Футурист зөнч Жуль Верн

 

 


Жуль Габриел Верн (1828-1905) бол Францын зохиолч, яруу найрагч, мөн жүжгийн зохиолч юм. Тэрээр хэвлэн нийтлэгч Пьер - Жуль Хетзелтэй хамтран "Дэлхийн төв руу аялсан нь", "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", "Дэлхийг тойрсон 80 хоног" зэрэг дэлхий дахины уншигчдын хайртай номууд багтсан "Гайхамшигт аяллууд" цувралыг бүтээсэн билээ. Жуль Верн нь Франц төдийгүй Европын уран зохиолын ертөнцөд чухал байр суурь эзэлдэг бөгөөд уран зохиолын авангард, сюрреализм жанрт үлэмж нөлөө үзүүлсэн гэж үздэг. 

Верний бүтээлийг ихээхэн товчилж бичих, нэлээд өөрчилж орчуулсан хэвлэлүүд юмуу хүүхдийн ном хэмээн гарчигладаг байснаас улбаалж түүний нэр хүнд Англи хэлээр ярьдаг улс орнуудад тийм ч сайн байгаагүй агаад дөнгөж 1980-аад оноос л уран зохиолын нэр хүнд нь сайжирчээ. Верн нь 1979 онд дэлхий даяар хамгийн их орчуулагдсан хоёрдахь зохиолч болсон буюу Агата Кристи болон Уильям Шекспир хоёрын дунд эрэмбэлэгдсэн. Венрийг "шинжлэн ухааны уран зөгнөлт зохиолын эцэг" гэдэг. Мөн энэ алдрыг Х. Г. Уэллс, Уго Гернсбек хоёрт өгсөн байдаг. 
АМЬДРАЛЫН ЭХЭН ҮЕ. Верн 1928 оны 2-р сарын 8нд Францын Нантын хөл хөдөлгөөн ихтэй далайн боомт хотод төржээ. Тэнд тэрээр ирж явах онгоцуудыг мэдээллэх ажил хийдэг байсан нь аялал хийгээд адал явдалт төсөөллийг нь бадрааж өгсөн гэдэг. Дотуур байранд сурч байхдаа тэрээр богино өгүүллэг, яруу найраг бичиж эхлэв. Өмгөөлөгч аав нь том хүүгээ хуулийн чиглэлээр суралцуулахаар Парис руу явуулав. Парист сурч байхдаа Верн уран зохиол болон театрт татагдах болсон бөгөөд Парисын алдартай уран зохиолын салонуудаар байнга зочлох болж, Александр Дюма, мөн түүний хүү багтдаг зохиолч, уран бүтээлчдийн бүлгэмийнхэнтэй нөхөрлөх болжээ. 1849 онд хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан ч Парист үлдэж уран бүтээлчийн хувиар ур чадвараа сайжруулах болов. Энэ явдлаас жилийн дараа түүний нэг үзэгдэлтэй "Эвдэрхий сүрэл" жүжиг тайзнаа тоглогджээ.
 Аав нь Вернийг хуулийн мэргэжлээ сэргээхийг уйгагүй шаардаж байсан ч тэрээр бичгийн ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Верн 1852 онд аавынхаа Нант хотод хуулийн сургалт нээх саналаас нь татгалзсанаас аав хүүгийн харилцаа хурцадмал болж иржээ. Хүсэл эрмэлзлэлтэй зохиолч маань Theatre-Lyrique-д бага цалинтай нарийн бичгийн ажилд орсон агаад хоёр ч жүжиг туурвих боломж бий болсон. 1856 онд Верн хоёр охинтой, залуухан бэлэвсэн Онорине де Вианатай танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болжээ. Хосууд 1857 онд гэрлэсэн ба Верн илүү хүчирхэг санхүүгийн суурь хэрэгтэйг ухааран үнэт цаас зуучлагчийн ажил хийж эхэлжээ. Гэсэн ч тэрээр зохиолчийн замналаа орхисонгүй, тэр жилдээ "Салон" нэртэй анхныхаа номыг хэвлүүлсэн. 1859 онд Верн эхнэрийн хамт Их Британий арлууд руу хийсэн 20 орчим аяллынхаа эхлэлийг тавьсан. Энэхүү аялал Верн-д хүчтэй сэтгэгдэл төрүүлж, "Британиас хойшоо" зохиолоо бичих санаа өгсөн байдаг боловч уг роман бүр хожим түүнийг үхсэний дараа л хэвлэгдсэн байдаг. 1861 онд хосуудын цор ганц хүүхэд болох Мишель нь төржээ. 

УРАН ЗОХИОЛЫН ЗАМНАЛ. Верний бүтээлүүд тухайн цаг үедээ олны анхааралд төдий л өртөөгүй байсан бөгөөд 1862 онд редактор, нийтлэгч Хетзелтэй танилцсанаар замналд том эргэлт тохиов. Верн адал явдалт хүүрнэлтэй шинжлэх ухааны судалгааны "тунг" их хэмжээгээр шингээсэн роман дээр ажиллаж байсныг Хетзел олж хараад түүний энэхүү хэв маягийг хөгжүүлэхэд том дэм болсон. 1863 онд Хетзел "Агаарын бөмбөлөгөөр 5 долоо хоног аялсан нь" романыг хэвлүүлсэн нь Верний "Гайхамшигт аяллууд" цувралын анхны роман болсон юм. Үүний дараа тэрээр жил болгон шинэ ном нийтлэгчдээ бичиж өгнө гэсэн гэрээ байгуулжээ. 1864 онд Хетзел "Ахмад Хаттерасын адал явдал" болон "Дэлхийн төв руу аялсан нь" романуудыг хэвлүүлсэн. 

Мөн тэр жилдээ "Хорьдугаар зууны Парис"-г хэвлэхээс татгалзсан ч 1865 онд Верн "Сар луу хийсэн аялал" романаа хэвлүүлжээ. Адал явдал, аялах дуртай байсан Верн удалгүй хөлөг онгоц худалдаж аваад эхнэрийн хамт далай тэнгист нэлээдгүй цагийг өнгөрүүлдэг байжээ. Британий арлуудаас газар дундын тэнгис хүртэлх янз бүрийн боомтууд руу аялж адал явдал эрэлхийлдэг байсан нь роман хийгээд богино өгүүллэгээ бичихэд нь хангалттай санаа өгдөг байв. 1867 онд Хетзел Верний "Франц ба түүний колониуд" Зурагтай газарзүйн бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд тэр жил Верн ахтайгаа хамт Америкийг зорьжээ. Тэрээр нэгдсэн улсад долоохон хоносон ч гэсэн Америкт хийсэн аялал түүнд удаан хугацааны турш нөлөөлж, дараагийн бүтээлүүдэд нь тусгалаа олсон гэдэг. 1869, 1870 онуудад Хетзел "Усан доогуур хорин мянган бээр аялсан", "Сарыг тойрсон нь" зэрэг бүтээлүүдийг хэвлэв. Энэ үед Верний зохиолууд Англи хэлнээ орчуулагдаж, зохиол бүтээлээрээ ая тухтай амьдрах боломжтой болжээ. 1872 оны сүүлээс эхлэн түүний алдарт "Дэлхийг тойрсон 80 хоног" бүтээл цуврал хувилбараар хэвлэгдэв. Уг романыг анх олны хүртээл болсноос хойш бүтэн зууны туршид театр, радио, телевиз, уран сайхны кинонд хөврүүлэн хийж ирсэн ба 1956 оны киног нь эдүгээ классик гэж үздэг. Верн дараагийн арван жил ч үр бүтээлтэй ажиллаж; "Нууцат арал", 15 настай ахмад" зэрэг романуудаа бичсэн. 

АМЬДРАЛЫН СҮҮЛ ҮЕ БА НАС БАРСАНЫ ДАРААХ БҮТЭЭЛҮҮД. 1870-аад оны үед Верн зохиолчийн хувьд асар их амжилтад хүрсэн байсан ч хувийн амьдралд нь асуудлууд гарсаар байв. 1876 онд эсэргүү хүүгээ засан хүмүүжүүлэх газарт явуулсан бөгөөд Мишелийн асуудал түвэг гаргах асуудал тэглээ гээд багассангүй. 1886 онд зээ дүү Гастон нь Вернийг буудаж улмаар зохиолч маань амьдралынхаа үлдсэн хугацааг доголон өнгөрүүлэхэд хүргэв. Уг явдлаас долоо хоногийн дараа түүний хамтран зүтгэгч, удаан хугацааны нийтлэгч Хетзел нас барсан бол дараа жил нь ээж нь өнгөрчээ. Верн нугарсангүй, бичих, аялахаа үргэлжлүүлсээр байж, энэ хооронд "Байлдан дагуулагч Робур" гэх мэт бүтээлээ туурвьсан. Верний бичих өнгө аяс энэ үеэс илүү хар бараан болж ирсэн ба "Сэнстэй арал" тэргүүтэй бүтээлүүдээрээ технологийн учруулж болох аюулыг сэрэмжлүүлсэн. Францын хойд хэсэгт орших Амьен хотод суурьшсан Верн 1888 оноос хотын зөвлөлд ажиллах болов. Чихрийн шижин өвчнөөр шаналж байгаад 1905 онд Верн гэртээ насан эцэслэжээ. Зохиолч нь үгүй болсон хэдий ч зохиол туурвил нь зогссонгүй; Мишель аавынхаа дуусаагүй гар бичмэлүүдийг хянахаар болж, дараагийн арван жилд олон тооны зохиол бүтээл нь хүүгийнх нь засвар, хараа хяналтан дор хэвлэгдэн гарчээ. 

ӨВ БА ҮНЭЛЭМЖ. Верн нийтдээ 60 гаруй ном бичсэний онцлох 54 бүтээл нь "Гайхамшигт аяллууд" цувралд багтдаг агаад мөн хэдэн арван богино өгүүллэг, жүжгийн зохиол бичсэн. Тэрээр олон арван мартагдашгүй дүр бүтээж, усанд шумбагч, далайн гүний хайгуул, сансрын аялал зэрэг цаг үеэсээ түрүүлсэн олон гайхамшигтай шинэ зүйлсийг төсөөлөн бичсэн юм. Хетзелийн удирдлага дор дебютээ хийсний дараа Вернийг Жорж Санд тэргүүтэй Францын зохиолчид болон шинжлэх ухааны салбарынхан талархан хүлээж авав. Зарим нэгэн нэртэй газарзүйчээс өгсүүлээд шүүмжлэгчид Вернийг өндрөөр хүлээж авсан. Түүний нэр аажмаар уншигчид хийгээд театрт дурлагсдын дунд алдаршиж эхэлсэн буюу "Дэлхийг тойрсон 80 хоног" бүтээлээр нь тавьсан тайзны жүжиг ихээхэн амжилт олж Верн нэг мэдэхэд алдартай зохиолч болсон байв. 

Романууд нь болоод жүжгүүд нь амжилттай борлогдож байх үед орчин үеийн олон шүүмжлэгчид Вернийг академик судалгаанд нийцүүлэн бичдэг нухцтай зохиолч гэхээсээ илүү зөвхөн жанр дээр суурилан өгүүлдэг арилжааны зохиолч гэж үзэх хандлагатай болж ирсэн. Янз бүрийн хэлбэрээр түүний зүй ёсны уран зохиолчийн статусыг үгүйсгэгчид байсны дотор Эмиль Золагийн үл тоомсорлосон шүүмжлэл байснаас гадна Вернийг Academie Francaise-ын гишүүнд нэр дэвшүүлээгүй байдаг. Верн өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч, хожим нэгэн ярилцлагадаа "миний амьдралын хамгийн том харуусал бол би францын уран зохиолын ертөнцөд хэзээ ч байр суурь эзэлж байгаагүй явдал юм" гэсэн буй. Тэрээр өөрийгөө бичгийн хүн бөгөөд уран бүтээлч, идеалынхаа төлөө амьдрагч гэж үздэг байв. Энэхүү хуваагдлаар Вернийг алдартай жанрын зохиолч болгосон ч түүнд таатай ханддаггүй шүүмжлэлүүд үхснийх нь дараа ч үргэлжилсэн бөгөөд эхэн үеийн намтарууд нь Верний бүтээлүүдэд юмуу бичих арга барилд нь бус алдартай хүн гэсэн хэт гоёчилсон товч танилцуулга маягаар бичигддэг байлаа. Үүний зэрэгцээ, түүний романуудын эх хувилбар нь төрсөн нутагт нь хүртэл борлогдох нь буурч, оронд нь хүүхдүүдэд хандсан товч хувилбарууд гарах болсон. 

Вернийг нас барсанаас хойш хэдэн арван жилийн дараа Францад түүнийг "шүтэх" хандлага эрс нэмэгдэж; Верний бүтээлийг уран зохиолын хувьд нухацтай авч үзэх, өөрсдийнхөө анхдагч туурвилд түүний нөлөөг дуртайяа тэмдэглэх судлаачид, залуу зохиолчид олширчээ. Эдгээр сэхээтнүүдийн зарим нь Жуль Верн судлаачдын анхны академик нийгэмлэгийг байгуулсан бол бусад нь олонд хүндлэгдсэн авангард, сюрреалист уран зохиолын зүтгэлтнүүд болсон байдаг ажээ. Тэдний дүгнэлт болоод талархан үзэж буйгаар Верний бичих хэв маягийн шинэчлэл, уран зохиолын сэдэвтээ тууштай байсныг, мөн уран зохиол судлалд асар нөлөөтэй болохыг нь онцлон тэмдэглэсэн буй. 1960-1970-аад оны үеэр Францын нэртэй судлаач, зохиолчдын өргөн хэмжээний судалгааны ачаар Францад Верний нэр хүнд огцом өссөн. Францын уран зохиолын талаар бичдэг сэтгүүлүүд бүхэл бүтэн дугаараа Верн хийгээд түүний бүтээлд зориулж, Марсель Брион, Мишель Фуко, Марсель Лекомте нарын уран зохиолчид түүний талаар эссэ бичиж байв. Энэ давалгаа 1978 онд дээд цэгтээ хүрсэн буюу "Дэлхийн төв руу аялсан нь" романыг Францын их дээд сургуулиудад унших ёстой номын жагсаалтад багтаав.

 Эдгээр үйл явдлаас хойш Вернийг Францын уран зохиолын аварга загасын нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, бүтээлийг нь судлах, шинээр хэвлэх ажлууд тогтвортой үргэлжилсээр байна. Англи хэлээр ярьдаг орнуудад Верний нэр хүнд өөрчлөгдөх нь харьцангуй удаашралтай байлаа. 20-р зууны туршид Англи хэлээр ярьдаг орны ихэнх судлаачид Вернийг хүүхдийн зохиолч, шинжлэх ухаан, технологи гэнэн талыг дэмжигч гэж цоллодог байсан бөгөөд түүний уран зохиолын судалгааны сэдвийн талаар бус Э. А. По, Х. Г. Уэллс гэх мэт англи хэлтэй зохиолчидтой харьцуулах юмуу технологийн "зөнч" гэдэг талаас нь л илүү сонирходог байв. Вернийг ингэж явцуугаар үзэх шалтгаан бол чанар муутай орчуулгаас гадна Америк, Их Британий уншигчид түүнийг холливуудын киногоор нь мэддэг болсонтой холбоотой гэж үздэг ажээ. 1980-аад оны дунд үеэс англи хэл дээр нэлээд сайн орчуулга, судалгаанууд гарч ирсэнээр Верний нэр хүнд Англи хэлээр ярьдаг орнуудад өөрчлөгдөж ирж байна. 

ШИНЖЛЭХ УХААНЫ УРАН ЗӨГНӨЛТ ЖАНРТАЙ НӨХӨРЛӨСӨН НЬ. Вернийн "Гайхамшигт аяллууд" бүтээл ба ер нь шинжлэх ухааны уран зөгнөлт жанр хоёрын харилцаа нэлээд түвэгтэй гэж үздэг. Вернийг Х. Г. Уэллсийн нэгэн адилаар уг жанрыг үндэслэгч гэж өргөмжилж, уг жанрыг хөгжүүлэхэд үлэмж нөлөөлсөн гэдэгтэй маргадаггүй боловч Самосатагийн Лючиан, Вольтер, Мэри Шелли нарыг шинжлэх ухааны уран зөгнөлт жанрыг үүсгэгчид гэж үзэгсэд байдаг, гэхдээ энэ нь тун маргаантай сэдэв юм. Маргааны гол цөм бол Верний бүтээлүүд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол жанрт хамаарагдах эсэх тухай юм. Маурис Ренард түүнийг хэзээ ч шинжлэх ухааны гайхамшигтай өгүүлбэр бичиж байгаагүй гэж хэлж байв.
 Верн энэ талаар хэлэхдээ; өөрийнх нь зохиолууд шинжлэх ухааны үүднээс уншихад зориулагдаагүй, би юуг ч шинээр зохион бүтээгээгүй гэж хэлж байжээ. Өөрийнх нь хэлснээр; түүний зорилго бол дэлхийг дүрслэн харуулахын зэрэгцээ үзэсгэлэнтэй хэв маягаар өндөр дээд идеалыг хэрэгжүүлэх юм хэмээжээ. Түүнийг "футурист зөнч" гэж нэрлэдэг байсан, энэ талаар Верн шинжлэх ухааны хөгжил ба өөрийнх нь "зохиож" бичсэн зүйлс зүгээр л санамсаргүй тохиолдлын давхцал гэж хэлдэг байснаас гадна Верн өргөн хүрээнд судалж уншдаг байсан агаад бичиж эхлэхээсээ өмнө ном, сэтгүүл, шинжлэх ухааны мэдээлэл гээд таарсан болгоноо уншиж тэмдэглэж авдаг байжээ. Америкийн зохиолч Рэй Брэдбюригийн хэлсэнчлэн; бид бүгдээрээ, ямар нэгэн байдлаар Жуль Верний хүүхдүүд юм.

Comments