Савхин бээлий

 

 




This Is Spinal Tap (1984). Жинхэнэ эрч хүчийг мэдрүүлэгч, рок хөгжмийн гоц үзэгдэл, ер бусын хөгжим бүтээгчид гэх мэтээр Английн рок Spinal Tap хамтлагийг охид залуус болон ер нь л амтай бүхэн шагшин бишрэх 1970-1980 онд манай гаригийн хамгийн алдартай хамтлаг The Beatles, Pink Floyd, Led Zeppelin, The Doors биш харин Spinal Tap-ын талаар би ярьж байна. Кино найруулагч Martin Di Bergi 1982 онд алдарт Spinal Tap хамтлагийн шинэ цомог Smell The Glove цомгийн сурталчилгаа болсон нэгдсэн улсаар хийх аялан тоглолтод тэднийг даган явж баримтад намтарчилсан кино хийж байна. Хамтлагийг багын андууд болох David болон Nigel нар үүсгэн байгуулсан ба тэд гоцлол гитар тоглохын зэрэгцээ дуулах бол Derek басс гитар, Viv даралтад хөгжим, харин Mick бөмбөр тус тус тоглоно. Хамтлагийн анхны нэр The Originals байсан ч ийм нэртэй өөр хамтлаг байгааг олж мэдээд New Originals нэртэй болж байснаа хамтлагийнхан Bergi-д ярьсаар явна. Spinal Tap нэртэй болох хүртлээ тэд ямаршуу хөгтэй замыг туулснаа Bergi-д ярих бөгөөд ингээд эцэст нь heavy metal жанраар тоглохоор эгнэгт шийдсэнээр одооны нэр дээрээ тогтжээ. Мөн хамтлагаас хэд хэдэн гишүүд хачин жигтэй байдлаар гарсныг дурамжхан өгүүлэх агаад жишээлбэл хуучин бөмбөрчин нь бөөлжсөндөө хахаж үхсэн байлаа. Аялан тоглолтын үеэр асуудлууд үүсч эхлэв; тасалбар муу зарагдсаны улмаас хэд хэдэн шоу тоглолт цуцлагдаж, мөн томоохон бизнесийн түншүүд нь шинэ цомог Smell The Glove-г хэтэрхий сексий хавтастай гээд борлуулахаас татгалзана. Тиймээс хамтлагийн худалдааны төлөөлөгчид тэдэнтэй зөвлөлдөлгүйгээр Smell The Glove-ын хавтасыг өөрчлөв, ингэхдээ White Album шиг сэтгэл татам байх болов уу гээд хав хар хавтастай болгосон байна, ширхэг ч үсэггүй ерөөсөө л хав хар хавтас.. фенүүддээ гарах үсэг зурах өдөрлөгийн үеэр ядаж байхад тэднийг хүмүүс таньсангүй бүр хоржоонтой. Энэ үеэр David-ын найз охин Jeanine хамтлагтай нэгдэж, зурхайч, иогийн багш энэ хүүхэн хамтлагийн дотоод хэрэгт хэт оролцох болсноор хамтлагийн дунд хагарал үүсч эхэлнэ. Өгүүлэн буй киноны үйл явдал товчхондоо ингээд л болж байна. Баримтад маягаар хийгдсэн тул ярианууд, тоглолтын хэсэг ихэнх хугацааг эзлэхээс гадна киноны хошин, элэглэсэн, инээдтэй болгоныг өөрсдөө үзэж мэдэрсэн нь уншихаас илүү гэж бодох. Кино Mockumentary жанрт хамаатах буюу энийг баримтад элэглэл, баримтад тохуурхал гэж орчуулах болов уу. Spinal Tap гэдэг хамтлаг мэдээж хэзээ ч оршиж байгаагүй, зохиомол хамтлаг ба зохиомол хамтлагийн зохиомол баримтад намтарчилсан киногоор бүхий л шилдэг рок хамтлагуудыг элэглэж, шоглосон бүтээл гэж хэлж болно. 
Гэхдээ кинонд тоглосон гол жүжигчид Christopher Guest, Michael McKean, Harry Shearer тэргүүтэй жүжигчид киноны хөгжмийг өөрсдөө тоглосон ба угаасаа хөгжимчид юм. Энэ бүтээл бол хамгийн элэг хөшөөм, хамгийн бодитой, мөн хамгийн шилдэг рок хамтлагийн талаарх киноны нэг юм. Аливаа рок хамтлагийн аялан тоглолт ийм л байдаг болов уу, хамтлагийн хэрүүл маргаан, улмаар хагарал ингэж л эхлэдэг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлж чадахаас гадна дүрүүдийн байгаа байдал, харилцан яриа, хараал ерөөл гээд энэ киноны бүх юм жинхэнэ мэт санагдана. Уг кино нь Америкийн кино найруулагч Rob Reiner-ын дебют ажил бөгөөд энэ киногоороо The Last Waltz, The Song Remains the same, All you need is Money зэрэг тухайн үеийн рок хамтлагуудын олноор хийж байсан рок баримтад киноны хандлагыг егөөджээ. Энэ кино нь үндсэндээ Mockumentary жанрыг эхлүүлсэн гэж үздэг бөгөөд 1984 ондоо ижил нэртэй киноны саундтрак цомгийг гаргажээ. Кино нээлтээ хийгээд ерөнхийдөө даруухан амжилт үзүүлсэн ч аажмаар нэр хүнд нь тэнгэрт тулж өдгөө култ классик гэгдэх болсон. Кино шүүмжлэгч Jeremy Arnold заавал үзэх ёстой 52 кинондоо эл бүтээлийг багтааж, өнгөрсөн 30 жилийн хамгийн нөлөө бүхий киноны нэг гэж 2016 онд хэлж байжээ. Жүжигчин Michael McKean, Christopher Guest хоёр 1960-аад оны үед коллежид сурч байхдаа нөхөрлөж, хамтдаа хөгжим тоглодог байжээ. Тэд Rob Reiner болон Harry Shearer нартай хамтран 1978 онд телевизийн комеди хийх болсон нь рок хамтлагуудыг элэглэсэн Spinal Tap нэртэй шоу байж. Продакшны үеэр тэд ноорог цаасаа шатааснаас болж Michael, Guest хоёр импровизац хийсэн нь хожмын киноных нь дүрүүд бий болох үндэс болжээ. Киноны зураг авалт Лос Анжелес хотод 5 долоо хоногийн туршид хийгдсэн бөгөөд Rob Reiner маш бага төсөвтэйгөөр McKean, Guest, Shearer нартай хамтран кино зохиолоо бичжээ. Бичсэн кино зохиол нь тэдний хүсч байгаа кинонд таарахгүй болохыг төдөлгүй ойлгосны дараа тэд киноныхоо демог хийгээд уг демогоо бариад тааралдсан студи болгоныхоо хаалгыг татжээ. Гэвч тэдэнтэй хамтрах студи байсангүй, ингээд явж явж буцаад телевизийн продюсер Norman Lear тэдний төслийг авахаар шийджээ. 
Ерөнхийдөө киноны бүх харилцан яриа импровизацаар хийгджээ. Хэдийгээр жүжигчдэд тулгарч болох эрсдлээс сэргийлж дүрүүдийн мэдээлэл зэрэг шаардлагатай тойм зургийг өгсөн байсан ч жүжигчид бүхнийг өөрсдийнхөөрөө хийжээ. Аль болох эхний авсан кадраа ашиглаж, жүжигчдийн анхны реакцыг үзүүлэхийг зорьж байжээ. Тийм ч учраас кино тийм бодитой мэт санагддаг болов уу. Rob Reiner кинонд оролцсон бүх жүжигчдийн бүрэлдэхүүнийг кино зохиолыг бичигчдээр авч үзэхийг хүсч байсан ч McKean, Guest, Shearer нар л зөвхөн энэ кредитийг хүлээж авчээ. Киноны зураглаачаар ветеран зураглаач Peter Smokler ажилласан бөгөөд Reiner-ын хэлснээр тэрээр гайхамшигтай мэдрэмжтэй зураглаач агаад киноны cinema verite хэлбэр маяг нь түүнтэй салшгүй холбоотой гэжээ. Гэтэл Peter Smokler энэ киногоо инээдмийн кино болно гэдгийг ойлгохгүй байсан гэдэг буюу бараг кино зохиолгүй, уламжлалт зургийн хуваарьгүй баримтад киног ойлгоход бэрх байжээ. Зураг авалт дуусахад бараг 100 цагийн материалтай үлдсэн болохоор эвлүүлгэ дээр 3 эвлүүлэгч ажилласан гэдэг. Киноныхоо ерөнхий санааг Reiner баримтад Don't Look Back хэмээх Bob Dylan-ын тухай бүтээлээс авсан ба кинон дээрх тайзны ард төөрдөг хэсгийг Tom Petty-ын Герман дахь тоглолтын бичлэгээс санаа авчээ. Мөн Rob Reiner киноныхоо бэлтгэл ажил болгож heavy metal хамтлаг Judas Priest-ын тоглолтыг үзэж байснаа ингэж дурсчээ "бие махбодийн хувьд цээж минь өвдсөн, танхим доторх тийм хүчтэй чимээг би удаан тэсвэрлэж чадаагүй" гэжээ. Пост продакшны үеэр Christopher Guest тоглолтын сцэнүүдэд хамтлагийнхны гар хуруу хөгжмийн зэмсэгдээ яг таарч тохирч хүрч байгаа эсэхэд ихээхэн санаа зовж, таарч тохироогүй хэсгийг дахин авч байжээ. Jeanine-ын дүрийг кино бүтэх явцад нэмж оруулсан ба David-ын яршигтай найз охины дүрийг June Chadwick авсан шалтгаан нь түүний импровизац хийх чадвар байсан. Маш олон судлаач, шүүмжлэгчид уг киног ухаалаг найруулгатай, сайн жүжиглэлтэй, ишлэл болохуйц олон мөчтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг классик комедийн нэг гэж үнэлдэг. Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног 1984 оны хамгийн шилдэг киноны нэгээс гадна хамгийн шилдэг инээдмийн киноны нэгээр нэрлээд "Spinal Tap бол зарим амжилттай рок хамтлагаас илүү муу ч биш, бас өөр ч биш" гэжээ. Хачирхалтай нь, маш олон киночид уг киног үзчихээд Spinal Tap гэдэг хамтлаг үнэхээр оршдог юм байна гэсэн бодолтойгоор гэртээ харьж байжээ. Jimmy Page, Robert Plant, Ozzy Osbourne тэргүүтэй рок домгуудын ихэнх уг кинонд дуртай байдаг агаад бүгдээрээ тайзны ар талын төөрдөгийг өөрсдөд нь бас тохиолдож байсан хэмээн хүлээн зөвшөөрдөг. George Lynch киног үзээд "энэ бид байна! Тэд яаж бидний тухай кино хийж чадав аа?" Гэж алмайрч байжээ. 1992 онд Kurt Cobain "рок н ролл хамтлагуудын тухай хийгдсэн ямар ч сайн баримтад кино байхгүй " гэж хэлтэл Dave Grohl яриаг нь таслаад "Spinal Tap-аас өөр үзчихээр сайн рок кино байхгүй" гэж хэлэхэд Kurt Cobain санал нийлж толгой дохиж байжээ. U2 хамтлагийн гитарчин The Edge хэлэхдээ энэ киног үзээд инээгээгүй, уйлсан гэдэг, учир нь энэ рок хөгжмийн төгсгөлийг зөгнөжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 303-р байрт жагсаасан байхад Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг 100 инээдмийн киноныхоо 29-р байрт эрэмбэлжээ. Empire сэтгүүл This is Spinal Tap-г бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 48-р байрт, Total Film хамгийн аугаа 100 кино жагсаалтдаа тус тус багтаажээ.

Comments