Үхлийн гэрчилгээ

 


Ordet (1955). Кино Данийн хөдөө нутагт амьдардаг Borgen гэх нэгэн айлд тохиож буй 1925 оны хаврын үйл явдлын тойрон өрнөнө. Өндөр настан Morten бол бэлэвсэрсэн, эцгийн эрхт ёсыг чанд баримтлагч, орон нутгийнхаа сүм хийдийг ивээн тэтгэгч, бурханд шүтэгч, олонд хүндлэгдсэн нэгэн. Morten 3 хүүтэй: том хүү Mikkel нь бурханд шүтдэггүй, эхнэр Inger-дээ аминаасаа илүү хайртай агаад тэд бага насны 2  охинтой. Inger энэ айлын бүхий л ажлыг хийх ба түүнгүйгээр явах ажил гэж үгүй. Inger удахгүй төрөхөөр байгаа, энэ удаа хүү төрүүлэх хадмын "тушаалтай" бөгөөд дан охин төрүүлдэг гэж зэмлүүлдэгээс биш онц бэр болой. Дунд хүү Johannes нь саяхнаас солиорсон буюу философич Soren Kierkegaard-г судалж байхдаа ухаанаа бүрэн гээж, өөрийгөө Есүс Христ гэх болсоны дээр хавь ойрын бүх хүний шүтлэггүй хэмээн буруутгана. Бага хүү Anders нь оёдолчин, Лютеранд шашны сектийн тэргүүн Peter гэгчийн охин дурлачихаад гэрлэхийг санаархаж буй ерөнхийдөө дажгүй залуу. Anders ах Mikkel бол бэр эгчдээ өөрийн хайрын түүхийг ярьж, гэрлэхэд нь тусалж аавыг ятгаад өг гэж гуйна. Эл хүнд ажлыг хадмынхаа аргыг олоод байдаг Inger хүлээж авах ба Morten эхэндээ дургүйцэж байсан ч эцэст нь бэрийнхээ заавал хүү төрүүлж өгнө гэсэн амлалтад найрагдаж хүлээн зөвшөөрнө. Энэ үед Anders гэртээ уруу царайлан ирээд Peter гуай охиноо өгөхгүй гэнэ, тэр бүү хэл намайг сая бараг гэрээсээ хөөлөө гэж гоморхоно. Бардам Morten тэр даруй хүүгээ дагуулан Peter дээр очих бөгөөд хэрэг явдлаа учирлахад таамаг ёсоор Peter хүлээж авахгүй агаад энэ яриа хэлцэл маань сүүл сүүлдээ шашин хоорондын урсгалын маргаан, зөрчил болсоор Morten уурлаж харих гэтэл Peter-ын гэрийн утас дуугарч Mikkel; эхнэрийнхэн бие муу байна, аав танайд байвал түргэн харьж ирээч гэж хэлүүлнэ. Ингээд Morten, Anders хоёрыг гэртээ тавьж хүрэхэд үнэхээр Inger үхэл, амьдралын зааг дээр байх агаад аль хэдийнээ хүүхэд нь амь үрэгдсэн байв. Morten, Anders шөнөжин бурханд залбирах бол нөгөө өрөөнд эмч Inger-ын амийг аврах гэж хичээнэ. Бэр аврагдлаа гэсээр эмч гарч ирэн бүгдийг баярлуулах бөгөөд Morten-оос; бэрийг чинь аврахад таны залбирал тус болов уу, эсхүл миний авъяас чадвар тус болов уу хэмээн ёжтой асуудаг. Энэ үед Johannes гарч ирэн Inger удахгүй үхнэ, түүнийг авахаар элч ирсэнийг би харж байна гээд та нар бурханд жинхэнээсээ итгээгүйгээс энэ бүхэн болсон гэж өнөөх л ярьдагаа ярин. Гэтэл Inger-ын охин Ann түүн дээр ирээд хэрэв ээжийг үхвэл та дахин амилуулаарай гэхэд Johannes хүлээж авдаг бөгөөд тэрээр тэр оройдоо гэрээ орхин одно. Эмч явж, Johannes алга болсноос төд удалгүй Mikkel эхнэр маань үхчихлээ гэсээр орж ирнэ, үнэхээр ч бэр үхжээ. Энэ айлын ганц гэрэл гэгээ болсон бэр нь өнгөрлөө, хүү Johannes нь ор сураггүй алга боллоо, ямаршуу уй гашуу энэ айлыг нөмөрсөн нь илэрхий бөгөөд сэтгэл зүсэм. Inger-ын оршуулга хамгийн сайнаар болж байлаа, гэтэл Peter охиноо дагуулан хүрч ирээд чамайг алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг гэгчийн үлгэр болж Peter Morten-г уучилж, шашны урсгалын зөрөөг үл харгалзаж охиноо хүүд нь өгөхөөр ирсэнээ мэдэгдсэнэр хоёр айл эвсэн найрсана. Энэ үеэр Johannes гэнэт хүрч ирэх ба Ann түүн дээр очоод; та ээжийг амилуулна гэсэн одоо хэлсэнээ биелүүл гэхэд Johannes Inger-г дуудаж сэрээх буюу хүүхэн үнэхээр амилчихна!. Энэ бүхэн Morten Borgen-ын гэр бүлийн итгэл үнэмшлийг хичнээн бат болгосон шиг аз жаргалд төдий хэмжээг автуулах агаад нэн ялангуяа Mikkel эцсийн эцэст итгэл үнэмшлээ олно. 
Данийн суут кино найруулагч Carl Theodor Dreyer-ын үхэл, амьдрал, итгэл үнэмшлийн талаарх зоригтой судалгааг TSPDT сайтаас бүр цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 32-р байрт эрэмбэлсэн байхад Ватикан шашинтай холбоотой шилдэг 45 кино жагсаалтдаа багтаасан байдаг. 16 дахь Венецийн кино наадмын дээд шагналтай уг киног Kaj Munk-ын театрын жүжгээс сэдэвлэн Dreyer өөрөө кино зохиол болгон бүтээжээ. Энэ кино бол ашгийн хувьд ч шүүмжлэгчдийн зүгээс ч амжилт олсон Dreyer-ын цор ганц кино ба олон шүүмжлэгчид уг киног шедевр гэж хүлээн зөвшөөрөхдөө Henning Bendtsen-ын зураглаачийн ажлыг биширдэг бөгөөд энэ кино оюун санааны төлвийг гүнзгий харуулсан хүйтэн, нууцлаг, аймшигтай хэрнээ үзэсгэлэнтэй бүтээл болой. Хэдэн жил санхүүгийн асуудлаас Болж кино замнал нь зогсчихоод байсан Dreyer-д 1952 онд Данийн засгийн газраас Копенгагены арт-хаус кино театрыг насан туршдаа түрээслэх эрхийг олгосоноор Dreyer-д шинэ кино хийж эхлэх боломжийг бүрдүүлжээ. Дашрамд хэлэхэд Данийн засгийн газар байнга хөгшин уран бүтээлчиддээ иймэрхүү шагнал-боломжийг олгодог ажээ. Kaj Munk-ын "Ordet" буюу "Word" жүжиг Копенгагенд 1932 онд нээлтээ хийхэд Dreyer нээлтэд оролцож, бүр тэр үеэс кино болгохоор тэмдэглэл хөтөлж байжээ.  Munk өөрөө жүжгийн зохиолоо кино зохиол болгон бичсэн байдаг ч бүтэлгүйтсэн байдаг аж. Dreyer кино зохиолдоо жүжгийн зохиолын зарим хэсэгт өөрчлөлт оруулсан байдаг, үүнд киноны эхлэл хэсгийг дурдаж болохоос гадна Johannes-ын солиорлын шалтгаануудын нэг бүтэлгүй хайртай холбоотой хэсгийг хасчээ. Ерөнхийдөө Dreyer эх зохиол дээрх харилцан ярианы гуравны хоёрыг шууд хассан байна. Тэгсэн ч гэсэн тэрээр Munk-ын зорилго болоод жүжгийн мессежид үнэнч үлдсэн нь харилцан ярианы чухал бус хэсгийг хассаны үр дүнд киног минималист хэв маягтай болгож байна. Киноны зураг авалт 4 сар үргэлжилсэн; 2 сар студид бол үлдсэн 2 сар нь Vederso-д явагджээ. Уг киног хамгийн их алдартай болгодог зүйл бол кино зураглалын ажил юм. Кино нийт 114 тусдаа зураглалаас бүрдэхийн тал хувь нь эхэн хэсэгт, бас сүүлийн хэсэгт хамаарах ба ойроос авсан зураглал ердөө 3хан байдаг ажээ. Ихэнх зураглал 7 орчим минут үргэлжлэх ба Dreyer аажмаар хөгжиж байсан кино хэлнийхээ хандлагаар уг кинонд удаан үргэлжилсэн зураглал хийгээд камерын удаан хөдөлгөөнийг амжилттай ашигласан. Тэрээр зураг авалтын үеийн минут бүрийн нарийн анхаарч, ажиглаж байсан гэдэг. Dreyer-ын зураг авах арга нь өдөрт нэг нэгээр нь авах агаад Dreyer өглөө жүжигчтэй хамт бэлтгэл хийхдээ давхар тэдний үйл хөдлөлийг хааж, кинонд зориулсан тавилтад гэрлүүдийг асааж камерын хөдөлгөөнийг бас хаадаг байжээ. Өдрийн төгсгөл гэхэд Dreyer нэг оновчтой зураглал авахын тулд 2-3 удаагийн оролдлого хийсэн байдаг байв. Dreyer аль ч зураглалаа урьдчилан бэлдэхгүй байж байгаад зураг авалтын өдөрт л шийдвэрээ гаргадаг байжээ. Зураглал бүрийн арын дэвсгэр болон гэрэлтүүлгийг яг уран зургийнх найруулга шиг сайтар бэлтгэдэг байсан гэж зураглаач Henning Bendtsen хэлсэн байдаг. Тухайн үед ихэнх кино бүтээгчид нэг сцэн дээр нэг юмуу хоёр гэрэл ашигладаг байж, харин Dreyer Bendtsen нар голдуу 20 гэрэл ашигладаг байв. Гэрэлтүүлэг бол түүний гайхамшигтай авъяас байсан бөгөөд тэр үүнийгээ гаргууд хийдэг байсан, тэр гэрлээр яг л уран барималч шиг, уран зураач шиг ажилладаг байсан хэмээн Inger-ын дүрд тоглосон Birgitte Federspiel Dreyer-ын талаар хэлжээ. 
Мөн тэрээр: жүжигчдийн тоглолт түүний таалалд нийцэж байхад үед Dreyer хэзээ ч амаараа сайн байна гэж хэлдэггүй байсан, тэр зүгээр л инээмсгэлдэг байсан гэж хэлсэн байдаг. Dreyer жүжигчин болгоныхоо хувцсыг өөрөө биечлэн сонгож өгдөг байсан агаад Pederspiel-д оймс худалдаж авахын тулд дэлгүүр хүртэл явж байсан гэдэг. Мөн тэрээр жүжигчдээ тоглож байгаа дүртэй нь ижил аялгаар яриулахын тулд хэл шинжлэлийн мэргэжилтэн хөлслөж байв. Dreyer харилцан яриагаа удаан хугацаанд санаж байж чадахгүй байсан хөгшин жүжигчин Henrik Malberg-тэй хамтран ажиллахад түвэгтэй байсан гэдэг; Munk 1925 онд Malberg-д зориулан Morten Borgen-ын дүрийг бичжээ. Киноны зураг авалтын үеэр Pederspiel тоглосон дүр шигээ жирэмсэн байсан агаад зураг авалт дуусах үеэр төрөхөөр явжээ. Dreyer түүнээс төрөх үеийнхээ өвдөлтийн бичлэгийг хийж өөрт нь өгөхийг хүсэхэд хүүхэн зөвшөөрсөн ба Dreyer хожим тэр дууны бичлэгийг кинондоо ашиглажээ. Кино шүүмжлэгч Roger Ebert: жирийн кино сонирхогчдод энэ бол хүнд кино, гэхдээ та дотор нь орох л юм бол гарах боломжгүй хэмээжээ. Time Out сэтгүүл: амьдралын нууцуудын талаар бид маш бага мэддэг болохыг сануулсан кино гэж бичжээ.

Comments