Don't Look Now (1973). Английн хөдөө нутгийн хаа нэгтээ улаан хүрэмтэй бяцхан охин гэрийнхээ гадаа тоглон байхад эцэг эх нь гэртээ цай уух нь ууж, ажлаа хийх нь хийж байхад аав болох John нь сүмийн слайд зураг дээр ус асгачихна, энэ явдал түүнд хачин муу ёрын санагдаж, гадаа тоглож байгаа охин руугаа даруйхан гүйж очиход охин Christine аль хэдийнээ живээд мөнхийн буудалдаа очсон байв. Охиноо алдсан эцэг эхийн уй гашууны зузааныг бодохоос аймаар, нэн ялангуяа эх Laura сэтгэлзүйн хүнд цохилтод орсон байх агаад хосууд уй гунигаа мартах гэж бас John-ын ажил болох хуучин сүм сэргээн завсарлах далимаар Венец руу аялахаар болно.
Венецийн нэгэн
зоогийн газарт хооллож суусан эхнэр, нөхрийг хижээл насны 2 авгай дэргэдэх
ширээнээс увайгүй ширтэх нь тэдэнд илт мэдрэгдэх ба Laura бие засах өрөөнд
тэдэнтэй дахин таарч хэсэг яриа үүсгэнэ; сайхь 2 авгай эгч дүүс бөгөөд Wendy,
Heather гэдэг, Heather нь сохроос гадна далдыг хардаг билгийн мэлмийтэй гэж
өөрийгөө танилцуулна. Heather Laura-ын үхсэн охины талаар огт дурдаагүй байхад
нь ярьж эхэлнэ, ингэхдээ бүр үхэхдээ өмсөж байсан улаан хүрмийг нь хүртэл яг
хэлнэ. Сэтгэл нь хөдөлсөн Laura нөхөр дээрээ ирээд ширээн дээрээ ухаан алдаж
унана. Сонсож бас гайхсан сэтгэлээ Laura нөхөртөө ярихад John ач холбогдол
өгсөнгүй, тоосонгүй, гэхдээ эхнэр нь охиных нь үхлээс хойш анх удаа ийм сэргэг,
цовоо байгааг анзаараад бага зэрэг баярлана. Эмнэлэгээс буудалд ирээд тэд хүсэл
тачаалаар бялхсан секс хийчихээд оройн хоолонд гарах бөгөөд энэ үед John
гудамжинд улаан хүрэмтэй, холоос харахад яг л охин шиг нь хүүхэд олж харсан ч
удсангүй хараанаасаа алдчихна. Маргааш нь, Laura эгч дүүс дээр очоод сүнс
дуудах ёслол хийнэ, Christine-ын сүнсийг дуудсан Heather Венецид байх аюултай,
эндээс явцгаа гэж охины чинь сүнс хэлж байна гэнэ. Laura үзсэн, сонссоноо
нөхөртөө хэлэхэд John тэнэг балай юманд итгэлээ хэмээн уурлаж эхнэрээ баахан
загнана. Laura ч дахиж эгч дүүстэй уулзахгүй гэж нөхөртөө хэлнэ. Тэр өдрийн
шөнө англиас дуудлага ирж, хүү нь сургууль дээрээ асуудал гаргалаа, түргэхэн
ирэхийг хүсье гэнэ.
Ингээд Laura хүү рүүгээ Англи руу явж, харин John сэргээн
засварлах ажлаа дуусгахаар Венецид үлдэнэ. Эхнэрээ үдэж явуулсан John сүмээ
сэргээн засварлаж байгаад золтой л унаж үхчихсэнгүй; азаар амьд үлдсэн түүний
толгойд нөгөө зөнч эгч дүүсийн зөгнөл өөрийн эрхгүй бодогдоно. John-г Венецид
ирсэнээс хойш хэд хэдэн учир нь үл олдох цуврал хүн амины хэрэг гараад байлаа.
John эхнэрийгээ явсны маргааш өдөр нь гудмаар явж байгаад нэгэн оршуулгын
ёслолтой таарах бөгөөд уг ёслолд эхнэр нь зөнч эгч дүүсийн хамт явж байхыг олж
харна. Эхнэрийнхээ ухаан санаа нь болохоо больж гэж санаа зовсон John цагдаад
хандахад цагдаа эсрэгээрээ түүнийг цуврал аллагад сэжиглэж, араас нь дагуул
тавина. Эгч дүүсийг хайж яваад тэрээр дахиад улаан хүрэмтэй үл танигдах хүнийг
олж харах ба хүүгийнхээ байдлыг асуухаар сургууль руу нь залгахад эхнэр нь
Англид аль хэзээ оччихсон, хүү нь сайн, удахгүй буцаад Венец руу очно гэж
хэлнэ. John цагдаагийн газарт очоод андуурсан болохоо хэлнэ, харин цагдаа нар
аль хэдийн Heather-г бариад хорьчихсон байв. Heather-ээс өршөөл эрсээр John
түүнийг гэрт нь хүргэж өгөх буюу эгч Wendy-д нь хүргэж өгнө. John эгч дүүсийнд
аяга ус уучихаад гарах гэтэл Heather татаж унана, Wendy энэ үед түүнийг
бушуухан яв, бид зүгээр гэх бөгөөд сандарсан John тэднийхээс гараад явж байгаад
өнөөх улаан хүрэмтийг дахин олж харна, энэ удаа тэрээр хараад өнгөрөхийг
хүссэнгүй, араас нь дагана.
Nicolas Roeg энэхүү киног хийх хүртэл Венецийг
үргэлж хуял тачаал, хүсэл эрмэлзлэл хийгээд романтик мөрөөдлийн симбол болгон
кинонд ашигладаг байсан. Харин Nicolas Roeg камераа аван Венецид очсоноор муу
ёрын нууцлаг мананд бүрхэгдсэн эртний барилгууд, хотын сувгууд одоо сонгодог
готик триллер бүтээл болж амилсан юм. Английн кино найруулагч Nicolas Roeg
нутгийнхаа зохиолч Daphne du Maurier-ын Don't Look Now ижил нэрт богино
өгүүллэгийг кино болгосон нь жилээс жилд киноных нь нэр хүнд өссөөр өдгөө
классикт тооцогдох болсноос гадна хоррор жанрт, мөн Их Британий кино урлагт том
нөлөө үзүүлсэн бүтээл гэгдэх болжээ. Эл бүтээл сэтгэлзүйн уй гашуу, хүүхдийн
үхэл хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг дээр төвлөрөх бөгөөд
supernatural элементүүдийг багтаасан зохиолд уй гашууг дүрсэлсэн нь энгийн бус
тохиолдол байв. Энэхүү бүтээл нь эвлүүлгийн шинэлэг хэв маяг, дахин давтагдах
мотифууд, сэдвүүд болоод тухайн үеийн олон нийтийн кинонд дүрслэгддэг жишиг
секс сцэнээс илүү ил тод дүрслэлээрээ маргаан дэгдээж байснаараа алдартай
бөлгөө. Кинонд урьдчилсан байдлыг харуулахын тулд үйл явдлыг ухрааж, бас урьдчилан
харуулах хувилбаруудыг ашигладаг; мөн зарим сцэнүүдийг огтлолцуулж юмуу нэгтгэх
нь үзэгчдэд өрнөж буй үйл явдлыг хувьсгаж харах ойлголтыг өгнө.
Ингэхдээ импрессионист зураглалын хандлагыг баримтлах агаад холбох эвлүүлгийн аргаар төстэй обьектууд, хэв маяг, өнгөөр үйл явдлыг урьдчилан зөгнөдөг. Энэхүү кино нь уламжлалт готик сүнсний өгүүлэмжийг уй гашууд автсан хосуудын оюун ухааныг судлахад ашигладаг буюу далдын ер бусын сэдэвт кино юм. Найруулагч Roeg уй гашуу гэсэн ганц тулгууртай кино хийх санаатай байсан ба "уй гашуу хүмүүсийг салгаж чадна. Хамгийн дотно, хамгийн эрүүл саруул харилцаа ч уй гашуугаар дамжин үгүй болж болно" гэж хэлж байжээ. John-ын үхсэн охин Christine-ын дүрх төрх, үхлийнх нь мөн чанар киноны турш байнга эргэн дурсагдах нь киноны уур амьсгал, дүрслэлийг хүнд бэрх болгодог. Улаан хүрэм өмссөн Christine-ын тоглож байгааг байнга ухрааж үзүүлэхдээ мөн Christine шиг улаан хүрэм өмссөн түүнтэй адилхан нууцлаг дүрийг мөн байнга гаргана. Киноны дэд сэдэв болох цуврал алуурчинтай холбоотой хохирогчдын цогцсыг сувгийн уснаас татаж гаргаж байгаа хэсэг үе үе гардаг буюу кинонд ус нь үхэлтэй холбогдоно. Киноны эхэнд John үхсэн охиныхоо цогцсыг уснаас гарган авч тэвэрдэгтэй адил хүүхдийн хүүхэлдэйг сувгийн уснаас гаргаж авч байгаа зүрх эмтрэм мөч кинонд бий. Мотифуудыг дахин дахин ашиглах аргыг уламжлалт бус эвлүүлгийн аргатай холбосноор үйл явдлыг урьдчилан харуулах киноны түлхүүр бүтцийг бий болгожээ.
Daphne du Maurier-ын өгүүллэгт Laura улаан хүрэмтэй байдаг бол кинонд улаан
өнгөөр Christine болоод John-д харагдаад байгаа ч баригддаггүй дүрийг холбоход
ашигладаг ажээ. Maurier-ын өгүүллэг Christine менингитээр нас барж, үйл явдал
нь Венецид эхэлдэг байхад кино усны мотифыг ашиглахын тулд, охиныг живж үхсэн
болгохын тулд эхлэл хэсгийг өөрчилжээ. Унаж үхэхийн аюул мөн киноны турш
харагдана; тухайлбал, Christine нууранд унадаг бол Laura зоогийн газарт ухаан
алддаг, мөн John-ын хүү сургууль дээрээ унаж бэртлээ гэдэг, John өөрөө ч бас
сүм сэргээн засварлаж байгаад унаж үхэхээ шахдаг билээ. Кинонд шил муу зүйл
тохиолдох гэж байгааг ёрлох байнгын дохио болдог; Christine-г живж үхэхийн
өмнөхөн John аягатай хагалдаг, Laura Зоогийн газарт унахдаа ширээн дээрх шилэн
хэрэгслүүдийг хагалдаг бол John сүмд ажиллаж байхад модон банз дээрээс нь унаж
зогсож байсан шилэн тавцанг нь хагалсанаар тэрээр үхэнгээ алддаг. Эцэст нь John
үхэхээсээ өмнө буюу нууцлаг улаан хүрэмттэй нүүр тулахаасаа өмнө зөнч эгч
дүүсээс аяга ус авч уудаг нь Christine-ын үхлийг урьдчилсан симболын нэг хэсэг
юм. Киноны үйл явдал үзэгчдэд андуурч таних, буруу ойлгох бодролд оруулна. John
эхнэрээ оршуулгын ёслол дээр эгч дүүстэй хамт байгааг хараад эхнэрээ Венецид
байна гэж андуурдаг, үнэндээ түүний харсан зүйл бол зөн байдаг бөгөөд мөн
тэрээр нууцлаг улаан хүрэмтийг хүүхэд гэж эндүүрсэн байдаг билээ.
Адилхан харагдах байдал, хуулбар нь киноны чухал концепт болдог; усны тусгал, гэрэл зургууд, цагдаагийн ноорог зураг хийгээд John-ын сүмийн сэргээн засварлаж Буй гэрэл зургийн слайд хүртэл хуулбар нь кинонд байнгын давтагдах мотиф юм. Roeg киноныхоо анхдагч зарчмыг дүрслэхдээ; юу ч харагддаг шигээ биш гэж тодорхойлсон байдаг ажээ. Харилцааны сэдэв нь Roeg-ын ихэнх бүтээлд шингэсэн байдаг, эл кинонд ч мөн шингэсэн байна. Үүнийг нас барагсадтай харилцдаг сохор Heather--ээр хамгийн сайн жишээ болгон харуулж байгаа боловч өөр хэлбэрээр үзүүлдэг; кинонд Италиар ярих харилцан яриаг англиар орчуулдаггүй нь үл ойлголтын бэрхшээлийг улам гүнзгийрүүлэх буюу үзэгчид John-ын адилаар төөрөгдөх болно. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү харилцах чадвартай байгаа харагдана; зөнч нь эмэгтэй хүн байдгаас гадна Laura нөхрөөсөө илүү хүүтэйгээ байнгын холбоотой байдаг. Roeg уг кинондоо тасархай эвлүүлгийн ажлыг маш ихээр ашиглажээ. Кинонд одоо цаг нь "урсамтгай" байдлаар илэрхийлэгддэг бол өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд ижил цагийн хүрээнд оршин тогтнох боложтой юм. John-ын зөгнөж харсан бүхэн одоо цагтай холбогдох буюу киноны эхэнд гэрэл зургийнхаа слайд дээр харсан нууцлаг улаан хүрэмтэй дүрс болоод эхнэрээ оршуулгын ёслол дээр байгаагаар харсанаа одоо цаг гэж андуурсан, үнэндээ энэ нь ирээдүй, түүний оршуулга байсан билээ.
Тасархай эвлүүлгийн арга нь энэхүү кинонд сексийн
сцэнээр ашиглагдсанаараа хамгийн алдартай; John, Laura нарын секс хийж буй
сэцэний дундуур огтлолцож тэдний хувцсаа өмсөөд хоолонд орох гэж буй сцэн орж
ирнэ. Киноны үйл явдлын хүүрнэлийн түвшин нь зөгнөлийг өөрөө биелүүлэгч гэж
үзэж болох ба John өөрийнхөө үхлийг зөгнөж харсан нь үхэх явц руугаа өөрийгөө
хөтөлсөн хэрэг юм. Найруулагч Roeg өөрөө уг киногоо "кино дүрмийн
хичээл" гэж үздэг байсан байдаг. Уг кино бол Roeg-ын замналыг 3 дахь кино
бөгөөд өмнө нь Performance, Walkabout гэсэн 2 кино бүтээгээд байв. Киноны гол
дүрүүдэд амьдрал дээрх жинхэнэ хос ~ жүжигчид болох Natalie Wood болон Robert
Wagner нарыг тоглуулахаар яригдаж байсан ч Roeg бүр анхнаасаа Julie Christie,
Donald Sutherland нарт гол дүрүүдээ өгөхийг хүсэж байжээ. Julie-д кино зохиол
таалагдсанаас гадна Roeg-той хамтран ажиллахыг хүсэж байсан буюу тэд өмнө
хамтран ажиллаад амжсан байсан бол Sutherland ч бас кинонд тоглохыг хүссэн ч
кинон дээрх гарах зөнч энэ тэр гэсэн сэдэв эргэлзээг нь төрүүлсэн ба тэрээр
киног илүү "боловсролын кино" байх ёстой гэж харж байж, гэхдээ эцэст
нь найруулагч түүнийг "ятгаж" чаджээ. Киног өдгөө алдартай болгосон
зүйл бол Sutherland Julie нарын секс сцэн гэж хэлэхэд буруудахгүй.
Олон нийтэд зориулсан кинон дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнд аман секс хийж өгч буй сцэн тэр цагт ховор байсан ба Их Британий хэвлэлүүд кино урлаг дахь хамгийн илэн далангуй секс сцэний нэг гээд Julie-г Last Tango in Paris киноноос хойш хамгийн ихээр цензурын маргаанд орлоо гэж бичиж байв. Julie хэлж байна: тэр үед хүмүүс тиймэрхүү сцэн хийдэггүй байсан, тиймээс тэр хэсгүүдийг авахад маш хэцүү байсан. Бидэнд ямар жишээ болгох юмуу загварчлан дагах зүйл байгаагүй гэж байжээ. Кино секс сцэнээсээ болж нэгдсэн улс болон Их британид ад үзэгдэж байсан ч секс сцэнээс 9 кадрыг хассаны дараа нэгдсэн улсад уг киног R ангилалаар хүлээн авсан бол Их Британид секс сцэнээс хасвал киноны гоо зүй, амт алга болно гэж дүгнээд X ангилалд киног багтаажээ. Кино нээлтээ хийснээс хойш секс сцэнээсээ болж маргаан дунд байсаар л байв. Julie Sutherland нар кинон дээр жинхэнээсээ секс хийсэн, мөн секс хийж байгаа сцэнд өрөөний орчин харагдаж байсан зэрэг маргаан, шүүмж тасрахгүй байв. Нэрт жүжигчин Warren Beatty тус кинонд тоглосон найз охин Julie Christie-ын секс сцэнийг хов цуурхал, хардалтаасаа болж хасахыг шаардаж байв. Ядаж байхад энэ цуурхлыг Paramount студийн захирал асан Peter Bart өөрийн бичсэн номондоо тэр зураг авалтын үеэр байсан, үзсэн, үнэхээр Sutherland-ынх Julie-ынх руу орж гарч байсан гэж бичиж батлав. Warren Beatty гомдол гаргаж, тухайн хэсгийг засах саналыг гаргаад Roeg өөрийнх нь найз охиныг ашигласан гэж мэдэгдсэн бол Sutherland энэ бүхэн үнэн биш, зураг авалтад Bart огт байгаагүй гэж мэдэгджээ. Мөн киноны продюсер Peter Katz киноны секс сцэн хуурамч байсан, Bart тэнд байгаагүй гэсэн байдаг ажээ. Уг бүтээл хэд хэдэн жанраараа Alfred Hitchcock-д өртэй буюу Christine үхээд Laura хашгирдаг нь Alfred Hitchcock-ын The 39 Steps киног санагдуулах бол John алга болсон эхнэрийнхээ талаар цагдаад мэдэгдээд хариуд нь өөрөө сэжигтэн болж байгаа нь гэм буруугүй хүнийг буруутан болгодог эрх баригчдын талаарх сэдэв нь Hitchcock-ын үндсэн арга барил билээ.
Киноны бүтэц, кино хэл нь Италийн киноны дэд жанр болох giallo жанртай олон
талаараа төстэй байдаг. Roeg тасархай эвлүүлгийн аргаа өмнөх 2 кино Walkabout,
Performance дээрээ ашиглаж байсан агаад тэрээр энэ аргаа Petulis кинонд
зураглаачаар ажиллаж байхдаа эвлүүлэгч, энэ техникийг үүсгэгч Antony Gibbs-ээс
сурчээ. Мөн Roeg Пурст, Борхес, Ницше нарын уран зохиолчдын нөлөөгөөр уг
киногоо хийсэн байдаг бөгөөд шүүмжлэгчид түүнийг Борхесийг дэлгэцнээ хамгийн
дөхөм буулгасан найруулагч гэсэн буй. Судлаач, шүүмжлэгчид Julie Sutherland
нарын тоглолтыг өндрөөр үнэлж, ихэнх supernatural жанрын кинонд байдаггүй
сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн үнэнийг дэлгэцнээ буулгасан хэмээн тэднийг магтсан
байдаг. Мөн Roeg Венецийг сонгож, киноныхоо өнгө аяс, утга санаанд төгс
нийцүүлэн ашиглаж чадсныг сайшааж, Венец хот бол энэ киноны бас нэг чухал дүр,
элемент гэж үзсэн байдаг ажээ. Зохиолч Daphne du Maurier бүтээлийг нь сайн кино
болгосонд Roeg-д баяр хүргээд Laura болон John хоёрын харилцааны мөн чанарыг
алдагдуулаагүйд нь талархасан байдаг. Don't Look Now бүтээлийг өнөөдөр хоррор
жанрын хамгийн чухал бүтээлийн нэг гэж үзэх болсон ба Sight & Sound сэтгүүл
бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 127-р байрт, мөн TSPDT сайт бүх
цаг үеийн хамгийн шилдэг киноныхоо 127-р байрт тус тус жагсаажээ.
Comments
Post a Comment