L Atalante (1934). Нэгэн тосгонд сүрхий хөл хөөртэй хурим болж байгаагаар кино эхэлнэ. Мөрний сувгаар ачаа тээш зөөх L' Atalante хөлөг онгоцны ахмад, нэлээдгүй хартай, 30 арай хүрээгүй болов уу гэмээр насны Jean (Jean Daste) бол хуримлагч хоёрын хархүү нь бол тосгоны гэнэн цайлган, шаргал үстэй, зөрүүд бас зоригтой Juliette ( Dita Parlo) бол түүний гэргий бологч юм. Сэтгэлт хосууд L' Atalante ачааны хөлөг онгоц дээр амьдрах буюу сайхь онгоц нэгэн зэрэг ажлын байр, гэр орныг бий болгоно.
Тэд бие биедээ үнэн сэтгэлийн угаас хайртай
нь бараг үнэртэх шахам тийм илхэн, тодхон, бас өхөөдөм; гэхдээ бага сага өө
сэвүүдээ уудлалцаж, илрүүлж, хэрэлдэхдээ хэрэлдэж, дуугаа хураахдаа хураах ч
ихэнхдээ нялууран эрхэлсэн, заяаны хос зүрхүүд ажээ. Хөлөг онгоц дээр тэдэнтэй хамт
Jean-ын туслахууд болох: 50 орчим настай, хөдөлгөөнтэй, увайгүй маягийн илэн
далангуй яриатай, биеэрээ дүүрэн шивээс болсон Jules (Michel Simon) болон 15
орчим насны хөвүүн нар байна. Jules-ээс хүн амьтан айж ичмээр юм шиг боловч
үнэндээ энэ хүн олон юм үзэж нүд тайлсан, цагаахан ч гэмээр сэтгэлтэй хүн ажээ.
Бал сар дууслаа. Хөлөг онгоц дээр хийх юмгүй Juliette уйдаж эхлэх бөгөөд хэзээ
ч очиж байгаагүй Парисыг үзье хэмээн нөхрөө шалгааж эхэлнэ, нөхөр ч дуртайя
толгой дохино. Нэг өдөр уйдсан Juliette хөлөг онгоцны Jules-ын байрлах хэсэгт
орж үзэж, ерөнхийдөө Jules-тэй ойроос танилцана. Jules-ын өрөө хог новшоор,
муураар дүүрэн байх агаад Jules-ын
өөрийнх нь хэлсэнээр цуглуулга гэж хэлсэн зүйлсэд нүцгэн хүүхний зургаас
понограп хүртэл элдвийн юмс байна. Хөлөг онгоцны ахмад тэднийг хоёулахнаа
байгааг олж хараад уурсан шатаж гарах бөгөөд эхнэрээ дахиж ийшээ орж болохгүй
гэж загнаад Jules-ын өрөөг нурааж гарна.
Эндээс бид түүний хэр хартайг бэлээхэн
харж болно. Ингээд L' Atalante Парист хүрэлцэн ирнэ. Jean эхнэртээ амласан
биелүүлэх гэж шөнийн Парисыг харуулах гэтэл Jules хөвүүнийг дагуулаад урьтаад
хот орчихсон байв. Иймээс Jean хөлөг онгоцоо эзэнгүй орхиж явж болохгүй тул
эхнэрээ аргадан түр хүлээхээс өөр замгүй болох ба харин нөгөө талд Jules
архидаж бас хүүхэндэж байв. Юм ээлжтэй, тэвчээртэй л байх хэрэгтэй билээ. Jean
Juliette хоёр Парисын клубт бүжиглэж байна. Тосгоны Juliette-д энэ бүхэн
гаймшигтай санагдах бөгөөд нэг дэгжин залуу түүнийг илт, бүр нөхөртэйгийн
мэдсэн ч гэсэн эргүүлж увайгүйтэнэ. Энэ залуу панзчин бөгөөд хэлмгий доломгой
гэж жигтэйхэн, овоо хөдөлгөөнтэй нь илэрхий. Jean панзчин хоёр клубт үймээн
тарьж, эцэст нь шөнийн хотыг ханатлаа үзэж цэнгээгүй байсан эхнэрээ Jean хүчээр
авч одно.
Маргааш нь панзчин хөлөг онгоц дээр Juliette-г дахин эргүүлж байгаад
Jean-д баригдаж хөөгдөнө. Энэ явдлаас болж хосууд чангахан маргалдаж, хоёр
тийшээ харцгаан хэвтэхэд хүргэнэ. Парисын шөнийн амьдралыг үзэхийг хүссээр
байсан Juliette сэмхэн хөлөг онгоцыг орхиж, ганцаараа явчихаад ирье гэж санав.
Хүүхэн шөнөжин хараа юугаа баясгачихаад үүрээр боомтон дээр ирэхэд L' Atalante
байсангүй, юу ч алга, өөрөөр хэлбэл хардаж уурласан Jean яваад өгсөн байв.
Juliette хөлөг онгоцны дараагийн зогсох хотыг мэдэж байсан учраас амдаад очьё
гэсэн ч хулгайчид цүнхээ алдаад галт тэргээр явах аргагүй болно.
Ингээд тэрээр
ажил хийж мөнгө хурдхан олоод зорьсон газартаа хүрэхийг чармайж эхэлнэ. Энэ үед
Jean бүр сэтгэл санаагаар шалдаа унаж, нүднээс гарсан байлаа. Түүний гэмшил,
эхнэрээ санах нь тоймгүй ба энэ байдлаасаа болж ажлаа ч хийж чадахгүй болсны
улмаас дээд даргадаа загнуулж, бараг халагдах гэж байхад нь Jules түүнийг
аварна. Jean Jules-д хандаж: чи жинхэнэ хайртай хүнийхээ царайг уснаас олж
харна гэсэн Juliette-ын хэлж байсан үгийг хэлээд ус руу шумбаад орчиход Jules
даруйхан Juliette-г олж ирэхгүй бол ахмад нь мөд сэтгэлээр унаж үхэхийг
ухаараад Juliette-г олохоор замдаа гарна.
Францын кино найруулагч Jean Vigo
амьдралдаа бүтээсэн анхны бөгөөд цор ганц бүрэн хэмжээний энэхүү киногоороо
жирийн нэгэн хайрын түүхийг хуял тачаалын, итгэл найдварын сэтгэл янгинуулсан
романтик кино болгосон нь гайхамшигтай эротик, хайрын тухай цэвэр бясалгалын,
ямар ч кинотой харьцуулашгүй бүтээл болжээ. Zero for Conduct гэх маргаан
дагуулсан богино хэмжээний киноных нь дараа Vigo-той продюсер Nounez хамтран
ажиллахыг Хүсчээ. Харин Vigo Францын анархист Eugene Dieudonne-ын талаар
шоронгийн сэдэвтэй кино хийх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд Dieoudonne-г
Vigo-ын аав нь өмгөөлж сонинд нийтлэл бичиж байсан сэтгүүлч хүн байлаа. Өөрийнх
нь талаар кино хийхийг Dieudonne зөвшөөрсөнөөр Vigo кинон дээрээ ажиллаж эхлээд
байтал Vigo-ын Zero for Conduct киног нь Францын боловсролын системийг буруу
тодорхойлсон гэж хориглосноор Nounez шинэ бүтэх киног нь бас тийм хувь заяа
хүлээж магадгүй гэж санаа зовох болжээ. 1933 онд Nounez Vigo-д L' Atalante-ын
кино зохиолыг өгөв, кино зохиолыг Jean Guinee бичсэн байв.
Vigo анхандаа кино
зохиолд дургүй байсан ч эцэст нь кино зохиолд өөрийнхөө саналаа оруулна гэснээр
зөвшөөрчээ. Vigo болон Nounez нар Gaumont кино компанитай гэрээ байгуулсан ба
Vigo өмнө нь ажиллаж байсан кино зураглаач Boris Kaufman, хөгжмийн зохиолч
Maurice Jaubert нарыг уг кинондоо хөлсөлсөн. 1933 оны зуны турш Vigo Albert
Riera-тай хамтран кино зураг авах газраа судалжээ. Vigo эл бүтээлээрээ анх удаа
кино одуудтай хамтран ажиллав; Michel Simon жилийн өмнө Jean Renoir-ын Boudu
Saved from Drowning кинонд гол дүр бүтээчихээд байсан бөгөөд Simon хожим
хэлэхдээ; Vigo асуудалд ороод байсныг мэдэж байсан учраас замналыг нь үгүй
болгочихгүй гэсэндээ кинонд нь тоглохыг зөвшөөрсөнөө хэлсэн байдаг. Dita Parlo
Германаас Францдаа буцаж ирээд удаагүй байсан жижигхэн од байсан бол Jean Daste
Zero for Conduct, Boudu Saved from Drowning гэсэн хоёр л кинонд тоглочихоод
байсан агаад түүний замнал удаан үргэлжилсэн гэдэг. Киноны зураг авалтыг зун
авахаар төлөвлөөд байсан ч кино хийх нь үнэндээ 1933 оны 11 сарын дундуур
эхэлжээ.
Зураг авалт 4 сар үргэлжлэхдээ тал нь байршсан газар тал нь Gaumont-ын
дуураймал студид явагджээ. Vigo-ын Эх кино зохиолоос өөрчилсөн хэсгүүдийн нэг
бол Jules-ын нохой тэжээдгийг муур болгон өөрчилсөн явдал ба 10 муурыг кинонд
ашиглахаар авч байжээ. Кинонд мууртай үзэгдэл багагүй байдаг нь Vigo-ын багад
гэр нь тэнэмэл муураар дүүрэн байдагтай холбоотой буюу аав нь мууранд тун
хайртай хүн байсан гэдэг.
Кино хийх явц гадаах байршлаас эхэлсэн бөгөөд ер нь
киноны ихэнх үзэгдэл гадаа авагдсан. Хамгийн анхны сцэн хуримынх байсан бол
бүжиг дээр Juliette-тэй танилцдаг панзчингийн дүр зураг авах үед боловсрон
бэлэн болоогүй байсан тул Vigo тухайн нөхцөлд нь импровиацлан бүтээснээр
панзчингийн дүр илүү сонирхолтой болжээ. Өвлийн хүйтэнд зураг авалтууд гадаа
явагдаж байсан нь Vigo-ын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан ч Vigo эрүүл
мэндийн байдлаа үл хайхран шөнийн цагаар зохиомол гэрэлд хөлөг онгоцыг, мөн
сувгийн ойролцоох байшингуудыг зураглахыг хүсэж байсан гэдэг. Хүйтэн цаг
агаарын улмаас сувгаар мөс хөвж байсан ч Vigo тасралтгүй байдлаа хадгалахыг
хүсэж байв. Ид зураг авалтын үеэр цаг агаар их муудвал Vigo кино багаа аваад
Gaumont дахь бэлдсэн студи руу шилжээд цаг агаар гайгүй болвол буцаад гадаах
байршсан зураглалдаа ордог байжээ. 1-р сарын дунд гэхэд киноны гол үзэгдлүүдийн
зураг авалт хийгдэж амжаагүй, кино бэлэн болох ёстой хуваариа даваад зогсохгүй
зардлаа хэтрүүлсэн байлаа. Gaumont-ынх нь Vigo-г буруутгаад киногоо зарлага
багатайгаар түргэхэн дуусга гэж тушаажээ.
Vigo зарим нэг хэсгийг баримтад кино
хэлбэрээр авсан байдаг нь үүнтэй холбоотой юм. Угаасаа уушгины сүрьеэтэй байсан
Vigo-д хүйтэн, нойтон нөхцөлд гадаах байршлын зураг авалтууд үхлийн цохилт
болсон байдаг бөгөөд кино бүтэх зарим үед тэрээр орондоо өвчтэй хэвтэж байдаг
байв. Тэрээр завсарлага авахаас татгалзаж, киноноосоо болж Gaumont-той байнга
хэрүүл хийж байлаа. Тэрээр киногоо бараг бүрэн дуусаад анхны эвлүүлэг хийх
хүртэл кинон дээрээ ажилласаар байсан юм. 4 сар тасралтгүй зураг авсны дараа
1934 онд Vigo аргагүй эрхэнд амралт авч гэр бүл, найзууд руугаа явлаа. Тэрээр
киноныхоо эцсийн эвлүүлгийг хийхийг хүсэж байсан ч эрүүл мэндийнхээ байдлаас
болж буцаад Парис руу эмчилгээнд явав. Boris Kaufman үлдсэн зураглалыг гүйцээн
авсан бол эцсийн эвлүүлгийг кинонд эвлүүлэгчээр ажилласан Louis Chavance
Vigo-гүйгээр хийжээ. Vigo-ын эрүүл мэнд сайжирсангүй, харин амьдралынхаа үлдсэн
хугацааг орондоо өнгөрүүлсээр үхжээ. Жүжигчин Daste-ын хэлж буйгаар; Vigo
байнга хошигнож байдаг ба Түүнтэй нэг өдрийг хамт өнгөрүүлэхэд Vigo үхэхээсээ
хэдэн долоо хоногийн өмнө ч гэсэн гайхалтай, харгис хэвээр байсан. Тэр бол тун сэргэлэн цовоо хүн байсан гэж дурссан байдаг.
Кино 1934 онд нээлтээ хийж, үзвэрийн үеэр жинхэнэ гамшиг болсон байдаг. Удаан, зориудаар утгагүй хийсэн, будлиантай гэх мэт шүүмжүүд голчлон ирж киног сэхээнд оруулж байтал зарим нэг кино шүүмжлэгчид киног Jean - Baptist - Camille Corot-ын зураг шиг гэж магтаад ус, модод, бяцхан байшин гээд энгийн байгалийн сцэнүүд буюу энгийн найруулгын бүтэц нь кино яруу найраглаг болгож байна гэж сайшааж байв. Gaumont киног илүү олонд хүргэхийн тулд киноны үргэлжлэх хугацааг 65 болгож танаж, киноны нэрийг тухайн үед хит болж байсан Lys Gauty-ын The Passing Barge гэх дууны нэрээр өөрчилжээ. Бие нь улам бүр дордож байсан Vigo киногоо хамгаалах чадваргүй байсан нь харамсам. Кино 1934 оны 9-р сард нээлтээ хийж бүтэлгүйтсэн бөгөөд шүүмжлэгчид түүнийг биеэ тоосон, сонирхогчийн түвшнийх гэж хэлж байв. 1934 оны 10-р сард кино анхны нээлтээ хийгээд удаагүй байхад Vigo дөнгөж 29 насандаа эхнэрийнхээ тэвэрт таалал төгсжээ. 1940 онд киног хэсэгчлэн сэргээн засварласан хэдий ч 1930-аад оны үед Vigo-ын бүтээлүүд, мөн L' Atalante ч гэсэн бараг мартагдсан байжээ.
Дэлхийн 2-р дайны дараа түүний бүтээлүүдийг кино
шүүмжлэгчид, судлаачид дахин нээсэн буюу жинхэнэ кино урлаач байсныг нь ам
уралдан хэлэх болов. Кино шүүмжлэгч James Agee: Vigo бол кино урлагт дахь
жинхэнэ кино бүтээсэн цөөхөн хүний нэг гэж хэлж байсан бол Roger Manvell: тэр
бол Франц найруулагчдаас хамгийн авъяаслаг нь юм хэмээж байв. Италийн кино
найруулагч Luigi Comencini L' Atalante-г байнга шахуу биедээ авч явж найзууддаа
үзүүлдэг байсан гэдэг бөгөөд уг киног дундаж түвшний үзэгчдэд жинхэнэ кино гэж
юу байдгийг хамгийн сайтар ойлгуулах кино гэж хэлдэг байжээ. Уг кино нь Францын
шинэ давалгаа хөдөлгөөнийхөний дуртай кино болсон байдаг буюу олон кино
найруулагчид өөрийнхөө уг киноноос санаа авч бүтээлдээ тусгаж өгсөн байдаг.
Francois Truffaut 14 настайдаа анх үзээд л дурласан байдаг бол Emir Kusturica
Vigo-г биширдэг, Vigo-ын киног яруу найраг шиг гэж хэлж байж. 2012 онд Sight
& Sound сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 12-р байрт,
TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 18-р байрт тус тус
эрэмбэлэн жагсаажээ, L' Atalante бүтээлийг.
Comments
Post a Comment