"Монте Кристо Гүн". Миний бодлоор Монголд хамгийн их уншигдсан бас хамгийн алдартай орчуулгын роман бол "Монте Кристо Гүн" болов уу. Номыг нь уншаагүй юмаа гэхэд ядаж киног нь үзээгүй хүн байхгүй гэж бодож байна. Хүүхдийн насны Баатар Эдмон Дантес хийгээд Францын суут зохиолч Александр Дюмагийн энэхүү гайхамшигтай романтай танилцая. А. Дюма романаа 1844 онд бүрэн бичиж дуусгасан бөгөөд энэхүү роман нь "Шадар гурван цэрэг" бүтээлийнхэн хамтаар түүний хамгийн алдартай, олонд танигдсан бүтээлд тооцогддог.
Түүний олон романы адилаар хамтрагч Огюст
Макуэгийн санал болгосон зохиолын тоймыг өргөжүүлсэнээр "Монте Кристо
Гүн" бий болжээ. Эдүгээ уг романыг дэлхийн уран зохиолын сонгодог бүтээл
гэж үздэг. Люк Санте: "Монте Кристо Гүн нь барууны уран зохиолын соёлд
Мики Маус, Ноагийн үер болон Бяцхан улаан малгайтын үлгэр шиг танигдахуйц бат
бөх соёлтой болжээ". Түүхэн үйл явдал романд суурь элемент болох агаад
итгэл найдвар, шударга ёс, өшөө авалт, уучлалт болон энэрэхүй гэсэн сэдэвтэй
(хойно илүү дэлгэрэнгүй өгүүлнэ) адал явдалт уг романы өгүүлэлд хууль бусаар
шоронд орж хэлмэгдсэн нэгэн эр шоронгоос оргож өөрийг нь хилсээр шоронд
оруулсан хүмүүсээс хатуу өшөө авч буй тухай гарна.
ЗОХИОЛЫН СУУРЬ ДЭВСГЭР.
"Монте Кристо Гүн" бичигдэхээс өмнө 1843 онд А. Дюма "Жорж"
нэртэй богино хэмжээний роман хэвлүүлээд байв. Тэрээр "Жорж"-оос олон
санаа, зохиомжийн бүтцийг аван "Монте Кристо Гүн"-дээ дахин ашигласан
байдаг ажээ. А. Дюма романыхаа гол сэдвүүдийн нэг өшөө авалтын санааг Парисын
цагдаагийн газрын архивт байсан, 1838 онд Францад болсон үйл явдлуудын тухай
дурсамж бичгээс авчээ. Архивч нь Жак Пучэ гэгч байсан бөгөөд маш олон боть ном
байж. А. Дюма 1846 онд хэвлэгдсэн романыхаа нэг хэвлэлд багтсан эссэндээ энэ
талаар бичсэн байдаг аж. Энэ Пучэ бол 1807 онд Нимест амьдардаг гуталчин Пьер
Пикотын түүхтэй холбоотой бөгөөд Англи, Францын дайны үеэр баян хүүхэнтэй
гэрлэхээр болоод байсан Пикотод 3 найз нь атаархасны улмаас түүнийг Английн
тагнуул хэмээн буруутгажээ. Хэлмэгдсэн Пико Фенестрел цайзад хоригдож байхдаа
баян Итали ламтны зарц хийдэг байсан ба ламтан үхэхдээ хүү шигээ дассан Пикотод
өөрийнхөө хөрөнгийг үлдээжээ. Өөрийг нь хилсээр шоронд суулгаж, олон жил
тамласан 3 этгээдээс өшөө авахыг Пикод боловсруулсаар байсан ба түүний эхний
хохирогчийн цээжинд зоогдоостой байсан хутганы бариул дээр "анхных
нь" гэсэн бичиг байсан гэдэг.
Хоёрдахь этгээдийг хордуулж алсан бол
гуравдахь буюу өөрийг нь хоригдож байх хойгуур сэтгэлтэй хүүхэнтэй нь суусан
этгээдийн хүүг нь гэмт хэрэгтэн болгож, охиныг нь янхны газар руу илгээгээд
эцэст нь өөрийнхөө гараар хутгалж хөнөөжээ. Эштон - Вулфийн мэдээлж буй бас
нэгэн бодит түүхэнд; гэр бүлийг хордуулсан талаар Пучэгийн дүрслэл байдаг. Мөн
энэ талаар романы Pleiade хэвлэлд дурдсан байдаг; энэ нь Вильфорын гэр бүлийн
доторх аллагын тухай бүлэгт загвар болгож авсан байх магадлалтай гэж үздэг.
Pleiade хэвлэлийн танилцуулгад бодит амьдралаас авсан бусад эх сурвалжуудыг
дурдсан байдаг; Аббе Фариа гэдэг хүн оршин байсан, шоронд хоригдож байсан
боловч шоронд үхээгүй, тэр 1819 онд нас барсан бөгөөд хэнд ч их хэмжээгүй өв
үлдээгээгүй байна. Дантесийн хувьд, түүний хувь тавилан Пучэгийн номон дахь
загвараас тэс өөр, учир нь тэр загварыг зохиолын "Кадруссын" хөнөөсөн
юм. "Монте Кристо Гүн" анх Journal des Debats сонинд 18 хэсэг болж
нийтлэгджээ.
Цувралаар гарсан хугацаа 1844 оноос 1846 он хүртэл үргэлжилсэн бол
анхны номон хэвлэл Парист 18 дэвтэр болж хэвлэгдсэнээс эхний 2 дэвтэр нь 1844
онд, үлдсэн 16 дэвтэр нь 1845 онд хэвлэгдэн гарчээ. Парист гарсан анхны хэвлэл,
Бельгид гарсан ихэнх хэвлэлд, мөн түүнчлэн хожим 1860 онд гарсан зурагтай
хэвлэлд номын гарчгийн "Кристо" гэдэг үгийг "Христо" хэмээн
буруу бичсэн байжээ. Зөв бичигтэй анхны зурагтай хэвлэл 1846 онд Парист гарчээ.
К. Х. В. Меркадо "Монте Кристо Гүн" романы Европ дахь нөлөөг
тодорхойлов: "дэлхий дахины уншигчдын сэтгэл зүрхийг татаж чадсан энэхүү
цувралын үр нөлөө нь бидний уншиж мэддэг туршлагаас өөр буюу энэ нь яг л
телевизийн цуврал шиг сонирхол татна" гэжээ. Английн зохиолч Жорж
Сейнтбюри: "Монте Кристо Гүн анх олонд хүрэхдээ ч, хэсэг хугацааны дараа дахин гарч ирэхдээ ч Европын
хамгийн алдартай ном болсон юм. Магадгүй ийм олон жилийн хугацаанд ямар ч роман
тийм олон уншигчтай болж, олон улс оронд нэвтрээгүй байх. Энэхүү алдар нэр нь
орчин үед ч өргөжин тэлж байгаа ба уг ном бараг орчин бүх хэлнээ орчуулагдаж,
хамгийн багадаа 29 уран сайхны кино уг романаас сэдэвлэгдэн бий болж; мөн төдий
хэмжээний телевизийн цуврал төрөн гараад зогсохгүй олон кино романы нэрийг
ашиглаад байна.
Монте Кристо хэмээх нэр нь мөнхийн мөнгөний ундрага болсон, тансаг
Кубын навчин тамхи, хачиртай талх, казино, уушийн газрын хүмүүсийг татах шидэт
нэр болжээ". Тэгвэл орчин үеийн Оросын зохиолч Вадим Николаев уг бүтээлийг
мегаполифоник роман гэж тодорхойлжээ. "Монте Кристо Гүн" маш олон
зохиолчдод уран бүтээлийн санаа өгсөн байдаг, тухайлбал: Лев Уоллесийн
"Бен - Хур"-аас авхуулаад шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Альфред
Бестер-д, Мөн Стефэн Фрайд болоод фантааз жанрын зохиолч Стивен Бруст нарын
зохиолчдыг дурдаж болно. Тэгвэл А. Дюмагийн бүтээл Азийн зохиолчдод хүртэл
нөлөөлсөн байдаг; Хятад зохиолч Жин Ён тодорхой хэмжээгээр Дюма өөрт нь
нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө хамгийн дуртай хятад бус зохиолчоор
нэрлэсэн байна.
УТГА САНАА. Эдмон Дантес нийгмийн эрүүгийн шүүхийн системийн
хязгаардлагдмал байдалд гутарч, сэтгэл дундуур байгаа учраас шударга ёсыг
гартаа авдаг. Нийгмийн шударга ёс нь түүний дайснуудад хуулийн цоорхойг ашиглан
боломж олгож, түүний эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй
үлдэхэд тусалдаг. Хэрвээ түүний дайснуудын үйлдсэн гэмт хэрэг илэрсэн байлаа ч
Дантес тэднийг шударгаар шийтгэгдэнэ гэдэгт итгэдэггүй. Хэдийгээр өстөн
дайснууд нь түүнд олон жил сэтгэлийн зовлон шаналал авчирсан байдаг ч тэдний
ихэнх нь хэдхэн хормын зовлонд унаад, даруйхан үхэлтэй учирдаг билээ. Хүн
төрөлхтөнд Шударга ёс ялзарсан гэж үзсэн Дантес өөрийгөө бурхны төлөөлөгч
хэмээн бодоод бурханлаг шударга ёсыг тогтоохыг зорилгоо болгоно. Тэрээр
дайснуудыгаа шийтгэгдэх ёстой гэж итгэсэн учир тэднийг шийтгэхээр шийддэг;
ингэхдээ тэдний өөрт нь учруулсан шиг тэдний хайртай бүхнийг үгүй хийх замаар
юм. Заримдаа гэмгүй болоод гэм буруутай хүмүүсийн амьдралыг сүйтгэн үгүй хийж
байхдаа Дантес хүмүүний хэрэгжүүлж буй шударга ёс угаасаа хязгаарлагдмал юм
гэдгийг сайтар ухаарна.
Ийм шударга ёсны хязгаар нь хүмүүний оршихуйтай
хамаатай юм. Бурхны бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг байдал хүнд үгүй тул хүн
бурхны ажлыг хийх чадваргүй. Гэмт хэрэг ба ял шийтгэлийн тухай А. Дюмагийн
энэхүү туульсын бүтээлийн эцсийн мессеж бол бурхан хэзээ, хэрхэн зөв гэж үзнэ
тэгэхэд хүн өөртөө бурхны шагнал, шийтгэлийг зөвшөөрөх ёстой ажээ. Романд
сайхан сэтгэлтэй хүмүүс ба сайхан сэтгэлгүй хүмүүсийн ялгааг тодотгодог. Сайхан
сэтгэлтэй дүрүүдээс хамгийн их илэрдэг, сайхан сэтгэлгүй дүрүүдэд дутагддаг тэр
зүйл бол тухайн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байж, амьдралаа аж жаргалтай
гэж харж чадах чадвар юм. Максимилиан руу илгээсэн салах ёс хийсэн захиандаа
Дантес: "ертөнцөд жаргал, зовлон гэж байдаггүй, зөвхөн хэн нэгнийг өөр
нэгэнтэй харьцуулах харьцуулалт л гэж бий" сайн ба мууг ялгаж салгадаг зүйл
бол сайн нь бага ч гэсэн байгаа зүйлээ үнэлдэг байхад муу нь дутагдаж байгаа
зүйл дээрээ л төвлөрдөг аж, энэ бол романы чухал санаа юм. Дантесийн дайснууд
түүнээс атаархалаас болж урвадаг; эдгээр урвагчид элбэг сайхан амьдралтай
байдаг хэдий ч албан тушаал дэвшиж, өөрсдөөс нь илүү гарч байгаа Дантесийн
амьдрал тэднийг сэтгэл ханамжгүй болгодог. Кадрусс бол энэхүү сэтгэлзүйн
дутагдлын жишээ бөгөөд тэрээр амьдралдаа учирсан эерэг бүхнээс алдаа дутагдал
хайж явдаг.
Эрүүл, ухаалаг, боломжийн амьдралтай Кадрусс аз жаргалтай амьдрахад
дэндүү амархан байсан ч нөхцөл байдлаа тэгж харах чадваргүй байдаг. Үүний эсрэг
талд Жулиа, Эммануэль Хербо нар байдаг буюу тэд ядуурал болон бусад бэрхшээлтэй
тулгарсан ч аз жаргалыг мэдрэх бүрэн чадвартай байна. Романы эхний бүлгүүдэд
Дантес бурхнаас түүнд өгсөн өчүүхэн аз жаргалдаа туйлын сэтгэл хангалуун
байдаг, тэгвэл сүүлчийн бүлгүүдэд шоронгоос гарсан Дантес нь аз жаргал мэдрэх
чадваргүй, өш хонзонтой, муу, сэтгэл ханамжгүй хүний жишээ болсон байдаг.
Дантес өшөө авах нарийн төлөвлөгөөгөө Боловсруулж байсан он жилүүддээ өөрийгөө
хүн төрөлхтөнөөс цөлж байгаагаа зарладаг билээ. Тэр өөрийгөө зөвхөн улс орон,
нийгэм, хүмүүсээс таслаад зогсохгүй хүний энгийн сэтгэл хөдлөлөөсөө тасдаж
байгаагаа мэдэрнэ. Дантес баяр баясал, уй гашуу, сэтгэл догдлолыг мэдрэх
чадваргүй болдог; чухамдаа, түүний мэдрэх чадвартай сэтгэл хөдлөлүүд бол үзэн
ядсан өш хонзон болоод хааяахан талархах сэтгэл юм. Дантесийн нийгмээс хэт
тусгаарлагдсан байдал хийгээд явцуу мэдрэмж нь өөрийгөө бурхны төлөөлөгч гэж
үзсэн дүрдээ хэт авснаас үүдэлтэй гэж үзэж болно. Олон жилийн турш бүхий л
зүйлээ өшөө авалтад зориулсан Дантесийн байдлыг төсөөлж үзэхэд түүний
сэтгэлзүйн байдлыг ойлгоход хэцүү биш юм.
Гэхдээ Дантесийн хүн төрөлхтнөөс өөрийгөө тусгаарласан явдал нь зөвхөн
өшөө авах гэсэндээ улайрсных биш агаад энэ бол түүний амьд хүнийг
хайрлаагүйгээс үүдэлтэй юм. Тэрээр урвагчдын талаар шоронгоос оргохоосоо хэдэн
жилийн өмнө мэдсэн байсан ч Фариаг нас барахад л хүн төрөлхтнөөс өөрийгөө
тусгаарлаж эхэлдэг билээ. Фариаг үхэх хүртэл, Дантесийн Фариаг хайрлах сэтгэл
нь өөрийг нь хүнлэг сэтгэлтэй холбож, амьд хүнийг хайрлах хүнлэг мэдрэмжийг нь
амьд байлгадаг. Эцэг нь үхэж, Мерседес өөр хүнтэй суусныг олж мэдэх үед
Дантесийн өөрийгөө тусгаарлалт бүрэн төгсөрдөг. Түүний хайрладаг хүмүүс одоо
огт байхгүй болсон ба тэр хүнлэг сэтгэлийн хүчээ гээнэ. Энэхүү хүнлэг сэтгэлийн
хүч эцэст нь Дантес Хайдид дурлахад буцаж ирнэ. Энэ харилцаа Дантесийг хүнлэг
чанартай дахин холбох бөгөөд түүнд жинхэнэ сэтгэл хөдлөлийг дахин мэдрэх
чадвартай болгодог. Сэтгэл хөдлөлийн ялгуусан тунхаглалдаа тэрээр Хайди руу
хандаж: "би чамаар дамжин өөрийгөө амьдралтай дахин холбож, би чамаар
дамжин зовж, чамаар дамжин дахин жаргалаа" гэдэг. Дантес өөр хүнийг
хайрласнаар өөрийн хүнлэг сэтгэлээс, мөн нийгмээс тусгаарлагдсан байдлаасаа
салж чаддаг.
СЭДЭВ. "Монте Кристо Гүн" романы дүрүүдийн нэр байнга
өөрчлөгдөж байдаг нь дүрүүдийн дотор гүн гүнзгий өөрчлөлт гарсныг илтгэнэ.
Хуучин гэрээний бурхантай адилаар Дантес олон янзын нэртэй болдог бөгөөд
тэдгээр нэр нь бурхны төлөөлөгч болох түүний төлөвлөгөөнд өөр өөр үүрэг
гүйцэтгэдэгтэй хамаатай юм. Тэрээр шүүрч болохдоо өөрийгөө Аббе Бузон гэх бол
нэлээн өгөөмөр хандахдаа Лорд Уилмор болж, өшөө авагч сахиусан тэнгэр болохдоо
Монте Кристо Гүн болдог. Дантес маш олон мөн чанартай байгаа нь түүнд жинхэнэ
төв байхгүйг харуулж байна. Вильфор мөн олон шалтгаанаар нэрээ өөрчилдөг; тэр
эцгийнхээ Науртьер нэрийг авахаас татгалздаг, энэ нь үзэн яддаг Бонапарист
намтай холбоотой учраас тэр юм. Вильфорын нэрний сонголт нь түүний улс төрийн санаархал
хийгээд хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотныхноо хайр найргүй золиослоход
бэлэн байгааг илтгэнэ. Фернанд Мондего нэрээ Гүн Морсер болгодог нь жинхэнэ
гарал үүслээ нэр хүндтэй, эрх мэдэлтэй нэгний хэмжээнд авчирч байгаагийн илрэл
юм. Гэхдээ Мондего энэ нэрээ худалдаж авсан гэхээсээ илүү эртний гэр бүлийнхээ
нэр шиг байлгахын төлөө жүжиглэдэг нь түүний төрөлхийн үнэнч бишийг бэлгэдэнэ.
Мерседес мөн нэрээ сольж гүнгийн хатан Морсер болдог. Тэгсэн хэдий ч Мерседес
сайн сайхны төлөө тэмцэж, суурь мөн чанар нь эвдэрдэггүй билээ.
Түүний нэрээ
өөрчилсөн нь Дантесийн өрсөлдөгч болох нөхөртэйгөө холбоо тогтоож, Дантест
үнэнч байж чадаагүйг л харуулна. Романд гарсан бусад бүх дүрүүдийн нэрийн
өөрчлөлт нь дүрийн зан чанар, дотоод сэтгэлийн өөрчлөлтийн дохио юм.
"Монте Кристо Гүн"-ын олон дүрүүд, жишээлбэл; Дантес, Моррель, Хайди,
Мондего, хатагтай Вильфор болон Альбер нар амиа хорлох талаар бодох юмуу эсвэл
бүр амиа хорлодог билээ. А. Дюма амиа хорлох явдлыг маш хүнд нөхцөлд
хүндэтгэлтэй бөгөөд ухамсартай үйлдэл болгож харуулдаг. "Монте Кристо
Гүн" роман дахь амиа хорлолт нь ер
нь романтик уран зохиолын нэгэн адилаар бүтэлгүй хайртай холбогдоно. Чухамдаа,
хайртай хүнийхээ төлөө амь насаа алдах хүсэл эрмэлзлэл нь түүндээ үнэнч байдлаа
харуулах туйлын ганц арга зам юм. Максимилиан Валентинийг алдахтай тулгараад
үүнээс болж үхэхийг чин сэтгэлээсээ хүсэхийг Монте Кристо тэгэхэд л ойлгодог.
Үүнтэй адилаар өөрийг нь орхивол амиа хорлоно гэсэн аль хэдийнээ зүрх сэтгэлээ
түүнд тушаасан Хайди өөрт нь үнэхээр хайртай Болохыг ухаарна. Дүрүүдийн амиа
хорлох талаар бодсон юмуу дурдсан байдал нь хамгийн ноцтой үйлдлийн баатарлаг
шинжийг илэрхийлж байгаа юм шиг санагдана. Гэхдээ л амиа хорлох нь ноцтой
үйлдэл болох буюу Дантес Максимилианд хандаж: "орхихдоо харамсахаар зүйл
байгаа л бол амиа битгий егүүтгээрээ гэж захидаг.
Романы дүрүүд амьдралд
ихэрхүү ханддаггүй ба тэд ердөө л мелодраматик ертөнцөд амьдардаг. "Монте
Кристо Гүн" бол гол элементүүдээ түүхэн бодит үйл явдлаас авсан гэдгээрээ
бас түүхэн роман юм. Тиймээс романд улс төр чухал үүрэгтэй байдаг, ялангуяа
тодорхой дүрүүдийг сайн юмуу муу гэж тодотгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүх
томоохон сайхан сэтгэлтэй дүрүүд нь ямар нэгэн байдлаар Бонапартист намын
ардчилсан үзэлтэй холбоотой байдаг бөгөөд урьд нь Бонапартистын төлөө цогтой
тэмцэж явсан Моррель, Нуартье нараас эхлээд хувь хүний эрхийн төлөө тэмцэгч
болж гарч ирсэн Дантес хүртэл холбогдоно. Үүнтэй адилаар Максимимлиан
Валентинаг эхнэрээ болгохоор тэмцэж байгаа нь Бонапартистуудын бас нэгэн идеал
болох нийгмийн тэгш эрхийн төлөөх тэмцэлтэй адилхан юм. Сайхан сэтгэлгүй
томоохон гол дүрүүд нь эсрэгээрээ Морсер, Вильфор зэрэг дарангуйлагч, язгууртан
рояалистуудтай холбоотой байдаг. Бусад нь, Данглар зэрэг хувиа хичээсэн
капиталист оппортунистууд байдаг. Энэ утгаараа, А. Дюма улс төрийн баримтлалыг
дураараа тогтоодоггүй, харин дүрүүдийнхээ сэтгэлийн цонх болгон ашигладаг.
СИМБОЛ. Дантес шоронгоос оргохдоо далай руу шумбаж ордог; энэ нь хоёрдахь усан
адислал ба шинэчлэгдсэн зүрх сэтгэлээ бурханд зориулахаар шийддэг. Түүний
шоронд амссан зовлонг үхэлтэй зүйрлэж болох; тэрээр гэнэн цайлган зан, өөрийгөө
хайрлах сэтгэлээ гээсэн байдаг. Дантес дайснуудаасаа өшөө авахаар хатуу шийдсэн
хорсолтой, үзэн ядагч хүн болж гарч ирдэг. Тэрээр өөрийг нь эрх чөлөөнд хөтлөх
усанд угаагдаж, дахин төрөлтөөрөа бүрэн өөрчлөгдсөн хүн болжээ. Энэхүү
бэлгэдлийн усан адислалын дараа ч далай нь романд тодоор дүрслэгдсээр байдаг.
Дантес өөрийгөө ямар газар нутгийн иргэн биш гэж үздэг тул ихэнх цагаа далай
дээр, усан онгоцоороо дэлхийг тойрч өнгөрүүлдэг. Анх Моррель Дантесийн эцгийн
амийг аврахын тулд хэрэглэсэн, дараа нь Дантес Моррелийн амийг амийг аврахдаа
ашигладаг улаан торгон түрийвч бол романд сайн үйлс ба шагнал хоёрыг холбох
биет симбол болдог. Моррель түрийвчийг таньдаг бөгөөд нэгэн цагт өөрийнхөө хийж
байсан сайн үйлсийг, мөн түүний төлөө хийсэн сайн үйлсийн хоорондох холбоог олж
мэддэг. Моррелийн охин Жулиа хожим эцгийнх нь гайхамшигт аврал болсон
түрийвчийг дурсгал болгон нандигнан хадгалж байдаг нь түрийвчний бэлгэдлийн
хүчийг онцолж буй хэрэг юм.
Comments
Post a Comment