Ф. М. Достоевский "Гэм Зэм"

 




 "Гэм Зэм". Оросын их зохиолч Ф. М. Достоевскийн 1866 оны үед анх Russian Messenger уран зохиолын сэтгүүлийн сар болгоны дугаарт 12 хэсэг болж гарч байсан философи, гэмт хэрэгт жанрын роман. Дараа ганц дэвтэр болж хэвлэгдсэн бөгөөд энэхүү гайхамшигтай роман нь Достоевскийн Сибирийн цөллөгөөс буцаж ирээд бичсэн хоёрдахь бүрэн хэмжээний роман агаад "Гэм Зэм"-г түүний "боловсорч гүйцсэн" үеийн хамгийн анхны аугаа бүтээл гэж үздэгээс гадна ер нь уран зохиолд тохиосон хамгийн төгс бүтээлийн нэг гэж үздэг. "Гэм Зэм" романд Санкт-Петербургт ядуу тарчиг амьдран суудаг, оюутан байсан Родион Раскольниковын мөнгөний төлөө ёс суртахуунгүй мөнгө хүүлэгчийг амийг бүрэлгэх төлөвлөгөө боловсруулж, үүнээс үүдэх түүний сэтгэл санааны шаналал хийгээд ёс суртахууны мухардмал байдлыг харуулна. Аллага үйлдэхээсээ өмнө Раскольников мөнгөтэй болчихвол өөрийгөө ядуурлаас татан аваад аугаа үйлс хэргээ хэрэгжүүлж чадна гэж итгэдэг. Гэвч аллага үйлдсэнийхээ дараа тэрээр төөрөгдөл, параной болон жигшүүрт автдаг. Тэрээр гэм буруутайгаа, хийсэн аймшигт аллагатайгаа тэмцэж, бодит үр дагавартайгаа нүүр тулах үед түүний аллага үйлдэх болсон шалтгаан бүрэн үйрч үгүй болдог.
СУУРЬ ДЭВСГЭР. Достоевский 1865 оны зун яруу найраг, хүн амины хэрэгтэн Пьер Франсуа Ласенерийн хэргээс "Гэм Зэм"-ынхээ санааг олж харжээ. Тэрээр тухайн үед "Архичин" гэх төсөл дээр ажиллаж байсан агаад тус төсөлд; архидан согтуурах тухай, архидалтаас үүдэлтэй бүх асуудлууд болох; гэр бүл, ялангуяа тийм нөхцөлд хүүхэд хэрхэн өсөх гэх мэт сэдвээр бичиж байсан нь "Гэм Зэм"  дэх Раскольников ба түүний гэмт хэргийн түүхэнд "хачир" болсон Мармеладовын гэр бүлийн түүхийн үндсэн сэдэв болжээ. Тухайн цаг үед Достоевский мөнгө зээлдүүлэгчид их хэмжээний өртэй байж, мөн 1864 онд нас барсан ах Михаилынхаа гэр бүлд туслахыг хичээж байв. Олон газраас мөнгө "гуйж" бүтэлгүйтсэнийхээ дараа Достоевский сүүлчийн найдвар болох хэвлэн нийтлэгч Михаил Катковт хандаж тус дэм болохыг хүсчээ. Катков  түүнд Russian Messenger сэтгүүлдээ тууж юмуу өгүүллэг бичих өг гэсэн хариу санал тавьжээ. Дашрамд хэлэхэд Russian Messenger бол Иван Тургенев, Лев Толстой нар бүтээлээ өгдөг нэр хүндтэй сэтгүүл байсан юм. Достоевский 1860-аад оны эхээр Катковтой Полемик мэтгэлцээнд оролцож байсан. Достоевский 1865 оны 9-р сард Катковт бичсэн захидалдаа бичиж байгаа бүтээлийнхээ талаар "гарцаагүй этгээд, агаарт хөвч буй хараахан дуусаагүй санаануудтай залуугийн тухай юм" гэж тайлбарласан байдаг. Тэрээр "радикализм" итгэл үнэмшлийн ёс суртахуун болоод сэтгэлзүйн хор хөнөөлийг судлахаар төлөвлөж, энэ төсөл нь консерватив үзэлтэн Катковт таалагдана гэж боджээ. 1865 онд бичигдсэн захидлууддаа; концептийн чухал өөрчлөлт гарсан буюу "тууж маань роман болсон" гэжээ. 

Үүнээс хойш эл бүтээлийг "Гэм Зэм" роман гэх болжээ. 1866 оны 2-р сард Достоевскийн найз Александр Врангелд бичсэн захидалдаа "11-р сарын сүүлээр зөндөө юм бичиж бэлэн болгосон байсан ч би бүгдийг нь шатаачихлаа. Одоо би үүнийг хүлээж зөвшөөрч байна, би өөрөө дургүй байсан юм. Шинэ хэлбэр, шинэ төлөвлөгөө намайг догдлуулж, би бүгдийг нь шинээр эхэлсэн" гэж бичиж байж. ЗХУ-д нийтлэгдсэн Достоевскийн зохиолуудын бүрэн хэвлэлд редакторууд зохиолчийн "Гэм Зэм"-д зориулсан тэмдэглэлээс найруулгийн олон төрлийн үеийг үйл явдлын ойролцоо дарааллаар нь дахин засчээ. Үүний үр дүнд, анхлан бодож байсан романы хэсэгчилсэн ноорог, мөн текстийн 2 өөр хувилбар гарч ирэв. Эдгээрийг Висбадений хэвлэл, Петербургийн хэвлэл мөн эцсийн төлөвлөгөө гэж тодорхойлсон бөгөөд эндээс нэгдүгээр биеийн хүүрнэгчээс Достоевский гуравдагч биеэс хүүрнэх шинэ аргад шилжсэнээр нэгдүгээр биеийн хүүрнэгчээс харах өнцгийг олж авчээ. Достоевский анхандаа дөрөвдөгч биеэс хүүрнэх төлөвлөгөөтэй байсан; Раскольниковын бичсэн дурсамж, аллагаас 8 хоногийн дараа хэргээ хүлээсэн мэдүүлгээ бичих, аллагаас хойш 5 хоногийн дараа өдрийн тэмдэглэл хөтлөх ба эхний хагас нь дурсамж бол хоёрдахь хагас нь өдрийн тэмдэглэл хэлбэрээс бүтсэн холимог бичвэр аж. Висбадений хэвлэлд аллагийн дараа хүүрнэгч нь ёс суртахууны болон сэтгэлзүйн хариу үйлдэлд бүрэн төвлөрдөг. Энэ нь Достоевскийн Катковт бичсэн захидалд дурдсантай давхацдаг Агаад өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичсэн нь эцсийн эцэст дууссан бичвэрийн 2-р хэсэгтэй тохирдог аж. Достоевский яагаад анхны хувилбараасаа татгалзсан нь таамаг төдий хэвээр байна. Жозеф Фрэнкийн хэлж буйгаар "түүний баатар анх бодож байсан хэмжээнээс нь илүү хөгжиж эхэлсэн байх магадлалтай юм" гэжээ.

 Достоевскийн Тэмдэглэлд бичсэнээр зохиол сайжрах тусам Раскольниковын зан чанарын шинэ талууд гарч ирж байсныг ойлгож, романыхаа бүтцийг энэхүү "хувиралд" нийцүүлэн найруулжээ. "Гэм Зэм"-ын эцсийн хувилбар 1865 оны 11-р сард Достоевский романаа гуравдагч биеийн хүүрнэгчийн өнцгөөс дахин шинээр бичихээр шийдсэн үед л бэлэн бий болсон. Энэ шилжилт нь найруулгийн эхэн үед шатанд тохиосон урт хугацааны хүчин чармайлтын оргил үе байв. Ингээд шийдвэрээ гаргасны дараа Достоевский ноорогоосоо дахин бичиж эхэлсэн бөгөөд эхэн үеийн гар бичмэлийн хэсгүүдээ эцсийн текстэд хялбархан нэгтгэж чаджээ. Ж. Фрэнкийн үзэж буйгаар Достоевский Врангелд хэлсэн шигээ урьд нь бичсэн бүх бичвэрээ шатаагаагүй бололтой. Достоевский хэвлэн нийтлэгч Стелловскийд "Мөрийчин" романаа бичиж өгөх маш хатуу нөхцөлтэй гэрээ байгуулаад байсныхаа хажуугаар мөн "Гэм Зэм" романаа дуусгах гээд тухайн цаг үед маш их дарамтанд байв. Энэ үед хожим түүний гэргий болсон Анна Сниткина түүнд маш их тус болжээ. "Гэм Зэм" романы эхний хэсэг 1866 оны 1-р сард, сүүлчийн хэсэг нь тэр оныхоо 12-р сард тус тус Russian Messenger сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Достоевский романыхаа нэрийг Италийн философич Чезаре Беккариягийн "Гэмт хэрэг ба ял шийтгэлийн талаар" (1764) гэх бүтээлээс авсан агаад энэ бүтээл 1803 онд Орост орчуулагдаж байжээ.


 БҮТЭЦ. Роман тайлал нийлээд нийт 6 хэсгээс бүрдэнэ. "Гэм Зэм" дэх "дотоод хоёрдмол" гэсэн ойлголтыг ном тэгш түвшний бүтэцтэй хэмээн тайлбарладаг. Эдвард Васиолек Достоевскийг бичгийн мастер байсан, өөрийн бичгийн хэл маягийн бүтцийг өндөр түвшинд ухамсарладаг байсан гээд "Гэм Зэм"-ын бүтцийг "навтгай X" гэж зүйрлэсэн буй. Мөн тэрээр цааш нь "романы 1-3 дахь хэсгүүдэд голчлон рационал, бардам Раскольниквыг танилцуулж байна; 4-6 дахь хэсгүүдэд иррационал, даруухан Раскольников гарч ирнэ. Романы эхний хагаст үхэл рүү давших түүний зан чанарын анхны шийдвэртэй зарчмыг харуулах бол сүүлчийн хагаст шинэ шийдвэрлэх зарчмын эхлэлийн давшилтыг харуулна. Харин өөрчлөлт цэг нь романы яг дундаас гарч ирнэ" хэмээжээ. Ийм найруулгийн тэнцвэрт байдлаар романы чухал үзэгдлүүдийг 6 хэсэгт тэгш хэмээр хуваарилжээ. Романы 2 хэсэгт хуваагдсан дахин давтагдах эдгээр үзэгдлүүд нь Дэвид Бетийн хэлсэнчлэн толин тусгал шиг зохион байгуулагдсан ба үүгээрээ романы "зүүн" тал нь "баруун" талын тусгал болох ажээ. Романы 7 дахь хэсэг буюу тайлал хэсэг нь хамгийн их анхаарал татаж бас маргаан дагуулдаг. Зарим шүүмжлэгчид романы сүүлийн хуудсуудыг илүүдэл, уур амьсгалын эсрэг, романыхаа бусад хэсэгтэй таардаггүй гэж шүүмжилж байхад бусад нь энэ хэсгийн зайлшгүй бөгөөд шаардлагатай болохыг нотолсон янз бүрийн схемийг санал болгож Достоевскийг хамгаалдаг. Стивен Касседигийн үзэж байгаагаар "Гэм Зэм" бол бүтцийн хувьд 2 өөр боловч хоорондоо нягт холбоотой; тухайлбал, Грекийн классик төлөвтэй эмгэнэлт хэлбэр болоод христийн шашны сэхээрэх үлгэрлэг хэлбэр юм, гээд цааш нь ийм эмгэнэлт загварын логик шаардлагыг "Гэм Зэм"-д тайлалгүйгээр хангаж болно гэж дүгнэжээ. Мөн тэрээр; үүний зэрэгцээ, энэхүү эмгэнэлт байдал нь христийн шашны элементийг агуулж, энэ элементийн логик шаардлагыг зөвхөн тайлал дахь сэхээрэлт л илэрхийлж байна гэжээ. 

СЭДЭВ. Достоевский Катковт бичсэн захидалдаа; анхны төлөвлөгөө нь илүү амбицтай бүтээл болон хөгжсөний дараа ч гэсэн энэ бүтээлдээ үнэнч хэвээр үлдсэн нь өөрт нь урам зориг өгсөн буюу энэ нь Орсын нихилизмийн сургаалиас үүдэлтэй муу үр дагаварыг эсэргүүцэх хүсэл эрмэлзэлээ дурджээ. Достоевский романдаа, утилитарианизм болон рационализмын хор уршгийг нарийвчлан тодорхойлсон бөгөөд үндсэн санаа нь радикал үзэлтнүүдэд урам зориг хайрласан "Газар дороос бичсэн тэмдэглэл" бүтээлээрээ аль хэдийнээ хатуу шүүмжлэл хүртээд байсан маргааныг үргэлжлүүлсэн. Достоевский "Гэм Зэм" бүтээлийнхээ дүрүүдээр, харилцан яриагаар, өгүүлэмжээрээ Өрнөдийн үзэл санааны эсрэг Аргумент гаргаж тавьсан. Тэрээр николай Чернышевский зэрэг хувьсгалт философичдын үед хөгжиж, рационал эгоизим гэдгээрээ танигдах болсон Францын утопиан социализм ба Бентамын утилитарианизмын онцгой Орос холимог руу дайрсан юм. Достоевский нихилист санааг туйлын үр дагаварт нь хүргэж байсан тул радикал үзэлтнүүд өөрсдийгөө романы хуудсан дээрээс олж харахаас татгалзаж байж. Димитрий Писарев Раскольниковын санааг тухайн цаг үеийн радикал үзэлтнүүдийнхтэй адилтгаж үзэж болно гэвэл ёстой хөгийн хэрэг болно гэж дүгнэж байв. 

Радикал үзэлтнүүдийн зорилго нь алтуирст болон хүмүүнлэг боловч тэд ухамсарт найдаж, мөн аажмаар христийн шашны энэрэх сэтгэлийг зогсоох байсан юм. Чернышевскийн утилитариан ёс зүй нь хүмүүний бодол хийгээд хүсэл физикийн шинжлэх ухааны хуулиудад захирагдана гэсэн санааг дэвшүүлсэн. Харин Достоевский ийм санаанууд нь хүнийг физик, хими, биологийн бүтээгдэхүүнээр хязгаарлаж, аяндаа үүссэн сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг үгүйсгэдэг гэж үзжээ. Оросын нихилизм нь хамгийн сүүлийн үеийн олон янз байдлын хувьд найдвартай ирээдүйг даатгах дээд зэргийн элит хүмүүсийг бий болохыг уриалсан юм. Раскольников бол ийм идеад агуулагдаж болзошгүй гамшигт аюулын жишээ болно. Орчин үеийн судлаач Ж. Фрэнк хэлж байна "түүний дүрийн ёс суртахуун - сэтгэлзүйн араншин нэг талдаа угаасаа энэрэх сэтгэлтэй, өрөвч, бусдыг ойлгодог бол нөгөө талдаа хүлцэнгүй олныг жигших үзэн ядалтандаа автсан бардам, идеалист эгоиист буюу энэ хоёр чанарын дундах гаж үзэгдэл" ажээ. Романы эхлэл хэсгийн Раскольниковын дотоод зөрчлөөр түүний гэмт хэргийг утилитар-алтуист үзлээр зөвтгөхөд хүргэж байна; хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхийн тулд "хэрэггүй" бөгөөд ёс суртахуунгүй хөгшин мөнгө хүүлэгчийг яагаад алж болохгүй гэж, Достоевский энхүү утилитариан үзлийн хэв маяг өргөн тархаж, нийтлэг зүйл болсныг харуулахыг хүсчээ.

 Ийм радикал бөгөөд утилитариан санаанууд нь Раскольниковын төрөлхийн эгоизмийг бадрааж, хүмүүний дорд чадвар, санааг үл тоомсорлох явдлыг нь зөвтгөхөд дэм болдог. Тэрээр олон түмний сайн сайхны төлөө өөрийгөө бусдыг алах ёс суртахууны эрхтэй гэж үздэг Наполеоныг ихээхэн сонирхож, үнэхээр ч түүний "Наполеонтой төстэй" төлөвлөгөө нь нарийн тооцоотой утилитарианизмаар өөрийгөө хуурсан эцсийн дүгнэлт болох аллага руу хөтөлнө. Петербургийг дүрслэхдээ Достоевский Раскольниковын нүдэн дээр урсан өнгөрч буй хүмүүний ядуу, хөөрхийлтэй амьдралыг онцолжээ. Тэрээр Раскольникрвын Мармеладовтой уулзах уулзалтаар христийн шашны ядуурал болоод хөөрхийлтэй байдалд хандах Раскольниковын итгэл үнэмшилгүй сэтгэлийг эсрэгцүүлэхэд ашиглажээ. Достоевский Раскольниковын дэвшүүлсэн ёс суртахууны "эрх чөлөө" бол "өмнөө үнэт зүйлс агуулаагүй учраас ямар ч үнэт зүйлгүй" буюу аймшигт эрх чөлөө гэжээ. Энэхүү "эрх чөлөөг" өөртөө зөвшөөрөхийн тулд Раскольников өөрийнхөө, нийгмийн, бурхны эсрэг мөнхийн бослого гаргаж байна. Тэрээр өөрийгөө хангалттай болсон, хангалттай бие даасан гэж боддог боловч эцэст нь, өөртөө хязгааргүй итгэх итгэл нь өөрөөс нь аугаа зүйлийн өмнө алга болох ба өөрийнх нь зохиосон зөвтгөл бурхны дээд шударга шүүхийн өмнө үгүй болох ёстой. Достоевский "өвдсөн" Оросын нийгмийг үндэсний онцлог, шашин шүтлэг, үндэс язгуураа дахин нээх замаар сэргээн босгож, шинэчлэн гэж уриалж байв. 

ХЭВ МАЯГ. "Гэм Зэм" роман нь бүхнийг мэдэгч гуравдагч биеэс бичигдсэн. Голчлон Раскольниковын өнцгөөс хүүрнэх боловч заримдаа Свидригаилов, Лужин, Разумихин, Соня, Дуня зэрэг бусад дүрүүдийн үзэл бодол руу шилждэг. Хүүрнэгчийн гол дүрүүдийн ухамсар болоод үзэл бодолтой маш нягт уялдуулсан энэхүү хүүрнэх арга техник нь тухайн цаг үедээ анхных байв. Ж. Фрэнкийн тэмдэглэж байгаагаар; Достоевский дурсамжийн хугацааны шилжилт, үзэгдлүүдийн цаг хугацааны дарааллыг чадварлаг зохицуулсан нь Хенри Жеймс, Жозеф Конрад, Виржиниа Вулф болон Жеймс Жойс нарын сүүл үеийн туршилтуудад дөхөж эхэлжээ. 19-р зууны уншигчид илүү эмх цэгцтэй, шугаман хүүрнэлтэй дүрслэлд дассан байв. Энэ нь Достоевскийг замбараагүй, хайнга бичдэг гэсэн домгийг тууштай үргэлжлүүлжээ. Достоевский ярианы янз бүрийн хэв маягийг ашиглаж, дүрүүдээс хамаарч өгүүлбэрийн хэмжээг янз бүрээр бичсэн. Дүр эсгэж ярьдаг хүмүүс, жишээ нь Лужин гэх мэт дур татмааргүй хүмүүсийг тодорхойлдог. Мөн хатагтай Мармеладовын оюун ухааны бутрал түүний хэл ярианд тусгалаа олжээ. Оросын эх бичвэрт томоохон гол дүрүүдийн нэрс хоёрдмол утгатай байдаг ба орчуулгын явцад хэлний бүтэц, соёлын ялгаатай байдлаас болж Орос хэлний нарийн утга учир нь голдуу алдагддаг байна. 


СИМБОЛИЗМ. Романы 1-р хэсгийн 4 дэх бүлэгт; ташуурдуулж буй Гүүний тухай зүүдний үзэгдлээр романы бүхий л илэрхийлэмжийг бүрэн дүүрэн дүрсэлдэг. Зүүдний хэсэгт эзэн нь хэрэггүй болсон Гүүгээ үхтэл нь зодож буй харгислал Раскольниковын хүүхэд нас дүрслэгддэг бөгөөд эл шийтгэлээр жигшүүрт сэдэл, жигшүүрт нийгэмд сэтгэл хангалуун байгааг бэлгэддэг. Раскольниковын жигшил, аймшигт хэрэг нь түүний зөрчилдөөнтэй зан чанар, гэм буруугийн мэдрэмж, мөн нийгмийг үл тоомсорлож, өөрийгөө нийгмээс дээгүүр ер бусын хүн гэсэн үндэслэлээр өөрийнхөө аллагийг зөвтгөх ойлголт нь романы гол сэдэв юм. Зүүд нь сэрэмжлүүлгээс гадна түүний аллагийн төлөвлөгөөтэй харьцуулагддаг. Родион Петербургийн дарамттай халуун бөгөөд тоос шорооноос гараад сэргэм сайхан арлын ногоон байгууламж руу орох гүүрээр гарсны дараа зүүд тохиолддог. Энэ нь оюун санааны огтлолцолыг бэлгэддэг бөгөөд Раскольников зүүд зүүдлэвэл тодорхой байдалдаа эргэж ирнэ гэсэг үг юм. Энд тэрээр хүүхэд насныхаа гэнэн цайлган байдалд буцан орж, тариачин хөгшин Гүүг үхтэл нь зодохыг харна. Раскольников сэрсэнийхээ дараа зүүдээ "үнэхээр аймшигтай зүүд" гэдэг, энэ нь тэр өмнө нь хөгшин эмэгтэйг алах төлөвлөгөөгөө ийнхүү тодорхойлж байсан нэр томьёо юм. Үйл явдал нээгдэж аймшигтай зүйлийг зүүдэндээ олж харж байгаа түүний хүүхдийн гэнэн цайлган байдалдаа зууралдаж байгаа хэсгийг илтгэх боловч нөгөө хэсгийг нь хүнд хэцүү, тусгаарлагдсан байдлаасаа болж хүйтэн, мэдрэмжгүй болж байгаа тариачид илэрхийлнэ. 

Хэрцгий нядлагааны өмнө тариачдын инээж буй нь тэдний зовлонг мэдрэхээ байсныг илтгэх агаад энэ нь Раскольниковын өөрийнх нь нөхцөл байдлын тусгал болно. Гол тариачин Миколка адуугаа алах зүй ёсны эрхтэй гэдгээ мэдэрдэг нь Раскольниковын "гэмт хэрэг үйлдэх эрхтэй" сонгогдсон ер бусын хүмүүсийн онолтой холбогдож байна. Хөгшин Гүүг зүүдэндээ хэрцгийгээр нядалж буй нь Раскольниковын гэмт хэргийн санааны харгис байдлыг харуулж, хөгшин эмэгтэйг "адгийн новш" гэж хүмүүнлэг бусаар тодорхойлох гэсэн түүний оролдлогыг тайлбарлана. Сэрүүн байхдаа тэрээр хөгшин эмэгтэйг өөрийнхөө ер бусын хүний онолын тууштай итгэн үнэмшлээр бий болгосон муу муухай байдалд тохируулан хардаг. Онол зүүдний төлөвт хүчээ алдахад далд ухамсарт дурсамж болон мэдрэмжүүд өөрсдийгөө илчилж, мөн түүний санааны аймшигт шинж чанар гарч ирдэг. Тиймээс Раскольников аврагдахын тулд онолоосоо татгалзах ёстой. Төгсгөлийн хуудсуудад, Раскольников шоронгийн эмнэлэгт байгаагаар гардаг агаад Орос ба Европ руу дорно зүгээс нэвтэрсэн "шинэ"  санаануудад зориулсан утгагүй санал зөрөлдөөн, фанатик үзлийн тархалт болох нихилизмын тахлын тухай халууран зүүдэлж байдаг. Эдгээр санаанууд нь энгийн эрэгцүүлэлд халдаж, нийгмийг мөнхөд үймүүлдэг. Достоевский Оросын уран зохиол, нийгэмд нэвтэрч буй шинэ улс төр, соёлын нихилист санаа нь хэдэн арван жилийн өөрчлөлт авчирч, тэрээр насан туршдаа мэтгэлцээн өрнүүлэх санаа гэж бодож байжээ. " долдугаар сарын шинэдийн аагим халуун үес, орой болохын алдад нэгэн залуу С-ийн хөндлөн гудамны хөлсний умгар байрнаасаа гарч, К-ийн гүүр рүү эргэж хургах мэт зугуухан алхана".

 Романы энэ нээлтийн өгүүлбэр бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг; Оросын шүүмжлэгч Вадим К. Кожинов "онцгой халуун үдэш"-г дурдсан нь зуны дунд үеийн Санкт-Петербуркийн бөгчим уур амьсгалыг хэлснээс гадна мөн гэмт хэргийн өөрийнх нь муу ёрын уур амьсгалыг хэлж байгаа" гэжээ. Достоевский хотын амьдралын бэлгэдлийн боломж, хотоос гаргаж болох зураглалыг анх ойлгосон хүмүүсийн нэг юм. И. Ф. Ивнин "Гэм Зэм"-г Оросын хамгийн аугаа роман гэж үздэг ба "бохир уушийн газар, гудамжууд, ядуусын бохир заваан арын өрөөнүүд зэрэг үйл явдлын уур амьсгал нь гайхалтай" хэмээжээ. Достоевскийн Петербург бол бүрэн өөрчлөгдөшгүй ядуурлын хот юм; энд сүр жавхлангийн орон зай байхгүй, учир нь сүр жавхлан бол абстракт хэлбэртэй, Хүйтэн, гаднах зүйл ажээ. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж болон талбай, хуучирсан байшингууд, уушийн газрууд, мөн дуу чимээ, үмхий самхай үнэр; энэ бүгдийг Достоевский оюун санааны нөхцөлд зориулсан зүйрлэлийн баялаг дэлгүүр болгон хувиргасан болно. 

ҮНЭЛЭМЖ. "Гэм Зэм"-ын эхний хэсэг Russian Messenger сэтгүүлийн 1.2-р сарын дугаарт нийтлэгдэж олон нийтээс сайшаал хүртсэн. Консерватив бичгийн хүн Николай Страхов дурсамж номондоо 'Гэм Зэм" роман 1886 оны уран зохиолын сенсаац байсан гэж бичжээ. Лев Толстойн "Дайн ба Энх" тухайн үед мөн Russian Messenger сэтгүүлд цувралаар гарч байжээ. Удсан ч үгүй роман либерал, радикал шүүмжлэгчдийн шүүмжлэлийн "бай" болов. Г. Ж. Елисеев Оросын оюутны байгууллагыг хамгаалж "Оюутан дээрэм хийх зорилгоор хүний аминд хүрч байсан хэрэг ер нь гарч байсан юмуу?" Гэж байлаа. Урлахуйн үнэ цэнийг мэддэг Писарев Раскольников бол хүрээлэн буй орчныхоо бүтээгдэхүүн гэж тодорхойлж, уг бүтээлийн гол сэдэв нь ядуурал ба ядуурлын үр дүн гэжээ. Мөн тэрээр романы үнэ цэнэ бол Достоевскийн орчин үеийн нийгмийн бодит байдлыг яв цав хөрөглөсөн гэж тодорхойлжээ. Харин Страхов Писаревын санал болгосон хүрээлэн буй орчны детерминизмын сэдэв нь романд чухал гэснийг үгүйсгээд Достоевскийн баатартаа хандах хандлага нь симпатик чанартай байгааг онцлосон; "энэ бол залуу үеийнхнийг тохуурхсан явдал биш, бас зэмлэл, ялласан хэрэг ч биш, энэ бол уй гашуу юм" хэмээжээ. Соловьевын дүгнэснээр нийтээрээ романы утгыг ойлгоход бүтэлгүйтсэн ч гэсэн утга нь тодорхой бөгөөд энгийн ажээ. 1880-аад оны үед Оросын уран зохиолд давамгайлж байсан симболист хөдөлгөөн эхэн үе "Гэм Зэм"-ын бүдүүлэг реализм хийгээд оюунлаг чадварт бус илүү гоо зүйн асуудалд нь анхаарлаа хандуулж байсан боловч 1900-аад оны шинэ үеийн симболистуудын дунд мистизмын хандлага давамгайлах болсноор романыг оюун санаа болоод утга учрын диалектикийн хандлагаар дахин үнэлэхэд хүргэжээ. Сонягийн дүрээр ортодокс эмэгтэй хүний ариун цэцэн үзэл санааг болон Оросын ардын аман зохиолын дэлхийн Эхийг нэгэн зэрэг илэрхийлсэн гэж дүгнэдэг. Раскольников бол дэлхийн Хүү юм. Түүний эгоист хүсэл эрмэлзлэл нь түүний хүч чадлынх нь эх үүсвэрээс хөндийрүүлсэн санаа, үйлдэл рүү хөтөлдөг бөгөөд "Эх" түүнийг аймшигтай гэм буруугаас нь чөлөөлөхөөс өмнө "Хүү" түүний өмнө бөхийх ёстой. Философич, ортодокс теологич Николай Бердяев Соловьевын болоод симболистуудын романд хандах оюун санааны ач холбогдлыг дэмжиж, үүнийг орчин үеийн хүний өөрийгөө бурханчлан үзэх их зан юмуу эсхүл өөрийгөө батлах замаар бусдын аминд хүрэх гэж нэрлэжээ. 

Раскольников алах эрхтэй юу гэсэн өөрийнхөө асуултад өөрийн дур зоргийн хүслээр хариулсан, харин Бердяевын үзэж буйгаар энэ асуултад зөвхөн бурхан л хариулах боломжтой ажээ. "Гэм Зэм" роман нь 20-р зууны Европын соёлын хэд хэдэн хөдөлгөөн, ялангуяа Блумсбюригийн бүлгэм, психоанализ, экзистенциализм зэрэгт чухал нөлөө үзүүлсэн бүтээл юм. З. Фройд Достоевскийн бүтээлүүдийг өндрөөр үнэлдэг байсан бөгөөд түүнийг дагагчид Раскольниковын сэтгэлзүйд тайлбар хийхийг оролдож байсан. Экзистенциалистуудаас Камю, Сартр нар Достоевскийн нөлөөг хүлээн зөвшөөрсөн байдаг. "Гэм Зэм" шашны мистизм  болон психоанализтай холбогдож байсан тул ЗХУ-д романы хэлэлцүүлгийг зогсоож байв; Раскольниковын нөхцөл байдлыг нийгэм-эдийн засгийн шударга бус байдалд үзүүлэх хариу үйлдэл гэж тайлбарлах нь Писаревын санаатай нийцэх хандлагатай байжээ. Достоевскийн бүтээлүүдийг хамгийн ул суурьтай судалсан гэж үнэлэгддэг Михаил Бахтины "Достоевскийн яруу найргийн асуудлууд" бүтээлд; Достоевскийн баатруудыг урьд өмнө байсан философийн өнцгөөс ойлгох, эсхүл сэтгэлзүйн анализ хийхийн тулд хувь хүнийг "обьект" болгон ойлгох оролдлого нь түүний онцгой "урлахуйн барилгад" нэвтрэх оролдлогыг үргэлж бүтэлгүй болгодог гэжээ. Раскольников гаднах харилцаанаас татгалзаж, шаналгаат дотрох диалогийг сонгодог; зөвхөн Соня л харгис хэрцгий байсан ч түүнтэй үргэлжлүүлэн харилцах чадвартай байдаг бөгөөд Сонятай ярилцахад нээлттэй байгаа нь түүнийг "бодит амьдралын харилцаа холбооны босгыг давах боломжтой байгааг харуулна.

Comments