Эрнест Хемингуэй "Өвгөн Тэнгис хоёр"

 

 




"Өвгөн Тэнгис хоёр". Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэйн 1951 онд Кубад байхдаа бичсэн богино хэмжээний роман (тууж). Эл бүтээл Хемингуэйн амьд ахуйд хэвлэгдсэн сүүлчийн томоохон уран зохиолын ажил байснаас гадна түүний хамгийн алдартай бүтээлийн нэг юм. "Өвгөн Тэнгис хоёр" нь 1953 онд уран зохиолын төрөлд Пулитцерийн шагнал хүртсэн бол 1954 онд Нобелийн уран зохиолын төрөлд шагнагдсан ба шагналаа авахдаа тэрээр үүнийг Кубын ард түмэнд зориулж байна гэж хэлж байжээ.

 СУУРЬ ДЭВСГЭР БА УРАН ЗОХИОЛЫН ШҮҮМЖ. Уг номыг Чарли Скрибнер болон Хемингуйэн уран зохиолын редактор Макс Перкинс нарт зориулсан бөгөөд "Өвгөн Тэнгис хоёр" ном болж хэвлэгдэхийн хажуугаар Life сэтгүүлд бараг нэгэн зэрэг нийтлэгдэн гарч байжээ. Туужийн анхны хэвлэлт 50 мянган хувь зарагдсан бол Life сэтгүүл 2 өдрийн дотор 5 сая хувь борлогджээ. Тууж нэгдсэн улсын book of the month club-д сонгогдож, улмаар Хемингуэйг алдар нэртэй болгожээ. Нэг үгээр "Өвгөн Тэнгис хоёр" түүнийг олон улсад алдаршуулж, дэлхийн өнцөг булан бүрийн сургуульд эл бүтээлээр хичээл ордог болсон билээ. Хемингуэй "Би жинхэн өвгөн, жинхэнэ хөвгүүн, жинхэнэ тэнгис, жинхэнэ загас болон махчин загас бий болгохыг оролдсон. Хэрвээ би тэднийг хангалттай сайн бөгөөд үнэмшилтэй бий болгож чадвал тэд маш олон зүйлсийг илэрхийлэх болно". "Өвгөн Тэнгис хоёр" нь Хемингуэйн уран зохиолын нэр хүндийг дахин сэргээж, судлаачдад түүний бүхий л бүтээлийг дахин судлахад түлхэц болжээ. Энэ тууж нь Хемингуэйг сайн зохиолч гэсэн итгэлийг уншигчдын дунд дахин сэргээжээ. Номыг хэвлэн гаргагч Скрибнер уг бүтээлийг "шинэ классик" гэсэн байдаг бол олон шүүмжлэгчид энэхүү туужийг Уильям Фолкнерийн "Баавгай", Хермэн Мелвиллийн "Мобидик" гэсэн бүтээлүүдтэй харьцуулдаг ажээ. Туужийн гол дүр Сантьягог шүүмжлэгчид Канарын арлаас гаралтай гэж үзэж, түүний Испани гарал үүслийг туужид нөлөөлдөг гэж дүгнэжээ. Жеффри Херлихи "Сантьяго бол Кубад амьдардаг Испани хүн гээд Испани хүн туужид огт байдаггүй боловч үргэлж байдаг хүчин зүйл юм" гэжээ. 

Шөнө болгон Сантьяго Испани нутгаа зүүдэлдэг; энэхүү эргэн дурссан дурсамж нь өвгөний Испани гаралтайг бататгахын сацуу туужийн үндсэн суурь болох өвгөний цагаачилж ирж суурьшсаныг харуулна. Сантьягогийн энэхүү намтар нь олон талаараа Хемингуэйн дотны найз Грегорио Фуэнтэсийг санагдуулдаг. Ихэнх шүүмжлэгчдийн үздэгээр цэнхэр нүдтэй Канарийн арлаас гаралтай Грегорио Фуэнтэсаас санаа авч өвгөн Сантьягог бүтээсэн гэж үздэг. Энэ Фуэнтэс нь 10 настайдаа Африкийн боомтууд руу хөлөг онгоцоор далайд гарч, Кубад 22 настайдаа бүрмөсөн суурьшсан ба Кубад 82 жил амьдарсныхаа дараа 2001 онд Испаний иргэншлээ сэргээх гэж оролджээ. Шүүмжлэгчид Сантьягог Испаниас Кубад цагаачлахдаа багадаа л 22 настай байсан тул Кубад гадаадын хүн, цагаач гэж тооцогдоно гэж үздэг ажээ. Хемингуэй анхандаа Сантьягогийн түүхийг буюу "Өвгөн Тэнгис хоёр"-г эх хүү хоёрын харилцааны нэг хэсэг болгож ашиглахаар төлөвлөж байжээ. Ном дахь харилцаа нь Библитэй холбоотой бөгөөд Хемингуэй өөрийнхөө туршлагаас болон сонссон түүхээсээ ихээхэн санаа авсан гэдэг. 1957 онд Жозеф Валдмэйрийн бичсэн эссэ дээрээ;  "Өвгөн Тэнгис хоёр"-г гуравдах түвшинд унших ёстой буюу Өвгөн Тэнгис хоёр" нь Хемингуэйн өмнөх бүх бүтээлүүдээс илүү шашны далд зүйрлэлтэй бүтээл юм; гээд мөн Хемингуэйн эцэст нь эр зоригийн философийг шашны түвшинд авч үздэг" гэжээ.

 Валдмэйр туужийн христийн дүр төрхийн функцийг авч үзсэн бөгөөд ялангуяа Сантьяго махчин загаснуудыг харсны дараа христийн цовдлогдсоныг Хемингуэй дурддагийг онцолжээ. "Өвгөн Тэнгис хоёр"-г хамгийн их шүүмжилсэн шүүмжлэгч бол Роберт П. Уикс юм. Уиксийн үзэж буйгаар энэхүү тууж нь Хемингуэйн реалистик, жишиг байдлаас сул бөгөөд ухарлт болсон агаад өмнөх бүтээлүүдийг нь "эртний алдар суу" гэж тодорхойлжээ. Уикс Хемингуэйн өмнөх бүтээлүүдийг "Өвгөн Тэнгис хоёр"-той харьцуулж үзэхдээ; Хемингуэй ийм өвөрмөц бүтцийг өөрийнхөө хамгийн сайн бүтээлдээ болон эл тууждаа ашигласны үр дүн нь ялгаатай гэжээ. Мөн тэрээр Хемингуэй ихэнх зохиол бүтээлдээ байгалийн обьектуудад анхаарлаа хандуулдаг байсан бол "Өвгөн Тэнгис хоёр"-г ер бусын их хэмжээний хуурамч байдлаар бичсэн гэж шүүмжилжээ. 2003 онд BBC-ын явуулсан санал асуулгаар "Өвгөн Тэнгис хоёр" тууж нь Их Британчуудын хамгийн хайртай 200 роман жагсаалтад 173-р байрт эрэмбэлэгджээ. Мөн энэ тууж нь Саддам Хуссейны хамгийн дуртай зохиол ажээ. 

ҮНДСЭН САНАА. Туужийн эхний догол мөрөөс эхлэн Сантьяго нь ялагдлын эсрэг тэмцэж байгаа хүн гэж тодорхойлогддог. Тэрээр 84 өдөр загас барьж чадаагүй яваа агаад удахгүй загас бариагүй 87 хоногийн амжилтын хар цувралаа давах болно. Сантьягогийн тэмцлийн сануулга болгон түүний дарвуулт хөлгийг "мөнхийнх ялагдлын туг"-тай төстэйгөөр дүрсэлжээ. Гэвч ялагдахаас өвгөн боломж бүртээ татгалздаг; тэр бусад загасчдын явж үзээгүй холын газраас хамгийн том загас барихаар явдаг. Өвгөн Марлинтай учирч, 3 хоногийн ширүүн тулааны эцэст 87 хоногийн хар цувралтайгаа тэнцэж ирэх бөгөөд мөн тэрээр тулалдаад ямар ч хэрэггүйг мэдэж байсан хэрнээ л олзоо махчин загаснуудад хулгайлуулахгүйн төлөө тэмцсээр байдаг. Сантьяго далайн амьтдын эсрэг тэнцвэргүй тулаанд орж байгаа нь зарим уншигчдад эр хүний байгаль ертөнцтэй хийсэн тулааны хроникол үлгэр гэж харахад хүргэдэг хэдий ч эл тууж бол хүний байгальд эзлэх байр суурийн тухай илүү нарийвчлалтай авч үзсэн түүх юм. Сантьяго, Марлин хоёулаа бахархал, нэр төр хийгээд эр зоригийн шинж чанарыг илтгэх бөгөөд мөн хоёулаа ижилхэн мөнхийн хуулинд захирагдана; тэд алах, эсвэл алагдах ёстой. Сантьяго далайн эрэг рүү нисч яваа ядарсан шувууг хардаг, тэр шувуу тэнд харцагатай нүүр тулах нь зайлшгүй ба дэлхий ертөнц араатнаар дүүрэн, мөн ямар ч амьд амьтан үхэлд хүргэх зайлшгүй тэмцлээс зугтааж чадахгүй гэсэн санааны толин тусгал болдог. Сантьяго өөрийнхөө ажиглалтаас үүдэлтэй туршлагаараа амьдрагч нэгэн; түүнийхээр "эр хүн ялагдах гэж бүтээгдээгүй, эр хүнийг устгаж болох ч ялж чадахгүй" ажээ. Хемингуэйн ертөнцийг хөрөглөхдөө үхлийг зайлшгүй байлгадаг, гэхдээ шилдэг эрчүүд (мөн амьтан) бууж өгөхөөс татгалзах учиртай. Үүний дагуу өлсгөлөн махчин загаснууд өвгөний ялгуулсан амжилтыг сүйрүүлэх гэж оролдохын адилаар өвгөн, Марлин хоёр үхэн үхтлээ тэмцэнэ. Тууж нь энэхүү байгалийн хуулиас давж гарах боломжтойг дурджээ. Сүйрлийн зайлшгүй байдал нь хүндтэй эр хүн юмуу араатан амьтныг үүнээс даван гарах боломжийг олгодог нэр томьёог бий болгоно. 

Энэ нь тодорхой зайлшгүй тулалдаанд хүчин чармайлт гаргаснаар эр хүн өөрийгөө батлан харуулна. Үнэхээр ч эр хүн ийм шийдэмгий байдлаараа сонгосон өрсөлдөгчийнхөө үнэ цэнээр дамжуулан өөрийгөө дахин дахин бататгаж чадна. Өрсөлдөгчөө хүндлэн биширснээр үхлийг хайр болон хүндэтгэлтэй адилтгах бөгөөд ийм байдлаар тэднийг хөнөөх нь Сантьягогийн баатарлаг хийгээд нэр хүндийн шинж чанарыг хүлээн зөвшөөрөх цэг болох ажээ. Энэ адилтгалаар "би чамд хайртай учраас би чамайг алах ёстой" гэсэн мэдэгдлийг илэрхийлж байна гэж үзэж болно. Өөр утгаар бол "гоо үзэсгэлэн сүйрлийн өмнө бөхийдгийн адилаар гоо үзэсгэлэнг зөвхөн үхлийн өмнөх мөчид л ойлгож болно" гэсэн Жон Китсийн шүлэгтэй зэрэгцүүлж болно. Сантьяго хэдийгээр туужийн төгсгөлд сүйрч байгаа боловч хэзээ ч ялагддаггүй ба харин ч тэрээр баатрын дүрээр гарч ирдэг. Сантьягогийн тэмцэл нь дэлхийд эзлэх хүний байр суурийг өөрчлөх боломжийг түүнд олгодоггүй агаад харин тэмцэл нь түүнд хамгийн эрхэм дээд хувь тавилантай учрах боломжийг олгодог. Сантьяго болон эртний ертөнцийн классик баатруудын хооронд оршихуйн олон зэрэгцээ шугам бий. 

Эдгээр баатрууд нь хүч чадал, эр зориг, ёс суртахууны баталгааг тунхагладаг хэдий ч эдгээр баатрууд нь голдуу эмгэнэлт дутагдалтай байдаг буюу хэдийгээр биширмээр боловч тэднийг уналтад хүргэдэг чанартай байдаг. Хэрвээ бардамнал нь Сантьягогийн үхэхийн дутагдал юм бол тэрбээр үүнийгээ маш сайн мэддэг. Махчин загаснууд Марлиныг сүйтгэсний дараа өвгөн хүндтэй өрсөлдөгчөөсөө дахин дахин уучлалт гуйдаг. Загасчдын ердийн хил хязгаараас цааш явснаар өөрийгөө ч, Марлиныг ч балласанаа өвгөн хүлээн зөвшөөрдөг. Өвгөн өөрийгөө баллах болсон шийдвэрийн шалтгааныг өөрөөсөө асуугаад "юу ч биш... би дэндүү хол явчихаж" гэж өөртөө хэлдэг. Сантьяго 84 хоног азгүйтсэн нь үнэн боловч чадварлаг загасчин гэдгээрээ бахархдаг ба ур чөдвартаа дулдуйдан мөхөх дөхсөн ч гэсэн бахархалаар дүүрэн баатрыгаа Хемингуэй огт буруушаадаггүй. Харин ч Сантьяго бардамнал нь эр хүнийг аугаа болоход уриалдагийн нотолгоо болдог. Өвгөн хүчирхэг Марлиныг бардам зангаасаа болж алснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд Марлиныг барьсан нь түүнийг ялалтын баатарлаг трансцендент байдал руу хөтөлдөг тул бардам зан нь Сантьягогийн хамгийн хүчин чадлын эх сурвалж болдог. Бардамналын харгис мэдрэмжгүйгээр тэр тулаан хэзээ ч болохгүй байсан, эс бөгөөс дуусахаасаа өмнө орхигдох байсан. Сантьягогийн бардамнал нь мөн түүнд байгалийн сүйтгэгч хүчийг давах гарах хүсэл эрмэлзлэлийг өдөөдөг. Туужийн туршид түүний нөхцөл байдал хичнээн хүнд бэрх болж байсан ч өвгөн Марлиныг барьж аваад эрэг дээр гаргахыг хатуу шийддэг. 

Эхний махчин загас тулж ирэхэд Сантьягогийн шийдвэрийг цөөн догол мөрний хооронд 2 удаа л дурддаг; нэгдүгээрт өвгөн "шийдвэр төгс боловч найдвар багатай байсан", дараагийн өгүүлбэрт хүүрнэгч "тэр махчин загасыг найдваргүй хэдий ч шийдэмгий цохив" гэж хэлдэг. Өвгөн бүх сорилт бэрхшээлд нугарашгүй шийдэмгий ханддаг; тэрээр Марлиныг барихын төлөө үхэхэд бэлэн байдаг бөгөөд мөн өлсгөлөн махчин загаснуудтай тулалдахын төлөө үхэхээс ч буцдаггүй. Тэмцэх, тулалдах, хэзээ ч бууж өгөхгүй гэсэн ухамсартай шийдвэр нь Сантьягог ялагдлаас зайлсхийх боломжийг олгодог. Хэдий тэрээр урт удаан тулалдаанаас хүссэн ялалтгүйгээр Хаванадаа буцаж ирж байгаа ч эр зоригийн, бахархалын зөвтгөлтэйгөөр ирж байгаагаа мэдэрдэг. Хемингуэй ялалт бол нэр хүндийн урьдчилсан нөхцөл биш гэдгийг харуулж байгаа агаад үүний оронд алдар нэр бол тэмцлийн үр дүнгээс бус эцсээ хүртэл тэмцэхээс хамаарах ажээ. Өвгөн Марлиныг гэмтээгээгүй авчирсан ч гэсэн түүний ялгуусан мөч нь Марлины мах шиг богино настай байх болно. Сантьягогийн нэр хүнд, алдар суу нь түүний тулалдаанаас бус харин түүний тулалдахаар шийдсэн шийдвэр, бардам зангаас бий болдог. 

МОТИФ. Өвгөний золиослолын гүн гүнзгий байдал болоод алдар сууг гаргаж ирэхийн тулд Хеимнгуэй Сантьягог христийн теологийн дагуу түүнийг хүн төрөлхтний аугаа сайн сайхны төлөө амиа өгсөн христтэй зүйрлэн адилтгажээ. Цовдлолтын дүрслэл нь Сантьяго Христ хоёрын хоорондын симболик зэрэгцлэлийг бий болгосон Хемингуэйн хамгийн тод аргачлал юм.  Сантьяго анх алгаа зүсэхэд уншигчид христийн доромжлолын тамгийг харьцуулж бодохгүй байж үл чадна. Ялагдлыг ялалт болгож, үхлийг шинэ амьдрал болгох зэргээр Сантьягог  христтэй холбосон олон дүрслэлийг Хеимнгуэй тууждаа буулгажээ. "Өвгөн Тэнгис хоёр"-д үхэл бол гарцаагүй ирэх хүч буюу ямар ч амьд амьтан үүнээс зугтаж чадахгүй нь үнэн юм. Гэхдээ үхлийн хувьд үхэл нь хэзээ ч төгсөшгүй ба үхэлд маш ихээр амьдрах боломж үргэлж байдаг. Сантьяго Марлиныг агнахдаа зөвхөн энэ тулаанаас өөрийгөө дахин цэнэглээд зогсдоггүй ба мөн загасыг ч бас "амилуулдаг" агаад шинээр амьдрах нь заавал үхлийн дугуйн дээр сажилж явах ёстой ажээ. Марлины үхэл нь бие махбодийн шинэ амьдралын битүү сануулга болдог бөгөөд үхэл нь туужийн бусад хэсэгт ч шууд утгаараа амьдрал руу хөтөлдөг. Ном дахь цовдлолтын дүрслэл нь Сантьягогийн Марлинтай хийсэн тулааны нэгэн адилаар амьдрал ба үхлийн хоорондох мөчлөгийн холбоог онцолжээ. Марлиныг барьж ирсэн амжилтаараа өвгөн нэгэн цагт өөрийг нь тохуурхаж байсан загасчдаас хүндэтгэлийг нь олж авдаг.

 СИМБОЛ. Сүр жавхлантай хийгээд гайхамшигтай Марлин нь хамгийн тохиромжтой өрсөлдөгчийг бэлгэддэг. Бүх зүйлс бусад бүх зүйлсээ ямар нэгэн байдлаар хөнөөж байдаг ертөнцөд Сантьяго өөрт нь хүч чадал, эр зориг, хайр хүндэтгэлийг авчирч байгаа өрсөлдөгчтэй учирсандаа өөрийгөө үнэхээр азтай юм гэж мэдэрдэг. Сантьяго Африкийн далайн эрэг дээр тоглон наадаж буй арслангуудын тухай амттай сайхан зүүдийг 3 удаа зүүдэлдэг. Эхний зүүд 3 өдрөөр загасчлах экспедицийн өмнөх шөнө тохиодог бол удаах нь Марлинтай тулалдаж байх зуураа завин дээрээ унтахад тохиох ба эцсийнх нь туужийн төгсгөлд болдог. Тууж дахин сэргэлт, ялалтаар төгсч байгааг сүүлийн хуудсанд гарах арслангуудын дүрслэлээр батлагдана. Арслангууд нь Сантьягогийн залуу настай холбогдох буюу зүүд нь амьдралын тойрог шинжийг илэрхийлнэ. Түүний зүүдэнд тоглож буй арслангууд, догшин араатнууд нь амьдрал ба үхэл, хайр ба үзэн ядалт, сүйрэл ба дахин сэргэлт гэсэн байгалийн зохицлыг илэрхийлнэ.

Comments