Даниел Дефо "Робинзон Крузо"

 




"Робинзон Крузо". Английн зохиолч, худалдаачин, тагнуулч Даниел Дефогийн хамгийн алдартай бүтээл бөгөөд анх 1719 оны 4-р сарын 25нд хэвлэн нийтлэгджээ. Анхны хэвлэл нь зохиолчийнхоо нэрийг романы гол баатар Робинзон Крузогоор давхар нэрлэсэн байсан учир ихэнх уншигчид энэ ном бол бодит хүний аян замынхаа тохиолдлуудаа бичсэн ном гэж итгэхэд хүргэж байв. Сургааль, наманчлал, захидал маягаар бичигдсэн уг роман нь номын нэр дээрх (жинхэнэ нэр нь Робинзон Крейтзнаер) дүрийн Венесуэл. Тринидадын эрэг орчмын алслагдсан арал дээр ганцаараа 28 жил амьдрахдаа аврагдахаасаа өмнө хүний махаар хооллогчид, босогчид, боолчлолтой нүүр тулж байгаа адал явдлыг харуулна. Энэхүү түүхийг 1966 онд "Робинзон Крузо" болгон нэрийг нь өөрчилсөн одоо Чили улсын харъяанд оршдог "Mas a Tierra" нэртэй байсан арал дээр 4 жил ганцаараа амьдарсан Шотландын далайчин Александр Селкиркийн амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг ба хожим бид энэ талаар илүү нарийн мэдээлэлтэй танилцах болно. "Робинзон Крузо"-ын бичлэгийн хэв маяг нь энгийн боловч уран зохиолын ертөнцөд сайшаал магтаал хүртсэн байдгийн дээр уран зохиолын реализм жанрын эхлэлийг тавьсан гэж тэмдэглэдэг бөлгөө. Мөн уг романыг Английн анхны романы нэг гэж үздэг. 1719 оны төгсгөл хэрд роман хэдийнээ дөрвөн удаа хэвлэгдээд байсан агаад уран зохиолын ертөнцөд төдийгүй кино, телевиз болон радиогийн салбарт асар олонтаа дуурайгдаж давтагдсан түүхэн дэх хамгийн өргөн тархсан ном ажээ. "Робинзон Крузо"-той ижил төстэй өгүүлэмжтэй бүтээлийг "Робинзонад" хэмээх томьёолдог болсон буюу тусдаа ийм жанр хүртэл бий болсон байдаг. 19-р зууны эцсээр барууны уран зохиолын түүхэнд ямар ч ном "Робинзон Крузо" шиг олон хэвлэгдэж бас орчуулагдаагүй байсан бөгөөд зөвхөн зурагтай, хүүхдийнх гээд 700 орчим хувилбар бий болсон байв. 

ШАШИН. "Робинзон Крузо" 1719 онд буюу 18-р зууны соён гэгээрлийн үеэр хэвлэгдсэн. Романд Крузо нь христийн шашны болон өөрийнхөө итгэл үнэмшлийн ялгаатай талуудыг тодотгож өгдөг. Крузогийн шашныг харах бодол нь түүний түүх эхэлсэнээс хойш дуусахад эрс өөрчлөгддөг тул уг номыг оюун санааны намтар гэж үзэж болно. Романы эхэнд Крузо далбаат онгоцоор гэрээсээ яваад далай дээр гэнэт аймшигтай шуургатай учирдаг; тэрээр, хэрвээ энэ шуурганаас амьд гаргахын бол христийн шашинд үнэнчээр зүтгэхээ, мөн гэртээ очоод эцэг эхийнхээ үгнээс гарахгүй байхаа бурханд амладаг. Гэвч, тэрээр шуурганаас амьд гарангуутаа далбаат онгоцоороо үргэлжлүүлэн явж, шуурганы үеэр амласан амлалтаа биелүүлж чадахгүй болохоо тэмдэглэдэг. Хөлөг онгоц нь сүйрч арал дээр орхигдсоны дараа Крузо ганцаараа тусгаарлагдсандаа маш ихээр зовж шаналдаг. Тэрээр тоть зэрэг эргэн тойрны амьтадтайгаа ярилцаж эхэлдэг ч хүнтэй харилцах харилцаагаа алдана. Хүнд хэцүү цаг үедээ тэрээр тайвшрал хийгээд юу хийх ёстой зааварчилгааг олохын тулд бурханд ханддаг. Крузо далайн эрэг дээр живсэн байсан хөлгөөс Библийн судар гаргаж аваад шүлгийн мөрүүдийг нь цээжилж эхэлдэг билээ. Хүнд үе тохиоход тэрээр Библи-ээс аль тааралдсан хуудсаа нээж унших агаад үүнийг нь бурхан түүнд сонгож уншуулж байна хэмээн итгэж, ингэснээр оюун ухааныг нь хөнгөвчилж байдаг билээ. Тиймээс, хөлөг онгоц нь сүйрсэн тэр үеэс Крузо маш их шашин шүтлэгтэй болж, гол төлөв бурхнаас тусламж гуйх хандлагатай болдог. Крузо өөрийн зарц Баасантай уулзаад түүнд Библи болон Христийн шашны талаар зааж эхэлдэг;  ингэхдээ тэрээр Баасанд бурхан болоод там, диваажингийн талаар өөрийн мэддэг бүхнээ заахыг оролддог билээ. Крузогийн зорилго нь Баасанг христэд итгэгч болгож, христийн үнэт зүйл, итгэл үнэмшилд татан оруулах явдал юм. 

ЭХ СУРВАЛЖ. Дефогийн амьдарч байсан үед хөлөг нь сүйрээд арал дээр ганцаараа амьдарч байсан хүмүүсийн бодит түүх элбэг байв. Тэгвэл Дефогийн урам зоригийг хамгийн их өдөөсөн байж болохуйц, мөн хамгийн байж болох санаа авсан түүх бол Шотландын далайчин Александр Селкиркийн Чили улсын ойролцоох алслагдсан арал дээр 4 жил амьдарсан түүх гэж үздэг. Селкиркийг 1709 онд Английн ахмад Вүүдэс Рожерсийн экспедиц аварсан бөгөөд Шотланд далайчны адал явдлын тухай ном хүртэл бичигдсэн байдаг аж. Английн түүхч, зохиолч Т. Северин: Дефо их нууцлаг хүн байсан, Селкиркийг номынхоо баатрын Загвар болгосон гэдэг таамагийг батлаагүй бас үгүйсгээгүй гээд цааш нь хэлэхдээ; ердөө 6 сар орчмын хугацаанд бичигдсэн "Робинзон Крузо" роман нь уран зохиолын ертөнцөд гоц үзэгдэл болсон юм гэжээ. "Крузогийн арал" номыг бичсэн Эндрю Ламберт хэлж байна: идеа бол энгийн, жинхэнэ Крузо бол "хуурамч анхдагч нөхцөл", учир нь Крузогийн түүх бол бүх амьд үлдсэн далайн дээрэмчдийн түүхийн холимог нэгдэл юм хэмээжээ. Мөн тэрээр цааш нь: номын динамик болон эдийн засгийн шинж чанар нь далайн дээрэмчдийн хийдэг зүйлсээс ангид ба далайн дээрэмчид дээрэмдэн тоносон зүйлээ гэртээ авчраад, ууж идээд л дуусдаг байхад Крузо нь тэс өмнөө байна; тэр бол эдийн засгийн империалист, тэр худалдаа наймаа, ашгийн ертөнцийг бий болгож байна. Бусад эх сурвалж болсон байх боломжтой хувилбаруудыг дурдвал; Арабын философич Ибн Туфаилийн "Хай ибн Якдан" хэмээх философийн бүтээл агаад уг романд мөн алслагдсан аралын тухай гардаг ба Дефогийн бүтээлээс хагас зууны өмнө араб хэлнээс латин, англи хэл рүү орчуулагдаад байсан алдартай роман ажээ. Мөн 16-р зууны Испаний далайчин Пэдро Серраногийн ижил хэрэг явдлаас санаа авсан ч гэж үзэгсэд байдаг аж.

 Энэ Пэдро Серрано гэгч нь 1520-оод оны үед Карибын тэнгисийн орчмын жижиг арал дээр онгоц нь сүйрсэний улмаас 7-8 жил ганцаараа амьдарсан далайчин бөгөөд тэрээр цэвэр усгүй, далайн амьтад, шувууны цус болон махаар амьдарч байсан, хожим амьд сэрүүн Европтоо буцаж очсоныхоо дараа тун алдартай болсон нэгэн ажээ. Тэрээр үхэхээсэээ өмнө, хувь тавилан түүнээс нүүрээ буруулсанаас үүдсэн эцэс төгсгөлгүй зовлон шаналалынхаа талаар бичиж үлдээсэн байдаг агаад Дефо зохиолч болохоосоо өмнө Испаниар хийсэн аялалынхаа үеэр энэ түүхийг сонссон байх магадлалтай гэж үздэг буюу тэр үед дээрх түүх хэдийн 200 жилийн настай байсан хэдий ч алдартай хэвээрээ байжээ. Севериний үзэж буйгаар хамгийн үнэмшилтэй, таарч тохирдог эх сурвалж бол цэргийн эмч Хэнри Питманы түүх ажээ. Монмутын Гүнгийн албан хаагч Питман нь Монмутын бослогод оролцож явсан нэгэн бөгөөд тэрээр Карибын тэнгисийн шоронгоос оргосны дараа хөлөг онгоц нь сүйрээд алслагдсан арал дээрх золгүй явдлынхаа тухай богино хэмжээний ном бичсэн байдаг ба уг номыг нь Жон Тейлор гэгч хэвлэн нийтэлж байсан буюу Жон Тейлорын хүү Уиллиам Тейлор хожим Дефогийн номыг хэвлэсэн байдаг аж. Питманы амьдардаг газрын ойролцоо тухайн үел наймаачин байсан Дефо байж таараад Питмантай биечлэн уулзаж түүхийг нь сонсож байсан, эсхүл бусдаар дамжуулан олж мэдсэн гэх яриа таамаг байдаг байна. Севериний бас нэг таамаг бол төв Америкийн Мискито хүмүүстэй амьдарч байсан Вилл гэгч хүний түүхээс санаа авсан байх магадлалтай агаад эндээс Баасанг дүрслэх гол санаагаа авсан болов уу гэж үздэг ажээ. Юутай ч олон судалгаа шинжилгээний үр дүнгээр Дефогийн эх сурвалж зөвхөн Селкирк биш, энэ бол олон түүхээс уг гаралтай гэж үздэг байна. 

ТАЙЛБАР. Жеймс Жойс: Робинзон Крузо бол Британий эзэнт гүрний жинхэнэ симбол буюу энэ дүр нь хэвшмэл бөгөөд зарим талаараа дайсагнасан Английн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинж чанарыг тодорхойлсон хэмээгээд цааш нь; тэр бол Британий колончлолын жинхэнэ загвар юм.. Крузо Англо-Саксоны бүхэл бүтэн оюун санаа ба эр хүний бие даасан байдал, ухамсаргүй харгислал, цөхрөлтгүй оролдлого, удаан боловч үр дүнтэй оюун ухаан болон сексийн гөлрөнгө байдлыг илтгэнэ гэжээ. Нэг ёсондоо Крузо арал дээр өөрийнхөө нийгмийг хуулбарлахыг оролддог. Энэ нь Европын технологи, хөдөө аж ахуй, тэр ч байтугай улс төрийн анхан шатлан захирах ёсыг ашиглахыг хэлж буй юм. Романд Крузо өөрийгөө хэд хэдэн удаа арлын Хаан гэж дурддаг бол ахмад түүнийг босогчдод "захирагч" гэж тодорхойлдог. Романы төгсгөлд арлыг "колони" гэж тодорхой дурддаг билээ. Крузо болон Баасан хоёрын хоорондох эзэн-зарц идеалист харилцааг империализмын соёлын үүднээс мөн харж болно. Крузо нь Европын "соён гэгээрлийг" төлөөлдөг бол Баасан нь зөвхөн Крузогийн соёлд дасан зохицох замаар л "зэрлэг" амьдралаасаа аврагдах ёстой дүрслэгдсэн. Тэгсэн хэдий ч Дефо нь Испаний өмнөд Америкийг байлдан дагуулсан түүхийг мөн шүүмжилж байна. Ж. П. Хантерийн хэлж буйгаар Крузо баатар биш, харин энгийн л хүн ба тэрээр эхэндээ үл ойлгогдох далай дээр Зорилгогүй, тэнүүлч шиг байж байгаад төгсгөлд сүүлчийн уулаа гатлан итгэл найдвар бүхий арал дээр ирж байгаа анхны суурьшигч шиг байдаг ажээ. Романд Крузо нь сүмд номлол сонсох замаар биш байгальд ганцаараа Библи уншсанаар бурханд ойртож байгааг өгүүлнэ. 

Эсрэгээрээ, уран зохиол судлаач Майкл Гурнов уг романыг Руссогийн өнцгөөс хардаг; романы гол дүрийн балар эртний төлөвөөсөө илүүтэй соёлжсон төлөв руу шилжиж байгаа үйл хөдлөлийг Крузо нь хүн төрөлхтний байгалийн төлөвөөс татгалзаж байна гэж тайлбарлана гэжээ. "Робинзон Крузо" шашны аспектаар дүүрэн байдаг. Дефо пуританч ёс суртахуунч байсан бөгөөд хэрхэн сайн пуританч христчин байх талаар гарын авлага бүхий ном бичдэг байжээ. Харин "Робинзон Крузо" роман нь гарын авлагаас хол илүү гарч, шашин болоод ёс суртахууны талаарх сэдвийг хуваалцдаг. Энэ "Крузо" гэдэг нэрийг Дефо ангийнхаа найз Тимоти Крузо гэгчээс "зээлдсэн" байх гэж таамагладаг ба Тимоти нь Дефогийн роман бичигдэхээс 8 жилийн өмнө нас барсан, мөн шашны холбогдолтой ном зохиол бичдэг нэгэн байж. Дефо найзынхаа бичсэн номноос санаа авсан нь дээрх 2 бүтээлийн зарим мөрүүд маш төстэй байдгаас харагддаг. Романы гол санаа нь христийн шашны шүтлэг, наманчлал, гэмшил юм. Крузо залуу насандаа гаргасан тэнэглэл, алдаандаа гэмшдэг; Дефо романдаа, Крузогийн төрсөн өдөрт тохируулан урьдчилан энэ сэдвийг онцолж харуулдаг. Романы төгсгөлийн оргил хэсэгт Крузо зөвхөн арлаас ангижраад зогсохгүй оюун санааны хувьд мөн ангижрах буюу христийн сургаалийг хүлээн аваад мөн өөрийнхөө зөн совингоор өөрийгөө авардаг. Крузо хүний махан идэштэнгүүдтэй нүүр тулахдаа соёлын асуудлын зөрчилд ордог. Үүнд тэрээр жигшин зэвүүцсэн ч гэсэн уугуул иргэдийн соёлд гүнзгий нэвтэрсэн зан үйлд ёс суртахууны хариуцлага хүлээлгэх зохимжгүйг ойлгоно. Гэсэн хэдий ч тэр ёс суртахууны үнэмлэхүй жишигт итгэх итгэл үнэмшлээ хадгалж үлддэг; тэрээр каннибализмыг "үндэсний гэмт хэрэг" гэж үздэг агаад Баасанд үүнийг туршиж үзэхийг хориглодог. Сонгодог, неоклассик болон Австрийн эдийн засгийг Крузо мөнгө, үнэ, худалдаа байхгүй үед үйлдвэрлэлийн болоод сонголтын онолыг энгийнээр дүрслэхэд ашигладаг. Крузо нь үйлдвэрлэх болон чөлөөт цагийн хооронд хүчин чармайлтаа хуваарилах ёстой бөгөөд өөрийнхөө хэрэгцээг хангах янз бүрийн үйлдвэрлэлийн боломжуудын дундаас сонгох ёстой юм. Хожим Баасан ирсэнээр худалдаа хийх боломж болоод үүнээс бий болсон ашиг орлогыг дүрслэхэд ашигладаг. Энэ бүтээлийг соёл иргэншлийн хөгжлийн зүйрлэл болгон авч үзсээр ирсэн; эдийн засгийн индивидуализмын тунхаг, мөн Европын колончлох бодлогын илэрхийлэл гэж үздэг ажээ. 

Мөн романд наманчлалын ач холбогдлыг харуулахын сацуу Дефогийн шашны итгэл үнэмшлийн хүчийг харуулсан нь онцлууштай юм. Шүүмжлэгч Новакийн үзэж буйгаар романд шашин хийгээд эдийн засгийн сэдвүүдийн уялдаа холбоог дэмждэг агаад зохиолчийн шашны идеологи нь Крузогийн эдийн засгийн санааг хөрөглөхөд нөлөөлж, мөн түүний бие даасан гэсэн санааг дэмждэг ажээ. Ян Ваттын "Бидний хүртэх ёстой баатар" нийтлэл дэх санааг Тесс Льюис үргэлжлүүлэн; Дефогийн зорилго бол индивидуализм нь шашинд үл нийцэх байдал болгон ашиглаж, өөртөө найдах чадварыг үнэлэхийг зорьсон хэмээжээ. Энэ нь зохиолч бүрэн итгэл үнэмшилгүй шашны нийгэмлэгүүдэд индивидуализмын ашиг тусыг нэвтрүүлэх зорилгоор оюун санааны намтарчилсан өгүүлэмжийг ашигласан гэсэн итгэл төрүүлдэг ажээ. Ж. П. Хантер уг романыг оюун санааны намтар болох нь илэрхий гэсэн өнгө аястай нийтлэлүүд их хэмжээгээр бичиж байсан агаад Дефогийн пуританч идеологи нь Крузогийн хүүрнэлд нөлөөлсөнийг ажигласанаа тодотгоод мөн цааш нь; хүн утга учиртай оюун санааны итгэл үнэмшлийг эрэлхийлэхийн тулд, наманчлал ба ангжиралтын мөчлөгийн төгс бус чанараа хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Р. Л. Стивенсон гэх мэт уран зохиолын эртний шүүмжлэгчид уг романыг Английн аугаа 4 зохиолын нэг гэсэн байдаг. 

ҮНДСЭН СЭДЭВ. Крузо өөрийн нөхцөл байдалдаа эзэн болж, саад бэрхшээлийг даван туулж, хүрээлэн буй орчноо хянаж байгаа нөхцөл байдлын амжилт нь романыг эхлэлээс бага ч атугай эерэг талаас харуулж байна. Тэрээр зочломтгой бус нутагт ирээд өөрийн гэр орон болгодог. Мөн тэрээр зэрлэг ямаа, тоть зэрэг амьтдыг гаршуулж байгаа нь Түүнийг шинээр нээсэн зүйлдээ эзэн болж чадаж байгааг харуулж байна. Хамгийн гол нь Крузо байгалийн эзэн болсоноос илүүтэйгээр тэрээр өөрийнхөө хувь тавилангийн эзэн болж чаддаг. Романы эхэн хэсэгт, тэрээр байнга л аавынхаа зөвлөгөөг үл тоомсорлож, далай руу хөтөлсөн хувь тавилангаа буруутгадаг. Харин романы сүүл хэсэгт Крузо өөрийгөө хохирогч гэж идэвхгүй байдлаар харахаа больж, өөрийгөө тодорхойлох шинэ тэмцлээ онцолдог. Арал дээр өөртөө зориулж байшин барихдаа тэрээр амьдралынхаа эзэн гэдгээ олж мэддэг буюу хүнд хэцүү хувь тавиланг туулж байгаа ч сайн сайхныг олж харсаар байна. Баасан хүрэлцэн ирсэнээр, эзэний сэдэв нь илүү түвэгтэй бөгөөд эерэг тал нь багасаж ирдэг ба эл санааны эзэн байх гэдэг нь хүмүүс хоорондын харилцааг шударга бус болгодог. Романы 23-р бүлэгт, Крузо Баасанд "тийм" ба "үгүй" гэдэг үг заахаасаа өмнө эзэн гэдэг үгийг заадаг бөгөөд Крузо өөрийгөө хэзээ ч Баасантай ижил түвшинд авч үзэх юмуу найзын хувиар авч үздэггүй; зарим нэгэн шалтгаанаар өөрийгөө давуу гэсэн зөн түүнд бий болдог. Крузо өөрийнхөө хувь тавилангийн эзэн болж байгаа сайшаалтай хэрэг мөн хэдий ч өөрийгөө бусад хүмүүсийн эзэн гэж байгаа нь сайшаалтай бус хэрэг юм.

 Дефо колончлох сэтгэлгээг дүрслэхдээ энэ хоёрын уялдаа холбоог судалж үзжээ. Крузогийн туршлага нь сэтгэл хөдөлгөм үйл явдлууд болдог энгийн адал явдалт түүх биш хүний зөв, буруу амьдрах аргыг харуулсан ёс суртахууны үлгэр юм. Энэ ёс суртахууны үлгэр хийгээд шашны хэмжээсийг номын өмнөх үгт дурдсанчлан Крузогийн түүх нь бусдыг бурхны мэргэн ухаанд сургах зорилготой хэвлэн нийтэлсэн бөгөөд энэхүү мэргэн ухааны нэг чухал хэсэг нь нүгэлтний нүглээ наманчлал ач холбогдол юм. Крузогийн тарьсан үр тариа ургадаг шиг бурхны ид шидэд талархах нь чухал хэдий ч Крузо цөөхөн удаа л үр дүнд хүрдэг шиг  зөвхөн талархлаа илэрхийлэх юмуу, бурханд залбирах нь хангалтгүй юм. Адам, Эва хоёр бурхны үгэнд ороогүйтэй адил Крузо өөрийнхөө хамгийн том, "анхны нүглээ" аавынхаа үгэнд ороогүй тэрслүү зан гэж итгэдэг. Библи-ээс авсан энэ ишлэл нь Крузо соёл иргэншилээс цөллөгдсөн нь Адам, Эва хоёр Еденээс хөөгдсөнтэй төстэй болохыг харуулж байна. Крузогийн хувьд, наманчлалаараа өөрийнхөө бурууг, бурхнаас бүрэн хамааралтай болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэхүү итгэл үнэмшлийг хүлээн авах нь түүний оюун ухааны эргэлтийн цэг болж, энэ нь түүний хувьд бараг дахин төрсөнтэй ижил зүйл болно. Наманчлалын дараа, Крузо гунигтай хувь тавилангийнхаа талаар бага гомдоллож, арлыг илүү эерэгээр харж эхэлнэ. Арал Крузог амьтанлаг зөн совингоороо оршин тогтнодог зэрлэг үе рүү буцааж аваачдаггүй, тэр цаг үргэлж өөрийгөө ухамсарлаж байдаг. Түүний арал дээрх оршин байхуйн гаднах нийгэм, ертөнцөөс хөндийрсөн өөрийгөө  дотроосоо илүү гүн танин мэдсэн явдал болдог. Хувьд хүн өөрийн сэтгэлийн төлвийг сайтар тооцоолж байх ёстой гэсэн энэ гол санаа бол Дефогийн амьдралынхаа туршид нухацтай авч үзэж байсан Пресбитерианы сургааль юм. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа Крузо урам зоригтойгоор, олон янзын аргыг тооцолон хийж байгааг бид хардаг. Жишээн; түүний зохиосон хуанли нь өнгөрч буй өдрүүдийг зүгээр л тэмдэглэдэггүй, харин арал дээрх өдрүүдээ илүү аминчхан байдлаар тэмдэглэдэг буюу энэ бол түүний тухай, өөрийгөө төв болгосон, өөрийгөө ухамсарласан юмуу намтарчилсан хуанли юм. Үүнтэй ижлээр, Крузо далайн эрэгээр мод хайх юмуу борооноос хорогдох гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаагаа бичиж тэмдэглэхдээ бүр автчихсан байдаг билээ. Крузо цаг үргэлж өөрийнхөө нөхцөл байдлыг ухамсарлаж байхын ач холбогдлыг мэдэрч байдаг. 

СИМБОЛ. Романы 18-р бүлэгт, Крузо элсэн дээрээс хүний мөр олдог, энэ бол романы хамгийн алдартай мөч ба энэ бол манай баатрын хүнтэй харилцах талаар сэтгэлийн, мэдрэмжийн зөрчлийг бэлгэдэнэ. Эхэн үедээ, тэр хүнтэй харилцахыг маш ихээр үгүйлж байсан ч арал дээрх хүний мөр түүнийг сандралд оруулдаг. Тэр даруй Крузо мөрийг ямар нэгэн чөтгөр юмуу аюултай заналхийлэгч хэмээн өөртөө сөргөөр тайлбарладаг. Тухайн мөчид тэрээр өөрийг нь аврахаар ирсэн юмуу нөхөрсөгөөр ирсэн Европ хүн гэж огт итгэдэггүй. Бусад хүмүүст хандах сөрөг зөн болоод айдаст хандлагаас Крузо нийгэмшсэн амьдралдаа буцаж очихыг ерөөсөө хүсэхгүй байж Магадгүйг харуулах бөгөөд тусгаарлагдсан энэ байдал нь өөрт нь хамгийн тохирсон байдал байж болох юм. Романы 7-р бүлэгт, цаг хугацааг алдчих бий гэж айсан Крузо том загалмай босгож түүн дээрээ хутгаараа том үсгээр өнгөрч буй өдрүүдийг тэмдэглэдэг, том хэмжээтэй, том үсэгтэй тус загалмай нь түүнд цаг хугацааг хэмжин тогтоох чухал хэрэгсэл болж байгааг харуулах агаад үүгээр огноо, хуанли зэргээр нийгэм, ертөнцтэй одоо ч өөрийгөө холбож буй арга замыг нь харуулж байна. Загалмай нь мөн арал дээрх түүний шинэ оршин байхуйн бэлгэдэл болдог агаад Крузогийн хөлөг онгоц усанд живсэн нь яг л христэд итгэгчид усан адислал хүртсэний дараа шинэ амьдралд ордогтой ижил бэлгэдлийг агуулжээ.

 Гэвч Крузогийн том загалмай нь христийг огт дурддаггүй нь зарим талаараа үл тоомсорлож байгаа мэт байдаг. Үүний оронд энэ бол Крузогийн өөрийгөө дурсах, хэрхэн өөрийнхөө амьдралын төв болж байгааг онцлон тэмдэглэжээ. Романы 13-р бүлэгт, Крузо арлын эргэн тойронд эрэл хайгуул хийж яваад нэгэн сайхан хөндийг олж нээгээд тэндээ модон байшин барихаар шийддэг. Энэхүү модон байшин нь түүний анхны "орон гэрээс" эрс ялгаатай буюу тэрээр модон байшингаа зүгээр нэг толгой хорогдох зорилгоор биш цэнгэл жаргалын үүднээс барьж босгодог. Крузо нь зөвхөн амьд үлдэх тал дээр анхаарахаа больсныг одоо бид харж байгаагийн сацуу романы хувьд илүү аюулгүй мэдрэмж төрүүлж эхэлж байна. Одоо тэрээр арал дээр ирсэнээсээ хойш анх удаа "цэнгэл баясалын" талаар бодож байна. Модон байшин нь Крузогийн арал дээр байх цаг хугацаандаа хандлага нь хэрхэн сайжирсан болохыг бэлгэдэж байгаа бөгөөд арал дээрх амьдрал заавал зовлон шаналалтай байх албагүй, харин ч бүр тааламжтай байж болохыг харуулсан нь яг л Пресбитерианчын хувьд наманчлал болон шаргуу хөдөлмөрийн дараа л таатай амьдрал ирнэ гэдэгтэй ижил юм.

Comments