Aparajito (1956). 1920-оод он. Apu эцэг эхийн хамт эгчийгээ өнгөрсний дараа Бенгалийн хөдөө нутгийн гэрээ орхиод Ганга мөрний эрэг дагуу орших Varanasi хотод ирж суурьшжээ. Тэд одоо орон сууцанд арай илүү тухтай амьдарч, Harihar Ганга мөрний боомтод ажил хийхийн хажуугаар хуврагийн ажил хийж; залбирч, дуулна. Гэр бүлээ аятай таатай амьдруулах гэж өдөр шөнөгүй борви бохис хийлгүй ажиллах Harihar-ын бие өвдөж муудах ч тоохгүй явсаар хэвтэрт орж, өөрийгөө ч, хайртай хүмүүсээ ч удаан зовоосонгүй эцсийн буудалдаа очно.
Нөхрийнхөө өнгөрсний дараа Sarbajaya аргагүй эрхэнд баян айлд зарц хийж хэд
гурван цаас цааш хийнэ. Ингээд Хөгшин нагац ахынхаа тусламжтайгаар Apu
Sarbajaya хоёр буцаад Бенгалдаа очоод Mansapota хэмээх тосгонд суурьшина. Шинэ
гэртээ Apu нагацаа даган хуврагийн дагалдан хийх буюу ээж нь хүүгээ аав шиг нь
лам хувраг болгохыг хүснэ. Гэвч Apu-ын сэтгэлийг сургууль, үеийнхэн хүүхдүүдийн
хамт нэг дор сурч буй байдал ихээхэн татах бөгөөд сургуульд оруулаад өг хэмээн
ээжийгээ завсар зайгүй шалсаар эцэст нь санасандаа хүрдэг. Дур сонирхолоороо
сургуульд орсон Apu шууд л хичээмтгий байдал, сониуч зангаараа үеийнхнээсээ
ялгарч, их удсан ч үгүй ангийнхаа онц сурлагтан болж багш нарынхаа анхаарлын
төвд орно. Хэдэн жил өнгөрчээ. Apu өсвөр насанд хүрч, ээж нь мэдэгдэхүйц
хөгширч, бас бие дорой болсон байна. Apu онц сурсныхаа ачаар Kolkata хотод
сурах тэтгэлэг авч баяр хөөр, мөрөөдөл хүслээр дүүрэн байх бол Sarbajaya хүү нь
явж өөрөө ганцаарханаа үлдэх гэж буйдаа айж бас гуних ба мөн аавынхаа
мэргэжлийг өвлөсөнгүй гэж хүүтэйгээ муудалцаад амжина. Apu унших тусам
хуучнаасаа, уламжлалаасаа хөндийрч, шинжлэх ухаан, мэдлэгт улам бүр тэмүүлэх
буюу ээжийнхээ хүслээр хувраг болохыг хүссэнгүй өөрийнхөө хүсэл зоригийг даган
хотод мэдлэг эзэмшихийг хүснэ. Их маргааны дараа, мэдээж ээж нь хүүдээ бууж өгч
хураасан мөнгөө сургалтынх нь төлбөрийн хураамжийн хагаст нь өгнө. Apu хот
очоод хүн төрөлхтний мэдлэгтэй танилцангаа хэвлэлийн газарт ажиллаж байрны
түрээсээ төлнө. Нар, сар ээлжилсээр, тэрээр хотын амьдралд дасаж тосгоны
амьдралыг үгүйлэхээ больж эхэлнэ. Ээж нь хүүгээ ирэх болов уу гэж өдөр шөнөгүй
харуулдан харж, захиа байнга бичих бол Apu хааяа нэг захиа бичихдээ баахан очиж
чадахгүй гэсэн шалтаг тоочно. Хүүгээ санаж бэтгэрсэн эхийн эрүүл мэнд үүнээс
болж үлэмж дордсон ч хүүгийнхээ сурлагад муугаар нөлөөлж магадгүй хэмээн эмээж
захиандаа эрүүл мэндийнхээ талаар үл дурдана. Хичээл ном нь цэгцэрч, одоо нэг
ээждээ харьж очтол ээж нь нас барсан, гэр орон нь хоосон хөндий угтана.
Ээжийгээ нутаглуулж, ёс уламжлалын ном гүрэмийг нь хийснийхээ дараа буцаад хот
руу явах замдаа Apu энэ хорвоо дээр ганцаараа үлдсэндээ, ээждээ хань болж
чадаагүйдээ харамсан уйлах ч мөн нэгэн зэрэг эрх чөлөөтэй болсондоо жаахан
жаахан баярлана.
Satyajit Ray энэхүү киногоороо
Уламжлал хийгээд хөгжил дэвшил хоорондын зөрчлийг гүн гүнзгий, ухаалгаар
хөрөглөсөн бөгөөд Apu-ын дүрээр уламжлалт ёсоо дагахуу, орчин үеийн боловсролыг
сонгох уу гэсэн ёс суртахууны сонголтыг үзэгчдэдээ тавихаас гадна мэдлэг
боловсролтой болж буй залуу хөвгүүнээр дамжуулан соёлын, нийгмийн өөрчлөлтийг
харуулахын зорьжээ. Aparajito бол Apu трилогийн хоёрдахь кино буюу трилогийн
хамгийн магадгүй хамгийн чухал, бас хамгийн намтарчилсан бүтээл гэж үздэг.
Өөрөөр хэлбэл Ray өөрийнхөө залуу насны амьдралын зарим туршлага, мэдрэмжээ
энэхүү бүтээлдээ шигтгэж өгсөн байдаг. Кино Pather Panchali-ын шууд үргэлжлэл
ба Bibhutibhushan Bannerjee-ын Aparajito романы эхний хэсгээс ерөнхийдөө
сэдэвлэсэн. Ray трилогийнхоо эхний бүтээлийг хийж эхлэх үедээ үргэлжлэлийг нь
хийх төлөвлөгөөгүй байв. Pather Panchali арилжааны хувьд ашиг олж,
шүүмжлэгчдээс сайшаал хүртсэний дараа Aparajito-г (ялагдашгүй, нугарашгүй гэсэн
үг) хийхэд нь түлхэц болжээ. Ray өмнөх
кинон дээр ажилласнаасаа ялгаатай нь энэ удаа романд илүү үнэнч хандсан агаад
мөн Apu-ын ээжтэйгээ харилцах харилцааг номон дээрхээс өөрөөр дүрсэлсэн буюу
энэ хэсэгт уран бүтээлчийн хувьд зоригтой шийдлийг тусгасан.
Чухам үүнээс болж
өмнөх киноноос нь ялгаатай нь киног орон нутагт сайнаар хүлээж авсангүй. Ray
энэ талаар "хотын захад амьдардаг үзэгчдийн хувьд эх хүү хоёрын харилцааг
нялуун зөөлөн, хайр энхрийллээр дүүрэн уламжлалт ойлголтоос эрс өөрөөр
дүрсэлсэн нь цочирдом зүйл байсан" хэмээжээ. Тэгвэл гадаад улс орнуудын
шүүмжлэгчид киног эерэгээр дүгнэж байв. Кино олон улсаас 11 шагнал хүртсэний
дотор Венецийн кино наадмын дээд шагнал Алтан арслан багтаж байсан бөгөөд тус
наадмаас шүүмжлэгчдийн шагнал ба алтан арсланг хоёулангийн авсан анхны кино
болж байжээ. Энэтхэгийн ахмад кино найруулагч Mrinal Sen уг бүтээлийг
Энэтхэгийн хамгийн шилдэг киноны нэг гэж үздэг ээ хэлсэн байдаг бол кино
шүүмжлэгч Bosley Crowther "Энэтхэгийн зан чанарыг ойлгогдохуйцаар кинонд
ингэж зураглах нь маш ховор мэдрэмж хийгээд ур чадвар бөгөөд Ray тайван,
хүлээцтэй үзэгчдэд зориулсан гипнозизмыг бий болгосон" гэж бичжээ.
Aparajito-ын амжилт Ray-д трилогийн сүүлчийн бүтээл Apu Sansar-г хийх урам
зориг өгсөн ба энэхүү трилоги нь Roger Ebert-ын хэлсэнээр бүх цаг үеийн хамгийн
өндрөөр үнэлэгдсэн гурамсан киноны нэг болжээ. Тэрээр цааш нь "энэ трилоги
нь Канн, Венец, Лондоны кино наадмаас шагнал хүртсэн, уламжлалт мюзикл романтик
хязгаарлагдмал байдлын хүрээнд Энэтхэгийн шинэ кино хөдөлгөөнийг бий болгосон
бүтээл буюу өмнө нь хэзээ ч ганц хүн кино урлагийнхаа соёлд ийм шийдвэрлэх
нөлөө үзүүлж байсангүй" хэмээжээ. Aparajito-г "Pather Panchali"
романы сүүл хэсэг, "Aparajito" романы эхэн хэсгээс тус тус аван
бүтээжээ.
Ray-ын намтар судлаач Robinson-ын хэлснээр энэ кино бол
трилогийн романтайгаа хамгийн наалдаж
өгсөн нь ажээ. Эх роман доторх ээж хүү хоёрын харилцаа Ray-г гайхшруулсан ба
Robinson-ын бичсэнээр; Ray-ын хувьд ээж хүүгийн харилцаа цэвэр сэтгэлзүйн
түвшинд цуурайтаж байсан гэх. Мөн романы зохиолч Banerjee-ын зоримог бөгөөд гүн
гүнзгий илэрхийлэмж Ray-ын сэтгэлийн ихээхэн хөндсөн гэдэг. Үүнд; ээж нь нас
барсны дараа Apu эвгүй, хачин мэдрэмжинд автана, тэгснээ тэр дороо гэнэтийн
чөлөөлөлт шиг нэг тийм баяр хөөрийг мэдэрнэ, ээж хүүгийн харилцааны төгсгөл
ямар нэгэн байдлаар баяр авчрах агаад мэдээжийн хэрэг, хүү ээждээ хайртай
байсан нь ямар ч эргэлзээгүй, гэхдээ ээжийнх нь үхлийн мэдээ түүнд баярлах
мэдрэмж төрүүлнэ; хүү үнэнээс зайлсхийж чадахгүйг Robinson онцолжээ. Ray-ын
эхнэр нөхрийнхөө кино зохиолыг уншаад, энэ чамд асуудал авчирна, манай улс орон
ээжийнхээ үхэлд баярлаж байгаа хүүг хүлээж авах уу гэж хэлэхэд Ray үүнийг нь
хүлээн зөвшөөрөөд за яахав, харж л байя гэж хариулсан гэдэг. Гэхдээ, эцсийн
эцэст кинон дээр Apu ээжийнхээ үхлийн дараа маш ихээр гашууддаг агаад ээжийнх
нь үхэл түүнд маш том цохилт болдог билээ.
Эх романд Leela гэдэг эмэгтэй дүр
байжээ. Энэ Leela-аас болж Apu ээжээсээ хөндийрөн хотод хоргоддог учиртай аж. Ray
эмэгтэй дүрд тоглох жүжигчин уг нь олсон ч хүүхний сүйт залуу нь дургүйцсэн
учраас энэ дүрийг кино зохиолоосоо хасчээ. Leela гэх дүр Apu-г хот руу Тэмүүлэхэд
чухал үүрэгтэй дүр гэж үзэж энэ дүргүйгээр Apu-г хот руу татагдаад байх нь
хиймэл, утгагүй мэт болно гэж бодож байсан хэдий ч хожим кино хийгдэж дуусаад
бэлэн болсон бүтээлээ үзэхэд ямар нэгэн Leela кинонд ерөөсөө үгүйлэгдээгүй
гэдэг. Энэтхэгийн алдарт кино зураглаач Subrata Mitra Apu трилоги дээр
ажилласан бөгөөд Aparajito дээр тэрээр өөрийнхөө анхны техникийн дэвшил гэрлийн
ойлтыг (Bounce Lighting) ашиглажээ. Кино шүүмжлэгч James Berardinelli "энэ
кино 40 жилийн өмнө хийгдсэн ч сэдэв болоод сэтгэл хөдлөлийн агуулга нь орчин
үеийн барууны нийгэмтэй холбогдож байгаа нь гайхалтай хэрэг юм. Aparajito бол
баялаг, яруу найргийн зохиомж нь сэтгэл хөдлөлийн ухаалаг хүүрнэлтэй төгс
нийцдэг гайхамшигтай кино бөгөөд Pather Panchali-г үзсэн хүмүүст Aparajito нь
өөгүй төгс үргэлжлэл болно" гэж бичжээ. Roger Ebert "Apu-ын ээжтэйгээ
харилцах харилцанаас бүх соёл иргэншилд байдаг үнэнийг харж болно. Эцэг эхчүүд
хүүхдийнхээ төлөө олон жил өөрсдийгөө золиослодог боловч цаг нь болохоор, нэг
үгээр хүүхэд насанд хүрээд өөрийнхөө замыг хөөдөг" гэжээ. Венецийн кино
наадмын үеэр шүүгчийн бүрэлдэхүүнд байсан Penelope Houston протокол зөрчин
өөрийн биеэр Ray дээр очоод таны кино гайхамшигтай гэж хэлж байж.
Тэр жилийн
наадамд домогт Akira Kurosawa "Throne of Blood" киногоороо өрсөлдөж,
эл 2 бүтээл ойрхон өрсөлдөж байсан ч Ray ялсан байдаг.
Олон жилийн дараа
Kurosawa-ын охин аавынхаа биширдэг 100 кино жагсаалтыг гаргахад Kurosawa эл
киног жагсаалтадаа багтаагаад бас дээр нь тухайн үед шүүгчид зөв шийдвэр
гаргасан гэж бичсэн байв. Кино судлаачид Aparajito-г Энэтхэгийн орчин үежилт,
үйлдвэржилт нь хувь хүн хийгээд соёлд хэрхэн нөлөөлж буйг үзүүлсэн гэж
дүгнэдэг. Мөн Ray камертаа эхийн гунигласан сэтгэлээс алсад сүүдэртэн үзэгдэх
галт тэрэг гээд үзэсгэлэнтэй олон зураглалыг буулгасан ба Хиндү хөгжим,
байгалийг илтгэх дуу чимээ нь киноны хачин бөгөөд гунигтай мэдрэмжийг өдөөнө
гэж Америкийн шүүмжлэгчид магтаж байв. Өсвөр насны Apu-д тоглосон Smaran Ghosal
нь тухайн үед 14 настай байсан ба дахиад ердөө ганцхан кинонд тоглосон мөн
Ray-ын найруулсан Rabindranath Tagore-ын тухай баримтад кинонд тоглосон бөгөөд
2008 онд Kolkata-д таалал төгсчээ. Уг бүтээлийг кино урлаг дахь цэвэр
Bildungsroman сэдэвт кино гэдэг бөгөөд Martin Scorsese, Abbas Kiarostami, Elia
Kazan болон Wes Anderson нар өөрсдийнх нь бүтээлд Apu трилоги нөлөөлсөн гэж хэлсэн
байдаг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 616-р
байрт жагсаасан байдаг бол Sight & Sound сэтгүүл Apu трилогийг бүх цаг
үеийн хамгийн шилдэг киноны 88-р байрт, Aparajito-г дангаар нь 127-р байрт
жагсаажээ. Тэгвэл The Village Voice сэтгүүл Apu трилогийг зууны шилдэг 250 кино
жагсаалтынхаа 54-р байрт жагсааж байв.
Comments
Post a Comment