Жорж Оруэлл "Амьтны Ферм"

 

 



  

"Амьтны Ферм". Английн зохиолч, шүүмжлэгч Жорж Оруэллийн 1945 оны 8-р сарын 17нд Англид анх хэвлэгдсэн ёгтлолт тууж юм. Энэхүү туужид Фермерийн хэсэг амьтад эзэн фермерчдийнхээ эсрэг бослого гаргаж, амьтад тэгш эрхтэй, эрх чөлөөтэй, аз жаргалтай байх нийгмийг бий болгож чадна гэж найдаж буй тухай өгүүлнэ. Гэсэн хэдий ч бослого нь урвалт болж, эцэст нь ферм Наполеон хэмээх гахайны дарангуйлал дор орсноор өмнөх байснаасаа улам дорддог. Оруэллийн хэлж буйгаар энэхүү ёгт үлгэртээ 1917 оны Оросын хувьсгал болон дараа нь ЗХУ-ын Сталинист эрин үе хүртэл үйл явдлыг тусгажээ.
 Ардчилсан социалист үзлийг дэмжигч Оруэлл Сталиныг шүүмжилж, Москвагаас удирдлагатай Станлинизмд дайсагнаж байсан ба түүний энэ шүүмжлэлт хандлага нь Испаний иргэний дайнд оролцож явахдаа үзсэн, харсан бүхнээс нь бүрэлдэн бий болсон гэдэг. ЗХУ нь хүмүүсийг массаар хорьж, түргэвчилсэн нууц шүүх хурлууд хийж, мөн нийтээр цаазаар авч байсан нь нэг хүнийг шүтэх үзэл дээр суурилсан тоталитар автократ улс болж хувирчээ. Оруэлл Ивонна Дэветэд бичсэн захидалдаа "Амьтны Ферм"-г Сталины эсрэг егөөдөлт үлгэр гэсэн байдгаас гадна "Би яагаад бичдэг вэ?" Эссэндээ "Амьтны Ферм" бол юу хийж чадахаа бүрэн ухамсартайгаар оролдож үзсэн анхныхаа ном гээд уран бүтээлчийн зорилго ба улс төрийн зорилгыг нэгтгэн нэг том бүтээл гэсэн буй. "Амьтны Ферм"-ын анхны нэр нь "Үлгэрийн түүх" гэдэг нэртэй байсан боловч нэгдсэн улсын хэвлэн нийтлэгчид 1946 онд хэвлэхдээ хадмал орчуулгыг нь орхисон бөгөөд Оруэллийн амьд ахуйд зөвхөн ганц хувь л хадгалагдан үлджээ. Оруэлл туужаа 1943 оны 11-р сараас 1944 оны 2-р сарын хооронд бичсэн буюу Их Британи ЗХУ-тай холбоотон болж нацист Германы эсрэг дайтсан, мөн Их Британий сэхээтнүүд Сталиныг өндрөөр үнэлдэг зэрэгт Оруэлл дургүй байв. Туужийн гар бичмэлийг анхандаа Их Британий болон Америкийн хэвлэн нийтлэгчид хэвлэхээс татгалзсан агаад үүнд Оруэллийн өөрийнх нь нийтлэгч Виктор Голланч хүртэл байсан бөгөөд энэ мэтээр хэвлэн нийтлэгдэх хугацаа хойшилжээ. Дайны үед холбоотон байсан улсуудын харилцаа хүйтэн дайн руу шилжсэн тул олон улсын харилцаанд өөрчлөлт орсноор тууж зарим газарт амжилт гаргаж эхэлсэн байдаг. "Амьтны Ферм"-г Англи хэл дээр бичигдсэн хамгийн аугаа 100 номын тоонд Time сэтгүүл нэрлэсэн бол Өрнийн шилдэг номнуудын жагсаалтад багтдаг ажээ. 

СУУРЬ ДЭВСГЭР БА ҮҮСЭЛ. Оруэлл Испаний иргэний дайнаар үзэж туулсан туршлагаасаа сэдэвлэн "Каталонийг хүндэтгэхүй" улс төрийн зохиолоо 1938 онд бичжээ. "Амьтны Ферм"-ын 1947 онд Укрианд хэвлэгдсэн хувилбарынхаа оршилд тэрээр Испанид коммунистуудын цэвэрлэгээнээс зугтаасан нь түүнд "тоталитар пропаганда нь ардчилсан орнуудын гэгээрсэн хүмүүсийг бодол санааг хэр амархан удирдаж чаддаг болохыг сургасан" гэж тайлбарлажээ. Энэ сэдлээр Оруэлл анхны социалист идеаг Сталинизм ялзруулсан гэж үзсэнээ тодруулж, буруушаахад нь түлхэц болжээ. "Каталонийг хүндэтгэхүй" зохиол нь муухан борлогдов; Артур Коестлерийн шилдэг борлуулалттай "Үд дундын харанхуй" номноос тоталитаризмыг яаж дүрсэлж бичихээ Оруэлл олсон агаад Артур Коестлерийн номонд Москвагийн шүүх хурлын талаар гардаг ажээ. Оруэлл номоо бичихээсээ өмнө BBC-гээс гарав. Мөн түүнчлэн Мэдээллийн яамнаас гаргасан пропагандистуудад зориулсан товхимолд сэтгэл дундуур байлаа. Товхимолд ЗХУ-тай холбоотой үзэл суртлын айдсыг хэрхэн дарах, Улаан терроризмыг нацистуудын төсөөлсөн зүйл гэж батлах зааврууд багтсан байна. Оруэлл номынхоо оршилд уг туужийнхаа санааг яаж олсноо бичжээ: "би арван настай л байсан болов уу. Аварга том морин тэрэг нарийнхан замаар эргэх гэж байхад морийг ташуурдахыг би олж харсан юм. Хэрвээ амьтад өөрсдийнхөө хүчийг мэддэг бол хүмүүс тэднийг захирах эрхгүйг, баячууд пролетари нарыг мөлждөг шиг хүмүүс амьтдыг адилхан аргаар мөлждөг болох нь намайг гайхшруулсан юм". 1944 онд Германы бөмбөгдөгч онгоцнууд Лондоныг сүйдлэхэд Оруэллийн гэрт нь байсан гар бичмэл алдагджээ. Оруэлл хэдэн цагийн турш нурангийг ухаж байж хуудсуудыг бүрэн бүтнээр олж чаджээ.

 ЖАНР БА ХЭЛБЭР. Жорж Оруэллийн хэлж буйгаар "Амьтны Ферм" бол "илүү өргөн тохиргоотой" байлгахыг зорьсон улс төрийн егөөдөлт бүтээл ажээ. Хэлбэрийн хувьд уг тууж нь олон талаараа Оруэллийн бусад Бүтээлтэй төстэй байдаг; ялангуяа "Амьтны Ферм" болон "1984" бүтээлүүдийг Свифтиан егөөдөлт жанрт хамаатуулдаг. Эл хоёр оргил бүтээлээрээ Оруэлл хүн төрөлхтний ирээдүйг бараанаар дүрсэлдэг ба уг бүтээлүүдээрээ тэрээр Дистопиан аюулыг онцлон анхааруулна. Ийм төрлийн бүтээлүүддээ Оруэлл дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ дахь замбараагүй, хүнд хэцүү нөхцөл байдлыг тодорхой гаргахыг зорьжээ. Оруэллийн бичгийн хэв маяг хийгээд философи нь тэр чигээрээ бичгээр үнэнийг эрэлхийлэхэд зорьж байв. Оруэлл үгсийг улс төрд хууран мэхлэх, төөрөгдүүлэх зорилгоор нийтлэг ашигладаг болохыг мэддэг байсан тул шулуухан байдлаар харилцахаар шийдсэн байв. Уг шалтгааны улмаас тэрээр "Амьтны Ферм"-ынхээ хүүрнэлд хэт нэг талыг барилгүй, хэт чамирхалахгүй байхад ихээхэн анхаарсан гэдэг. Ёс суртахуунтай амьтад илүү ухамсартайгаар ярьж байгаа мэт санагдах бол Наполеон гэх мэт ферм дэх хорон муу санаатай амьтад хэл яриаг өөрсдийнхөө далд санаанд нийцүүлэх маягаар мушгин гуйвуулж байгаагаас бид амьтдын харилцан ярианаас, тэдний харилцан үйлчлэлээс ялгаатай чанарыг харж болно. Энэ хэв маягаас Оруэллийг тухайн үед  Европт тулгараад байсан асуудлуудтай ойрхон байсныг, Сталины ЗХУ-ын талаар шүүмжлэлт байр сууриа илэрхийлэх эрмэлзлэлтэй байсныг илтгэнэ. 
 
ХЭВЛЭЛТ. Оруэлл гар бичмэлээ хэвлүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байсан агаад шалтгаан нь Их Британи, Америк болон ЗХУ-ын эвслийн харилцааг алдагдуулж болзошгүй хэмээн болгоомжилж байв. Дөрвөн ч хэвлэн нийтлэгч "Амьтны Ферм"-г хэвлэхээс татгалзсан боловч нэг газар уг нь зөвшөөрсөн ч Мэдээллийн яамтай зөвлөлдсөний эцэст татгалзав. Ингээд эцсийн эцэст Secker and Warburg 1945 онд анхны хэвлэлийг хэвлүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын эсрэг сэдэвтэй уран зохиолыг хэвлэн нийтлэх нь томоохон хэвлэлийн газруудын барьж авах зүйл биш байв, үүнд Оруэллийн хэвлэн нийтлэгч Голланч ч орж байв. Хэвлэн нийтлэгч Жонатан Кейп анх "Амьтны Ферм"-г хэвлэхийг хүлээн зөвшөөрсөн ч Мэдээллийн яамны нэгэн албан тушаалтны сэрэмжлүүгээс болж татгалзсан байна. Уг сэрэмжлүүлгийг өгсөн төрийн албан хаагч нь хожим ЗХУ-ын тагнуул байсан нь тогтоогдсон. Жонатан Кейп Мэдээллийн яамны ажилтны зөвлөсний дагуу ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн. ЗХУ-ын эсрэг илэрхий зэвүүцсэн хандлагатай зохиолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан ба ноёлох ангийг гахайгаар дүрсэлсэн нь улам ч дайрч доромжилсон хэрэг гэж үзжээ. Энэ "чухал албан тушаалтан" нь хожим ЗХУ-ын төлөөлөгч Питер Смоллет гэгч болж таарсан гэдэг. Харин Оруэлл сайхь Смоллетийг тагнуул хэмээн хардаж байжээ. 1945 онд Оруэлл улс төрийн шог зураач Дэвид Лоуг "Амьтны Ферм"-дээ зураачаар ажиллуулахыг хүсчээ. "Амьтны Ферм" туужтай цагийг сайхан өнгөрүүллээ, маш сайн егөөдөлт зохиол, үүнийг төгс зураглан харуулах болно хэмээн Лоу захидалдаа бичсэн байдаг. 

ШҮҮМЖЛЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ. Уг туужийг шүүмжилсэн орчин үеийн шүүмжүүд нийтээрээ эерэг байсангүй. Америкийн шүүмжлэгч Жорж Соул: "энэ ном миний толгойг эргүүлж, уйтгар гунигт автуулж байна. Ном бүхэлдээ уйтгартай санагдлаа" хэмээгээд мөн тэрээр амьтдыг жишээ болгосон нь бодит амьдралаас авсан санаануудтай нийцэхгүй байгаа бөгөөд егөөдөлт байдал зохиолчийн үзэж туулсан туршлагатай тохирохгүй байгаа нь магадгүй тэр сайн мэдэхгүй улс орныхоо талаар өөрийн хэвшмэл ойлголтод тулгуурлан илэрхийлсэнтэй холбоотой болов гэсэн буй. 1945 онд The Guardian "Амьтны Ферм"-г цөөнх олныг журамлахыг харуулсан сэтгэл татам, хурц хошигнол хэмээсэн бол зохиолч Жулиан Симонс: "улс төрийн үндэслэлээр Наполеоныг Сталинтай, Сноуболлыг Троцкийтой адилтгаж болно гээд 100 жилийн дараа энэ туужийг энгийн нэг үлгэр гэж болох юм, харин өнөөдөр бол байгаа оносон улс төрийн егөөдөлт бүтээл болж байна" гэжээ. 

Уг тууж олон улс оронд адилхан хэлбэрийн эсэргүүцэлтэй тулгарч байв. 1977 онд Москвад болсон олон улсын номын үзэсгэлэн дээр гаргахаас урьдчилан сэргийлж байсан бол мөн шашны итгэл үнэмшлийн маргаанаас болж Арабын нэгдсэн улсын сургуулиудад хориглож байжээ. Үүнтэй адил шалтгаанаар Хятадад "Амьтны Ферм" асуудалтай тулгарсан. Хятадын засгийн газар 2018 онд уг туужтай холбоотой бүх онлайн постуудад хяналт тавих шийдвэр гаргав. Гэхдээ ном 2019 оны байдлаар дэлгүүрүүдээр Худалдагдаж байлаа. "Амьтны Ферм" Хятадад өргөн тархсан шалтгааныг; олон нийт ном бага уншдаг болсон, учир нь ном уншдаг элитүүд нь эрх баригч намынхтай холбоотой гэж үздэг ажээ. Зохиолчид: "1984 болон Амьтны Ферм-г Лондон юмуу Лос Анжелесаас худалдаж авахтай адилхан Шанхайгаас ч хялбархан олж болж байсан" хэмээжээ.

 АНАЛИЗ. Наполеон, Сноуболл, Скүйелэр зэрэг гахайнууд хөгшин Мажорын идеаг "бодлын бүрэн систем" болгон өөрчилж, үүнийгээ Анимализм гэж нэрлэдэг ба үүнийг философийн анимализмтай андуурч болохгүй; харин коммунизмыг ёгтлолоор илэрхийлсэн хэрэг юм. Төдөлгүй Наполеон, Скүйелэр нар хүмүүстэй холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог буюу архи ууж, наймаа хийж, орон дээр унтдаг; эдгээрийг Долоон Сургааль (Ноагийн Долоо хууль) дээр тодорхой хориглосон байдаг билээ. Скүйелэр нь энэхүү Долоон Сургаалийг өөрчилж амьтад ч бас хүн шиг болох ажилд томилогдож байгаа нь ЗХУ-ын засгийн газрын түүхийг шинэчлэх аргаар хүмүүсийн өөрсдийнх нь хийгээд нийгмийн итгэл үнэмшлийг удирдах аргаас нь иш татсан гэж үздэг ажээ. Оруэллийн намтар судлаач Жеффри Мейерс: "энэ номын бүх нарийн ширийн ёгтлол нь улс төрийн ач холбогдолтой" гэж бичжээ. Оруэлл өөрөө 1946 онд хэлэхдээ: "мэдээжийн хэрэг би уг бүтээлдээ Оросын хувьсгалын талаар голчлон элэглэхийг хүссэн" гэж байжээ. 1947 онд Укрианд хэвлэгдсэн номынхоо оршилд тэрээр: "хэрэв бид социалист хөдөлгөөнийг сэргээхийг хүсч байвал ЗХУ-ын домгийг устгах нь зайлшгүй чухал болохыг би сүүлийн арван жилд итгэж ирлээ" гээд цааш нь "би Испаниас буцаж ирээд ЗХУ-ын домгийг бүх хүнд ойлгогдохуйц, бусад хэл руу хялбархан орчуулагдахуйц зохиол бичих талаар бодсон" хэмээж байж. Фермер Жонесийн эсрэг амьтдын бослого бол 1917 оны Большевик хувьсгалыг зүйрлэсэн Оруэллийн загвар юм. 

Үхрийн тулалдаанаар 1918 онд ЗХУ руу холбоотнууд халдан довтлосныг болоод Оросын иргэний дайнд Цагаан Оросууд ялагдал хүлээснийг илтгэнэ. Мөн гахайнууд ноёлж эхэлж байгаа нь ЗСБНХУ-д Сталинист хүнд суртал үүссэний толин тусгал болж байна. Гахайнууд сүү, алимыг өөрсдийн хэрэгцээнд зориулж өмчилж байгаа, амьтдаар салхин тээрэм бариулах гэсэн хүнд хүчир чармайлтаар янз бүрийн таван жилийн төлөвлөгөөг санал болгожээ. Наполеоны удирдах гөлөгнүүд нь Сталины сургасан нууц цагдаагийн бүтэцтэй паралель агаад фермийн бусад амьтадтай харьцах гахайнуудын хандлагаар 1930-аад оны ард түмэнд тулгарч байсан дотоодын террорыг эргүүлэн сануулжээ. Туужийн 7-р бүлэгт; амьтад ерөөсөө хийгээгүй гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, алагддаг, энд Оруэлл 1930-аад оны сүүлчээр гарсан хэлмэгдүүлэлт, их цэвэрлэгээг шууд өгүүлнэ. Эдгээрт Оруэлл Большевик хувьсгал ялзарсан, ЗХУ-ын систем доройтож байгаа гэсэн итгэлээ үнэмшлээ шингээжээ. Хэд хэдэн судлаачид салхин тээрмийн тулалданаар Оруэлл дэлхийн хоёрдугаар дайныг илэрхийлж байна гэж үзжээ.

Comments