Umberto D. (1952). Италийн нийслэлд засгийн газраа эсэргүүцсэн хөгшчүүл тэтгэвэрийн мөнгө бага байгаа тул олон жил улсад зүтгэсэн хөгшчүүл бид ядуу тарчиг амьдарч байна, тэтгвэрээ нэмж, ахмадуудаа анхаар гэсэн уриа лоозон барьцгаан жагсацгааж, цагдаа нар хөгшчүүлтэй хэрэндээ л мунгинаж байна. Жагсагсад дунд 70 орчим насны, 30 жил төрийн албан хаагч хийсэн Umberto D. Ferrari, нэг үгээр манай киноны баатар байх агаад Umberto шулуун шударга, нягт нямбай хүний дээр өлсөхөөс айхгүй, харин нэр төрөө алдаж шившиглэгдэхээс хамгийн их айх буюу асар нэрээ хичээгч хүн болой. Тэрээр нэг нохойтой, Flike нэртэй нохойгоо хаа ч дагуулан явах өвгөн нохойдоо тун хайртай бол нохой ч эзэндээ туйлын сайн. Umberto даруухан нэг өрөө хөлслөн амьдран, түүнд гэр бүл, хамаатан садан гэх хүн байхгүй бөгөөд хөлслөн суудаг байранд үйлчлэгч хийдэг Maria гэх залуухан хүүхэнтэй найзалж, хэн хэндээ туслана. Ойрын үеэс Umberto мөнгөний гачигдалд орж, улмаар хэдэн сарын байрны хөлсөө өгөөгүй баларч яваа ба байрны эзэн хүүхэн өдрөөс өдөрт түүнд хатуурхаж, мөнгөө тоо ёсоор нэг мөсөн өгөхгүй бол хөөж явуулна гэж зүхэх болоод буй учир Umberto яах учраа олохгүй сандраад буй. Жагсаалаас тараад өвгөн нохойгоо дагуулан нийтийн хоолны газар орж хооллох буюу үнэндээ нохойдоо хоолоо өгчихнө. Хоолны газраас гараад тэрээр хэдэн номоо зарав, мөн цагаа зарах гэсэн ч авах хүн олдохгүй. Ингээд гэртээ ирэхэд өрөөг нь эзэн хүүхэн нэгэн нууц амрагуудад цагаар түрээслүүлсэн байна. Өвгөн байгаа мөнгөө өгөөд үлдсэнийг нь дараа өгье гэхэд шуналтай хүүхэн нэг мөсөн л авна гээд нүүр өгөхийн биш. Угаасаа эгэл бор түүний өрөө шоргоолжинд баригдаад улам дорджээ. Эцэг шигээ санаж, үргэлж Umberto-оос зөвлөгөө авдаг Maria жирэмсэн болсноо дуулгаад, гэдсэнд бойжих хүүхдийн эцэгт 2 цэрэг залууг нэр дэвшүүлнэ. Umberto гайхах ч хүүхнийг зэмэлсэнгүй, учрыг нь олж өгнө хэмээдэг. Өр хийгээд дарамтад лагшин тавгүйрхэсэн өвгөн эмнэлэгт хэвтэхээр болно. Юуны өмнө үнэхээр ч бие нь өвдсөн бол дэд шалтгаан нь эмнэлгийн бэлэн хоол, байрт байж хэдэн өдөр ч гэсэн аргацаах хүсэлтэй байсан хөөрхий өвгөнийг эрүүл саруул гэсэн оношилгоогоор удсангүй эмнэлэгээс хөөж гаргав. Түүнийг гэртээ ирэхэд өрөөнд нь засвар хийж байлаа, яасан гэсэн эзэн хүүхэн хуримлах гэж байгаа агаад Umberto-ын өрөөг зочны өрөөний нэг хэсэг болгож байгаа аж. Энэ нь мөнгөө өгөөгүй өвгөнийг хөөж байгаа гэсэн үг бол мөн хамгийн аймшигтай мэдээ нь Flike нохой нь алга болсон байв. Umberto уг нь нохойгоо Maria-д даатгаад явсан ч хүүхэн нөгөө 2 залуутайгаа учраа олох гэж мунгинасаар байгаад нохойг анхаарах манатай байснаас болж Flike алга болжээ. Өвгөн Maria-г багагүй зэмлэчихээд тэр бүтэхгүй залуусаа хаяа гэж зөвлөчихөөд нохойныхоо араас явна. Тэрээр байгаа хэдэн цаасаа үл харамлан золбин болсон нохойны газарт ирэх бөгөөд тэгж тэгж нэг юм хайрт нохойгоо олно. Очих газаргүй, мөнгөгүй болсон Umberto найзаасаа тусламж хүссэн ч найз нь түүнийг сонсохыг хүссэнгүй. Өвгөн аль байраасаа хөөгдөхөөсөө өмнө амиа хорлолтыг бодож эхэлсэн байдаг, одоо энэ бодол толгойнд нь улам тод болж ирэх агаад юуны өмнө Flike-гаа сайн хүний гарт өгчихөөд дараа нь амиа егүүтгэе гэж төлөвлөнө. Өвгөн эхлээд нохой тэжээдэг эхнэр, нөхөртэй уулзаад нохойгоо өгье, дээр нь мөнгө нэмж өгье гэхэд гэр бүлийн 2 мөнгө нь бага байна гээд нохойг нь авсангүй. Цааш явсаар цэцэрлэгт хүрээлэнд очоод нэг хүүхдэд Flike-гаа өгөхийг оролдсон ч хүүхдийн асрагч зөвшөөрсөнгүй тул өвгөн хамгийн боломжит хувилбараа алдана. Ингээд эцсийн арга болох нохойгоо олны дунд орхиод өөрөө нэг газар ороод нуугдчихав, тэгсэн ч сэргэлэн Flike ядарсан өвгөнийг дор нь олоод ирнэ. Тухайн мөчид Umberto-ын зүрх сэтгэл хичнээн гийж гэрэлтсэнийг үгүйлэшгүй билээ. Одоо юу ч үгүй, бас ямар ч дарамтгүй Umberto нохойтойгоо тоглож байхад хажуугаар нь хүүхдүүд тоглон гүйлдэх нь киноны маань төгсгөлийн сцэн болой.
Кино урлагийн неореализм жанр дэлхийн 2-р
дайны үеэр Италид үүсээд 1950-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг ба нэрт
кино шүүмжлэгч Roger Ebert уг киног неореализмын оргил туурвил гэж үзсэн байдаг
ажээ. Неореализмын том төлөөлөгч, Италийн алдарт кино урлаач Vittorio De Sica
киноны найруулагчаар ажилласан бол кино зохиолыг Cesara Zavattini бичиж, гол
дүр Carlo Battisti гэх хэл шинжлэлийн мэргэжилтэн хүн тогложээ. Ер нь энэ
кинонд тоглосон ихэнх хүн мэргэжлийн жүжигчид биш байсан бол зарим нэгнийх нь
анхных нь кино болж байв. De Sica гол дүр Umberto-доо тохирох дүр олох гэж
багагүй хугацаа зарсанаа хожим өгүүлсэн байдаг. Энэ кинонд дайны дараах Итали
орны аж амьдрал ямар хэцүү байсныг, тэр дундаа хөгшчүүл хичнээн зовлонтой насны
эцэст учирч байсныг элдэв маягүй, нэмэлт хачиргүй бодитой үзүүлжээ. Улам бүр орчин
үежиж, хүмүүнлэг сайхан сэтгэл алсран одож буй ертөнцөд нохойноос өөр ханьгүй
Umberto өөрийн нэр төрөө авч үлдэх гэж хичээх бөгөөд хоол, хорогдох байр, нөхөр
ёс гэсэн хүний анхны хэрэгцээний тухай өгүүлэх энэхүү кино нь кино урлагийн
түүхэн дэх хамгийн сэтгэл өвдөм киноноос гадна кино сан хөмрөгийн үнэт баялаг
юм. Кинонд хүн ба нохойны харилцааг сэтгэл хөдлөм зурагласан бөгөөд Flike-ын
"дүрд" 2 нохойг ашигласан байдаг аж. Umberto-гоос бид хүн яаж ч
зовсон, өлссөн, ядарсан нэр хүнд, бахархал буюу хийсэн юмтай хүн бардамналаа
гээж чаддаггүйг харж бас суралцах агаад муу амьдарсанаас сайн үх гэдгийн
үлгэрийг олж харна.
Мөн эцсийн замдаа гарах үед хажууд чинь хэн ч байхгүй,
зөвхөн нэг нохойг л эс тооцвол ганцаараа амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг
өнгөрүүлэх болвол та, чи яах вэ гэсэн бодлыг өвгөн бидэнд төрүүлж, нэг үгээр
ганцаардлыг, ганцаараа үхэхийг эрэгцүүлэн тунгаалгах бүтээл юм. TSPDT сайт уг
киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 189-р байрт эрэмбэлсэн бол
Time сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 кинондоо багтаажээ. Мөн кино
түүхч Robert Osborne уг киног De Sica-ын хамгийн шилдэг бүтээл гэсэн бол BBC
англиар ярьдаггүй хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 85-р байрт эрэмбэлжээ.
Хожим De Sica хэлэхдээ: дэлхийн дайны дараа дөнгөж хөл дээрээ босож байсан
Итали орон эл бүтээлийг нааштай хүлээж аваагүй бөгөөд шалтгаан нь Италичуудын
өөрсдийгөө дахин төрүүлэх гэж байхад уг киноны бардам чанар нь хэтэрхий их
байсан гэж шүүмжилж байсан ажээ. Юутай ч De Sica эл бүтээлээрээ хамгийн их
бахархдаг агаад энэ киногоо аавдаа зориулсан гэдэг. Суут кино найруулагч Ingmar
Bergman: Umberto D-г би зуун удаа үзсэн, тиймээс энэ миний хамгийн дуртай кино
байх гэж хэлж байжээ.
Comments
Post a Comment