"Анхны дурлал". Анх 1860 онд хэвлэгдэн нийтлэгдсэн Оросын нэрт зохиолч Иван Тургеневийн тууж. 16 настай хөвгүүн болон 21 настай бүсгүй хоорондын хайрын тухай өгүүлэх энэхүү богино зохиол нь Иван Тургеневийн хамгийн алдартай туурвилын нэг билээ. "Анхны дурлал" 1860 оны 3-р сард Reader's Library сэтгүүлд хэвлэгдэн гарсан бөгөөд энэхүү тууж нь зохиолчийн хамгийн намтарчилсан агуулгатай бүтээл юм.
Тургенев өөрийнхөө
амьдралд тохиолдсон нэгэн явдлыг эргэн дурсах буюу зуслангийнхаа хөрш гүнж
Катрин Шаховскийд (туужид Зинаида гэж гарна) дурлах боловч Катрин үнэндээ
аавынх нь нууц амраг болохыг мэдээд сэтгэлээ татан авч байжээ. Эл бүтээлд
шүүмжлэгчид 2 хуваагдаж хандаж байсан; тухайн цаг үеийн улс төр, нийгмийн
асуудлыг хөндөхийн оронд хөнгөхөн сэдвээр хөөцөлдсөн гэж шүүмжлэгсэд байсан бол
нэг бүсгүйд дурласан аав хүү хоёр, гэр бүлтэй хүний нууц амраг болсон залуухан
бүсгүйн тухай сэдвийг зүй зохисгүй хэмээн буруушааж байжээ. Гэхдээ уг туужийг
бишрэгчид олон байсны дотор Гюстав Флобер багтдаг байсан агаад Флобер Тургеневт
бичсэн захидалдаа: "Зинаида ямар сэтгэл хөдөлгөм охин бэ!" Хэмээн
бичсэн байлаа. Мөн Тургеневийн ойр танил гүнж Ламбертын зохиолчид хэлсэнээр бол
Оросын эзэн хаан өөрөө уг туужийг хатандаа уншиж өгсөн бөгөөд тууж түүнд тун
таалагдсан гэжээ. Энэхүү туужийг The Guardian-аар дамжуулан Английн зохиолч
Роза Ранкин - жинхэнэ хайрын талаарх шилдэг 10 тууж жагсаалтынхаа 4-р байрт
эрэмбэлсэн байхад 2013 онд The New York Times-аас гаргасан мөн тийм жагсаалтад
багтаж байв.
СЭДЭВ БА УТГА. "Анхны дурлал" бүтээлд; гол дүрийн гэнэн
хөвгүүн нь хайр болоод насанд хүрэгчдийн тохуурхасан гашуун амьдралд орсоноор
нас бие төлөвшиж буй тухай өгүүлдэг. Хүүрнэгч нь Владимирын сэтгэл хөдлөл, зан
байдлыг уншсан романтик зохиолуудаар нь тодруулан дүрсэлсэнээр түүх эхэлнэ.
Владимир гэнэн идеализмын ярвигтай мэдрэмжиндээ сохрон байгаа боловч тэрээр
зүрх сэтгэлийг нь шархлуулсан 2 үйл явдлыг олж харснаар илүү төлөвших буюу
эдгээр нь бол; Зинаидагийн хайртай хүн өөрийнх нь аав болохыг, мөн аав нь
Зинаидатай туйлын харгис харилцаж байгаа явдлыг олж илрүүлсэн зэрэг болно.
Эдгээр мэдрэмжүүд нь Владимирт өөрийнх нь романтик буруу ойлголтууд
хязгаардмагдал болохыг, төлөвшсөн хайр
сэтгэлзүйн хувьд нууцлаг бөгөөд сэтгэл татам хийгээд заналхийлэллээр дүүрэн
эрсдэлтэй сэтгэл хөдлөлийн төлөв байдал гэдгийг харуулдаг. "Анхны дурлал"
туужид; романтизмыг тайлбарлахдаа романтик идеализмын туршлагыг бодит байдал
дээр бүтэлгүйтнэ гэж тодорхойлдог.
Романтизмын хууль нь хайрын учрыг олоход
хангалтгүйг харуулж, харин нөгөө талд Пётр, Зинаида нарын дур тачаалын хойноос
хөөцөлдөх нь гарцаагүй хөнөөлд хүргэхийг харуулж байна. Өсвөр насны хийгээд
төлөвшсөн хайрын аль аль нь түр зуурын шинжтэй бөгөөд Тургеневийн түүх аз
жаргалд замчлахгүйг анхаараарай. Дундаж настай Владимир залуу насныхаа сэтгэл
хөдлөлийг эрэгцүүлэн бодохдоо амьдралд нь үүнтэй жиших юу ч тохиолдож
байгаагүйг ухаардаг. Энэ түүхэнд Владимирын гэнэн идеализмыг ч, Пётр, Зинаида
нарын дур тачаалын хойноос хөөцөлдөхийг буруушаадаггүй; харин дундаж настай
болсон Владимир хайрыг мэдэрсэн, амьдрал болон хайрыг мэдэрдэг бүх хүмүүсийг
ойлгож буйгаа эцэст нь ингэж илэрхийлдэг: "Би түүний төлөө, аавынхаа
төлөө, мөн өөрийнхөө төлөө залбирахыг маш их хүсэж байсан". Тиймээс
"Анхны дурлал" нь залуу насныхны төлөвшилт сэдвээс хүмүүний мөн чанарын
талаарх гашуун мэдэгдэл хүртэл өргөждөг бүтээл ажээ. Уг тууж нь сэтгэлзүйн
хувьд эзэрхийлэл, эрхшээх сэдвийг судалдаг. Гол дүрүүд өөрсдийн харилцааг хянах
гэж өрсөлдөж, туужид иймэрхүү өрсөлдөөнийг тохуутай байдлаар гарамгай
харуулдаг. Зинаида ноёлохыг нууцаар хүсэж, өөрийнхөө шүтэн бишрэгчдийн толгойг
эргүүлдэг бол Пётр Зинаидаг зөвхөн өөрийнхөө хортой хүсэл тачаалдаа ашиглах гэж
эзэрхийлдэг; тэгвэл Владимирын ээж Мариа нөхөр Пётрийг санхүүгээр заналхийлэн
сайхан гэр бүлийн дүр төрхийг албадан тогтоох боловч үүнээс ямар ч хайр
сэтгэлгүй гэрлэлтийг л хожно.
ДҮРҮҮДИЙН АНАЛИЗ. ВЛАДИМИР ПЕТРОВИЧ бол Иван
Тургеневийн "Анхны дурлал" туужийн гол баатар юм. Гэрийн эзэн зочдодоос
анхны хайрынхаа түүхийг ярихыг санал болгоход Владимир ярианы хүрээнд үлдсэн
зочдын нэг байдаг ба Владимир түүхээ Ярих хүсдэггүй боловч бичиж үлдээгээд
хэдэн долоо хоногийн дараа найз нартаа уншиж өгөхийг зөвшөөрдөг. Хүүрнэгчийн
эргэн дурссан түүхэнд 1833 оны зун Владимир 16 настай байсан бөгөөд тэрээр
Москвад эцэг эхийн хамт амьдардаг байв. Тэр зундаа гэр бүлээрээ Кескоотчийн
ойролцоо зуслангийн байшин түрээслэн суужээ. Тэрээр их сургуульд сурахаар
бэлтгэж байсан ч түүний сүүлийн багш нь халагдсанаар чөлөө завтай болжээ.
Тэрээр эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай байдаг; ээж нь түүнийг бараг
анхаардаггүй бол аав нь түүнд хайхрамжгүйгээр хошигнож ханддаг. Владимир
амьдралынхаа энэ үедээ хайр болоод эмэгтэй хүний талаар тодорхой ойлголт
байдаггүй ч хөршийн охин Зинаида Засякинтай танилцсанаар энэ байдал нь
өөрчлөгддөг. Владимир Зинаидаг анх цэцэрлэгт хардаг бөгөөд нууцаар харж байгаад
баригдаж, ичингүйрэн өрөө рүүгээ гүйдэг.
Ээж нь түүнийг Засякин гүнжийнх рүү
явуулсанаар тэрээр Зинаидагийн байнгын зочин болдог. Зинаида түүнд заримдаа
эелдэг хандаж, заримдаа огт тоохгүй учир нь олдохгүй шаналгаж байсан ч Владимир
бүсгүйд анхны харцаар сэтгэлтэй болдог билээ. Зинаида долоо хоногт ихээхэн
өөрчлөгдсөний дараа Владимир бүсгүйг хэн нэгэнд дурласан болохыг ойлгох агаад
хэнд юм бол гэж бодолхийлнэ. Зинаида Владимирт өмнөх шигээ бус түүнд найзын
хувиар хайрлуулмаар байгаагаа хэлээд Владимирыг өөрийнхөө хиагаар томилно. Гүн
Малевский түүнийг муу хиа байна хэмээн тохуурхаад одоо цэцэрлэгт очвол хэн
Зинаидагийн дурлалт эр болохыг олж мэднэ шүү хэмээдэг. Владимир цэцэрлэгт
аавыгаа олж хардаг ч энэ сэдвээр эрэгцүүлэн боддоггүй. Хатагтай Петрович нөхрийгөө
Зинаидатай амрагийн харилцаатай болохыг олж мэдээд даруйхан Москва руугаа буцах
шийдвэр гаргадаг бөгөөд Владимир Зинаидаг орхихоосоо өмнө түүнийг чин
сэтгэлээсээ хайрладаг, хайрлах сэтгэл нь мөнхөд үргэлжлэх болно гэдгээ батлан
хэлдэг билээ. Хэдэн жил өнгөрч, Владимир их сургуулиа төгсчихөөд Зинаидаг Санкт
- Петербургт байгааг мэдэн уулзахаар явна, гэвч түүнийг очихоос 4 хоногийн өмнө
Зинаида төрөхийн хүндрэлээр нас барсан байх буюу Владимирыг замдаа явж байхад
үхсэн байна.
ПЁТР ПЕТРОВИЧ бол Владимирын аав юм. Тэрээр эхнэрээсээ дүү бөгөөд
хайр сэтгэлээрээ гэрлээгүй юм. Тэрээр хүүхэдтэйгээ ихэнхдээ хүйтэн хөндий
сэтгэлээр харилцдаг. Пётр 1833 оны зун Кескоотчныд ирсэнээр гүнж Зинаидатай
янаг амрагийн холбоотой болдог бөгөөд хүүгээ коллежид элсэн орсноос 6 сарын
дараа цус харвалтаар нас бардаг. Пётр нас бардаг өдрийнхөө өглөө хүүдээ
эмэгтэйчүүдээс, тэдний хорлолоос хол явахыг анхааруулсан захиа бичиж эхэлж
байдаг.
ЗИНАИДА ЗАСЯКИН гүнж бол Петровичуудын хөрш, хөгшин Зясакины 21 настай
охин юм. Эмч Лушин, гүн Малевский, Ахмад Нирматский гээд түүнийг бишрэн
шүтэгсэд олон. Зинаида гоолиг бие, үзэсгэлэнтэй царайтай ба түүний гар нь гуа
сайхан бол үс нь шулуун, том саарал нүдэн мэдрэмтгий болой. Тэрээр цог
жавхаатай, хөдлөх нь энхрий бөгөөд хүсэл эрмэлзлэлтэй. Тэр үргэлж инээж байдаг
ба Владимир түүнд ухаангүй дурладаг. Зинаида өөрөөс нь 5 насаар дүү боловч
Владимиртай найзалдаг. Тэрээр Владимир өөрт нь хайртай болсныг мэдээд
хөвгүүнээр хайр найргүй тоглоом шоглоом хийдэг. Зинаида Петровичийн гэрт
зочлохдоо хүйтэн бөгөөд ихэмсэг байдаг бол Владимир гэрт нь ирэхэд эелдэг,
сэтгэл татам байдаг. Түүнийг муужгайтай болмоор байна гэж хэлэхэд Беловзоров
муужгай авчирдаг, мөн морь унамаар байна гэхэд Пётр хүслийг нь биелүүлдэг.
Зинаида номын туршид өөрчлөгддөг, үүнийг нь Владимир хайраас болсон гэж үздэг.
Зинаида гуниглах болж, дэлхийн нөгөө талд байгаа очихыг хүсэж буйгаа Владимирт
хэлнэ. Бүсгүй Владимирыг хүүхэд гэж хардаг аа шударгаар хэлдэг ба Зинаида
түүнтэй салах ёс хийхдээ өөрийг нь буруугаар битгий бодоорой, бодож байгаа шиг
чинь муу хүн би биш шүү гэж гуйдаг.
Comments
Post a Comment