Portrait of Madeleine Castaing (1928). Литваас гаралтай Chaim Soutine нь экспрессионизм болон Ecole de Paris буюу модерн артын уран бүтээлчидтэй нягт холбоотой байсан бөгөөд хөрөг зураг, байгалийн зураг зурж чадвараа гүнзгийрүүлэхээсээ өмнө тэрээр натюрморт зургийн төрлөөр голлон зурдаг байжээ. Paul Cezanne, Vincent Van Gogh, Marc Chagall болон Modigliani нарын модерн зураачдын нөлөөгөөр тэрээр экспрессионизмын алдартай зураач болжээ. Францын эртний эдлэлийн худалдаачин, интерьер дизайнер Madeleine Castaing нь нөхөр Marcellin Castaing-ын хамтаар модерн артыг идэвхтэй дэмжигчид байсан агаад 1920-1930 оны хооронд Chaim Soutine-ын гол ивээн тэтгэгч нь байв. Chaim Soutine-г бүх цаг үеийн хамгийн аугаа зураачдын нэг гэж үзсэн Madeleine нөхрийн хамтаар түүний 40 гаруй зургийг эзэмшдэг байсан нь түүний бүтээлүүдээс бүрдсэн хамгийн том дан цуглуулга байв. Soutine-ээс гадна эхнэр, нөхөр хоёр хэд хэдэн модерн уран бүтээлчдийг ивээн тэтгэдэг байсан бөгөөд тэдний соёлын хүрээлэлд Pablo Picasso, Jean Cocteau, Henry Miller нарын шилдэгүүд багтдаг байсан байна. Soutine өөрөө Castaing-ын гэрийн байнгын зочин байв. Хөрөг зурагт Soutine Madeleine-ын захирангуй, ихэмсэг төрхийг төгс дүрсэлсэн бөгөөд түүний үнэтэй охор дээл хатан хааны нөмрөг шиг мөрнөөс нь унжиж байна.
Мөн түүний эрх
мэдэлтэй байдлыг үл харгалзан эмэгтэй хүний эмзэг байдал нь илэрхий байсаар
байна. Түүний нүд айдастай, царай нь болгоомжилсон, хацар нь улайж буй
харагдана. Хатагтай Castaing тухайн цаг мөчид өвдсөнөөс болж бие сулавтар
байгаа нь тодорхой байна; тэрээр гараа холбосон нь сандарсанаас үүдэлтэй
харагдах бол Soutine-ын бийрийн ул мөрөөр хаа сайгүй бий болгосон сэтгэл хөөрлөөс
болж аюулгүй байдлыг эрэлхийлэх мэт дээлэндээ толгойгоо бөхийлгөн наалдсан юм
шиг харагдаж байна. Энэхүү хөрөг зураг нь зураач ба субьект хоёрын дундах
сэтгэлзүйн сөргөлдөөний протокол юм. Хатагтай Castaing-тай Soutine ойрхон сууж
байгаа бөгөөд хатагтайн хөлний байршилаар нь даашинзийг нь загварчилж өгсөн нь
илэрхий харагдана. Ерөнхийдөө бидэнд танигдаж байгаа дүр төрх нь боловсролтой,
дэгжин, эрх мэдэлд дассан мөртлөө тэвчээргүй бөгөөд эргэлзээгүй эмзэгхэн нэгэн
юм. Soutine Нидерландын суутан Rembrandt-г биширдэг байв. Soutine түүнээс
дүрийг арын сүүдэртсэн ар дэвсгэрээс тусгаарлах санааг олж авсан. Soutine ядуу
байхаасаа хуучин зотон худалдаж авч хусчихаад зурдаг туршлагаа хэвээр
хадгалсаар байсан бөгөөд хатагтай Castaing хуучин зотон олуулахаар хүн байнга
явуулдаг байжээ.
Comments
Post a Comment