Бурхны шивэгчин

 

 


Tabu: A Story of the South Seas (1931). Колончлолын гар хүрээгүй, иргэншлээс тусгаарлагдсан номхон далайн өмнөд хэсэгт орших Bora Bora гэх жижигхэн арал дээр өмнөдийн хөлөг онгоцоор хөгшин Hitu маш чухал даалгавартайгаар ирж буйгаар кино маань эхэлнэ. Hitu Fanuma омгийн ахлагчийн захиаг Bora Bora-ын ахлагчид хүргэхээр ирээд буй нь энэ бөгөөд захианы утга товчдоо ийм; Fanuma-ын бурхны ариун шивэгчин нас барсан тул энэхүү орыг Bora Bora-ын сор хүүхэн Reri-гээр орлуулахыг хүссэн ба энэ Reri нь язгууртан цустай, ариун журамтай тул ийнхүү сонгогдож, энэхүү асар том хүндлэлийг Bora Bora-ын зүгээс татгалзах ямар ч үндэсгүй ажээ. Иймээс Reri-д ямар ч эр хүрэх, тэр байтугай хүслийн нүдээр харах ч эрхгүй юм. Хэрэв энэ хориог зөрчвөл үхлийн хатуу шийтгэлтэй болой. Энэ мэдээ гуа үзэсгэлэнтэй залуухан хүүхэнд үхлээс ч дор буюу тэрээр арлын хамгийн сайхан залуу Matahi-тай хайр сэтгэлтэйг хардаг мэддэг бөлгөө. Халуун зоримог Matahi үүнийг тэсвэрлэж чадахгүй, Reri-г оргуулж босгоод хосууд арлаас завиар зугтдаг. Эцсийн эцэст Францын нэгэн колони арал дээр бараг л үхлүүт ирнэ. Залуу улс дорхноо тэнхэрч зэгсэн сайн төвхнөөд авна.

Удсангүй Matahi тэр хавийнхаа хамгийн гаргууд сувдны шумбагч болно. Сувдныхаа ачаар хосууд аятайхан амьдарч эхэлнэ; гэтэл мөнгөний үнэ цэнэ, утга учрыг сайн мэдэхгүй Matahi-г хүмүүс доргиож баахан өрөнд оруулж байгааг хөөрхий залуу даанч ойлгохгүй олсон хэдээ цацсаар байв. Янаг амрагуудыг баривчилвал шагналтай гэсэн зарлал хаа сайгүй тархаж, нутгийн цагдаа мөнгөний үнэрээр тэдний араас олоод ирнэ. Matahi цагдааг хахуульдаж нэг удаа даа аргална. Энэ үеэр Reri өдрөөр ч шөнөөр ч Hitu-ын дүрийг олж харан галзууртлаа айж байлаа. Нэгэн сартай шөнө тэдний гэрийн цонхоор Hitu жад бариад зогсож байхыг хараад хирдхийн цочих бөгөөд энэ бол түүний төсөөлөл биш, Hitu тэднийг дагаад ирсэн нь тэр байв. Hitu түүнд 3 хоногийн дотор надтай хамт буцахгүй бол Matahi-г ална гэж сүрдүүлнэ. Matahi үүнийг нь мэдсэнгүй, Reri ч түүнд айгаад хэлэхгүй. Шууд хэлэхгүй ч хүүхэн Matahi-д эндээс явъя гэж цөхрөлтгүй ятгаж эхэлнэ. Matahi зөвшөөрөөд явах гэтэл явах зардал түүнд байсангүй, үнэндээ түүний өр гэж тамтаггүй болсон байлаа. Ингээд Reri хайртыгаа аврахын төлөө Hitu-ын саналыг хүлээн авч, Matahi-г мөнгө олохоор явсан хойно зурвас бичиж үлдээчихээд Hitu-тэй хамт хөлөг онгоцоор далайд гарна. Их хэмжээний мөнгө олох гэж Matahi аварга загастай хэсэгт сувдны төлөө шумбах агаад авхаалж самбайгаараа амьд гараад зогсохгүй сувд ч олж аз нь түр гийнэ. Matahi гэртээ иртэл Reri байсангүй, зурвасыг уншаад шууд далай руу очтол ашгүй Hitu-ын хөлөг хөдлөөд удаагүй байж таарав. Matahi аймшиггүй зориг гарган шууд далай руу үсрэн ороод хөлгийн араас сэлсээр хөлгийн олсноос арай гэж барьж автал харгис хөгшин олсыг тасдаж хаяна. Далайн дунд Matahi хөлгийн араас ядарч цуцатлаа сэлж, живж үхтлээ хайртыгаа эргүүлж авна гэж зүтгэсээр байхад Reri хөлөг дотор тайван унтаж байлаа. 


Германы нэрт кино найруулагч F. W  Murnau-ын Docufiction буюу хагас баримтат, хагас уран сайхны жанрын дуугүй кино бөгөөд киноны нэр нь Полинезийн tabu гэдэг ойлголтоос гаралтай буюу энэ үг нь Английн taboo (хориотой) гэсэн үгнээс гаралтай ажээ. Кино нь ерөнхийдөө "Диваажин", "Алдагдсан диваажин" гэсэн 2 бүлгээс бүрдэх ба кино зохиолыг Murnau болон найруулагч Robert J Flaherty хоёр хамтран бичиж, мөн "бараг" хамтран найруулсан.1931 онд кино нээлтээ хийхээс ердөө 7 хоногийн өмнө Murnau авто ослоор нас барсан байдаг, тиймээс энэхүү бүтээл нь их кино урлаачийн сүүлчийн кино гэгддэг. Fox Studios-той хамтран 2 киног асуудал дунд хийсний дараа Murnau тэдэнтэй хамтрахаа болив, мөн энэ үед Flaherty америкийн уугуул иргэдийн тухай баримтад кино хийх төслийг болиулжээ. Ингээд хоёр найруулагч хамтран өөрсдийн кино продакшн байгуулж; Тахитид ажиллаж байсан туршлага дээрээс нь үндэслэн Murnau Тахитид кино хийх хүсэлтэй байлаа. Тэд Turia хэмээх төсөл эхлүүлсэн бөгөөд энэ төсөл Flaherty-ын W. S. Van Dyke-ын White Shadows in the South Seas (1928) кинон дээр ажиллаж байхдаа сонссон домгоос сэдэвлэсэн агаад энэ киноноос багагүй элементийг Tabu; A story of the South Seas-д авч ашиглажээ. 1929 онд Murnau Тахитид ирэв. Сараа дараа Flaherty очсоноор Тэд Bora Bora арлын ойролцоох газруудад зураг авах зохистой газрыг хайж эхэлжээ. Тэд эрэл хайгуул хийж байхдаа эмэгтэй гол дүр Anne Chevallier-г орон нутгийн баарнаас олжээ. Colorat гэх жижиг компани киноны санхүүгийн асуудлыг хариуцахаар анх гэрээ байгуулсан ч тэдний увуулж цувуулан өгөх бага санхүүжилтэнд залхсан Murnau киноныхоо бүх төсвийг өөрөөсөө гаргахаар шийдэв. Санхүүжилт эрс багассан учир Murnau холливуудын кино багийг гэрт нь буцаагаад орон нутгийхантай хамтран ажиллах болжээ. 

Ингээд зогсохгүй санхүүгийн асуудал киног өнгөтэй байх төлөвлөгөөг өөрчилж хар-цагаанаар хийлгэхэд хүргэжээ. Colorat-тай холбоотой хууль зүйн эрхийн асуудлаас зайлсхийхийн тулд киноны зохиолыг дахин бичиж бас нэрийг Tabu; A story of the South Seas болгон өөрчилсөн байна. Чухам эндээс Murnau Flaherty хоёрын харилцаа муудаж эхэлсэн гэж үздэг. Flaherty-д шинэ кино зохиол таалагдаагүй, шинэ зохиол түүнд хэтэрхий зохиомол бас баруунжсан санагдсан. 1930 оны 1-р сард кино продакшн эхэлжээ. Flaherty киноны эхлэл сцэнийг найруулсан агаад энэ нь түүний энэ кинон дээрх цор ганц найруулагчаар ажилласан сцэн юм. Тэрээр камертайгаа ажиллахад техникийн асуудалтай болж ирсэнээр кино зураглаач Floyd Crosby-г туслаач хэмээн дуудаж ирүүлсэнээр үлдсэн бүх кино зураглаачийн ажлыг Floyd Crosby гүйцэтгэсэн ба Crosby эл ажлаараа Оскарын наадмаас шилдэг кино зураглаач шагналыг хүртсэн байдаг. Murnau, Flaherty болон Crosby 3 л мэргэжлийн кино уран бүтээлчид байсан бол үлдсэн нь орон нутгийнхан байжээ. 

Flaherty хэдий кино зохиолыг Murnau-тай хамтран бичсэн ч найруулгийн ажил түүний бодсоноор байгаагүй бөгөөд Flaherty-ын кинон дээр ажиллах ихэнх хугацаа киног сайжруулах лабораторид өнгөрч байсан ажээ. Үүнээс болж тэрээр Murnau-д дургүй болсноос гадна продакшны үеэрх Murnau-ын ихэмсэг, амиа бодсон зангийн бүр үзэхээ больсон байна. 1930 оны 10-р сард продакшн дууссан. Кино зураг авалт дуусахад Flaherty бүрэн хоосорсон байсан тул киног эзэмших тодорхой хэмжээний хувиа Murnau-д заржээ. Харин Murnau тэр өвөлжингөө киноныхоо эвлүүлэг дээр сууж, үлдсэн хэдэн цаасаа Hugo Riesenfeld-д өгч киноныхоо хөгжмийг хийлгэжээ. Murnau-ын хамгийн сүүлчийн кино хайр хийгээд бие махбодийн мэдрэмжийн хамгийн цэвэр, хамгийн хорио багатай бүтээл гэж үздэг бөгөөд киноны аялгуулга бүтэц, гэрэл, хэмнэл хийгээд найруулгийн гайхамшигтай мэдрэмжийг судлаач шүүмжлэгчид биширдэг болой. Фетишист шинжтэй уг туйлын үзэсгэлэнтэй кино нь хэзээ ч жүжигчидээ юмуу сэдвээ дэмждэггүй ба энэ бүтээл бол Х. Мелвиллийн өмнөд тэнгисийн талаарх романууд шиг колончлолын өмнөх хоцрогдсон үеийг харуулна. Кино нээлтээ хийсэн даруй орон нутгийн охидын нүцгэн гардаг хэсгүүдийг цензурдаж байжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 254-р байрт жагсаажээ.

Comments