Энэрэхүй

 


Sansho the Bailiff (1954). Киноны үйл явдал 11-р зууны феодалын Японд өрнөнө. Ард иргэддээ ач буянтай амбан захирагч феодал ноёныхоо хилэнг төрүүлсэнээр цөллөгдөх ял заагдана. Амбан захирагчийн эхнэр Tamaki, хүү Zushio болон охин Anju нар Tamaki-ын дүүгийнд амьдрахаар болж энэ гэр бүл салцгаах агаад амбан захирагч эцсийн үг болгож хүүдээ "энэрэх сэтгэлгүй бол араатан, өөртөө хатуу хандаж бусдад өршөөнгүй яваарай" хэмээн захиад эдгээр үгсийг санаж яваарай гээд нигүүлсэнгүй дарь эхийн баримал өгнө. Энэ баримал бол энэ айлд өвлөгдөж ирсэн, язгууртан гаралтай болохыг нь илтгэх симбол ажээ. Уг явдлаас хэдэн жил өнгөрч, хүүхдүүд ч овоо том болжээ. Tamaki үнэнч зарц хүүхнээ болон охин, хүү хоёроо дагуулаад нөхрийнхөө цөллөгдсөн  арал руу урт аянд гарна. Эмзэг, сул дорой багшаархан аялагчид хүнд хэцүү аяныхаа нэгэн шөнө хээр гадаа мод, мөчрөөр оромж бариад амрах гэж байтал нэгэн хөгшин гэлэнмаа ирээд өрөвдөн энэрч, эндээс холгүй байх гэрт минь очиж хоно гэж шалж гуйсаар аялагчдыг гэртээ аваачина. Гэлэнмаа аялагчдын замыг товчилж өгөхийг хүсээд нутгийн эрчүүдтэй хамтран завиар арал хүргэж өгөхөөр болно. Гэтэл эл гэлэнмаа хүний наймаачин байж таарна; Tamaki-г Sado хотын янханы газарт худалдах бол Anju, Zushio хоёрыг газрын эзэн Sansho-д боолоор худалдаалж орхино.

Sansho бол харгис хэрцгийн дэндсэн газрын эзэн бөгөөд аймшигтай нөхцөлд, ямар ч цалин хөлсгүйгээр олон хүнийг дарлан боолчилдог, дээд ноёндоо үргэлж бэлэг нэртэй хахууль өгдөг учир бат хамгаалалтад байдаг дархлагдсан албин юм. Zushio Anju нар Sansho-ын эдлэн газар буюу боолын үйлдвэрт ирээд ёстой тамлагдана. Эндээс зугтаах аргагүй ба баригдагсдыг үхтэл нь тамлаад духан дээр нь тамгална. Sansho нэг хүүтэй, хүү нь газрынхаа 2-р дарга, харин харин хоржоонтой хүү Taro сайхан сэтгэлтэй, аавынхаа үйл хэргийг битүүхэн буруушаана. Taro хүүхдүүд сайхан сэтгэлээр хандахаас гадна түүхийг нь сонсоод эндээс нэг өдөр оргоод ээжийгээ заавал олж уулзахын төлөө амьд тэсэж үлдээрэй гэж захиад өөрөө орон гэрээ орхин явна. Хүүхдүүд Sansho-ын тамд ирээд 10 жил өнгөрчээ. Одоо тэд нас биед хүрцгээсэн бөгөөд Anju одоо ч аавынхаа сургаалийг санаж, оргоод ээжтэйгээ уулзах хүслээ гээгүй бол Zushio эндхийн хүн шиг харгис, үг дуу цөөтэй болж, охин дүүгийнхээ оргох хүслийг тас цохиж, энэнээс өөр амьдрах арга байхгүй, баригдвал алуулна гэж айна. Нэг өдөр боолын хуаранд Sado хотоос нэгэн шинэ боол -охин ирнэ. Охин нэг дууг байнга дуулах агаад дуунд Anju Zushio нар дурдагдаж байв. Үүнээс Anju ээжийгээ амьд байгааг мэдэж, бас Sado хотод байгаа ойлгох бөгөөд ахыгаа улам ихээр ятгах болно. Боолын хуаранд олон жил ажиллаж үхэх дөхсөн эмгэнийг ууланд аваачиж хаях тушаалыг Zushio хүлээн авч, түүнийг Anju болоод харуул нар дагана. Тэд ууланд очоод эмгэнийг оршуулах болоход Anju Zushio хоёр хоёулахнаа үлдэх үед Zushio гэнэт одоо бушуухан зугтаая, өөр ийм сайхан боломж олдохгүй хэмээн охин дүүдээ хэлнэ.

Байдлыг даруй ухаарсан Anju аахыгаа ганцаараа зугт, би тэднийг аргацааж танд цаг хожуулъя, та ганцаараа бол хурдан явна, ядаж баригдлаа гэхэд хамтдаа баригдаад хэрэггүй гэнэ. Заавал эргэж ирж дүүгээ авахаа амалсан Zushio хамгийн найдвартай газар болох эзэн хааны сүм руу бушуухан зугтаахад Anju баригдана. Anju тамлуулах өвдөлтөөсөө болж ахыгаа барьж өгч магадгүй гэдгээс айгаад нуурт живж амиа хорлодог. Zushio эзэн хааны сүмд ирнэ, сүмийн тэргүүн тахилч бидний эчнээ танил Taro байлаа. Taro түүнийг хайж ирсэн хүмүүсээс нуугаад зогсохгүй Zushio-ын Kyoto орж ерөнхий зөвлөлд Sansho-ын балмад явдлын талаар зарга мэдүүлэхэд тусалж Zushio -г хэн болохыг баталсан захиа бичиж өгнө. Zushio Kyoto-д ирээд ерөнхий зөвлөлд захиагаа мэдээж үзүүлж чадахгүй, харин ч бүр шоронд орно. Гэтэл байнга биедээ авч явж байсан нигүүлсэн дарь эхийн баримал нь түүний гарал угсаа, хэн болохыг нь юу юунаас илүү батлах тавилантай байжээ. Ерөнхий зөвлөлөөс түүнд аавынх нь албан тушаалыг сэргээж олгох буюу Tango нутаг дэвсгэрийн амбан захирагчийн суудал өгнө, энэ нь Zushio-г Sansho-ын мөн амбан захирагч болгож өгнө. Эцэг нь, цөллөгдсөнөөсөө хойш удалгүй нас барсныг олж мэдсэн Zushio харъя нутагтаа олон нийтийн хийгээд хувьдаа хэн ч боол эзэмших ёсгүй гэсэн зарилга гаргана. Өмнө нь хэн ч ийм зарилга гаргаж байгаагүй тул туслахууд нь хувийн газар эзэмшигчид, нэн ялангуяа Sansho шиг хүмүүс таны тушаалыг эсэргүүцэж, бараг мөргөлдөөн үүснэ гэж анхааруулна. Хувьдаа газар эзэмшдэг Sansho мэтүүд нь бүх ажлаа боолуудаараа хийлгэдэг учир энэ зарилга биелвэл сүйрэл байв. Тэгсэн ч гэсэн Zushio зарилгаа гаргана. Зарилгын шонгуудыг босгонгуут Sansho-ын хүмүүс очиж буулгаж байлаа, энэ мэт байдал олон давтагдаж бяцхан дайн болох шахав. 

Эцэст нь Zushio цэргүүд дагуулан Sansho-ын эдлэн газарт очиж түүнийг болоод гар хөлийн хүмүүсийг нь баривчлаад цөлнө. Тэрээр Sansho-ын бүх боолыг чөлөөлөөд охин дүүгээ хайсан ч Anju-г амиа хорлосныг олж мэднэ. Тэр шөнөдөө Zushio амбан захирагчаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд ээжийгээ хайхаар Sado руу явах үед боол биш болсон иргэд Sansho-ын байшинг галдан шатааж байлаа. Zushio ээжийгээ одоо хүртэл янханы газарт байгаа гэж бодсоор янханы газарт очиход ээж нь байсангүй, хүмүүсийн яриагаар саяхны нэг аймшигтай цунамигаар эх нь өнгөрсөн ажээ. Ядаж эхийнхээ үхсэн газар дээр очьё гээд далай эрэг дээр ирээд Zushio нэгэн сохор, ядарч туйлдсан эмгэнийг өнөөх дууг дуулаад сууж буйг харна. Эмгэн Tamaki байлаа. Даанч хүүгээ яаж ч учирлан тайлбарлаад хүүгээ гэж итгэхгүй байлаа. Zushio-г нигүүлсэн дарь эхийн барималаа гарт нь атгуулахад эх хүүгээ танина. Zushio аав болон Anju хоёрыгоо үхсэнийг хэлээд одоо хорвоо дээр хоёулахнаа гэснээр кино маань төгсөнө. 

Kenji Mizoguchi бол Ozu, Kurosawa-ын хамтаар Японы хамгийн аугаа кино найруулагчдын нэг гэж хүндлэгддэг. Kenji Mizoguchi ёс суртахууны эрх чөлөө, боолчлолын талаарх дундад зууны үеийн домгийг зөн совин, заль мэх, эмгэнэлт байдлаар боловсруулжээ. Найруулагч киногоо Mori Ogai-ын ижил нэрт богино өгүүллэгээс сэдэвлэсэн бол Mori Ogai богино өгүүллэгээ 500 жилийн настай ардын аман домгоос санаа авч бичжээ. Ядуурлыг дүрслэн харуулах, орчин үеийн Япон дахь эмэгтэйчүүдийн байр суурийг шүүмжлэлтэйгээр харуулах, удаан үргэлжилсэн камерийн дэглэлтэй зэргээрээ эл бүтээл Mizoguchi-ын олон шинж тэмдэгийг агуулсан кино бөгөөд өнөө үед Ugetsu (1953) киноных нь хамтаар энэ киног Mizoguchi-ын хамгийн шилдэг бүтээл гэж үзэж байна. Найруулагч маань 1952 онд The Life of Oharu киногоороо Венецийн кино наадмаас олон улсын шагнал хүртэж байсан бол дараа жил нь Ugetsu киногоороо мөн тус наадмаас мөнгөн арслан шагнал хүртсэн ба Sansho the Bailiff бүтээлээрээ 15 дахь удаагийн Венецийн кино наадмаас мөнгөн арслан шагнал хүртэж дахин нэг удаа барууны кино шүүмжлэгчдийн анхаарлыг татжээ. 2012 онд Sight & Sound сэтгүүлийн санал асуулгаар уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 59-р байрт жагссан бол TSPDT бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 93-р байрт эрэмбэлсэн. Кино шүүмжлэгч Anthony Lane хэлж байна: би энэ киног арваад жилийн өмнө ганцхан удаа үзсэн ба би кино театраас барагалж яадгаа алдсан хүн шиг гарсан ч үүнээс илүү кино үзэж байгаагүй гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан; би дахиж энэ киног үзэхийг зүрхлээгүй, би энэ сүсэг бишрэлээ сүйтгэхийг хүсээгүйн дээр мөн хүний сэтгэл ийм хэцүү хүнд сорилтыг даван туулахаар загварчлагдаагүй учраас дахин үзэж зүрхлээгүй гэж хэлсэн буй. Уг кино бол Японы хамгийн шилдэг киноны нэгээс гадна кино эсрэг талын дүр, дэлгэцнээ байнга үзэгдэхгүй Sansho-ын нэрээр нэрлэгдсэн нь хачирхалтай юм. 

Sansho бол ямар ч эргэлзээгүй кино урлаг дахь хамгийн шилдэг эсрэг талын дүрийн нэг юм. Mizoguchi киноны туршид классик кино найруулгыг чанд мөрдөх буюу камер зүүн тийш хөдлөх нь өнгөрсөнийг сануулах бол баруун тийш хөдлөх нь ирээдүй рүү чиглэхэд диагоналууд нь найруулгын хамгийн хамгийн хурц өнцөг руу шилжинэ. Харин дээш чиглэсэн хөдөлгөөн нь найдвар төрүүлж, доошлох нь найдварыг сүүдэртүүлнэ. Ozu "нэг үзэгдэл, нэг кадр" онолыг баримталдагаараа Mizoguchi-той адилхан боловч Ozu-ын жаазласан болон найруулсан зураглал, мөн огт хөдөлдөггүй камер түүний бүх арга байдаг бол Mizoguchi-ын камерийн хөдөлгөөн маш тансаг билээ. Кинон дээр гарах боолын хуаран нь дэлхийн 2-р дайны Японы аж байдлын тусгал бөгөөд Mizoguchi мөн Японы уламжлалт тоталитар нийгмийн бүтцийг киногоороо харуулжээ.

Comments