Вольфганг фон Гёте "Фауст"

 



 

"Фауст". Эрдэмтэн Фауст амжилттай замналтай боловч амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд чөтгөртэй гэрээ хийж, хязгааргүй мэдлэгийн төлөө, дээдийн жаргалыг мэдрэхийн тулд  сүнсээ чөтгөрт тушаана. "Фауст"-ын домог үе үеийн уран зохиол, кино урлаг, хөгжим зэрэг урлагийн бүхий л төрөлд дахин дахин шинэчлэгдэн бүтээгдэж ирсэн, барууны урлагийн суурь болсон аугаа бүтээл юм.

 "Фауст" болон "Фаустиан" гэсэн тэмдэг нэр нь хязгаарлагдмал хугацаанд амбицтай хэн нэгэн амжилтад, эрх мэдэлд хүрэхийн тулд ёс суртахуунаасаа татгалзахыг илэрхийлсэн утгатай болжээ. "Фауст"-ын эртний номууд, мөн "Фауст"-аас урган гарсан дууль, кино, драм болон хүүхэлдэйн жүжгүүдэд бурхны мэдлэгээс илүүтэйгээр хүнийг илүүд үзэж байсан тул эргэлт буцалтгүйгээр хараагдаж байв. Энэхүү домог дээрээс үндэслэсэн жүжиг, хошин хүүхэлдэйн театрын тоглолт 16-р зууны үед Герман даяар түгээмэл тархасан байсан агаад Фауст, Мефистофелийн дүрүүдийг голдуу бүдүүлэг хошин байдлаар дүрсэлдэг байжээ. Английн жүжгийн зохиолч Кристофер Марлоу энэхүү домгоор "Доктор Фаустусын эмгэнэлт түүх" гэсэн сонгодог жүжгийн зохиол бичсэнээр уг домог Англид алдаршжээ. Бичигдсэн огноо нь маргаантай байгаа боловч 1587 оны орчим байх магадлалтай гэж үздэг. Хоёр зуун жилийн дараа Иоханн Вольфганг фон Гёте сайхь домгийг дахин боловсруулж бичихдээ Фаустыг зүгээр л идэж, уухаас илүү зүйлийг хүсэмжилдэг, амьдралдаа сэтгэл дундуур байдаг эрдэмтэн болгожээ. 

ЭХ СУРВАЛЖ.  Кристофер Марлоу болон Гёте нар "Фауст"-ын домогтоо шашны зүтгэлтэн байсан Симон Магусын амьдралын олон талыг цуурайтуулсан гэж үээгсэд байдаг. Мөн Фаустын домгийг 13-р зуунд бичигдсэн Теофилусын домогтой олон зүйлээрээ төстэй гэж Готье де Коинсий бичсэн байдаг аж. Фаустын нэр, хувь хүний гарал үүсэл тодорхойгүй хэвээр байна. Энэ дүр нь Хейдельбэргээс шашны зэрэг авсан Вюртембэрг хотоос гаралтай илбэчин, алхимич Иоханн Георг Фауст  (ойролцоогоор 1780-1540) гэдэг хүнээс сэдэвлэсэн байх магадлалтай хэмээдэг. Фаустын домгийг Иоханн Гутенбэргийн бизнесийн түнш байсан Иоханн Фуст гэгчтэй мөн холбодог буюу "Фауст"-ын домгийн олон гарал үүслийн нэг нь Фуст мөн гэж үздэг. Пан Твардовский хэмээх Польшийн ардын аман зохиолын дүр Фаустынхтай төстэй байдаг бөгөөд Польшийн домог Германыхтай ойролцоо цаг үед үүссэн юм шиг санагдаж байгаа ч сайхь хоёр домгийн үүсэл ижил юмуу бие биедээ нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Түүхэнд тэмдэглэснээр Иоханн Георг Фауст нь Краковт хэсэг хугацаанд сурч байсан бөгөөд энэ үйл явдал Польшийн домогт гардаг дүрд санаа өгсөн байж магадгүй ажээ. 
 
МАРЛОУГИЙН ДОКТОР ФАУСТУС. Эхэн үеийн Фаустын жижиг ном хойд Германд гүйлгээнд байхдаа Англид хүрэх замаа олсон буюу 1592 онд Англи хэл дээрх орчуулга нь хэвлэгджээ. Марлоу энэхүү домгийг илүү их амбицтай "Доктор Фаустусын эмгэнэлт түүх" жүжгийнхээ үндэс суурь болгон ашигласан (1604 онд нийтлэгдсэн). Мөн Марлоу Жон Фоксын "Тарчилагчдын ном" бүтээлээс зарим нэг санааг зээлжээ.

 МИХАИЛ БУЛГАКОВЫН МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР. Фаустын домгийг Оросын нэрт зохиолч Булгаков өөрийнхөө хамгийн алдартай "Мастер, Маргарита хоёр" (1928-1940) романаараа дахин шинэчлэн өөрчилж бичсэн. Уг романд Маргарита нь Гречен болж, Мастер нь Фауст болж, Воланд нь Мефистофелийг төлөөлнө. 

ТОМАС МАННЫ ДОКТОР ФАУСТУС. Манн Фаустын домгийг 20-р зууны нөхцөл байдалд нийцүүлэн найруулаад зохиомол хөгжмийн зохиолч Адриан Леверкухийн амьдралаар төлөөлүүлэн 20-р зууны Европ болон Германы түүхийг загварчлан дүрсэлжээ. Авъяаслаг хөгжмийн зохиолч Леверкух янхны газраас бэлгийн замын өвчин авсныхаа дараа Мефистофелийн дүртэй хөгжмийн зохиолчийн хувиар цаашдын 24 жилд амжилт гаргахад нь тусална гэсэн гэрээ байгуулна. Түүний бүтээлүүд дэлхийг байлдан дагуулж байх хооронд бие махбодь нь өвчиндөө ялзаран муудсаар байна. 1930 онд, тэрээр сүүлчийнхээ бүтээлээ танилцуулахдаа Мефистофелтэй гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрдөг. Галзуурал болоод тэмбүү түүнийг эзэрхийлж, 1940 онд үхэх хүртлээ тэрээр маш удаанаар зовж тарчилдаг. Леверкухын оюун санаа, бие махбодийн ялзрал, доройтлоор Германд нацизм үүссэн үеийг харуулсан бөгөөд Леверкухын хувь тавилангаар Германы хувь заяаг харуулжээ. Данийн филоссофич Сорен Киеркегаад: "Гётегийн Фауст бол жинхэнэ сонгодог бүтээл бөгөөд уг санаа нь түүхэн учраас бүх эрин үе өөрийн гэсэн Фауст-тай байх болно". Фаустын домог мөн кино урлагт олон шилдэг бүтээл болон амилсан байдаг. Тухайлбал; Ф. В. Мурнау, Рене Клер, Бриан ДеПалма, Ян Сванкмайер.нарын шилдэг кино найруулагчид Фаустыг дэлгэцнээ гаргаж байсан ба эдгээрээс Германы домогт кино найруулагч Мурнаугийн 1926 оны дуугүй "Фауст" кино хамгийн шилдэг, классикаар нэрлэгддэг.

 ГЁТЕГИЙН ФАУСТ. Домгийн өөр нэг, магадгүй хамгийн чухал хувилбар бол Вольфганг фон Гётегийн бичсэн "Фауст" жүжиг юм. Зохиолын эхний хэсэг нь өмнөх үеийн домогтой илүү нягт холбоотой байдаг ба эхний хэсэг 1808 онд, хоёрдугаар хэсэг нь 1832 онд Гётег нас барсны дараа хэвлэгджээ. Гётегийн "Фауст" нь анхны домогт гардаг христийн шашны энгийн ёс суртахууныг түвэгтэй болгодог. Өргөжүүлсэн яруу найраг, жүжиг хоорондын эрлийз, Гётегийн хоёр хэсгээс бүрдэх "шүүгээний драм" (тайзан дээр тоглогдох зорилгогүй) нь цар хэмжээгээрээ туульсын бүтээл юм. Уг бүтээл христийн шашнаас, дундад зуунаас, Ромоос, Эллиний яруу найргаас, философиос болон уран зохиолоос иш татдаг ланзгар зохиол ажээ. Домгийг өөрийн хувилбараар дахин боловсруулж, найруулсаар Гёте 60 жилийг уг бүтээлдээ зориулжээ. Эцсийн хувилбар нь нас барсных нь дараа хэвлэгдэн нийтлэгдсэн бөгөөд Германы уран зохиолын аугаа бүтээл гэж хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Фаустын хувь тавилангаар Амьдралын жинхэнэ мөн чанарыг эрэлхийлэх явц нь зохиолын үндсэн санаа юм.

 Сурч боловсрох, амьдралаас таашаал авах, эрх мэдэлтэй байх, мэдлэг нь хязгаартайд бухимдсан тэрээр чөтгөр буюу Мефистофелийн анхаарлыг татдаг агаад Мефистофел түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна Гэдгээр бооцоо тавина; Фауст дээд аз жаргалд хэзээ ч хүрэх боломжгүй гэдэгт итгэдэг учраас чөтгөртэй бооцоо тавиад үзэхээр шийддэг. Фауст нь бооцоо тавихыг санал болгогч биш юм, үүгээрээ Гётегийн "Фауст" Марлоугийнхаас ялгаатай юм. Эхний хэсэг Мефистофел Фаустыг гэм зэмгүй, залуухан хүүхэн Гречентэй үүсгэсэн хуял тачаалаар удирдаж байгаагаар оргилдоо хүрнэ. Гречен болон түүний гэр бүл Фаустын хүслээр, мөн Мефистофелийн ов мэхээр устгагдана. Эхний хэсгийн үйл явдалд Гречен аврагддаг ч Фаустын хувьд гутамшигтаа зовж буйгаар төгсөнө. Хоёрдугаар хэсэгт дэлхийн сүнснүүд Фаустыг уучилж буйгаар эхлэх ба ёгтлолт яруу найраглал руу шилждэг. Фауст, Мефистофел хоёр улс төрийн ертөнц хийгээд сонгодог бурхдын ертөнцийг удирдан чиглүүлж, мөн Трой хотын Хелентэй уулздаг. Эцэст нь, дайн ба байгалийг амжилттай номхотгож чадсан Фауст аз жаргалын ер бусын агшинг мэдэрдэг. 

Аз жаргалтай агшин мэдэрснийхээ дараа үхсэн Фаустын сүнсийг Мефистофел эзэмдэхийг оролдох үед бурхны нигүүслэлээр сахиусан тэнгэрүүд саад болсноор Мефистофел туйлаас бухимдаж уурладаг. Хэдийгээр энэ нигүүслэл үнэхээр "үндэсгүй" байдаг ч Фаустын Мефистофелтой хамтран үйлдсэн олон алдааг өршөөгөөгүй бөгөөд энэ нигүүслэл бол Фаустын эцэс төгсгөлгүй хичээл зүтгэл болоод Гречений уучлахыг гуйсан залбиралын ач байдаг билээ. Төгсгөлийн хэсэгт Фаустын сүнсийг ариун, эх, хатан, мөнхийн дарь эхийн хүсэлтээр диваажинд бурхны өмнө залж байна. Эмэгтэй хүн чөтгөр Мефистофелийг ялан дийлж байна.

ҮНДСЭН СЭДЭВ. УЛАМЖЛАЛТ СОЁН ГЭГЭЭРЭЛ. Соён гэгээрлийн эрин Философич Рене Декартын "Discourse on Method" хэмээх философийн бүтээлээр эхлээд Америк, Францын хувьсгал гэх мэт 18-р зуунд тохиолдсон хувьсгалт бүтээл хийгээд үйл явдлаар оргилдоо хүрсэн оюун соёл, философийн өргөн хүрээний хөдөлгөөн байсан. Соён гэгээрэл нь үлэмж өргөн бодол сэтгэлгээг багтаасны дотор голлох сэдвүүдийн нэг нь ухамсар, шинжлэх ухаан ба урлаг шалтгаантай үүрэг зорилготой байхад төвлөрч байлаа. Соён гэгээрлийн үеийн яруу найрагч, зохиолчийн хувьд Гёте уран зохиолоороо радикал рационализм руу шилжих үзэгдлийн эсрэг зогсож байсан. "Фауст" бол энэ аргументийн оргил туурвил нь юм. Соён гэгээрлийн эриний хүний хувьд Фауст бол академик болоод анагаах ухаанд зориулсан амьдралынхаа туйлын эрс рационализмаас зугтахы6 эрмэлздэг хэдий ч Гёте энэхүү уламжлалыг эцсийн эцэст сэтгэл хөдлөл хийгээд урлаггүйгээр хангаж чадахгүй болохыг харуулдаг билээ. 

ШИНЖЛЭХ УХААН БА ОЮУН СЭТГЭЛ. Фауст бол рационал бодол сэтгэлгээ нь амьдралд нь аливаа хувь нэмрээ оруулаад хязгаартаа тулчихсан болохыг мэддэг эрдэмтэн, цэвэр шинжлэх ухааны хүн юм. Соён гэгээрлийн концептийн нэг ойлголт бол мэдлэг, технологийн дэвшлээр хүмүүн төрөлхтөн өөрсдийгөө төгс төгөлдөр болгоно гэсэн ойлголт байсан агаад "Фауст" бүтээлд энэ бодол сэтгэлгээний эсрэг ханддаг. Фауст сурч боловсрох, шинжлэх ухаанаар өөрийгөө төгс болгохыг оролдсон ч оюун ухааныхаа аяллынхаа төгсгөлд найдвараа, амьдрах шалтаанаа устгасан болохоо олж мэддэг билээ. Фауст одооны амьдралдаа эсхүл дараа насны амьдралдаа ч сэтгэл хөдлөлийн амтыг мэдрэхийг эрмэлздэг. Түүний шинжлэх ухааны ба анагаах ухааны амьдрал, цуглуулсан асар их мэдлэг нь түүнийг тэрхүү сэтгэл хөдлөлөөс хол байлгадаг ба тэрээр сүнснүүдийг тарнидаж чаддаг ч тэдний ертөнцөд нэгдэж чаддаггүй. Тэрээр удалгүй өөрийнх нь мөн чанарт хайрын сэтгэлийн хэмжээс агуулагдаж байгааг залуухан бүсгүй Греченд хайртай болохдоо олж мэддэг. Гёте хайр ба эмгэнэлт явдал нь туйлын эрс шинжлэх ухаан, рационализмын дарангуйллыг ялж чадна гэж үзжээ. 

ҮХЭЛ, АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР. Фауст бол өөрийн Экзистенциализмын хямралтай нүүр тулах ёстой хүн юм. Эрдэмтэн, эмч хүний хувьд түүний эргэцүүлэн бодож буй асуултууд нь өөрийнх нь найдвар, хүмүүн төрөлхтний хөгжил дэвшилд итгэх итгэлийг нь үгүй хийгээд зогсохгүй хэт нихилизм нь амиа хорлоход хүргэдэг билээ. Фаустын хариулах ёстой асуулт бол амар амгаланг санал болгож буй Үхлээс Амьдрал илүүтэй үнэтэй юу гэсэн асуулт аж. Гёте рационалист философийн логикийн туйлын эрс жишээг бүтээжээ. Рационал бодол дангаараа хүмүүн төрөлхтнийг хэзээ ч бүрэн бүтэн юмуу төгс болгож чадахгүй гэж Гёте үзэж байгаа ба учир нь сэтгэл хөдлөлийн ертөнцийн тухайд хүний мэдлэг угаасаа хязгаарлагдмал байдаг гэжээ. Хүмүүн төрөлхтөн үүнээс дээгүүрхийг нэрлэж ч ойлгож ч чадахгүй агаад тиймээс хүмүүс төрөлхтөнд амьдрал үргэлжлэх ёстой юу, эсхүл ердөө л төгсөх үү гэсэн асуулт л байх ажээ. Яг эндээс модернизмын шүүмжлэл, 20-р зуун хүртэл хамарсан орчин үеийн философийн сэдэв өрнөсөн.

 ЁС СУРТАХУУНЫ ХОЁРДМОЛ ШИНЖ. Гётегийн хэлснээр модернизмын нэг үр дагавар бол хэрвээ орчин үеийн рационализм нь шашин шүтлэг юмуу нийгмийн хязгаарлалтыг устгаваас энэ нь хүмүүний ёс суртахуунд хоосон орон зайг бий болгох ажээ. Фаустын нөхцөл байдал бол зөвхөн оюуны цөхрөл төдийгүй Гречентэй хайр сэтгэлийн холбоотой байсан шиг зан чанарын хувьд ёс суртахууны хоёрдмол шинжтэй либертин болж хувирдаг. Мефистофель-д уруу татагдаад ёс суртахуунгүй амьдралд орсон Фауст шиг Гречен Фауст-тай танилцахаасаа өмнө ёс суртахууны хувьд ариун байсан билээ. Христийн шашны дараах итгэл үнэмшлийн тухай Фаустын тунхаглалыг хүлээн зөвшөөрөхдөө Гречен урьдах амьдралынхаа ёс суртахууны чадвараа алдана. Фауст ёс суртахууныхаа хоёрдмол шинжээс болоод Гречений итгэл үнэмшил хийгээд ёс суртахууны дэмжлэгийг үгүй хийдэг бөгөөд Фауст, Гречен хоёрт тохиолдсон ийм нөхцөл зөвхөн эмгэнэлт явдал руу л хөтлөнө гэж Гёте үзжээ.


Comments