Платоны агуйн ёгтлол

 


Платоны агуйн ёгтлол.

Энэ нь Платоны дэвшүүлсэн хүний юмсыг мэдрэх явцтай (мэдрэмжээрээ ойлгох) холбоотой онол юм. Платон мэдрэхүйгээр олж авсан мэдлэг нь үзэл бодлоос хэтрэхгүй ба бодит мэдлэгтэй байхын тулд бид үнэнийг философийн эргэцүүллээр дамжин олж авах ёстой гэж мэдэгдсэн. Агуйн ёгтлолд; Платон мэдрэхүйн мэдлэгийг үнэн гэж андуурдаг хүмүүс болон үнэхээр үнэнийг харж чаддаг хүмүүсийн ялгааг үзүүлдэг.

Агуй. Гурван хоригдолтой агуй байна гэж төсөөлье. Хоригдлуудыг чулуутай уяж, гар, хөлийг нь боогоод урдаа байх чулуун хананаас өөр зүйл харж чадахааргүй болгожээ. Энэ хоригдлууд төрсөнөөсөө хойш энд байгаа бөгөөд агуйн гадна хэзээ ч гарч үзээгүй. Хоригдлуудын ард гал асаж, гал ба хоригдлуудын дунд өндөрлөг битүү зам байна. Агуйн гадна байх хүмүүс тэр замаар толгой дээрээ амьтан, мод, чулуу зэргийг барин алхана.

Сүүдэр. Ийм нөхцөлд өөрийгөө хоригдлуудын нэг гэж төсөөлье. Та арагшаа, хажуу тийшээ харж чадахгүй, зөвхөн урд талын ханыг л харна. Хүмүүс авч яваа зүйлсийн сүүдэр хананд тусна, энэ л таны харж чадах зүйл. Хэрвээ та бодит обьектыг нь хэзээ ч харж байгаагүй бол обьектын сүүдрийг "бодит" зүйл гэж итгэх болно.

Тоглоом. Платон хоригдлууд дараагийн сүүдэр юу байхыг таах "тоглоомыг" эхлүүлнэ. Хэрэв хоригдлуудын нэг нь зөв таачихвал бусад нь түүнийг ухаантай гэж магтаж, төрөлхийн мастер гэж хэлэх болно.

Зугтах. Хоригдлуудын нэг хүлээснээсээ мултран агуйгаас оргоно. Тэрбээр агуйн гаднах ертөнцийг нээж олсондоо цочирдож, энэ нь бодит байдал гэдэгт итгэхгүй. Тэр шинэ орчиндоо дасаж эхэлмэгц бодит байдлын талаарх хуучин үзэл нь буруу байсныг ухаардаг. Өөрийнхөө шинэ ертөнцийг ойлгож эхлэж, Нар бол амьдралын эх үүсвэр болохыг олж харах ба гоо үзэсгэлэн болоод утга учрыг олж нээх оюуны аялалд гарна. Тэрээр өмнө амьдрал, тааварын тоглоом нь ямар ч хэрэггүй байсныг харж байна.

Буцаж очсон нь. Хоригдол агуйдаа буцаж очоод олж мэдсэн зүйлээ бусад хоригдлууддаа хэлдэг. Тэд түүнд итгэдэггүй бөгөөд хэрвээ өөрсдийг нь чөлөөлөх гэж оролдвол ална гэж сүрдүүлдэг.

Платоны агуйн ёгтлолын утга. Платоны онолоор агуй бол мэдлэг нь бидний дэлхий дээр харсан, сонссон зүйлээс ирдэг гэж итгэдэг хүмүүсийг төлөөлөх буюу эмпирик нотолгоо юм. Агуй нь эмпирик мэдлэгт итгэгчдийн алдаатай ойлголтын "агуйд" дөнгөлөгдсөн болохыг илтгэнэ. Сүүдэр нь эмпирик нотолгоогоор юмсыг мэдэрч баталгаажуулна гэдэгт итгэдэг хүмүүсийг илэрхийлнэ. Та харсан зүйлээ үнэн гэж итгэх аваас та зөвхөн үнэний сүүдрийг л харж байгаа гэсэн үг юм.  Тоглоом нь хүмүүс ертөнцийн талаар эмпирик мэдлэгтэй байхад хүмүүс хэрхэн нэгнийгээ "мастер" болно гэдэгт итгэдэг болохыг илэрхийлнэ. 

Энэ мастер үнэндээ ямар ч үнэнийг мэддэггүй болохыг Платон баталж, ийм хүнийг бишрэх нь инээдтэй хэрэг болохыг харуулна. Оргосон хоригдол бол агуйн болоод мэдрэхүйгээс гаднах мэдлэгийг илтгэсэн философич юм. Нар философийн үнэн ба мэдлэгийг илэрхийлнэ. Түүний оюун ухааны аялал нь мэргэн ухаан хийгээд  үнэнийг олж буй философичийг аялалыг илтгэх ажээ. Оргодлыг буцаж ирэх үед бусдынх нь үзүүлж буй хариу үйлдэл нь хүмүүс философийн үнэнээс айдаг бөгөөд философичдод итгэдэггүйг илэрхийлжээ.

 

 

 

 

 

Comments