Carlito's Way (1993). Нью Иоркийн гэмт хэргийн ертөнцийн Хаан гэгдэж явсан Carlito 30 жилийн ял сонссоноос 5 жилийг нь зүй ёсоор сууж өнгөрүүлчихээд өөрийн сайн найз, өмгөөлөгч Dave-ын ач буянаар суллагдах буюу эргэн нийгэмдээ гарч чөлөөт иргэн болж буйгаар кино маань эхэлнэ. Найзууд баярт үйл явдлыг тэмдэглэн бааранд баахан ууж наргих ба Carlito энэ үеэр Dave-д; би чамд насаараа өртэй үлдлээ, хэзээд, хүссэн үед чинь тусална гэж амлана.
5
жилийн эрх чөлөөгүй байдал Carlito-д ихийг ухааруулжээ, мөн 5 жилд тэр хөгширч
гэмт хэргийн ертөнцөд тохирохгүй болсон байхад гэмт хэргийн ертөнц ч
түүнгүйгээр эрс өөрчлөгдсөн байлаа. Carlito амар тайван амьдрахыг хүснэ, үүнд
нь түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй 75 мянган доллар хэрэгтэй бөгөөд энэ
мөнгөөрөө Нью Иоркоос хол машины түрээсийн бизнес эрхлэх хүсэлтэй, мөн шоронд
орохоосоо өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан Gail-тайгаа эргэн нийлэх чин
хүсэлтэй бөлгөө. Carlito хуучин нөхдөө, холбоогоо орхихыг хүссэн ч тэд харин
түүнийг орхихыг хүссэнгүй; хуучны найз, шөнийн клубын эзэн Saso гэгч хамтран
ажиллах санал тавих бол мөн хуучны найз, бие хамгаалагч нь байсан Pachanga
дахин хамтран гэмт хэргийн ертөнцийг ахин нэг ноёлох санал тавьсан ч Carlito
татгалзана. Carlito нэгэн сайхан өдөр үеэл дүү Guajiro-тойгоо уулзана, гэтэл
үеэл дүү нь өөрийнх нь замаар орж мафийнхантай нягт холбогдсон байх ба 30
мянган долларыг нэг газар хамт хүргээд ирэх саналыг түүнд тавина. Ингээд
Carlito дургүй байсан ч зөвшөөрөн хамт нэг билъяардын газарт очно. Нөхцөл
байдал ёозгүй байгааг зөнгөөрөө мэдэрсэн Carlito тун хянуур байсны ачаар амь
өрссөн ширүүн тулаанаас амьд үлдэх ч дүүгээ болон хэд хэдэн танхайчуудын үхлийн
гэрч, заримынх нь хөнөөгч нь болно.
Тэрээр хүсээгүй байтлаа дахин гэмт хэргийн
ертөнцийн нэг хэсэг болчихно, гайтай тэнэг дүүгээсээ болж. Carlito 30 мянгаа
авчихаад Saso дээр очин клубыг нь хамтран эзэмшиж эхлэх буюу хууль ёсоор мөнгө
хуримтлуулж эхэлнэ. Домогт Carlito эргэн ирлээ гэх сургаар Нью Иоркийн хамаг л
том гэмт хэрэгтнүүд сайхь клубт цуглаж эхлэх бөгөөд шинэ тодхон гарч ирж яваа
хар тамхины наймаачин Benny Carlito дээр ирэн элдэв санал тавьж, ер нь өөрийгөө
хотын шинэ "дарга" гэдгээ мэдэгдэхийг хүснэ, мэдээж Carlito түүнийг
үл тоох ба эндээс тэдний зөрчил бүрэлдэн үүснэ. Carlito нэгэн бороотой шөнө
Gail дээр очих агаад хүүхэн балетын бүжигчин, шаргал үстэй, хөөрхөн хүүхэн
байна. Хүүхэн түүнийг хараад баярлах, гайхах зэрэгцэх бөгөөд Carlito шинээр
амьдарч байгаагаа, ирээдүйн төлөвлөгөөгөө түүнд ярина, тэгээд битүүгээр дахин
нийлэх талаар ам цухуйхад хүүхэн түлхэсэнгүй бас өөр лүүгээ татсангүй тэгсгээд
орхино. Carlito өөрийн гар хөлөөрөө дамжуулан Gail-г өдрийн цагаар балетчин,
шөнийн цагаар тайчигч болохыг нь олж мэднэ. Тийнхүү нэг шөнө өөрийн нүдээр
харах гэж очоод үнэн болохыг мэдэх ба Gail өөрийгөө бүхий л талаар өмөөрч,
Carlito ч түүнийг үл буруутгаж, улмаар тэд эцсийн эцэст эргэн нийлэн нэг
орондоо орно. Энэ үеэр Dave бүр балраад байв.
Тэрээр шоронд байгаа мафийн босс
Anthony-г өмгөөлж шоронгоос гаргана гэж хэлээд сая доллар аваад хулхидчихсан
агаад одоо Anthony өөрийг нь шоронгоос оргүйлахгүй бол шуудхан алж орхино гэж
сүрдүүлнэ. Dave сүүлийн үед маш их ууж бас маш их хар тамхи татах болсны дээр
шударга ёсны өмгөөлөгч биш харин гэмт хэрэгтнүүдтэй нягт холбогдсон
өмгөөлөгч-гэмт хэрэгтэн болсон ба түүнд энэ хэрэгт тусалж чадах ганц хүн бол
мэдээж Carlito юм. Carlito-ын мөнгө хуримтлагдсаар овоо болж, Gail-тай
харилцаан ч гэрэлтэй байх үед Benny түүний клубын байнгын үйлчлүүлэгч болсон
буюу үйлчлэгч хүүхэнтэй нь явалддаг болоод байхад Dave бас тэр хүүхэнтэй учир
ургуулсан нь нэгэн том зөрчлийн үндэс болох бөгөөд Carlito мэдээж найзыгаа
өмөөрч Benny-г үхтэл зодно, ингэхдээ алаагүйдээ хожим харамссан болов уу гэж
хэн ч бодно. Уг явдлаас зориг орсон Dave Carlito -д туслаач гэж өнөөх явдлаа
ярихад Carlito-д яагаад ч юм энэ хэрэг нэг л онцгүй санагдаж, яг сайхан амьдрах
үеийг нь тасалдуулах юм шиг совин татах ч амласанаа бодоод зөвшөөрдөг.
Нэрт найруулагч Brian De Palma,
домогт Al Pacino нар култ классик "Scarface" киноноосоо хойш 10
жилийн дараа дахин нэг гэмт хэргийн жанрын киногоороо эргэн нэгдсэн нь хоёр
уран бүтээлчийн аль алиных нь хувьд замналынх нь шилдэг бүтээлд нэрлэгддэгийн
сацуу гэмт хэрэгт жанрын шилдэгт зүй ёсоор багтдаг кино болой.
Киног Brian De
Palma найруулж, Martin Bregman, Michael Bregman нар продюсерлэж, Нью Иоркийн
дээд шүүгч байсан Edwin Torres-ын "Carlito's Way" болон "After Hours" гэсэн
2 роман дээрээс сэдэвлэн David Koepp кино зохиол болгожээ. Харин зураглаачаар
Stephen H. Burum ажилласан бол хөгжмийг Patrick Doyle ажиллсан. Киноны гол
дүрүүдэд: Al Pacino, Sean Penn, Penelope Ann Miller болон Viggo Mortensen нар
тоглосон. Al Pacino анх Carlito-ын дүрийн талаар 1973 онд "Serpico"
кинон дээрээ ажиллаж байхдаа сонссон гэдэг бөгөөд Edwin Torres-ын романуудыг
уншаад гол дүр, үйл явдал гээд бүхэлдээ маш их таалагдсан буюу Torres-ын романы
үндсэн дэвсгэр болох Нью Иоркийн ядуурал, гэмт хэргийн бүлэглэлүүд, хар тамхины
талаарх сэдэв нь өөрийнх нь төрж өссөн газрын нөхцөл байдалтай адилхан байсанд
сэтгэл нь татагдан кино болгохоор хатуу шийдсэн байжээ. 1989 онд Al Pacino
Marlon Brando-той хамтран уг романуудыг кино болгох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн
байдаг. Ингээд хожим Pacino кино хийх саналаа продюсер Martin Bregman-д
танилцуулсанаар кино төсөл жинхнээсээ эхлэсэн ба хамгийн эхний анхаарах зүйл
бол кино зохиолд Carlito-г дүрслэн гаргахдаа Pacino-ын авъяас чадварыг
тодотгосон үзүүлэх ёстой байв.
David Koepp нь Bregman-ын удахгүй нээлтээ хийх
кинон дээр ажиллаад байсан учир Bregman түүнийг уг төсөлд ажиллахыг санал
болгосон байна. Кино зохиол ерөнхийдөө "After Hours" роман дээрээс үндэслэхээр
болсон ба Carlito-ын дүр нь энэ үед Pacino-ын настай илүү ойрхон болохоор
байжээ. Кино ерөнхийдөө "After Hours" романаас үүссэн ч киноны нэр нь
"Carlito's Way" романы нэрийг авсан буюу тухайн үед Martin
Scorsese-ын "After Hours" кинотой хольж хутгах бий гэсэн болгоомжоос
үүдэлтэй ажээ. Эмнэлэгт дэр сцэнийг 25-30 удаа авсан байдаг, учир нь Pacino гол
дүрийг эмнэлэг явах ёсгүй гэж үзсэнээс болж жүжигчдэд энэ үзэгдлийг авахад маш
хүнд байсан гэдэг. Гэхдээ Koepp энэ хэсгийг дахин бичсэнээр асуудлыг шийдэж чадсан
ба романд Dave үхдэггүй, гэхдээ Brian De Palma шударга ёс болон өшөө авалтыг
бодож өөрийнхөөрөө дуусгасан байна. Тухайн үед John Mackenzie болон Abel
Ferrara нар киног найруулна гэж яригдаж байсан ч Bregman Brian De Palma-г
сонгосон; Bregman энэ талаараа; хуучин багаараа ажилласнаас илүү боломжтой
шилдэг авъяастнуудтай ажилласан дээр гэж хэлж байжээ.
Brian De Palma кино
зохиолыг уншаад бас л нэг Испани хэлтэй гэмт хэргийн кино хийж
"Scarface" бүтээлээ дахин давтах нь гээд анхандаа дургүй байсан ч
зохиолыг бүрэн уншиж дуусаад санаа бодол нь өөрчлөгдсөн буюу нуар жанрын кино
хийнэ гэсэн төсөөлөлтэй болжээ. Кино нээлтээ хийгээд ашиг орлогын хувьд ч,
шүүмжлэгчдийн зүгээс ч алтан дундаж үнэлгээтэй байсан ба зарим судлаачид Brian
De Palma өөрийн хуучин "Scarface", "The Untouchable"
кинонуудаа ерөнхийд нь дахин давтсан гэж шүүмжилсэн бол Robert Ebert харин энэ
кино бол Brian De Palma-н хамгийн сайн киноны нэгээс гээд мөн киноны тавилтыг
өндрөөр үнэлнэ. Киноны нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн буюу Pacino De
Palma хоёрын эргэн нэгдэл өмнөхөөсөө илүү бодлогширонгуй болсон гэж үзэх болсон
ба уг бүтээл 1990-д оны шилдэг киноны тоонд багтах болжээ. Зураг авалтын үеэр
Pacino Penelope Ann Miller нар романтик харилцаатай байсан талаар Penelope Ann
Miller олон нийтэд зарлаж шуугиан тарьсан байдаг, Pacino тухайн үед жүжигчин
Lyndall Hobbs-той үерхдэг байсан агаад киноны нээлтэн дээр тэрээр Lyndall
Hobbs-г дагуулж ирсэнээр энэ асуудалд цэг тавьжээ. Кинон дээр "fuck"
гэдэг үг нийтдээ 139 удаа хэллэгддэг ажээ.
Comments
Post a Comment