Холливуудын Генерал Бастер Китон

 

 


Sherlock Jr. (1924), The General (1926), The Cameraman (1928) зэрэг дуугүй кинонуудаараа алдартай Америкийн жүжигчин, найруулагч, кино зохиолч, продюсер, комедиан Buster Keaton-г Entertainment weekly сэтгүүл манай гаригийн хамгийн аугаа кино урлаач жагсаалтынхаа 7-р байрт эрэмбэлсэн байдаг бол Америкийн кино хүрээлэн түүнийг холливуудын классик эриний хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин жагсаалтдаа 21-р байрт жагсаасан байдаг. Keaton бол дуугүй кино эриний том төлөөлөгч, тиймээс ч оргил бүтээлүүд нь 1920-1930 оны хооронд бүтээгдэж байсан бөгөөд ихэнх кинон дээрээ гөлрөнгө, хатуужилтай төрхтэй физикал комедиан дүр гаргадаг байснаас нь үүдэн түүнийг "Аугаа чулуун нүүрт" гэж хочилдог байв. Мөн түүнийг кино урлагийн түүхэн дэх цөөхөн аугаа жүжигчин - найруулагчийн нэг гэж үнэлдэг агаад 1959 онд Оскарын хүндэтгэлийн шагнал авч байсан. Дуугүй кино эрин дуусахтай зэрэгцэн хувийн амьдрал нь бүтэлгүйтэж, нэг хэсэг архинд хүртэл орж явсан Keaton-ын The General киног үзсэн суут Orson Welles  "кино урлагийн түүхэн дэх хамгийн амжилттай комеди кино, магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг кино юм" гэж хэлж байв. Ингээд "Аугаа чулуун нүүрт"-ын амьдрал болоод урлагийн замналтай танилцая.

  Joseph Frank Keaton 1895 оны 10 сарын 4нд нэгдсэн улсын Kansas мужийн Piqua хотод Myra Keaton болон Joseph Hallie Keaton нарын хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх нь явуулын Варьете жүжигчид байв. Keaton-ын эцэг алдарт Harry Houdini-ын хамтаар аялалын шоуны компани эзэмшдэг байсан агаад уг компани мөн эмийн патентай байжээ. Keaton яагаад Buster (гайхалтай зүйл гэсэн утгатай үг) гэдэг хочтой болсон талаар худлаа, үнэн нь мэдэгдэхгүй нэг ийм түүх байдаг; тэрээр Buster хочийн дөнгөж 18 сартай даа авсан буюу бяцхан Keaton өндөр шатан дээрээ унаж, гэхдээ ямар ч бэртэл гэмтэл аваагүй аж. Энэ явдлаас болж эцэг нь түүнийг Buster гэж дуудах болсон гэдэг хожим энэ тухай Keaton ярихдаа; үнэндээ шатнаас унахдаа 6 сартай л байсан агаад Harry Houdini өөрт Buster хочийг өгсөн хэмээжээ. Тэрээр 3 настай даа эцэг эхийн хамтаар тайзан дээр гарч янз бүрийн үзүүлбэр тоглолтууд үзүүлж эхэлсэн. 

Анхны тоглолт нь 1899 онд тохиосон бөгөөд тоглолт ерөнхийдөө комеди жанрынх байж, Keaton тайзны төвд аавтайгаа хамт тоглоход эх нь хажууд нь саксофон хөгжим тоглоно. Тоглолтын үеэр Keaton эцгийнхээ үгэнд орохгүй зөрүүдлэхэд эцэг нь түүнийг шууд үзэгчид руу юмуу хаа хамаагүй тайзнаас гаргаад шидчихдэг байсан гэдэг. Хачирхалтай нь Keaton үүнээс болж бэртэж гэмтэх нь тун ховор байсан агаад эндээс тэрээр хэрхэн аюулгүй унах аргыг олж мэдсэнээр цааш нь улам хөгжүүлжээ. Комедийн энэхүү тогшин хэлбэр нь хүүхдийн хүчирхийлэл гэж буруутгагдаж, үе үе Keaton-ын аавыг баривчилахад хүрдэг байж. Гэсэн хэдий ч Keaton огт хөхөрч няцраагүй, хугарч хэмхрээгүйгээ эрхтэн дархтнуудад харуулж чаддаг байсан. Эцэст нь түүнийг "гэмтдэггүй бяцхан жаал" гэж алдаршуулж,  "урлагийн тайзнаа хэзээ ч байгаагүй хүнд үзүүлбэр үзүүлэгч" гэх зэргээр тоглолтынх нь зар сурталчилгааг хийх болжээ. Олон арван жилийн дараа; өөрт нь хатуу ханддаг байсанд аавдаа гомддоггүй, унах хийгээд физикал комеди нь техникийн зөв зохистой гүйцэтгэлийн асуудал гэж хэлсэн байдаг. 

1914 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр "хугарч, бэртэлгүй унахын нууц бол хөл юмуу гараараа унах юм. Энэ бол чадвар. Би маш багаасаа зөв унаж сурсан болохоор энэ нь миний хоёрдахь мөн чанар болсон. Хэрвээ би яг л муур шиг газардаж чадаагүй бол цөөнгүй удаа үхэхээ шахаж байлаа. Бидний үйлдлийг дуурайгчид үүнийг удаан хийж чаддаггүй, учир нь тэд боловсруулалтыг тэсэж чаддагүй юм" хэмээжээ. 
Аав нь түүнийг тайзнаас шидэхэд үнэндээ түүнд хөгжилтэй санагддаг байсан, зарим үед бүр инээж хөхөрч эхэлдэг байсан гэдэг. Энэ үед харин үзэгчдийн инээд хөөр буурч эхэлдэгийг тэрээр анзаарсан байдаг бөгөөд хожим өөрийнхөө алдарт гөлрөнгө төрхөө бүтээхэд чухал их хэрэг болсон гэдэг. Ингээд төд удалгүй хүүхэд Варьетед тоглож болохгүй гэсэн хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Keaton тоглохоо болив. Нэгэн намтар судлаачийн хэлснээр Keaton-г Нью Иоркт тоглолтоор явж байхад нь сургуульд явуулсан боловч ганцхан өдөр л суугаад хаясан гэдэг.

 Их Британиар аялан тоглолтоор явж байхдаа хуулийн болоод Осолтой үзүүлбэрүүдийг үзүүлж явсан ч Keaton театрын өсч яваа од гэгдэх болжээ. Тэрээр бүр хожим ээжээрээ уншиж, бичихийг заалгасан. 21 нас хүрэх үед нь эцэг нь архинд орж, улмаар гэр бүлийнх нь нэр төрд муугаар нөлөөлөх болсон агаад Keaton эхийнхээ хамт Нью Иоркийг орхин явж, замналаа Варьетегаас кино урлагт шилжүүлжээ. Keaton дэлхийн нэгдүгээр дайнд Франц дахь нэгдсэн улсын 40-р явган дивизид алба хаав. Цэргийн дүрэмт хувцастай байхад нь чих нь өвдөж, сонсгол нь нэлээд муудсан байдаг. 1917 онд Keaton Нью Иорк хотноо кино студийн захирал Joseph M. Schenck-ээр дамжуулан найруулагч Roscoe Arbuckle-тэй танилцсан ба Keaton-ын аав хүүгээ кинонд тоглуулах дургүй байсан бол Keaton ч өөрөө бага зэрэг эргэлзэж байжээ. Гэхдээ анхны уулзалтаас л Arbuckle Keaton-ын үсэрч харайхыг харуутаа жүжигчин болох төрөлхийн авъяастай болохыг нь олж харжээ. 

Keaton анхны The Butcher Boy хэмээх богино хэмжээний киногоороо л өөрийнхөө хосгүй чадварыг харуулсан гэдэг бөгөөд зураг авалт дууссаны дараа анхаарлыг нь маш их татаж байсан киноны камерийг нэг өдөр гуйж аваад буудалдаа очсон хойноо камерийг бүрэн задалчихаад буцаагаад угсарч байсан тийм л сониуч хүн байв. Төдөлгүй тэрээр Arbuckle-ын туслах найруулагч болов. 1920 он гарахад тэрээр Arbuckle-ын 14 богино хэмжээний кинонд тоглочихоод байв. Тэд алдартай байсан бөгөөд Keaton кинон дээрээ байнга л инээж ханиаж байсан боловч хожим эсрэгээрээ "Аугаа чулуун нүүрт" нэрээрээ алдаршсан билээ. Keaton Arbuckle хоёр дотно найзууд болж, Arbuckle-г жүжигчин Virginia Rappe-ын үхэлд буруутгахад Keaton Charlie Chaplin-ын хамтаар Arbuckle-г өмөөрөн хамгаалсан цөөхөн хүний нэг байсан ба  эцэст нь шүүх Arbuckle-г цагаатгасан байдаг. 1920 онд Keaton анхны бүрэн хэмжээний кино болох The Saohead-д тоглосон агаад уг киног New Henriette жүжгээс сэдэвлэжээ. Arbuckle-тэй амжилттай олон кино хийсний үр шим болж Schenck түүнд өөрийн гэсэн кино продакшны баг гаргаж өгөв. Кино хийх эрх мэдэлтэй болсон тэрээр One Week, The Playhouse, Cops, The Electric House зэрэг хоёр дамартай комеди бүтээлүүдийг 1920-1922 оны хооронд хийв. Үүний дараа тэрээр бүрэн хэмжээний кино төсөл рүү оржээ. Keaton бүтээлдээ олон кино зохиолчдтой хамтардаг байсан ч хамгийн бүтээлч хошигнолыг өөрөө зохиодог байв. Алдарт найруулагч Leo McCarey энэ тухай "тэр үед бид бүгдээрээ бусдынхаа хошин санааг хулгайлах гэж оролддог байлаа. 

Гэхдээ хэн ч Keaton-ын санааг хулгайлж чаддаггүй байсан, учир нь тэр хамгийн шилдэг хошигнолуудыг гаргадаг байсан, бид түүнээс санааг нь хулгайлж чаддаггүй байсан" хэмээжээ. Илүү адал явдалтай санаанууд аюултай трюкуудыг уриалан дуудсанаар Keaton бие махбодийн хувьд өндөр эрсдлийн дунд жүжиглэдэг байв. Sherlock Jr. Киноны нэгэн үзэгдэл дээр Keaton хүзүүгээ хугалсан ч тэр үедээ мэдсэнгүй харин бүр хожим олж мэдсэн байдаг бол Steamboat Bill, Jr кинон дээр 2 давхар барилга түүний дээрээс унадаг, энэ сцэн дээр жүжигчин зогсох газраа маш нарийн тооцож дээрээс унах барилгын нээлттэй цонхоор багтаж орох ёстой бөгөөд багахан алдаа гаргахад л 2 тонн барилгад даруулж үхэх эрсдэлтэй юм. Чухам энэ сцэн түүний замналын хамгийн мартагдашгүй дүр төрх болж үлдсэн билээ. Steamboat Bill, Jr, Our Hospitality, The Navigator, Sherlock Jr,  Seven Changes, The Cameraman болон The General бүтээлүүд нь Keaton-ын хамгийн алдартай бүрэн хэмжээний кинонууд юм. The General бүтээлд Америкийн иргэний дайны тухай өгүүлэх ба физикал комеди жанрынх юм. Тус кино тухайн үедээ холимог үнэлгээ авсан, зарим кино сонирхогчид хөнгөн жанрын комеди гэж хүлээж байсан ч тус кино нь нэлээд драматик кино байсан агаад Keaton-ын замналын оргил ажил гэж өнөөдөр үздэг. Энэ кино нь их үнээр бүтсэн эрсдэл байсан учраас Keaton-д хэзээ ч дахиж киног бүрэн хянах эрхийг итгэж өгөөгүй байдаг. Түүний борлуулагч United Artists студи продакшны зардлыг хянаж, зарим үед киноны зохиолд хөндлөнгөөс оролцож эхэлсэн байна. Keaton 2 кинондоо энэ хандлагыг тэвчиж өнгөрүүлээд MGM студитэй гэрээ хийв, ингэснээр тэрээр найруулагчийн хувиар бие даасан байдал нь алдагдахад хүргэнэ гэдэгт хараахан мэдээгүй байсан юм.

 Дуутай кино эрин үе чухам яг Keaton-ын бие даасан байдлаа алдахтай зэрэгцсн ба Ядаж байхад яр гэгчээр хувийн амьдралын асуудлууд нь үүн дээр нэмрээс болсон нь дуутай кино руу шилжих хүслийг нь боож, дуутай кино эрин замналыг нь ерөнхийдөө үгүй хийсэн юм. Keaton 1928 онд MGM-тэй гэрээлэв; энэ шийдвэр хожим өөрийнх нь хэлснээр амьдралынх нь хамгийн муу бизнес шийдвэр болжээ. MGM кино студийн систем түүний бүтээлч чанарыг хязгаарлана гэдгийг хожуу ухаарсан байдаг аж. Spite Marriage нэртэй дуутай кино төслийг Keaton студид өргөн барьсан ч MGM хүлээж авсангүй, ингэснээр тус кино дуугүй кино болж гарсан.Тэгвэл MGM түүний The Cameraman кино төслийг дэмжсэн ч албан ёсны найруулагчаар Edward Sedgwick-г тавьсан, тэгсэн ч уг бүтээл бүхэлдээ Keaton-ынх юм. Уг киноны зарим сцэн аюултай трюк шаардаж байсан тул студийн зүгээс гол мөнгө ологчоо үхүүлчихгүй нь төлөө орлон тоглогчийг бараг хүчээр ашиглаж байв. Гэхдээ бүх зүйл хар дарсан зүүд шиг байсангүй, MGM-тэй хамтарсан он жилүүдэд Keaton замналынхаа хамгийн ашиг орлогтой кинонуудыг хийжээ. MGM нэрт комедиан Jimmy Durante болон Keaton хоёрын хамтралаар 3 ч кино хийснээс What! No Beer? Бүтээл нь Keaton-ын эх орондоо хийсэн сүүлчийн бүрэн хэмжээний кино нь болсон байдаг. Keaton анхны дуутай киноныхоо сцэн болгоныг Англиар, Испаниар, үлдсэнийг нь Франц юмуу Германаар зураглаж байсан бөгөөд жүжигчид нь гадаад хэл дээрх үгнүүдээ авиагаар нь цээжилдэг байсан гэдэг. Keaton хожим хэлэхдээ; муу киноны сцэнийг заавал 3 удаа зураглах ёстой гэж байв. What! No Beer? Кино зураг авалтын үеэр Keaton маш их сэтгэл санаагаар унасан байдаг, кино бэлэн болсны дараа MGM түүнийг халсан боловч кино нь хит болжээ. 

1934 онд Парист бие даасан кино хийх санал хүлээж авав. Мөн тэр үеэр тэрээр Англид кино хийгээд амжсан. 1934 онд тэрээр холливудад дахин ирж Educational Pictures-тэй хамтран хоёр дамартай 16 комеди кино бүтээжээ. Keaton эдгээр киноныхоо хошигнолыг өөрөө бодож олохоос гадна ерөнхий санаагаа эхэн үеийн кинонуудаасаа, Варьетегийн тоглолтуудаасаа дахин боловсруулан сэргээж байв. 1937 онд тэрээр хошин зохиолчоор MGM-д буцаж очсон бөгөөд алдар ах дүү Marx Brothers--ын MGM-тэй бүтээсэн сүүлийн 3 киноны материалыг нийлүүлсэн байна. 1939 онд Keaton-г Columbia Pictures кино студид хөлслөн хоёр дамартай 10 комедид тоглуулжээ. Эдгээр киноны найруулагчаар ихэнхдээ Jules White ажилласан агаад кино нь бүдүүлэг хошигнолтой байв. Columbia Pictures-тэй хийсэн Keaton-ын комедийг үзэгчид сайшаан хүлээж авсан бол шүүмжлэгчид түүнийг сэтгэл татам чанараа бас ч гэж алдаагүй байгааг онцолж байлаа. Студи болон White дахиад хэдэн богино хэмжээний комедийг түүнтэй хийхийг хүссэн ч "дахиж ийм балай кино хийхгүй" хэмээн Keaton татгалзжээ. 1940 онд MGM-ын бүжигчин Eleanor Norris-той гэрлэснээр хувийн амьдрал нь тогтворжсон. Keaton өдрийн цагаар MGM-д хошин зохиол бичиж өгөх юмуу Lucille Ball-д зөвлөгөө өгөх зэргээр илүү амраар амьдрах болжээ. Тэрээр янз бүрийн дүрийг А болон Б хэмжээний бүрэн хэмжээний кинонууд бүтээж эхлэв. 

1946 онд сүүлчийн бүрэн хэмжээний кинондоо гол дүр бүтээсэн El Moderno Barba Azul-д тоглосон бол 1949 оноос түүнийг продюсерүүд илүү нэр хүндтэй кинонд туслах дүрд тоглуулах болсноор шүүмжлэгчид Keaton-г дахин нээсэн гэж үздэг. Ингээд тэрээр In the Good Old Summertime, Sunset Boulevard болон Around the World in 80 Days зэрэг алдартай кинонд жижиг дүрийг бүтээсэн байдаг. In the Good Old Summertime кинонд тэрээр Judy Garland-ын хувийн найруулагчаар ажилласан байна. 1952 онд тэрээр домогт Charlie Chaplin-ын Limelight кинонд жижиг дүр бүтээв; дуугүй кино эриний аугаа 2 жүжигчин анх удаагаа бүрэн хэмжээний кинонд хамтран тоглосон нь энэ болсон агаад өмнө нь 1922 онд зар сурталчилгааны жижигхэн кинонд хамт тоглож байжээ. 1949 онд Keaton комедиан Ed Wynn-ын телевизийн шоунд орсон нь үзэгчдэд хийгээд өөрт нь маш их таалагдсанаар дараа жилээс нь өөрийн телевизийн шоутай болов. Life of Buster Keaton шоу нь улс даяар гарах болов. Тэгж явсаар шоу цуцлагдаж Keaton 1950-1960 оны хооронд хааяа л нэг телевизийн шоунд оролцох болов. Жүжигчин james Mason хожим Keaton-ын байшинг худалдаж аваад тэндээс нэлээд хэмжээний "лаазтай" кино олжээ, энэ дунд Keaton-ын алга болоод байсан классик бүтээл Boat байв. Keaton эндээс зарим киногоо дахин засварласан үүнд; Three Ages, College, My Wife' Relations зэрэг кино багтана. 

1950-1964 оны хооронд тэрээр 70 орчим удаа янз бүрийн телевизийн шоунд орсоноос гадна Colgate, Ford motors болоод Budweiser зэрэг брендүүдийн рекламд тоглов. 1960 онд тэрээр Once Upon A Time гэх Broadway дуугүй мюзикл-д тоглосон бол мөн тэр ондоо Mark Twain-ын "The Adventures of Huckleberry Finn" сонгодог зохиолоос сэдэвлэсэн кинонд жижиг дүр бүтээсэн нь MGM-тэй хамтарсан хамгийн сүүлчийн бүтээл болжээ. Тэгсэн ч гэсэн түүний өргөн дэлгэцэнд дүр бүтээх нь үргэлжилсээр байсан; 1965 онд Канадын үндэсний кино зөвлөлтэй хамтран The Railrodder гэх богино хэмжээний кинонд тоглосон бөгөөд уг киног түүний хамгийн сүүлчийн дуугүй кино гэж онцолдог. 1965 онд тэрээр Alan Schneider-ын найруулсан Samuel Beckett-ын "Film" бүтээлд гол дүр бүтээжээ. Keaton Варьете дахь үеэсээ бусдыг элэглэхийг туршиж эхэлсэн ба түүний ихэнх тоглолт бусдын тоглолтыг элэглэсэн юмуу тэдний өөрт нь төрүүлсэн сэтгэгдлийг илэрхийлэхэд оршдог байв. Keaton Варьете дахь туршлагаа кино урлаг руу шилжүүлэхдээ мелодрамыг голдуу элэглэдэг байжээ. Түүний дуртай бусад "бай" бол кино зохиол, кино бүтэц байлаа. Түүний хамгийн хоржин элэглэл бол 1922 оны The Frozen North кино буюу жүжигчин William S. Hart-ын Вестрен мелодрамыг шоглодог байсан бөгөөд Hart-ын муу хүнээс сайн хүн болж байгаа мелодраматик онолыг "сайн муу хүн" гэж шоглодог байв. Үзэгчид Keaton-ын егөөдлийг таашаан хүлээж авсан ч жүжигчин Hart үүнд гомдсон уу, яасан хэдэн жил Keaton-той огт яриагүй байдаг. 

The Playhouse киногоороо их зантай продюсер Thomas H. Ince-г чимхээд авсан байдаг бол Three Ages бүтээлээрээ D. W. Griffith-ын аугаа "Intolerance" киног элэглэжээ. Кино шүүмжлэгч David Thomson хожим Keaton-ын комедий жанрын талаар "Keaton бол математик хийгээд ухамсаргүйгээс өөр зүйлд итгэдэггүй хүн бөгөөд үргэлж төв тэгшитгэл хайж байдаг тоо шиг юм" гэсэн буй. Gilberto Perez "Keaton-ын том, гүн нүд нь хамгийн уран яруу чанартай буюу түүний харц үл итгэлцлээс хүсэл тэмүүллийн оньсого хүртэл бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг" гэжээ. 1921 онд Keaton жүжигчин Natalie Talmadge-тэй хуримлаж, хосууд Joseph, Robert гэсэн 2 хүүтэй болжээ. Robert төрсний дараа хосуудын харилцаанд ан цав үүсч эхэлсэн бөгөөд Natalie дахиж хүүхэд төрүүлэхгүй гэж шийдсэнээс үүдэж хосууд тусдаа өрөөнд унтах болжээ. Мөн Natalie маш үрэлгэн амьдралын хэв маягтай байсан нь тэднийг салахад хүргэсэн гэдэг. 1920-оод оны эхээр Keaton жүжигчин Dorothy Sebastian-тай болзож эхэлсэн бол 1930-аад оны эхээр жүжигчин Kathleen Key-тэй "явалдаж" байж. 1932 онд Keaton эхнэрээсээ албан ёсоор салсан. Бүтэлгүй гэрлэлт, кино бүтээх бие даасан байдлаа алдсан зэргээс болж сэтгэлээр унасан Keaton архинд живэх болов. Бүр согтуудаа нэгэн сувилагчтай хуримлаж хожим мөн л салсан байдаг. 

Архинаас гарах эмчилгээнд ихээхэн мөнгө зориулсан ачаар архинаас гарав. 1940 онд тэрээр өөрөөсөө 27 насаар дүү Eleanor Norris-той хуримласан агаад Eleanor Keaton-ын амьдрал хийгээд замналыг аварсан юм. Eleanor нөхрөө үхэх хүртэл нь дэргэдээс нь холдоогүй юм. Keaton 1966 оны 2-р сарын 1нд 70 насандаа уушгины хорт хавдраар нас баржээ. Хорт хавдартай гэж өөрт нь огт хэлээгүй, өөрөө бронхитоор өвдөөд эдгэж байна гэж бодсон бөгөөд Keaton эмнэлэгт хэвтэхийг хүссэнгүй гэртээ харихыг хүсчээ. Eleanor-ын хэлсэнээр Keaton үхэхийнхээ өмнөх өдөр найзуудтайгаа хөзөр тоглож, ер нь л нэг үгээр цоглог байсан гэдэг. 1957 онд түүний намтарчилсан уран сайхны The Buster Keaton Story киног бүтээж, түүний дүрд Donald O'Connor тоглов. Харин 1987 онд Buster Keaton: A Hard Act to Follow баримтад киног бүтээсэн нь Emmy-гээс 2 шагнал хүртжээ. 1992 онд олон улсын Buster Keaton нийгэмлэгийг үндэслэж, уг нийгэмлэгийн гишүүд нь жүжигчин, найруулагч, хөгжимчин, зохиолч гэх мэт дан уран бүтээлчдээс бүрддэг ажээ. Salvador Dali эссэндээ Keaton-ын бүтээлүүдийг "анти -артистик"-ын оргил жишээ гээд кинонуудыг нь "цэвэр яруу найраг" гэсэн буй. Кино шүүмжлэгч Roger Ebert "Keaton бол дуугүй кино эриний хамгийн аугаа алиалагч, учир нь тэр юу хийж байгаа нь биш яаж хийж байгаа нь түүнийг аугаа болгодог. Harold Lloyd биднийг инээлгэдэг, Charlie Chaplin бидний сэтгэлийг хөдөлгөдөг, гэхдээ хэн ч Keaton шиг зоригтой биш" гэж хэлж байж.

Comments