Portrait of Jeanne Hebuterne

 

 


 Portrait of Jeanne Hebuterne (1918). 20-р зууны хамгийн аугаа экспрессионист хөрөг зургуудыг бүтээсэн Modigliani энэ нь өөрийн нэгэн үеийн Австрийн гайхамшиг зураач Egon Schiele шиг ид оргил үе дээрээ "унасан" байдаг билээ. Modigliani ямар нэгэн урлагийн бүлэгт элсэхээс татгалздаг байсан боловч ерөнхийдөө экспрессионист хөдөлгөөнтэй, тэр дундаа "Ecole de Paris"-ынхантай холбоотой байв. Түүний гэсэн экспрессиност хэв маяг нь түүний уран баримал (бас уран барималч) болоод уран зургаас нь илт харагддаг буюу тэрээр өөрийнхөө хэв маягт үнэнчээр үлдсэн юм. Энэ хөрөг бол Modigliani-ын сүүлийн амраг Jeanne Hebuterne -ынх бөгөөд 1917 оны зун тэднийг танилцахад Modigliani 33-тай, Jeanna дөнгөж 19 настай байжээ. Урлагийн сургуулийн оюутан Jeanne эелдэг, ичимхий, сэтгэл татам бүсгүй байв. Тэднийг уран барималч Chana Orloff танилцуулсан агаад танилцсан дороо л хэн хэндээ татагдсан тэд удсангүй салж хагацашгүйгээр дурлацгаав. Насны зөрүүтэй байдлаас болж бүсгүйн эцэг эх тууштай эсэргүүцэж байсан ч хосууд бүгдийг өөрсдийнхөөрөө хийсэн юм. Амьдралынхаа сүүлчийн 3 жилд Modigliani Jeanne-г 20 гаруй удаа зурсан байдаг ч нэг ч удаа нүцгэнээр зурж байсангүй. Modigliani нүцгэн зураг зурахдаа зөвхөн мэргэжлийн моделуудыг сонгодог байв. Харин Jeanne бол түүний бүхий л зорилго, эхнэрээ болгохыг хүсдэг бүсгүйн байсан. Уг хөрөг зураг нь Jeanne-ын бүрэн хувцастай биш цорын ганц зураг гэдгээрээ онцлог. Түүний өмссөн цагаан цамц нь даруухан бөгөөд цэвэр ариун байдлыг нь илтгэнэ. Jeanne-г энэ үедээ жирэмсэн байсан болов уу гэж үздэг; тэрээр 1918 оны 11-р сард охин төрүүлсэн ба 1920 оны эхээр Modigliani сүрьеэгээр нас барахад хоёрдахь хүүхдээ тээж байсан Jeanne тэсэлгүй амиа хорлосон байдаг. 
Зурагт; Jeanne-ын урт буйлсан хэлбэртэй нүүр царай, дөлгөөхөн унжсан улаан шаргал үс, зөөлөн налуу мөр хийгээд хэт эмэгтэйлэг бугуй, нарийнхан гар хуруу зэргийн маш дур булаам байдлаар нарийвчлан дүрсэлжээ. Ялангуяа Jeanne-ын зүүн гарын байрлал нэлээд сонирхолтой буюу J. A. D. Ingres-ын "Madame Moitessier" гэх хөрөг зургийн тусгал гэж хэлж болохуйц. Тэрээр хөрөг зурагтаа дотно мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд сууж буй хүмүүсээ гүехэн, хязгаарлагдмал орчинд байгаагаар дүрслэх дуртай байв. Тэрээр арын дэвсгэртээ дотоод хана, булан юмуу хаалгыг ихэвчлэн ашигладаг нь дүрийнхээ байгалийн муруйг геометрийн хүрээнд танилцуулдаг. Дашрамд, энэхүү хөрөг зургийг муруйлтын судалгаа хэмээдэг. Modigliani-ын бүтээлд Италийн сэргэн мандалт, Африкийн омгийн урлаг болон Paul Cezanne зэрэг олон янзын нөлөө орсон гэж үздэг. Хэдийгээр шинэлэг, дэгжин ч гэсэн түүний андашгүй хэв маяг бол хүний хүсэл тэмүүлэл хийгээд хэлбэр төрхийг ойрхоноос ажиглаж, субьектынхаа хувийн шинж чанарыг нарийн мэдрэн гаргахад оршино. 1918 оны намар Modigliani Jeanne-г Францын Ниццад аваачсан бөгөөд зарим нэг модерн бүтээлээ тэнд өвөлждөг баян жуулчдад зарна гэж найджээ. Парист буцаж ирэхдээ тэрээр сүрьеэгийн менингит өвчнөөр өвчилж, эрүүл мэнд нь үлэмж дордсон байлаа. 1920 оны 1-р сард нас барав. Маргааш өдөр нь Jeanne 5 давхарын цонхоор үсэрч өөрийгөө болон хэвлий дэх үрээ хөнөөжээ.

Comments