Apur Sansar (1959). 1940-өөд оны эхэн үе. Apu эрийн цээнд хүрч, сайхан ч залуу болсон байх бөгөөд Калькуттад нэг өрөө байр түрээслэн амьдарна. Тэрээр сургуулиа амжилттай төгссөн ч үргэлжүүлэн сурч сайн боловсрол эзэмших хүсэл байв ч мөнгөгүй улмаас энэ бодлоо хаяж, гэрийн багшаар алдаг оног ажиллан ядруухан амь зууна. Түүний мөрөөдөл бол өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн роман бичиж, уг роман нь хэвлэгдэж алдарших болой. Нэгэн бороотой өдөр түүнд дээр багын найз Pulu гэгч нь зочлон ирж хамт хоолонд оронгоо ярих юм байна гэнэ. Pulu авгынхаа охины хуриманд очих гэж байгаа, хамт явъя, хөдөө агаарт гарч наад тархи толгойгоо сэргээж үз гэсэн зөвлөгөө маягийн санал тавина.
Apu эхлээд
эсэргүүцэж байснаа найзынхаа хэлснээр агаарт гаръя гэж бодож зөвшөөрсөнөөр
найзууд Khulna гэх тосгон руу аялна
Apu-г Pulu-ын хамаатнууд эелдэг дотноор угтан авах агаад нижгэр хуримын
өдөр ирнэ. Гэтэл ямар гээчийн хараал гэгч нь тохиов гэмээр сүйт хархүү
хуримынхаа өмнөх өдөр гэнэт галзуурчихна; Хинду Уламжлалаар хурим товлосон өдөр
цагтаа заавал болох ёстой ба хэрэв өдөр цаг нь өнгөрвөл сүйт бүсгүй энэ насаа
ганцаараа өнгөрүүлнэ гэж үздэг ажээ. Сүйт бүсгүйн ээж ганц охиноо галзуу хүнд
өгсөнөөс насаар нь ганцаарангийн амьдруулсан нь дээр гэж үзнэ. Нөхцөл байдал
хүндрэв, Apu-г сүйт хархүү болооч гэж Pulu гуйхад Apu тоглож байна уу гээд
уурлана, дараа нь түүнийг тосгоноороо ирж гуйсан ч Apu эсэргүүцэх бөгөөд
боловсролтой түүнд энэ бүхэн харанхуй бүдүүлэг санагдана. Гэвч эцсийн эцэст
сониуч зан, өрөвдөх сэтгэл ялж Apu зөвшөөрсөнөөр тэр ерөөсөө мэдэхгүй охинтой
гэрлэнэ. Хуримын шөнө. Apu одоо эр нөхөр болсон байх агаад түүний эхнэрийг
Aparna гэдэг, тун үзэсгэлэнтэй охин байлаа. Apu өөрийгөө ядуу гээд ийм
амьдралаар амьдарч чадах уу гэхэд Aparna чадна гэх бөгөөд Aparna бол түүний
дэргэд баян айлын хүүхэд байв. Ингээд баян айлын сайхан эхнэрээ Apu гэртээ
аваачихад байрныхан нь шуугин шаагих бөгөөд Aparna умгар ганц өрөөнд орсон хойноо шинэ амьдралаа
бодитоор ухаарсан уу, гэрээ санасан уу чимээгүйхэн уйлна.
Шинэ амьдрал, ажил
үйлсэд дасах гэж хичээвч шалангуй байгаа Aparna-г харсан Apu мөнгийг нь
дийлэхгүй ч зарц авчиръя эсхүл гэрт нь буцаая гэхэд Aparna үгүй зөвшөөрөхгүй.
Өдрөөс өдөрт залуу хосын харилцаа сайжирч, бие биедээ дасан улмаар жинхэнэ хайр
бадамлан цэцэглэж ирнэ. Apu бичиг цаасны ажилд орж, Aparna ээжийнхээ гуйлтаар
хэдэн сар гэртээ хариад ирэхээр болно. Aparna гэртээ харьсан хойно Apu эхнэрээ
тун их санаж, үнэхээр хайртай болсноо ухаарна. Нэгэн удаагийн ээлжит Aparna-ын
захидалд; чиний бичсэн захидлын тоо амласанд чинь хүрэхгүй байна, хэлсэндээ
хүрэхгүй бол би чамтай дахиж хэзээ ч үг солихгүй шүү, хажуу айлын охин өдөр бүр
чамайг харж байхад би чамайг харж чадахгүй байгаадаа атаархаж байна гэх мэт
үгтэй байх агаад Apu үүнийг уншингаа хэмжээлэшгүй жаргалд умбаж байв. Гэвч
жаргалтай өдрүүд богино байдаг шиг, Aparna төрөхийн хүндрэлээр нас барсан ч хүү
нь эсэн мэнд төрсөн гэх мэдээ үүлгүй тэнгэрт аянга буух шиг гэнэт ирнэ. Түүний
мэдэрсэн уй гашуу, зовлон гунигийг бодохоос зүрх шимшрэм. Таван жил өнгөрчээ.
Apu Энэтхэгийг хөндлөн гулд туучиж олдсон бүх ажлыг хийнэ. Түүний хүү Kajar
одоо таван настай ба яг бяцхан Apu болжээ. Хүү тун сахилгагүй тул өвөө нь
байнга зодож, ер нь л хүмүүс ээжгүй аавгүй хүүг дээрэлхэж нүд үзүүрэлнэ.
Kajar-ын байдлыг олж мэдсэн Pulu Apu-г хайсаар нэг юм олж уулзана. Pulu түүнийг
хүү дээрээ оч, аав хүнийхээ үүргийг гүйцэтгэ гэж ятгахад Apu очих дургүй
байгаагаа шулуухан хэлж, мөнгө явуулж байсан, цаашид ч явуулна, очмооргүй
байна, хэрэв энэ хүү байгаагүй бол Aparna минь амьд байх байсан гэж хэлээд
уйлдаг.
Apu одоо роман бичихээ ч бүр мөсөн больж, ерөөсөө тэс өмнөө хүн болсон
байв. Pulu түүнийг яаж ч ятгаад нэмэргүйгээ ойлгоод зөнд нь орхино. Харин
маргааш нь гэхэд Apu хүү дээрээ очсон байх бөгөөд хүүдээ ямар ч гоё тоглоом өгөөд
хүү нь үл тоож, аавынхаа дотносох гэсэн оролдого бүрийг няцааж хүйтэн хандана.
Хүүгийнхээ гомдлыг яаж ч хичээгээд нимгэлж чадахгүйг ухаарсан Apu явахаар болж
замдаа гарна. Apu алхаад явж байсан араас нь нэг хүн дагаад байх шиг
санагдахаар нь эргээд хартал хүү нь нэлээн зайтай зогсож байна.
Satyajit Ray-ын
аугаа Apu трилогийн гуравдахь буюу сүүлчийн кино болох The World of Apu бүтээл
нь Ray-ын нэрийн хуудас болсон яруу найраглаг, намдуухан чанарыг агуулсан.
Неореалистууд шигээр Ray удаан үргэлжилсэн кадр, байршил дээрх зураглал болон
мэргэжлийн бус жүжигчдийг уг кинондоо ашигласан агаад түргэн бус хэмнэл хийгээд
өдөр тутмын амьдралын эгэл жирийн мөчид төвлөрсөнөөр нэгэн гоо үзэсгэлэнтэй
киног бүтээжээ. Кинон дээрх хосууд бараг үг солилцохгүй ч тэдний хайрын
сэтгэлийг Ray тун тансаг бөгөөд мэдрэмтгий буулгаж чадсан. Уг кино нь хүний
төлөв байдлыг гүн гүнзгий, нарийн гаргаж чадсанаараа Robert Bresson, Yasujiro
Ozu нарын ажлыг санагдуулна. Ray уламжлалт ёсоор киногоо Bibhutibhushan
Bandyopadhyay-ын Aparajito романы сүүлийн хагасаас сэдэвлэсэн ба жүжигчин
Soumitra Chatterjee, Sharmila Tagore нарыг кино урлагийн ертөнцөд танилцуулсан
юм.
Ray трилогийн өмнөх 2 бүтээл шигээ энэ кинон дээрээ ч шинэ жүжигчид
тоглуулахыг хүсэж сонгон шалгаруулалт явуулсан аж. Soumitra Chatterjee радиод
ажилладаг байсан ба Aparajito-д өсвөр насны Apu-ын дүрийн сонгон шалгаруулалтад
орсон ч Ray түүнийг дүрд тоглоход арай хөгшин гээд явуулсан ч дотроо тогтоогоод
аваад 2 жилийн дараа насанд хүрсэн Apu-ынхаа дүрийг өгсөн юм. Soumitra өөрөө
мэдээгүй байхдаа The World of Apu-д тоглох эрхээ аваад байсан буюу Ray түүнд
энэ баярт мэдээг Jalsaghar киноных нь зураг авалт дээр ирээд байхад гэнэт
хэлснээр олж мэджээ. Харин эмэгтэй гол дүр Aparna-д тоглох охин олох гэж Ray
нэлээд зүдэрсэн. Тэрээр сонинд 15-17 насны охин шалгаруулж авна гэж зар өгсөн,
зарын дагуу 100 гаран охин ирсэн ч хэн нь ч түүний сэтгэлд хүрээгүй боловч
эцэст нь тэрээр хүүхдийн театрт бүжиглэдэг Sharmila-г олжээ. Soumitra-ын хувьд
ч энэ нь анхных нь кино болсон. Эхлээд тэрээр өөрийн төрх байдлаасаа болоод
жүжигчний замнал сонгох эсэхдээ эргэлзэж байсан агаад кино зураг авалтын эхний
өдөр л тэрээр жүжигчин болохоор эгнэгт шийджээ. Шүүмжлэгчид эл бүтээлийг сэтгэл
өвдөм уй гашуутай, ойн тоонд үлдэх уур амьсгалтай, үзэсгэлэнтэй кадруудтай кино
гэсэн байдаг бол Jean-Luc Godard тэргүүтэй Европын олон кино урлаачид энэ
киноноос ишлэсэн байдаг. Найруулагч Philip Kaufman-ын хэд хэдэн кинонд уг
бүтээл тусгалаа олсон байдаг, мөн Gregory Nava-ын My Family (1995) киноны
төгсгөл тэр чигээрээ уг киног дуурайжээ.
TSPDT сайт уг киног бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 319-р жагсаасан байхад Sight & Sound сэтгүүл шилдэгийн
шилдэг жагсаалтдаа 93-р байрт эрэмбэлжээ. Азийн кино сэтгүүл Cinemaya бүх
цагийн үеийн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 7-р байрт уг киног нэрлэсэн,
харин Movieline сэтгүүл шилдэг 100 гадаад кино жагсаалтдаа багтаасан байна.
Apu-ын эхнэрт тоглосон Sharmila тухайн үед 14 настай байв. Apu-ын ядуу өрөөнд
ордог хэсгийг тэрээр хожим дурсан ярихдаа; кинон дээрх өрөөнд ороод үзүүлдэг
реакц жинхэнэ байсан бөгөөд Ray түүнд ямар ч зааварчилгаа өгөлгүй өрөөнд
оруулж, өрөөний байдлын тухай ямар ч урьдчилсан ойлголтгүй байсан Sharmila-ын
реакцыг харахыг хүссэн. Чухам Ray аяндаа үүсэх түүний сэтгэл хөдлөлийг кинондоо
буулгахыг хүссэн нь оновчтой болжээ. Кино хийх явцад Ray-д нэг асуудал байсан
нь тухайн үед хориглож байсан үнсэлт, тэврэлтийн хэсэггүйгээр хосын дотно
харьцааг буулгах явдал байв. Тэгсэн хэдий ч тэр чадсан билээ.
Comments
Post a Comment