1903, 1907 онуудад түүний хоёр ч охин дараалан нас баржээ. Энэтхэгээс төрөн гарсан хамгийн аугаа бичгийн хүн Таагүр 1941 оны 8-р сарын 7нд нас барсан ба тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бие махбодийн хувьд маш сул дорой байсан гэдэг. Таагүр дэлхийн өнцөг булан дахь зохиолчдод нөлөөлсөн бөгөөд түүний бүтээлийг Англи, Герман, Испани зэрэг бараг бүх уран зохиолын ертөнцөд орчуулсан. Таагүр нь Гандигийн шүтэн бишрэгч байсан ба Гандид "Махатма" өргөмжлөлийг өгсөн хүмүүсийн нэг юм. Таагүрийн бүтээлүүд домогт кино урлаач С. Рэйгийн олон кинонд тусгалаа олсон байдаг билээ. Таагүр харьцангуй хөгшиндөө буюу 60 настайдаа зурж эхэлсэн байдаг бөгөөд Европт хэд хэдэн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулжээ. Тэрээр жинхэнэ аялагч хүн байсан агаад 5 тивийн 30 гаруй улс орноор аялсан ажээ. 

НӨЛӨӨ БА ӨВ. Жил болгон Таагүрийн төрсөн өдрийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж олон арга хэмжээнүүд зохиодог. Бенгалийн урлаг соёлд түүний үлдээсэн өв асар их буюу хэлнээс улс төр, урлаг хүртэл өргөн далайцыг хамардаг. Энэтхэгийн философич Амартя Сэн Таагүрийн талаар "тэр бол олон талт, маш чухал орчин цагийн аугаа философич" хэмээгээд цааш нь "Энэтхэгээс төрж гарсан хамгийн аугаа яруу найрагч" гэж бичжээ. Европ, хойд америк, зүүн Азид тэрээр маш алдартай байсан бол Японд, Нобелийн шагналт Ясунари Кавабата зэрэг зохиолчдод үлэмж нөлөөлсөн байдаг ажээ. Харин Вьетнам улсын радикал зохиолч Нгуен Ан Нинийд томоохон нөлөө үзүүлсэн байна. Таагүрийн бүтээлүүдийг Англи, Герман  Испани зэрэг Европын улс оронд орчуулсан байдаг бөгөөд Туркийн ерөнхий сайд Бюлэнт Эчевит хийгээд Оросын яруу найрагч Анна Ахматова нар түүний бүтээлүүдийг мөн орчуулж байжээ. 1920-оод оны орчимд Таагүрийн бүтээлүүд Платон, Гёте, Данте, Толстой, Сервантес нарын бүтээлүүдийн хамтаар үнэгүй хэвлэгдэж байжээ. Амартя Сэн: "Таагүрийн яруу найргийг Бенгалаар нь уншдаг хүнд ямар ч орчуулга хангалттай санагдахгүй. Түүний үргэлжилсэн үгийн бүтээлийн орчуулга хүртэл тодорхой хэмжээгээр утгаа алдаж хохирдог" хэмээжээ. Таагүрийн 8 музей байдгаас 3 Энэтхэгт, 5 нь Бангладешид байдаг ажээ. Тэрээр 1941 оны 8-р сарын 7нд 80 настайдаа нас баржээ.

Comments