Бүх хүүхнүүд үүнийг хийдэг

 

 


Closer (2004). Лондоны хөл хөдөлгөөн ихтэй гудмаар залуухан бөгөөд үзэсгэлэнтэй хүүхэн өөдөөсөө ирж яваа, өөрийг нь нэвт шувт шахуу ширтэх аятайхан залууг харж инээмсгэлж байгаад машинд мөргүүлчихнэ. Хүүхэн үнэндээ залууг харж явж байгаад машинд мөргүүлсэн бус харин Лондоны замын хөдөлгөөнд дасаагүй учир ийнхүү осолдсон ба хүүхэн бараг л залуугийн хөл дор унаж, залуу сандран очиход өөдөөс инээмсэглээд "сайнуу, үл таних хүнээ" хэмээдэг.

 Залуу түүнийг эмнэлэгт аваачсанаар тэдний үерхэл эхлэх ба залууг Dan гэдэг, амжилт хараахан олоогүй байгаа зохиолч, хоолоо олж идэхийн төлөө сонинд гашуудлын мэдээ бичээчээр ажиллах бол хүүхэн өөрийгөө Alice гэж танилцуулах бөгөөд саяхан Америкаас ирсэнээ хэлнэ. Тэднийг танилцаж, улмаар хамт амьдрах болсноос хойш жил өнгөрсөн байна. Dan Alice-ын амьдралаас сэдэвлэн ном бичсэн бөгөөд номынхоо сурталчилгаанд зориулж гэрэл зураг авхуулахаар танил гэрэл зурагчин хүүхэн Anna-ын ажил дээр ирсэн байна. Dan аль дээрээс Anna-г хүсэж мөрөөдөх болж, зураг авалтын үеэр тэдний уруул ухамсараа ялж уулзалдана. Anna Dan-г найз охинтой гэдгийг мэдэнгүүтээ үнсэлт буруу байсан, ер нь ингэж болохгүй гэж буруушаана. Энэ үед Alcie тэдэн дээр ирнэ; Dan найз охиныхоо дэргэд ч сиймхийг ашиглан Anna-д сээтэн хаясаар л байна. Ингээд Dan явсан хойгуур Alice Anna-гаар хөрөг зураг даруулахыг хүсэж, зураг дарж байх үеэр найз залуу болон Anna-ын яриаг сонссон болохоо хэлнэ. Энэ явдлаас хойш дахиад нэг жил өнгөрчээ. Dan секс чатаар тэнэж байгаад Larry гэгчтэй танилцаж, өөрийнхөө нэр, төрх байдлыг, нэг үгээр өөрийгөө Anna болгон танилцуулаад аквариумд болзохоор болно, бас чатаар секс хийж дүрсгүйтэнэ. 

Эмч мэргэжилтэй Larry болзсон газраа очиход үнэхээр ч Anna байж байх нь тэр, Anna аквариумд байнга очдогийг Dan мэддэг учир тус газрыг зориуд сонгосон нь илт байна. Larry Anna дээр хүрч очоод чатын секс, хэрхэн танилцсан энэ тэрээ хэлээд бараг л одоо шууд буудал орьё гэхэд Anna түүнийг тоглоом шоглоом болсныг, мөн тэгж даажигнасныг ч хэлнэ. Anna, Larry хоёр танилцаж, нэг гэртээ орсноос хойш дөрвөн сар өнгөрчээ. Anna-ын гэрэл зургийн үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэн дээр Dan, Alice хоёр ч мөн байх агаад Larry Alice-тай танилцана. Alice, Dan хоёрын талаар Larry-д Anna ярьж амжсан байсан учир Larry Alice-г тун сонирхоно. Dan зүтгэсээр байгаад Anna-г үгэндээ ч, өвөртөө ч оруулж амжсан буюу Anna Larry хоёр хуримлаад хагас жил өнгөрөөд байтал тэд нууцаар явалдаад жил орчим болжээ. Эцэст Dan бас Anna хоёр өөрсдийн харилцааг, өөрсдийг нь хуурч ирснээ, мөн бие биедээ хайртайгаа Alice, Larry нарт хэлнэ. Салалтаасаа хойш Alice тайчигч клубт тайчигчаар ажиллах болжээ. Нэг өдөр түүнд дээр өөртэй нь нэгэн адил хууртагдаж хаягдсан Larry санамсаргүй орж ирнэ. Согтуу Larry Alice-гаас зогсоо зайгүй жинхэнэ нэрээ хэлэхийг хүсэж, хүссэн хэмжээгээр нь мөнгө өгсөн ч Alice өөрийгөө Jane Jones гэж танилцуулсаар байдаг бөгөөд Larry хүүхнээс бэлгийн харилцаа хүсэхэд Alice татгалздаг. Хэсэг хугацаа өнгөрчээ. Dan Anna нар хайрын жаргалдаа умбаж байлаа. Anna салах бичигт Larry-ын гарын үсгийг авахаар уулзахад Larry эцсийн удаа секс хийвэл, нэг л удаа өөрийгөө янхан шиг надад эдлүүлбэл амьдралаас нь нэг мөр яваад өгөхөө амална. Тэр оройдоо Anna Dan хоёр болзоотой байсан агаад Anna Larry-тай чухам юу болсноо Dan-д бүх үнэнээ хэлээд одоо би бүрэн чинийх гэхэд Dan уурлаж, дахиж чамд итгэж чадахгүй гээд явж одно. 

Dan Larry дээр очиж уулзана; Anna хэзээ ч салах өргөдөл авчраагүй гэж Larry Dan-д хэлж, миний хөгшин Alice руугаа буцаа гэж зөвлөнө. Гэтэл Dan Alice-г хаана байгааг мэдэхгүй гэхэд Larry хаана байгаагийн хэлээд Alice-тай чинь би хурьцал үйлдсэн шүү гэдгийг хэлж орхино. Alice Dan нар дахин нийлжээ. Тэд буудалд тэврэлдэн хэвтэх бөгөөд яг 4 жилийн ойн тохиож байлаа. Тэдний яриа, өөрөөр хэлбэл Dan яриаг Alice-г Larry-тай хурьцсан уу гэсэн асуултад хүрч ирэх агаад Alice эхэндээ үгүйсгэж байсан ч Dan тамхилахаар гараад буцаж ирэхдээ сарнай барин орж ирэхэд Alice би чамайг дахиж хайрлаж чадахгүй, би Larry-тай хурьцсан гэдгээ улайна. Dan энэ бүгдийг чинь мэдсэн, би чамайг уучилсан гэсэн ч Alice түүнийг хүлээж авдаггүй. Киноны төгсгөлд Larry Anna нар нэг оронд унтаж байхад Alice Лондоноос буцаад Америк руугаа нисэх гэж байх агаад пасспорт дээрх нэр нь Jane Jones гэж харагдана. 
Америкийн нэрт кино болон театрын найруулагч Mike Nichols-ын найруулж, продюсерээр ажилласан романтик драм жанрын кино. Киног Patrick Marber-ын ижил нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэснээс гадна Моцартын Cosi fan tutte операгийн модерн эмгэнэлт хувилбар гэж үздэг бөгөөд гол дүрүүдэд; Natalie Portman, Julia Roberts, Jude law, Clove Owen зэрэг атаманууд тоглосон. Кино олон арван кино наадмаас шагнал авч бас нэр дэвшиж байсны дотор Clive Owen, Natalie Portman хоёр бүтээсэн дүрүүдээрээ Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан бол тэд Алтан бамбөрцөгөөс шилдэгийн шагналуудыг авчээ. 

Эх жүжигт Clive Owen тоглож байсан буюу кинон дээрх Dan-ын дүрд тоглож байжээ. Шүүмжлэгчид жүжигчдийн бүрэлдэхүүний тоглолтыг магтаж, найруулагч Mike Nichols-ын театрын жүжгийг кино дэлгэц руу чадварлаг шилжүүлснийг сайшааж байв. Rollin Stone: "сэтгэлд хоногшим, инээдтэй, ховсдом бөгөөд эротикизмоор савласан энэхүү бүтээлд сэтгэл татам дөрвөн жүжигчин сэтгэл татамгүй зүйлсийг хийхээр шийджээ" хэмээжээ. Тэгвэл Los Angeles Times: "баахан гунигтай танихгүй хүмүүсийн үзэсгэлэнтэй зураг" гэж киноны ишлэлээс нь киног ерөнхийд нь дүгнэжээ. Тэгвэл зарим шүүмжлэгчид уг киног ихэнх хайрын киноноос өөр, энэ кинонд урьдчилан таашгүй үр дүн байдаг гэжээ. Мөн шүүмжлэгчид Clive Owen-ын тоглолтоос Альфа-Эрэгтэй дүрийн бүхий л хэмжээг олж харна гэсэн байхад Julia Roberts өөрийн ухамсаргүй дүрийг сайн гаргасан гэсэн бол Natalie Portman дүрээ гадна, дотногүй сайтар ойлгожээ гэсэн буй. Энэ бол дөрвөн ухаалаг бөгөөд ширүүн үгтэй, нүгэлт хууран мэхлэлтээ ч илэн далангуй, чин сэтгэлээсээ илчилж чаддаг дөрвөн хүний түүх юм. Энэ бол хайрын тоглоом, уруу таталт, хуял тачаал хийгээд үнэнч сэтгэлийн талаарх кино юм. 
Кинон дээр ҮНЭН  аврал авчрахаасаа илүү зовлон бэрхшээл авчирдаг бөгөөд учир нь киноны дүрүүд худлаа ярих арга нь үнэнийг илэрхийлэх хамгийн зөв зам гэж эндүүрдэг. Буруугаа мэдэрч, хуурч мэхэлснийхээ төлөө өршөөл эрэх нь зүгээр л зовоохын тулд гэм буруугаа хүлээх хоёрын хооронд ялгаа байдгийг энэ киноноос харж болно. Кинонд тогтвортой харилцаа гэж байдаггүй; тэд хайрласан хүнтэйгээ хамт байдаггүй ч хайрлагдсан хүнтэйгээ хамт байдаг. Бүх худал хуурмаг үгс үгүй болсон үед л жинхэнэ ирдэг гэдэг. Бүх итгэлцэл алдагдаж, бүх харилцаа үгүй болсны дараа түүндээ үнэхээр хайртай гэдгээ ухаарах шиг өрөвдөм зүйл гэж байх уу?

Comments