More


 "More" бол Pink Floyd-ын студийн 3 дахь, анхны кино саундтрак цомог. Цомог 1969 оны зун Их Британид, намар нь нэгдсэн улсад нээлтээ хийж байв. "More" цомог нь кино найруулагч Barbet Schroeder-ын ижил нэрт киноны хөгжимд зориулагдан бүтсэн цомог бөгөөд найруулагчийн дебют ажил байжээ. Мөн Syd Barrett-ын оролцоогүй хамтлагийн анхны цомог юм. Цомог Psychedelic жанрт хамаарагдах бөгөөд анхлан хөгжим судлаачид холимог үнэлгээ өгч байв. Цомогт орсон хэд хэдэн дуу хамтлагийн амьд тоглолтын үеэр тоглогдож ирсэн, жилээс жилд нэр хүнд нь өссөөр буй цомог юм. Pink Floyd уг цомгоосоо өмнө хэд хэдэн удаа киноны хөгжим дээр ажиллаж байж; тухайлбал 1968 оны "The Committee"-г дурдаж болно. Schroeder-ын кинонд хар тамхичин, зугаа цэнгэл хөөгчийн тухай өгүүлдэг. Schroeder нь Pink Floyd-ын фен байсан ба Pink Floyd-оор энгийн дэвсгэр хөгжим хийлгэхийг хүссэнгүй, харин бүхэл бүтэн цомог бүтээлгэхийг хүсчээ. Ингэхдээ тэрээр үдэшлэг дээр болж буй тоглолт шиг уур амьсгалтай цомог бичүүлэхийг хүссэн агаад хамтлагийнхантай ойр ажиллахын тулд киноныхоо боловсроогүй эвлүүлгийн хамт Лондонг зорьж байв. Pink Floyd хөгжмийн замнал нь амжилт олохгүй бол киноны хөгжмийн салбар руу орно гэж төлөвлөж байсан нь энэ кинонд ажиллах гол шалтгаан болжээ. Хожим Nick Mason энэ талаар: "киноны идеа нь бидний хөгжмийн дуугаралттай зохицож байсан" гэжээ. Цомгийг 1969 оны 1 сараас 2 сар хүртэл маш богино хугацаанд бичсэн ба Norman Smith-ын туслалцаагүй хамтлагийн анхны цомог болжээ. Цомгийн ихэнх хөгжмийг 2 долоо хоногт бичсэн; Roger Waters бараг бүх дууны үгийг зохиосон бол David Gilmore голлон дуулжээ. Nick Mason, Richard Wright хоёр "Up the Khyber" дууны хөгжмийг хамтран бичсэн нь нэг дууг хамтран зохиосон тэдний хувьд цор ганц тохиолдол болж үлджээ. Schroeder хамтлагийн бүтээлч байдал болоод хурдтай ажиллаж байгааг хараад гайхаж хоцорсон гэдэг. "More" олон жанрын холимог цомог болжээ. 
"Green is the Colour" дуу хамтлагийн барагтаа тоглодоггүй акустик фолк баллад жанрынх бол "The Nile Song" нь hard rock жанрынх юм. Мөн "Main Theme", "Quicksilver" зэрэг туршилт маягийн дан хөгжмийн тоглолтууд ч багтсан. "Cymbaline" дуунд хөгжмийн ертөнцийг шүүмжилдэг. "Green is the Colour" амьд тоглолтод байнгын тоглогддог дуу болсон буюу "Careful With That Axe, Eugene" дууны хамтаар "The Journey" нэртэйгээр нэг багц болж тоглогдох болжээ. Кинонд сонсогддог "Hollywood", "Seabirds" гэсэн 2 дуу цомогт багтаагүй байдаг боловч дараа нь "The Early Years 1965-1972" багцад багтжээ. Цомгийн коверийг алдарт Hipgnosis групп бүтээсэн бөгөөд ковер дээр; киноны 2 дүр Ибиза арал дээр салхин тээрмийн дэргэд тоглож байх агаад гэрэл зургийн харанхуй өрөөнд байгаа юм шиг хийгдсэн нь psychedelic аялал шиг харагдана. "More" Их Британий чаартын 9-р байр хүртэл бичигдсэн бол нэгдсэн улсад 1973 онд дахин худалдаанд гарахдаа 153- байрт жагсчээ. 1993 онд Америкт алтан цомог болсон байна. Record Song Book: "үргэлж сонирхолыг маш ихээр татдаг... этгээд хэсгүүд ч багтсан цомог" гэсэн байхад Rolling Stone: "уйтгартай кино саундтрак" гэжээ. AllMusic уг цомгийн гол дуунууд нь "Green is the Colour" болон "Cymbaline" гэж дүгнээд эдгээр дууны жинхэнэ хүч амьд тоглолтоор илүү мэдрэгддэг гэжээ.

Comments