Арын цонхоор харагч буюу Жеймс Стюарт

 


Нуршуу яриа, эгэл жирийн дүрээрээ алдартай Америкийн жүжигчин, дуучин, цэргийн офицер James Stewart дэлгэцнээ хүчирхэг ёс суртахуунтай дүрийг бүтээдэг байсан шигээ амьдрал дээр ч тийм хүн байв. Замналдаа 80 орчим кинонд тоглосон түүнийг нэгдсэн улсын 20-р зууны "идеал Америкийн" үлгэр жишээ хэмээн өргөмжилж, Америкийн кино урлагийн хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн Америкийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчний жагсаалтад 3-р байрт жагсааж байв. Бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг, мөн өөрийнхөө хайрлаж биширдэг James Stewart-ын намтар түүхийг та бүхэндээ хүргэж байна.

 James Maitland Stewart 1908 оны 5-р сарын 20нд Индиана мужийн Пенсильваниа хотод Alexander Stewart болон Elizabeth Ruth нарын цор ганц ууган хүү болж мэндэлжээ. Stewart-ын өвөг эцэг Шотланд гаралтай бөгөөд тэрээр Mary, Virginia гэсэн 2 охин дүүтэй. Stewart-ынх Pennsylvania-д олон үеэрээ амьдарч ирсэн бөгөөд Stewart-ын аав гэр бүлийн техник хангамжийн дэлгүүр ажиллуулдаг байсан ба эцэг Stewart гэр бүлийн уламжлал ёсоор хүүгээ Princeton-ын их сургуулийг дүүргэсний дараа нас биед хүрээд дэлгүүрийг нь өвлөж авна гэж найддаг байжээ. Шашны гүн шүтлэгтэй аавынхаа улмаас Presbyterian-аар хүмүүжсэн Stewart амьдралынхаа ихэнх хугацааг сүмд үнэнчээр явж өнгөрүүлсэн.
Түүний ээж нь төгөлдөр хуурч байсан учраас хөгжим энэ гэр бүлийн амьдралын чухал хэсэг байлаа. Дэлгүүрээр нь үйлчлүүлсэн үйлчлүүлэгч төлбөрөө төлж чадахгүй бол хуучин баян хуураар төлбөрөө хийхийг аав Stewart зөвшөөрдөг байв. Stewart орон нутгийн үсчингээр хөгжмийн зэмсэг тоглож сурсан ба ичимхий хүүхэд байсан Stewart хичээлийн дараах ихэнх цагаа гэрийнхээ хонгилд онгоцны загвар, механик зураг зурж, онгоцны нисгэгч болохыг мөрөөдөн суудаг байлаа. Тэрээр авъяаслаг биш, дунджаас доогуур дүн авдаг оюутан байсан агаад багш нарынх нь хэлснээр бол энэ нь оюуны хомсдол бус харин бүтээлч сэтгэлгээ болон хүсэл мөрөөдөлтэй холбоотой юм гэж байжээ. Stewart 1923 оны намраас Mercersburg-ын академийн бэлтгэл сургуульд сурж эхлэв. Mercersburg-д тэрээр хичээлээс гадуурх янз бүрийн арга хэмжээнд оролцож эхлэв; тухайлбал гүйлтийн багийн гишүүн болов, мөн сургуулийнхаа жил бүр гардаг номын редактор, найрал дууны клубын гишүүн болон уран зохиолын нийгэмлэгийн гишүүн байлаа. Харин зуны амралтаараа гэртээ хариад тоосго ачигч, илбэчний туслахаар ажиллаж мөнгө олдог байсан. Бөөрний өвчний улмаас Stewart 1927 онд сургуулиасаа түр чөлөө аваад төгсөлтөө 1928 он хүртэл хойшлуулжээ.

 Charles Lindbergh-ын бие дааж далай дээгүүр ниссэн анхны нислэг түүний нисгэгч болох сонирхлыг улам нэмэгдүүлж, нисгэгч болохоор тууштай бодож байсан ч аав нь түүнийг Princeton руу чиглүүлсэнээр нисгэгч болох мөрөөдлөөсөө татгалзахад хүрчээ. 1928 онд тэрээр Princeton-д элсэн архитектураар сураад сургуулийнхаа 1932 оны төгсөх ангийн гишүүн болжээ. Тэр сурлагийн хувьд сайн байсан ч сургуулийнхаа жүжиг, хөгжмийн клубуудад илүүтэй татагддаг байв. Stewart нисэх онгоцны буудлын дизайны сэдвээрээ архитектурын чиглэлээр магистрын зэрэг олгох тэтгэлэг хүртсэн боловч Massachusetts мужид зун үйл ажиллагаагаа явуулдаг University Players гэх хувийн сургуульд элсэн орлоо. 1932 оны зуны уг сургалтад Stewart багахан хэмжээний дүрд тоглож, олон сайн кино бүтээгчтэй танилцсаны дотор хожмын амьдралын найзууд болох жүжигчид Henry Fonda, Margaret Sullavan нартай танилцжээ. Ингээд сурах улирал дуусч Stewart найзууд тэр дундаа Fonda-ын хамтаар Нью Иорк руу нүүсэн бөгөөд Stewart дебютээ Broadway-д хийв. Төд удалгүй дахин нэг жүжигт жолоочийн дүр бүтээсэн нь олны анхаарлыг татаж эхэлж; The New Yorker сэтгүүл түүний тоглолтыг: Stewart гуравхан минутад ч гэсэн үзэгчдээс цогтой алга ташилт хүртэж чадлаа гэж байв. Тэр үедээ Stewart байгаа хотдоо менежерийн ажилд орсон ч зүрх сэтгэл нь өөр газар байсан тул тэгсгээд ажлаасаа гарав. 

Ингээд тэрээр Нью Иоркт буцаж ирээд 2 ч жүжигт жижиг дүр бүтээсэн ч жүжиг нь өөрөө амжилт олсонгүй, үүнээс болж тэрээр дахин сурдаг юмуу гэж бодож эхэлсэн байдаг. Stewart үргэлжлүүлэн жүжиглэсээр байсан бөгөөд театрын анхны гол дүрээ Yellow Jack жүжигт авч, жүжиг 1934 онд нээлтээ хийв. Stewart шүүмжлэгчдээс алга ташилт сонссон ч жүжиг үзэгчдэд алдаршаагүй учир төд Удалгүй хаагджээ. Тухайн жилийнхээ зун Stewart анхныхаа кино болох богино хэмжээний Art Trouble кинонд тоглов. Тэр жилийнхээ намар Ethel Barrymore театрын Divided жүжигт тоглосон дүрээрээ шүүмжлэгчдээс алга ташилт хүртсэн бөгөөд 1935 он хүртэл амжилт олсон 3 нь ч жүжигт тоглосон. Princeton-д байхаас нь Stewart-г ажиглаж байгаад ховор авъяастай болохыг нь мэдсэн мэдрэмжтэй скаут Bill Grady-ын "ачаар" MGM-тэй Stewart 7 жилийн гэрээ хийлээ. Түүний холливууд дахь замнал The Murder Man киногоор эхэлсэн ба кино шүүмжлэгчид түүнийг үл тоож байсан бол зарим нь түүнийг Yellow Jack-ын дүрээр дурсаад бараг л авъяас чадвараа дэмий үрж байна гэж байлаа. 

MGM түүнийг гол дүр бүтээх материалгүй гэж харж байсан бол Stewart-ын агент Leland Hayward  Stewart-г нэгээс нөгөө кино студид зээлэгдсээр л дуусах жүжигчин гэж бодож байв. Stewart-ын MGM-ын хоёрдахь кино нь Rose Marie гэх мюзикл кино байсан бөгөөд үүнээс цааш тэрээр ихэнхдээ гол дүр авсан байдаг. 1936 онд бүтсэн комеди жанрын Next Time We Love бүтээлдээ Stewart сургуулийн найз Margaret Sullavan-ын тусламжийг авсан байдаг бөгөөд Margaret түүнтэй маш их бэлтгэл хийсний ачаар Stewart өөрөө өөртөө итгэх итгэлээ нэмж, зан ааш болон хөвгүүн төрхөө дэлгэцийн дүрдээ шингээж өгөхөд нь тусалжээ. Уг кино үзэгчид хийгээд шүүмжлэгчдэд таалагдасны дээр Stewart-г MGM илүү сонирхох болсон бөгөөд The New York Times түүнийг: холливуудын тэргүүлэх эрэгтэй гол дүрийн жагсаалтад тавтай морил хэмээжээ. Next time we love киноны дараа Stewart 2 ч романтик комеди кинонд туслах дүр бүтээсэн нь амжилт олсон бөгөөд дээрх кинонуудад гол дүрийн хүүхнээсээ урваж байгаа найз залуугийн дүр бүтээв. 1936 онд тэрээр анхны их цалинтай кино болох Speed кинонд хурдны машины жолоочийн дүр бүтээсэн ч кино арилжааны болоод шүүмжлэгчдийн зүгээс амжилт олоогүй байна. 

1936 онд тоглосон сүүлийн 3 кинон харин ашиг орлого сайн олов; эдгээр кино дундаас мюзикл жанрын Born to Dance бүтээлд бүтээсэн дүрийг нь шүүмжлэгчид үнэлсэнгүй, дуулж бүжиглэх нь Stewart-д зохисонгүй гэж шууд хэлсэн бол тэр жилийнх нь сүүлийн кино After the Thin Man кинонд бүтээсэн алуурчны дүрийг нь магтаж; түүнийг дуулж бүжиглэснээс илүүтэй иймэрхүү дүрд тоглох нь зөв гэв. 1937 онд тэрээр 20th Centery - Fox кино компанид зээлэгдэж Seventh Heaven гэх драмад Парисын бохирын засварчны дүр бүтээсэн ч хамтран тоглосон Simone Simon-ын хамтаар дүрдээ огт тохироогүй гэж шүүмжлүүлж, мэдээж кино амжилт олсонгүй. Дараагийн кино нь мөн л бүтэлгүйтэв, гэхдээ Stewart дараалж 3 удаа бүтэлгүйтсэнгүй; нэгдсэн улсын тэнгисийн цэргийн сургуулийн хөлбөмбөгчиний дүр бүтээсэн Navy Blue and Gold кино амжилт олж, шүүмжлэгчид түүнийг өндрөөр магтсан нь тухайн үедээ Stewart-ын замнал дахь хамгийн шилдэг үнэлгээ болж байлаа. 

Тэгсэн ч гэсэн тэрээр жижиг од хэвээр байж, MGM-ынхан түүнд гол дүр өгөхөөсөө эргэлзсээр, ийш тийшээ зээлсээр байв. Stewart RKO кино компанид зээлэгдэж Ginger Rogers-ын хамт Vivacious Lady кинонд тоглохоор болоод байсан ч Stewart-ын бие өвдөж эмнэлэгт хэвтсэнээр RKO түүнийг солихыг хүсэх болж ирсэнээр уг төсөл цуцлагджээ. Тэгсэн ч Ginger Rogers-ын театрын мюзикл амжилт олсноор төсөл дахин сэргэж Stewart ч кинондоо эргэн ирсэн бөгөөд кино арилжааны хувьд, шүүмжлэлийн хувьд амжилт олсны сацуу Stewart романтик комеди жанрт авъяастай болохоо дэлхийд харуулсан агаад The New Herald түүнийг яг одоо байгаа хамгийн сонирхол татахуйц, шилдэг залуу жүжигчдийн нэг гэж бичжээ. 1938 онд түүний тоглосон 3 дахь кино бол дэлхийн 1-р дайны тухай өгүүлэх The Shopworn Angel гэх бүтээл байв. Уг кинонд Margaret Sullavan-тай дахин хамтран ажилласан бөгөөд Stewart түүнд илчлээгүй, хариу нэхээгүй хайр сэтгэлээ дүрдээ шигтгэж өгсөн ба тэр үед Margaret Stewart-ын агент Leland Hayward-тай гэрлэчихээд байв. Кино ерөнхийдөө сайн үнэлгээ авч, The New York Post түүнийг; Stewart өөрийгөө шилдэг залуу эрэгтэй жүжигчдийн нэг гэдгээ дахин баталлаа хэмээжээ.

 1938 оны Frank Capra-ын You can't Take it with you кино Stewart-г үндсэндээ том од болгосон ба Columbie Pictures кино компанид зээлээр тоглосон уг кинонд тэрээр ядуу айлын охинд дурласан банкны ажилтны хүүгийн дүрийг гаргасан нь тэр жилийнхээ Хамгийн их ашиг олсон 5 дахь кино болоод зогсохгүй Оскарын наадмаас шилдэг кино шагнал хүртжээ. Capra тухайн цаг үедээ амжилттай яваа кино найруулагч байсан агаад Stewart-г хамтран ажилласан хамгийн шилдэг жүжигчдийн нэг гээд тухайн гаргах дүрийн мөн чанарыг маш сайн ойлгодог учир зааварчилгаа бага шаардагддаг гэж хэлж байж. Гэхдээ тус киноны яг эсрнгээр 1939 онд тоглосон эхний 3 кино нь тэр чигээрээ бүтэлгүйтэл байв. 1939 оны түүний 4 дөх кино мөн Capra-ын улс төрийн драм жанрын Mr. Smith Goes to Washington кино байж, Stewart идеалистын дүрийг бүтээсэн шүүмжлэгчдийн халуун магтаалыг сонсч, жилийн хамгийн их ашиг олсон 3 дахь кино болохын сацуу тэрээр анх удаа Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд дэвшсэн бол судлаачид түүнийг; одоо Stewart бүрэн боловсорсон учир хамгийн хүнд бүх дүрийг өгч болно, одоо тэр холливуудын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин гэж байв. Stewart-ын 1939 оны сүүлийн кино нь Вестерн пароди жанрын Destry Rides again бүтээл байсан ба уг амжилт олсон кинонд тэрээр Marlene Dietrich-тэй хамтран тоглосон. 

Чухам энэ үеэс Stewart радио замналаа эхлүүлсэн бөгөөд түүний удаан ярьдаг хэв маягийг комедиан нар аль хэдийнээ элэглэн дуурайгаад эхэлсэн байлаа. 1940 онд Stewart Margaret нар 2 ч бүтээлд тоглосны эхнийх нь Ernst Lubitsch-ын романтик комеди жанрын Shop around the corner байсан агаад шинэ жилийн шедевр уг кино нэгдсэн улсад амжилт олоогүй ч Европт өндөр амжилт олсон бөгөөд хожим Lubitsch уг киногоо замналынхаа хамгийн шилдэг киногоор нэрлэжээ. Stewart Margaret хоёрын дараагийн хамтрал нь Гитлерийн үеийн хосуудын талаарх The Mortal Storm хэмээх кино байв. Шүүмжлэгчид уг киног нацизмыг эсэргүүцсэн анхны киноны тоонд оруулдаг. Stewart-ын 1940 онд тоглосон сүүлийн кино болох The Philadelphia Story кино түүнд анхны бөгөөд цор ганц Оскарын наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авчирчээ. George Cukor-ын романтик комедид тэрээр Gary Grant, Katharine Hepburn нарын хамтаар тоглосон бөгөөд тэрээр; The Philadelphia Story-д би туслах дүр бүтээгээд шилдэг гол дүрийн шагнал авсан нь зохимжгүй, би Mr. Smith-ын дүрээр л уг шагналыг авах байсан, Оскарын академи шагналаа буруу олгосноо ингэж засчихлаа ухааны юм хожим ярьсан байдаг. Тэрээр Оскараа аавдаа өгсөн бөгөөд аав нь шагналыг нь дэлгүүрийнхээ лангуун дээр Stewart-ын бусад шагналын хамтаар байрлуулжээ. Уг киноны дараа тэрээр комедид тоглосон ч амжилт үл олов; 1941 онд Judy Garland-ын хамтаар Ziegfeld Girl мюзикл кинонд тоглосон өөрийн нь хувьд замналынх нь хамгийн муу кино болжээ. Stewart дэлхийн 2-р дайнд оролцохоор нэгдсэн улсын армид элссэн анхны Америкийн том од болжээ. 

Түүний гэр бүл цэргийн үндэс суурьтай байсан агаад түүний 2 өвөө иргэний дайнд оролцож байсан бол аав нь дэлхийн 1-р дайнд алба хааж байжээ. Анх туранхай гэж хасагдаж байсан Stewart жилийн дараа цэрэгт амжилттай элсэв. Туршлагатай сонирхогчийн нисгэгч тэрээр агаарын цэргийн корпуст татагдсан бол төд удалгүй 33 настайдаа агаарын бөмбөгдөгч болсон буюу 1942 онд дэд дэслэгч цолтой болжээ. Цэргийн амьдрал дууссан ч MGM-тэй гэрээтэй байсан Stewart шинээр арилжааны кино хийгээгүй ба түүний олон нийтийн өмнө гарах арга хэмжээ нь зөвхөн агаарын цэргийн үйл ажиллагаатай л холбоотой байв. Энэ мэтчлэнгээр тэрээр 1942 онд 150 мянган шинэ цэрэг элслүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан богино хэмжээний Winning Your Wings кинонд тоглосон юм. Тэр бол ердөө дөрөвхөн жилийн дотор цэргээс хурандаа болсон цөөхөн Америкчуудын нэг юм. Тэрээр 1945 оны намар эх орондоо эргэн ирсэн ба 1959 онд бригадын генерал цол хүртэж Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн өндөр цолтой жүжигчин болжээ. Вьетнамын дайны үеэр жижүүр-ажиглагчаар нисч байсан бөгөөд 27 жил эх орныхоо төлөө алба хаасны эцэст 1968 онд 60 нас хүрсэнийхээ дараа албан ёсоор тэтгвэрт гарчээ. Stewart дайны үеийнхээ цаг үеийн талаар тун ховор ярьдаг байв. 

Түүнийг тэтгэвэрт гарсан нэгдсэн улсын агаарын цэргийн тэргүүн ажилтан медалиар шагнажээ. Дайны дараа тэрээр Пенсильваниа дахь гэртээ харьж дэлгүүрээ ажиллуула. Түүний хуучны найз бас агент Leland Hayward авъяастнуудыг эрж олох ажлаа орхиж, өөрийн оддыг MCA компанид зарсан байв, үүн дотор Stewart мөн Багтаж байлаа. Stewart MGM-тэй гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж, харин MCA-тэй гэрээ байгуулав. Хожим тэрээр Capra өөрийнх нь замналыг шинээр эхлүүлж өгсөн хэмээсэн мөн тэдний хоёулангийнх нь дайны дараах анхны кино болох It's a Wonderful life кинонд тоглов. Тэрээр санхүүгийн дампууралд орж сэтгэлээр гутраад зул сарын өмнөх өдөр амиа хорлохоор завдаж буй сайхан сэтгэлтэй Goerge Bailey-ын дүрд тоглосон агаад зураг авалтын үеэр Stewart өөрийнхөө жүжиглэх чадварт эргэлзэж, зодог тайлах талаар бодож байсан гэдэг. Уг кино Оскарын наадамд 5 төрөлд нэр дэвшиж, Stewart 3 дахь удаагаа шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн хэдий ч кино шүүмжлэгчдэд төдий л таалагдсангүй, бас үйлдвэрлэлийн зардлаа нөхөж чадаагүй байна. Шүүмжлэгчид киног хэтэрхий сэтгэл хөдөлгөм гэсэн ч Stewart-ын тоглолтыг хараад; дайны жилүүдэд тэрээр оюун санаа болоод авъяас чадварын хувьд ч өсчээ гэж магтаж байв. Америкийн ерөнхийлөгч байсан Harry S. Truman: хэрвээ эхнэр бид 2 хүүтэй болвол бид түүнийг It's a Wonderful life кинон дээрх Stewart шиг байгаасай гэж хүсч байна гэж хэлж байж. Жилээс жилд тус киноны нэр хүнд өссөөр эдүгээ зул сарын классик киноны нэг болж, George Bailey-ын дүр Stewart-ын замналыг тодорхойлох хэмжээний дүр болжээ.

 Хожим тэрээр уг киногоо өөрийнхөө тоглосон бүтээлүүдээс хамгийн дуртай кино гэж нэрлэсэн буй. Гэхдээ тус кино ашиг олоогүй нь улмаас Capra-ын кино компани дампуурлаа зарлаж байх хооронд Stewart цаашид жүжигчний замналаа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзсээр байв. Холливуудад түүний үеийнхэн бүдгэрэн Marlon Brando, Montgomery Clift, James Dean зэрэг шинэ үеийнхэн тодрон гарч ирж байлаа. 1946 оноос Stewart радио драмад буцаж очин 1950 оны дунд үе хүртэл хоёр салбарт зэрэг ажиллажээ. Мөн тэрээр 1947 онд Broadway-д эргэн очиж Harvey жүжигт гол дүрийн жүжигчин Frank Fay-г орлон тоглосон нь олны сайшаал хүртжээ. 1947 онд тэрээр ганцхан кинонд тоглосон нь амжилт үл олжээ. 1948 онд 4 кинонд тоглов. Call Northside 777 бүтээл нь шүүмжлэгчдэд таашаагдсан бол Henry Fonda-тай хамтран тоглосон мюзикл жанрын On Our Merry Way кинонд тоглосон ч амжилт олсонгүй. Харин Joan Fontaine-тэй хамтарсан You Gotta Stay Happy гэх комеди бүтээл түүний дайны дараа гаргасан хамгийн амжилттай кино болов.

 Дараагийн кино нь Alfred Hitchcock-ын Rope байсан ба Hitchcock Stewart нарын хамтрал уг бүтээлээс эхэлсэн. Stewart идеалист, Ницшегийн философид дурлагч багшийн дүрд тоглосон бөгөөд дүрээ сайн бүтээхийн тулд хичээсний улмаас стрессдэж үүнээсээ болж архи ууж, нойрондоо муудсан байдаг ч шүүмжлэгчид түүнийг дүрдээ тохироогүй гэж хожим дүгнэсэн байдаг. 1949 онд Stratton Story кинонд бейсболчины дүр бүтээж буцаад амжилтынхаа замд орсон Stewart-г The New York Times: ноён Stewart-ын дайны дараа бүтээсэн хамгийн шилдэг тоглолт байлаа хэмээж байв. 1950-аад оноос Stewart найруулагч Anthony Mann-тай хэд хэдэн кинонд хамтран, Вестерн жанрын кинонуудаар өөрийнхөө замналд шинэ хуудас нээв. Энэ бүхний эхлэл Winchester '73 Вестерн кино байсан ба мөн тухайн үед холливуудад нэгэн том үйл явдал болов. Түүний агент Universal кино компанитай шинэлэг гэрээ байгуулав; энэ нь Stewart хөлс авахгүй оронд нь олсон ашгаас нь хувь авах гэрээ байв. Мөн тэрээр студийн зарим нэг ажилд гар бие оролцох эрхтэй болов. Энэ шинэ гэрээ Stewart өмнөхөөс нь илүү мөнгөжүүлсэн бөгөөд эл шинэ арга улам бүр муудаж байсан холливуудын студийн системийг бүр дордуулжээ. Вестерн жанраар Stewart дэлгэцэн дээрх хувь хүнээ шинээр тодорхойлсон бөгөөд Winchester '73 кинон дээр тэрээр чанга, өшөө авагч гарамгай буудагчийн дүрийг бүтээсэн, кино ашиг орлого сайтай байсны сацуу шүүмжлэгчдээс алга ташилт авчээ.

 1950 онд тоглосон түүний 3 дахь кино комеди жанрын The Jackpots байв, кино Сайн амжилт үзүүлсэн ч тэгсгээд мартагджээ. Мөн тухайн ондоо Harvey жүжгийн дэлгэцийн бүтээлд гол дүрд тоглов. Variety сэтгүүл түүний тоглолтыг төгс гэсэн бол хожим Stewart өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун бус байдгаа хэлжээ. Harvey кино It's a Wonderful life шиг олон жилийн дараа тогтмол зурагтаар гарсаар байгаад алдартай болжээ. 1951 онд Stewart ганц л кинонд тоглосон нь нисэх онгоцны сүйрлийг харуулсан хамгийн анхны кино болох No Highway in the Sky байв. Киног Англид бүтээж, их британид амжилт олсон бол Америкт эсрэгээрээ байв. Дараа нь Оскарын наадмын шилдэг кино шагнал хүртсэн Cecil B. Demille-ын The greatest show on earth кинонд туслах дүр бүтээсэн. Үүний дараа тэрээр Anthony Mann-тай хамтран 4 нь ч кинонд ажилласны ихэнх нь Вестерн жанрынх байсан агаад бүх кино нь амжилт дагуулсны дээр Stewart-ын дэлгэцийн хувь хүнийг илүү боловсорсон, хоёрдмол утгатай болж ирсэн гэж үздэг. Stewart - Mann хоёрын хослол 1950-аад оны Вестерн жанрт томоохон байр суурь эзэлж, уг жанрыг реалист маягаар дүрсэлж байсан гэж өнөөдрийн өндөрлөгөөс дүгнэдэг ажээ.  1954 онд Stewart Hitchcock нар дахин хамтран тус оныхоо хамгийн их ашиг олсон 3 дахь кино болсон Rear Window гэх триллерийг бүтээв. Киног гэрэл зурагчин Robert Capa-гаас сэдэвлэсэн бөгөөд энэ киногоороо Hitchcock Stewart-ын жүжиглэлтийн шинэ талыг нээсэн гэж үздэг. Rear Window-ын амжилтыг найруулагч Hitchcock руу хандуулах үзэгдэл ихээхэн байв. Кино шүүмжлэгч Vincent Canby Stewart-ын тоглолтыг аугаа гээд холливуудад олон жилийн турш түүний од статусыг, түүний авъяасыг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй байсан бол уг киногоороо тэрээр замналаа тамгаллаа гэж байв. 

Үнэхээр ч тэрээр Look сэтгүүлээс гаргасан хамгийн алдартай кино одууд жагсаалтыг өрсөлдөгч John Wayne-г ардаа хийн тэргүүлжээ. 1955 онд Stewart дахин Mann-тай хамтран 2 амжилттай кино бүтээв. Эхний Strategic Air Command кинонд тоглохдоо өөрийнхөө нисгэгчийн туршлагыг ашигласан бол Mann-тай хамтарсан сүүлчийн кино Вестерн жанрын The Man from Laramie кино болж үзэгчдийн таашаалд хүрч чаджээ. Үүний дараа дахин Hitchcock-той хамтран Hitchcock-ын өөрийнх нь дахин шинэчилсэн кино болох The Man Who Knew Too Much тоглосон агаад шүүмжлэгчид эх хувилбараа гүйцээгүй гэж үзсэн бол найруулагч яг эсрэгээр нь дүгнэжээ. 1957 онд хүүхэд насныхаа баатар Charles Lindbergh-ын дүрд тоглох боломж олдсон нь Billy Wilder-ын найруулсан The Spirit of St. Louis бүтээл байсан ба кино тусгай эффэкт багагүй ашигласан тул өндөр өртгөөр бүтсэн ч зарлагаа нөхөж чадаагүй байна. Тэр оныхоо төгсгөлд Stewart Вестерн жанрын Night Passage кинонд тоглов, уг нь энэ кино Mann тэр хоёрын хамтарсан 9 дэх кино болох байсан ч Mann кино зохиолчтойгоо зөрчилдөж төслийг орхижээ. Mann дахиж хэзээч Stewart-тай хамтран ажиллаагүй бол Night Passage бүтэлгүйтэж, Stewart дараагийн 4 жилд Вестерн кинонд тоглосонгүй. 

1958 оны сүүлчээр Hitchcock-ын Vertigo бүтээлд тэрээр Kim Novak-тай хамтран тоглосон бөгөөд уг кинонд өндрөөс айх өвчтэй хуучин цагдаагийн дүрийг бүтээв. Vertigo хожим Hitchcock-ын хамгийн оргил киноны нэг гэгдэх болсноос гадна 2012 онд Sight & Sound сэтгүүл бүр цаг үеийн хамгийн шилдэг киногоор тодруулсан. Кино ашиг орлого муу олсныг Hitchcock Stewart-г дүрдээ хэтэрхий хөгшдсөн гэж буруутгасан байдаг агаад Stewart тэр үед 50 настай байв. 1958 онд тоглосон дараагийн кино нь Bell, Book and Candle гэх романтик драм байв; эл кинонд тэрээр дахин Kim Novak-тай хосолсон ч кино амжилт үл олжээ.1959 онд Otto Preminger-ын шүүх хурлын драм жанрын Anatomy of a Murder кинонд тоглож тэр жилийнхээ Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүр шагналд 5 дахиа буюу эцсийн удаа нэр дэвшжээ. Шүүмжлэгчид түүний тоглолтыг замналынх нь шилдэгүүдийн нэг гэсэн буй. 1950-1965 оны хооронд Stewart хамгийн их ашиг олсон жүжигчдийн жагсаалтад тогтмол дээгүүр бичигдэж байжээ. 1960 оныг тэрээр дайны сэдэвт The Mountain Road киногоор эхлүүллээ. Киноны зохиолыг тэрээр амьдралдаа уншсан хамгийн шилдэг кино зохиол гэж байсан ч кино амжилт олсонгүй. 

Дараа жил нь Вестерн жанртаа эргэн ирж John Ford-ын Two Rode Together кинонд тоглосон ба энэ кино сэдвийн хувьд John Ford-ын Searchers киноных нь цуурай байлаа. 1962 онд To Kill a mockingbird киноны гол дүрд тоглох саналаас татгалзав, татгалзах болсон шалтгаан нь киноны өгүүлэмж хэтэрхий ярвигтай байжээ. Дараа нь Henry Fonda, John Wayne нарын аваргуудын хамтаар How the West Was Won кинонд тоглов. Кино ашиг орлого сайн олж, Оскарын наадмаас 3 ч шагнал хүртжээ. Мөн тэр жилдээ Stewart Ford-той дахин хамтарч The Man Who shot Liberty Valance гэх эдүгээ классик сэтгэлзүйн Вестерн кинонд тоглов. Stewart олон кинонд тоглох гэрээг 20th Centery Fox компанитай гэрээ байгуулж; эхний ээлжинд 2 ч гэр бүлийн сэдэвт комедид тоглож шүүмжлэгчдээс сайшаал хүртэв. 1964 онд Ford-ын сүүлчийн Вестерн болох Cheyenne Autumn кинонд тоглов, харамсалтай нь кино бүтэлгүйтээд зогсохгүй тэр дороо мартагджээ. 1965 онд Stewart замналынхаа анхны хүндэтгэлийн шагнал Cecil B. Demille Award-г хүртсэн ба тэр жилдээ 3 кинонд тоглов. 

Эхнийх нь Dear Brigitte комедид тоглож бүтэлгүйтсэн бол дараа нь дайны эсрэг сэдэвт Shenandoah кинонд тоглосон нь ашиг сайн олсон байхад нисгэгчийн сэдэвт The Flight of the Phoenix кино нь харин шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авав. 1968 онд Stewart Screen actors guild life achievement award шагналыг хүртсэн бөгөөд 1960-аад оны дундуур 4 нь ч Вестерн кинонд тоглоод амжжээ. 1971 онд NBC телевизтэй хамтран The Jimmy Stewart Show гэх ситком хийж эхэлсэн ганцхан улирал яваад хаагджээ. Тэрээр тухайн ондоо Fool's Parade гэсэн ганцхан кинонд тоглосон нь шүүмжлэгчдэд таалагдсан байдаг. 1972 онд тэрээр дахин телевизийн урлагт хүч үзээд Hawkins цувралаараа алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртжээ. Stewart үе үе Johnny Carson-ын Tonight Show-д оролцож өөрийн зохиосон шүлгээ уншдаг байсан бөгөөд 1989 онд Jimmy Stewart and his Poems нэртэй шүлгийн эмхэтгэл гаргаж байв. 1976 онд John Wayne-ын сүүлчийн кино болох The Shootist бүтээлд туслах дүр бүтээв. Энэ үеэс Stewart-ын сонсгол муудах болж, үүнээсээ болж кинонд тоглох бэрх болж ирсэн ч бардам зангаасаа болж чихний аппарат хэрэглэх юмуу ядаж нөхцөл байдлаа шууд хүлээн авахгүй байсан гэдэг. 

Тухайн ондоо Network киноны харилцан яриа зохимжгүй гэж үзээд тоглохоос татгалзаад оронд нь Airport '77 кинонд туслах дүр бүтээж, мөн The Big Sleep классикийн дахин шинэчлэлтэд, гэр бүлийн сэдэвт The Magic of Lassie кинонуудад тус тус тогложээ. Зарим шүүмжлэгчид Stewart-г одоо хэтэрхий хөгширлөө, үнэхээр материал нь болохгүй байхад түүний хичээж буйг харах маш хүнд байна гэсэн юмс бичих болов. 1980 онд тэрээр Sasumu Hani-ын Green Horizon кинонд тоглож  дажгүй үнэлгээ авсан агаад Stewart уг кинонд тоглох болсон шалтгаан бол гэр бүлээрээ Kenya улсад очин зэрлэг байгаль үзэх байсан гэж хожим өөрөө хэлсэн буй. 1980 он гэхэд тэрээр кино урлагаас хагас зодог тайлчихаад байлаа. On Golden Pond кинонд тоглохоос татгалзсан нь аав охины харилцааны сэдэвт кинонд дургүй гэж шалтгаанаа хэлжээ. Ингээд 1990 он хүртэл хэд хэдэн телевизийн цувралд тоглосон бөгөөд түүний сүүлчийн кино бүтээл бол An American Tail: Fievel Goes West анимешн-д дуу оруулсан явдал юм. 

Үүнээс хойш тэрээр хүндэтгэлийн шагналд даруулсан байдаг; 1985 онд Оскарын наадам түүнд хүндэтгэлийн шагналаа гардуулсан юм. Энэхүү бичвэрээ өндөрлүүлж энэ аугаа жүжигчний хувийн амьдрал хийгээд үхлийн талаар хэдэн үг бичье. Stewart-ын амьдралд Margaret Sullavan нь найзын, зөвлөгчийн болоод анхны романтик мэдрэмжийг нь мэдрүүлсэн эмэгтэйн хувиар чухал нөлөөтэй хүн байжээ. Хүүхний хувьд Stewart-тай харилцах харилцаа нь дотно найз, хамтран ажииллагч ч л байснаас хэзээ ч романтик харилцаа үүсгэж байгаагүй бол University Players-д хамт сурч байхын л Margaret-д сээтэн хаяж, болзоонд урьж байсан Stewart-ын хувьд энэ харилцаа үргэлж нууцлаг, хариу нэхээгүй, зоримог бус хайр байжээ. Хүүхэн үргэлж түүний сэтгэлийг мэдэрдэг байсан ч залуу сэтгэлээ огт илчлээгүй юм. 

Margaret түүнд эхийн хувиар, хамгаалагчийн хувиар хайртай байсан ч романтик хайр байгаагүй гэж үзэгсэд байдаг бол найруулагч Н.С. Поттер хэлэхдээ Stewart илүү зоригтой байсан бол магадгүй тэд гэрлэх байсан хэмээжээ. Margaret Stewart-ын холливууддах зөвлөгч байсны дээр түүнийг од болгосон гэж олонх хүн үздэг ажээ. Stewart 40 гартлаа хуримлаагүй; түүнийг сэтгүүлчид Америкийн аугаа гоонь эр хэмээдэг байв. Тэрээр романтик харилцааг олонтаа үүсгэж байсан ч хэзээ ч гэрлэх талаар боддоггүй байв. Тэрээр Ginger Rogers, Marlene Dietrich зэрэг кино од - сайхан хүүхнүүдтэй явдаг байсан ч харилцаа нь гүн гүнзгий байгаагүй бөгөөд ирээдүйн эхнэр, модел Gloria Hatrick McLean-тэй 1947 оны зул сараар танилцсан ч тэдний харилцаа жилийн дараа Gary Cooper-ын урилгын оройн зоогийн үеэр илүү нягтаршжээ. Gloria 2 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан хүүхэн байсан бөгөөд Stewart түүнтэй 1949 онд хуримлаад эхнэрээ 1994 онд үхэн үхтлээ хамт байсан юм. Stewart хувийн амьдралаа хамгаалдаг байсан гэдэг; киноныхоо талаар сэтгэгдлээрээ хариу өгч бодол санаагаа өөртөө үлдээхийг илүүд үзэгч байсан юм. 

Тэрээр ганцаараа байхыг илүүд үздэг, олон хүнээс дайчигч хүн байсан. Manhattan-аас эхлээд холливуудад хамт өрөө хөлслөн амьдарч ирсэн Stewart Henry Fonda нарын нөхөрлөл 50 жилийн настай бөгөөд найзууд хамтран 4 кинонд тоглосон байдаг, Henry Fonda бол Stewart-ын хамгийн сайн найз байсан юм. Тэд ажилгүй байх үедээ хамтдаа онгоцны загвар бүтээх, будах зэргээр цаг хугацааг чимээгүйхэн өнгөрүүлдэг байсан гэж найзуудын хүүхдүүд нь тэмдэглэсэн байдаг. 1982 онд Fonda-г нас барахад Stewart олон нийтийн өмнө; би хамгийн сайн найзаа алдлаа гэж хэлж байлаа. Stewart-ын эхнэр Gloria 1994 онд нас баржээ. Эхнэрийнхээ үхлээс хойш сэтгэлийн гутралд орох болсон Stewart илүү ихээр ганцаараа байх болж, хооллохоос бусад үед өрөөнөөсөө гарахаа больсон гэдэг. 

Харин ойрын найзууд нь түүнийг сэтгэл гутралд орох юмуу аз жаргалгүй болсон юм биш зүгээр ганцаараа байж амрахыг хүссэн гэж хэлсэн байдаг. Stewart 1997 оны 7-р сарын 2нд зүрхний шигдээсээр нас барсан ба оршуулга дээр нь ерөнхийлөгч Bill Clinton Америкчууд үндэсний эрдэнэсээ, аугаа жүжигчинээ, эх оронч хүүгээ алдлаа хэмээн гашуудан хэлжээ. Намтар бичигч Scott Eymen-ын хэлснээр Stewart зөн совинтой жүжигчин байсан; хэдий хувь хүн нь ичимхий хүн ч камерийн өмнө бүхнийг амархан хийж чаддаг төрөлхийн жүжигчин хүн байжээ. Уламжлалт жүжиглэх арга хэлбэртэйгээс гадна тухайн үүссэн нөхцөлд импровиц хийх дуртай байсан тул ямар ч кино найруулагч Stewart-тай хамтран ажиллах дуртай байв. Замналынхаа сүүлээр өөрийг нь байгалиас заяасан жүжиглэх техниктэй гэдэг дургүйцэх болсон ба энэ талаараа тэрээр; үзэгдэлд тоглож байхад өөдөөс чинь гэрэл, камер асч байхад ямар ч жам ёсны зүйл байдаггүй гэж хэлж байжээ.

Comments

  1. Миний дуртай жүжигчин болох Henry Fonda-тай сайн найзууд бсан гэхээр гоё сонсогдож бн шүү ийм гоё нийтлэл бичсэнд баярлалаа Цэнгүүн

    ReplyDelete

Post a Comment