The Wind (1928). Мөнгөгүй, очих газаргүй болсон Letty зэрлэг өрнөдөд амьдардаг үеэл Beverly руу нь аваачих галт тэргэнд явж байна. Турьхан, үзэсгэлэнтэй бөгөөд цайлган Letty-ын сайхан амьдрах итгэл тээн зорьж яваа Texas мужийн Sweetwater гэх газарт салхи цагийн мөнхөд салхилж, агаарт нь хүртэл элс шингэсэн халуун, элсэрхэг газар бөгөөд Beverly-ын гэр хотоос алслагдсан цөл шахуу газар оршино. Letty аян замдаа уйтгарласангүй, тэрээр Roddy хэмээх бүдүүлэг, увайгүй үхэр худалдагчтай танилцана. Roddy хүүхний хаашаа, ямар зорилгоор явж байгааг сонсоод очиж байгаа газарт чинь би хааяа очиж наймаа хийдэг, чөтгөр ч тэсэмгүй салхитай ба тэр их салхи, элсээс болж хүүхнүүд галзуурдаг юм гэж хэлнэ. Roddy-ын яриа дуусаагүй байтал үнэхээр ч гадаа шороо элсээр шуурч байлаа. Энэ ёрын салхитай газрын үүлэнд цагаан морины сүнс оршдог, морины сүнс цаг наргүй салхилахын шалтгаан болдог хэмээн Roddy эцэс төгсгөлгүй бурсаар явахын сацуу Letty-г илэрхий эргүүлж байв. Зорьсон газраа ирэхэд, Letty-г Beverly-ын танилууд болох залуухан Lige болон хөгшин Sourdough нар тосож, хүргэхээр ирснээ хэлнэ. Хөгшин залуу хоёр тэрхэн даруй л Letty-д дурлаж, хүүхний анхаарлыг татахын тулд аар саархан юман дээр хүртэл өрсөлдөж эхэлнэ. Roddy Letty-гээс салж явахдаа хааяа очиж уулзаж байна гэж хэлнэ. Beverly эхнэр Cora, мөн 3 хүүхдийн хамт амьдарна. Үеэлээ харсан тэрээр хөл алдан баярлах бол Cora Letty-д анхнаасаа л дургүй, нүүр өгдөггүй. Хэсэг хугацаа өнгөрөхөд Letty шинэ гэртээ аажмаар дасаж эхлээд байлаа. Хүүхдүүд угийн зөөлөн зан чанартай түүнд хатуу, адаар зантай ээжээсээ илүү хандаж дотночлох нь Cora-ын уур атаархлыг төрүүлэхээс гадна тэрээр Letty-г нөхөртэйгөө байнга хардаж, юм л болвол хэдэрлэж аашилна. Хотынхны үдэшлэг дээр Sourdough Letty-д гэрлэх санал тавих гэж байгаагаа найз Lige-дээ хэлтэл Lige мөн адилхан санаатай байгаагаа хэлнэ. Үдэшлэгт Roddy мөн ирсэн байх агаад айхтар шуурга хотыг дайрч өнгөрөх үеэр Roddy Letty-д эндээс хамт явъя, чамшиг сайхан хүүхэнд энэ элсээр шуурсан газар зохихгүй гэж хэлдэг. Шуурга намжсаны дараа Sourdough Lige нар Letty-тэй аминчлан уулзаад өөрсдийн санал бодлоо хэлээд хоорондоо зоос шидэж ялагчаа тодруулахаар болж, улмаар Lige ялахад Letty тэднийг зөвхөн шоолон инээж байв. Cora хардалтаа тэсч, тэсвэрлэж чадахаа больж, Letty-г гэрээсээ шууд хөөнө. Очих газаргүй Letty аргагүй эрхэнд Roddy дээр очих бөгөөд Roddy түүнд эхнэртэй, чамтай нууц амрагийн харилцаатай баймаар байна гэдгээ хэлнэ. Letty буцаад Cora дээр очиж болсон явдлыг хэлнэ, Cora түүнийг гэртээ үлдээж чадахгүй гэдгээ хэлээд чи Sourdough Lige хоёрын нэгэнтэй суу, тэд чамтай суухын хүслэн болдог биздээ гэж хатуурхана. Letty арай залуугаар нь Lige-г сонгож эхнэр нь болно. Хуримласан хоёрын анхны шөнө. Lige догдлон байх бол Letty байж суух газраа олохгүй зовно. Lige хүүхэнд хайртай шиг хүүхэн өөрт нь сайн гэж итгэж байтал үнэндээ хүүхэн мөнгөгүй, тэгээд бас очих газаргүй учраас өөртэй нь суусан болохыг нэг орондоо орохын өмнөхөн л олж мэднэ. Гутарсан, гомдсон Lige дахиж түүнд гар хүрэхгүй, мөнгө хурааж байгаад боломж л гарвал гэр рүү нь буцаана гэж хэлдэг. Салхи шуурч, элсээр амьсгалсан өдрүүд үргэлжилсээр, Letty өдөржин элс шороотой ноцолдсоор байлаа. Хотод өлсгөлөн болох аюул нүүрлэсэн учир Lige зэрлэг адуу бариад түүнийгээ наймаалцах зорилгоор хэсэг нөхдийн хамт аянд гарах болно, гэртээ ганцаараа удаан байвал салхинаас болж галзуурч мэдэх болоод буй Letty хамт явъя хэмээн гуйна. Ингээд Lige хүүхнийг аваад явна. Гэтэл моринд муу, салхинд явж үзээгүй Letty адуучдад тээр болж эхлэх бөгөөд Lige түүнийг Sourdough-ын хамтаар гэртээ буцаана. Letty-г гэртээ ирээд удаагүй байхад Lige шархдсан Roddy-г дагуулсаар ирэх агаад Roddy хэсэг тэднийд байхаар болно. Roddy удсангүй сэргэн эдгэв. Lige-г эзгүйд тэрээр Letty-г увайгүйгээр хоргоож зовоох бөгөөд ашгүй ажил гарсан тул Roddy Lige-тэй хамт адуунд явна. Салхины чимээ, яаж ч арчиж зүлгээд алга болохгүй элсэнд Letty галзуурах дөхөж эхэлнэ. Домог яриа, Roddy-ын зөгнөл түүний сэтгэл санаанд нөлөөлж эхэлнэ. Хариугүй солиордогийн даваан дээр хаалгыг нь хэн нэгэн хүчтэй балбах агаад Lige байх гэж баярласан Letty хаалгаа онгойлготол нүдэнд нь хуял тачаал гэрэлтэн цацрах Roddy зогсож байна.
Шведийн нэрт кино найруулагч Victor
Sjostrom болон Америкийн кино урлагийн анхны хатагтай гэгддэг Lillian Gish
нарын энэхүү романтик дуугүй кино нь үзэсгэлэнтэй, эротик, гайхам төсөөллийн
байдлаараа одоо ч модерн кино бүтээл гэдгээ нотолсоор байгаа ба найруулагч
Sjostrom сэтгэлзүйн нарийн ширийн зүйлийг анхааралтай ажигласнаар даруухан,
натуралист комедигоос хийрхүү мелодрам руу бүрэн дүүрэн шилжин орж байна.
Frances Marion-ын ижил нэрт романыг кино болгох санаа Lillian Gish-д анх
төржээ. Irving Thalberg түүнд зөвшөөрлийг нь тэр даруй өгөв. Gish эрэгтэй гол
дүрд Lars Hanson-г сонгосон бол найруулагчаар өмнө нь хамтран ажиллаад байсан
Sjostrom-г багтаа нэгтгэв. Киноны зураг авалт California-ын Mojave-ын цөлд маш
халуун нөхцөлд явагдсан ба Gish хожим уг киног замналынхаа хамгийн хүнд нөхцөлд
бүтсэн киногоор нэрлэсэн байна. Роман дээр гол дүрийн эмэгтэй баатар салхи
түүний алсан хүний цогцсыг ил болгоход галзуурдаг бөгөөд дараа нь шуурганаар
үхэхээр тэнүүчлэн явдаг аж. Домог болсон яриагаар киноны төгсгөл анхандаа аз
жаргалгүй байхаар хийгдсэн байсан ч студийн зүгээс өөрчлөхийг шаарджээ. Үүнээс
болж Sjostrom Швед руугаа буцсан ч гэж ярьдаг. Гэхдээ ямар ч тийм гунигтай
төгсгөл бичигдээгүй, хийгдээгүй гэж албаны хүмүүс хэлдэг боловч Gish, Sjostrom
хоёрын хүсч байсан төгсгөлийн хэсэг өөрчлөгдсөн нь үнэн ажээ. Уг бүтээлийг
өнөөдөр классик кино гэж өргөмжилж, Gish-ын тоглолтыг замналынх нь шилдэг ажлын
нэгээр тодруулдаг ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 481-р байрт жагсаадаг. Мөн энэ кино нь Gish-ын хамгийн сүүлчийн дуугүй
кино бол MGM кино компанийн хамгийн сүүлчийн том хэмжээний дуугүй бүтээл юм.
Кино үйлдвэржилтийнхээ зардлыг нөхөж чадаагүйг дуугүй кино урлагийн эрин төгсөж
байсан цаг үетэй холбодог ба тэр шүүмжлэгчид хүртэл хоёр хуваагдаад байсан юм.
Гэвч кино Европт амжилт олсон байдаг. Кино нээлтээ хийсэн 1928 онд зарим
шүүмжлэгчид Gish-ын тоглолтыг итгэл үнэмшил төрөхүйц биш гэх мэтээр киног
ерөнхийд нь шүүмжилж байв. Тэгсэн хэдий ч киноны нэр хүнд яван чангарсаар
дуугүй кино эриний классикт тооцох болжээ. 1999 онд The Guardian энэхүү
бүтээлийг Sjostrom-ын Америкт бүтээсэн хамгийн шилдэг 3 киноных нь нэгээр
нэрлэсэн байдаг бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ Sjostrom хүмүүний зовлон шаналлыг
гайхалтай үзүүлдэг гэжээ. Sjostrom Letty болон түүний шинэ орчин тойрны
зайлшгүй мөргөлдөөний бодит байдал, нарийвчлалыг Gish-д аль болох чөлөөтэй жүжиглэх
боломжийг олгоход ашиглажээ. Уг бүтээлийг мөн үнэний төлөөх анхны драматик яруу
найраг, анхны "Вестрен" жанрын кино байх магадлалтай гэж үзэгсэд
байдаг. Хүн болон байгалийн мөргөлдөөнийг яруу найраглагаар дүрслэхдээ Sjostrom
үргэлж шилдэг нь байсан; түүний кинонд байгалийн хүч үйл явдлыг илэрхийлэгч,
хүмүүний хувь заяаг удирдагч нь байдаг. Gish-ын дүр наанаа эмзэгхэн, сул дорой
харагдав ч гүндээ ялан дийлэх хүсэлтэй, ган төмөр шиг сэтгэлтэй нэгэн байдаг
билээ. Gish-ын дүр нь шинэ романтик харилцаанд бэлэн байдаг мөртлөө эрчүүдийн
хүчирхийлэлд ихэнхдээ өртдөг тийм эмэгтэй юм. Энэ кино бол хамгийн ховор бөгөөд
жинхэнэ кино мэдрэмж төрүүлдэг цэвэр арт бүтээл юм. Роман дээр Roddy Letty-г
хүчинддэгийг тодорхой дүрслэдэг бол кинонд энэ хэсгийг үзэгчдийн төсөөлөлд
үлдээдэг.
Comments
Post a Comment