Branded to Kill (1967). Токиогийн нисэх буудал дээр Японы гэмт хэргийн ертөнцийн 3-р зэргийн хөлсний алуурчин Hanada (Joe Shishido), өөрийн эхнэр Mami (Mariko Ogawa) хамтаар бууж, хуучин хөлсний алуурчин байсан, одоо таксины жолооч Kasuga-тай уулзана. Kasuga буцаад хуучин ажилдаа орох хүсэлтэй байгаа, тэгэхийн тулд нэг том ажил гүйцэтгэх учиртай агаад үүнд нь Hanada-ын туслалцаа хэрэгтэй байгааг учирлан хэлнэ. Hanada мэргэжил нэгтнийхээ саналыг зөвшөөрөөд yakuza босс Yabuhara-ын шөнийн клубт очно.
Yabuhara тэнд даалгавар өгөх ба
ингээд зогсохгүй Mami-г илт эргүүлэх бол хүүхэн ч дургүйцсэн юмгүй нялуурна.
Mami бол сексээс өөр юм боддоггүй, мөнгийг бол үрж чаддаг хүүхэн юм, харин
Hanada хүн алахаас өөр хүсэлгүй, агшаасан будаа үнэрлэх фетиш-тэй гаж алуурчин
бөгөөд эхнэрээ өөр эрийн өвөрт байгааг ч үл тоомсорлон Kasuga-ын хамт ажилдаа
гарна. Тэднийг замд нь отож байв; золтой л амь үрэгдсэнгүй бол уг явдал
Kasuga-г ямаршуу хулчгар эр болохыг нотлон харуулна. Тийнхүү Hanada, Kasuga нар
очих ёстой газраа очин устгах ёстой хүмүүсээ устгах боловч энэ тулаанд Kasuga
амь үрэгдэх ба нэлээд удаан үргэлжлэх тулааны хэсгийг бичихээс зайлсхийх нь
ухаалаг шийдвэр гэж бодлоо. Ядарч, тамирдан мөн машингүй болсон Hanada-г нэгэн
нууцлаг хүүхэн гэрт нь хүргэж өгөх бөгөөд машиндаа үхсэн шувуу өлгөн явах нь
үхлээс өөр зүйл хүсдэггүйг нь илтгэнэ. Hanada гэртээ ирээд эхнэртэйгээ харгис
байдлаар секс хийх буюу ер нь тэр ажилгүй байх үедээ секс хийж, будаа үнэрлэх
юмуу идэхээс өөрийг үл хийнэ. Удсангүй Yabuhara түүнд 4 хүн алах захиалга өгнө,
тэдгээр нь нүдний эмч, гаалийн ажилтан, үнэт эдлэл худалдагч зэрэг хүмүүс байх
ба Hanada ажлаа гайхамшигтай төгс гүйцэтгэнэ; энд бас л аллагын үйл явцыг
бичихээс түдгэлзэлээ. Нэгэн бороотой шөнө өнөөх нууцлаг хүүхэн Hanada-ын гэрт
ирээд түүнд ажлын санал тавина, Hanada яаж ч эсэргүүцээд энэ ажил
төлөвлөгдчихсөн, гарах аргагүйг ойлгох агаад энэ хүүхэн буюу Misako нь (Annu
Mari) маш дээрээс явуулсан тушаал-хүн болохыг ухаарна. Гэвч ажил маш хэцүү,
бараг боломжгүй байв, мөн дээр нь Hanada хүүхэнд дурлачихна, үүнийг гадарласан
Mami үхтлээ уурлана.
Ингээд ажиллагаа эхэлнэ, энд гадны иргэнийг алах ёстой
байв, тэгсэн Hanada-г яг буудах үед бууных нь хошуун дээр эрвээхэй сууж
таарсанаар тэрээр алдаж буудна, энэ бол сүйрэл юм. Misako түүнд одоо 2лаа үхнэ
гэж хэлдэг ба гадаад руу зугтаая гэж төлөвлөн гэртээ ирэхэд эхнэр нь түүнийг
буудчихаад гэр орноо шатаачихаад арилчихна. Hanada-г тэлээ нь аварчээ, шатаж
буй гэрээсээ золоор амь гарсан тэрээр Misako дээр очно. Хүүхний гэр үхээд
хатаасан эрвээхэйгээр дүүрэн байх агаад яг л эрвээхэйн оршуулгын газар шиг
байлаа. Misako үхлийг л хүснэ, өөрийг нь алахыг Hanada-аас хүсэх бол Hanada
түүнээс агшаасан будаа гуйна. Тэд секс хийх гэж оролдоно, бас тэд бие биенээ
алах гэж оролдоно. Эцэст нь, Hanada хүүхэнтэй хайр сэтгэлээр холбогдож
чадахгүйгээ ойлгож, гудмаар бодлогшрон алхана. Дараагийн өдөр бол өшөө авалтын
өдөр байв. Hanada эхнэрээ Yabuhara-ын гэрээс олж, хайр найргүй алах ба Mami
үхэхээсээ өмнө түүнд: нөхрөө ал гэж өөрт нь Yabuhara мөнгө төлсөн, мөн өмнө нь
алсан тэр 3 хүн бол Yabuhara-ын үнэт эдлэлийг хулгайлсан хүмүүс байсан, харин
тэр гадаадын иргэн бол бараа нийлүүлэгчдээс илгээсэн шалгагч байсан гэж хэлнэ.
Бүх юмны цаана Yabuhara байгааг ойлгосон Hanada түүнийг алахыг хүснэ, гэвч тэгж
гараа цусдах шаардлага байсангүй Yabuhara-ын амьгүй цогцсыг хэн нэгэн гэрт
шидээд оруулчихна. Hanada буцаад Misako-ынх руу очиход хүүхний гэрт кино
проектор ажиллаж байна, түүн дээр Misako-г тамлан эрүүдэж байх ба хүүхэн бараг
үхэж байгаа харагдана. Hanada өшөө авахыг туйлгүй хүссэнээр алуурчдын зааж
өгсөн замаар давхин товлосон газарт очно. Тэнд тоймгүй буудалцаан, бас цус
урсах ч Hanada амьд үлдэнэ, амьд үлдсэндээ өөрөө ч гайхан хөөрнө. Энэ үед түүн
дээр домогт 1-р эрэмбийн алуурчин хүрч ирээд өөрийг нь ална гэж сүрдүүлээд
өнгөрнө. Hanada Misako-ын гэрт бүгэж нуугдах бөгөөд 1-р эрэмбийн алуурчин
байнга түүн рүү утасдаж тэндээс ч харж байна, эндээс ч ажиглаж байна хэмээн
заналхийлнэ. Hanada нойр хоолгүй зовж, бүр нүднээс гарах ч ингээд үхэхийг
хүссэнгүй, бас 1-р эрэмбийн алуурчны алаад өөрөө 1-р эрэмбийн Алуурчин болохыг
хүснэ. Hanada-г овоо эр болохыг харж үнэлсэн 1-р эрэмбийн алуурчин түүн дээр
ирээд хамт идэж, хамт унтаж, хаа ч явсан хамт явахыг тулгана.
Seijun Suzuku уг
киноноосоо, тууштай уран бүтээлч чанараасаа болоод ажлаа халагдан, дараагийн 10
жилд кино бүтээх эрхээ хасуулсан байдаг.
Уг бүтээл нь түүний оргил туурвилаас
гадна жанраасаа давсан шедевр бүтээл бөгөөд jean-Luc Godard-ын Alphaville
бүтээлийг yakuza жанртай ойртуулсан гэж үздэг ба TSPDT сайт уг киног бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 861-р байрт жагсааж байна. Японы Nikkatsu
кино компани уг киног бага төсөвтэй хөлсний алуурчинтай кино болно гэж төлөвлөж
байсан агаад энэ нь сайхь студийн yakuza сэдэвтэй дэд жанрын бүтээл болох байв.
Кино нээлтээ хийх хугацаа хэдийнээ товлогдсон, хийх хугацаа богино болсон үед
студийн ерөнхий ахлах кино зохиолыг зохимжгүй байна гэж үзсэнээр кино
найруулагчийн албыг Seijun Suzuki-д өгчээ. Suzuki кино зохиолыг ашиглахыг
хүссэн ч студийн ахлах Hori зөвшөөрсөнгүй. Ингээд кино зохиолыг дахин бичихэд 6
хүн туслах кино найруулагч оролцжээ. Nikkatsu студи өөрсдийн бий болгосон гол
дүрийн жүжигчин болох Joe Shishido-г энэ кинонд тоглуулахаар болсон Shishido-ын
хувьд энэ кино нь түүний анхны нүцгэн гарсан бүтээл болжээ.
Suzuki эмэгтэй гол
дүрдээ тухайн үедээ театраас од болж гарч ирж байсан нэгэн хүүхнийг тоглуулахыг
хүссэн ч тэр нь өөр кинонд тоглох болсоноор оронд нь Annu Mari-г сонгосон ба
Annu Mari Nikkatsu студиас гарч ирж байсан шинэхэн жүжигчин байлаа. Харин
Hanada-ын эхнэрийн дүрд нүцгэн тоглох жүжигчин байхгүй байсан тул студийн
гаднаас Mariko Ogawa-г олжээ. Suzuki өрнөх хөтөлбөр ашигладаггүй, урьдчилан
төлөвлөх дургүй найруулагч байв. Тэрээр найруулагч хүн л юу болохыг мэдэх ёстой
гэж боддог байсан бөгөөд зураг авалтын үед юмуу өмнөх шөнө нь төрсөн санаагаа
хэрэгжүүлэхийг илүүд үзэгч байв. Яг ийм гэнэтийн нөхцөлд кино хийх санаа төрдөг
гэж боддог нэгэн байжээ. Жишээлбэл, Hanada-ын агшаасан будаа үнэрлэдэг фетишийг
ингэж л олсон ба үүнийгээ тэрээр Япон алуурчныг ингэж л гаргана, хэрвээ Итали
байсан бол гоймон байх байсан шүүдээ гэсэн буй.
Мөн тэрээр Shishido-ын талаар;
бие махбодийн акшинтай сцэнүүдэд бидний сонирхол адил байсан гэсэн бол бусад
жүжигчидээ боломжит хэмжээндээ тогло гээд зөвхөн тэднийг "замаасаа"
гарсан тохиолдолд л хажуунаас нь оролцож байжээ. Киноны нүцгэн хэсгүүд дээр
жүжигчид эмзэг эрхтэнээ наалдамхай тууз өмсөж хааж байж. Тухайн үеийн ихэнх
yakuza кино шиг эл бүтээл нь нуар жанр болон James Bond-ын киноноос маш их
нөлөө авсан ба мөн егөөдөлт, kabuki хэв маяг, поп арт эстетикийг уламжлалт кино
жанруудтай хольсон гэж үздэг. Suzuki готик мэдрэмжийг бий болгож, ер бусын
хөгжмийн өнгө аясаараа бусдаас ялгарах байдлаа нэмэгдүүлсэн гэж судлаачид
үздэг. Энэхүү киног сюрреализм, абсурдизм, авангард кино гэж үздэгээс гадна
Японы шинэ давалгаанд хамаатуулдаг ажээ. Suzuki олон арга техник ашиглаж байсан
шалтгаан бол киногоо аль болох зугаатай болгохыг зорьж байсантай холбоотой
гэдэг. Уламжлалт бүх жанрыг энэхүү кино нь элэглэн тохуурхадаг. Америкийн нуар,
баатрууд, анти-баатрууд гээд шилдэг байхыг хүсэгчдийг шоглодог.
Мөн тоглогчдын
эрэмбэлэх системд донтсон байдлыг шоглон харуулдаг. Misako хэдий Femme fatale
дүр боловч Hanada-д татагдаггүй, бас түүнд үхлийн аюулыг авчирдаггүй ч түүнд
зүгээр л автаж, өөрийгөө алахыг хүсэхийн дээр өөрийгөө үхэгсдээр хүрээлүүлнэ.
Hanada-ын бэлгийн дур хүсэл нь хэтрүүлэгтэй James Bond буюу Hanada-ын будаа
үнэрлэх фетиш нь James Bond-ын хутгасан биш сэгсэрсэн мартины захиалдагтай ижил
ажээ. Японы цензур нь киноны хориотой ихэнх хэсгийг халхлан үзүүлсэн байдаг
бөгөөд Suzuku киноныхоо зарим хэсэгт анимейшн оруулж санаагаа далдалсан байдаг;
тухайлбал Hanada Misako-г алж чадахгүй бас хайрлаж чадахгүйгээ ойлгоод гудмаар
алхаж байхад дэлгэц хүүхэнтэй холбоотой дуу, дүрсээр халхлагддаг билээ.
Hanada-ын 1-р эрэмбийн хоорондох зөрчлийг Suzuki-ын студийн ахлах Hori-той
холбоотой байсан харилцааг илэрхийлсэн гэж үздэг бол 1-р эрэмбийн алуурчны
нүдээ нээлттэй унтаж, өмдөндөа шээтлээ суудгийг киноны гол дүрийн "шилдэг
мэргэжилтэн" болох гэсэн санааг буюу энэ санааны егөөдлийг агуулжээ. Киног
хар-цагаанаар хийсэн. Өргөн хүрээтэй хийгдсэн тул жүжигчнийг урд байршуулсанаар
найруулагчийн хүссэн динамик нөлөөг бий болгоогүй агаад оронд нь сэтгэл хөдлөл
хийгээд түгшүүрийг бий болгохын тулд тусгагч гэрэл, chiaroscuro зураглал дээр
тулгуурлажээ. Уламжлалт хүрээ болон кино хэлнээс татгалзаж аяндаа бий болж
байсан санаа нь дээрээ тулгуурласан аж найруулагч маань.
Мөн Suzuki үргэлжилсэн
эвлүүлгээс татгалзаж цаг хугацаа, орон зайд хийсвэр үсрэлт хийсэн эвлүүлгийг
ашигласан нь киног улам сонирхолтой болгожээ. Кино 1967 оны зун нээлтээ хийсэн
бөгөөд санхүүгийн хувьд дампуурсан гэдэг, зарим театрын үзвэрийн үеэр танхим
хоосон байсан гэж яригддаг. Кино шүүмжлэгчид ч шал утгагүй, хоосон кино хэмээн шүүмжилж үзэгчдийг бараг л битгий
мөнгөө дэмий үрээрэй гэж байв. Ингээд Suzuki-д цалингийн өгөхөөс татгалзсан ба
студийн ахлах Hori: Suzuki-ын кино ойлгомжгүй байсан, ямар ч мөнгө олоогүй, түүнийг найруулагчийн замналаа болих
хэрэгтэй, одоо түүнтэй ямар ч компани хамтран ажиллахгүй болов уу гэж байна
хэмээн Suzuki-ын найзтай нь уулзахдаа хэлж байж. Suzuki-ын бүх киног татан
буулгаж, томоохон студиуд түүнийг хар жагсаалтдаа оруулсан ба Suzuki хууль
шүүхээр явахад түүнийг бусад кино найруулагчид, кино клубууд болон оюутнууд
дэмжиж холбоо хүртэл байгуулсан байна.
Ингээд Suzuki тодорхой хэмжээний мөнгө
авсны дээр олон нийтийн өмнө Hori уучлалт гуйв. Гэхдээ хамгийн гол нь Branded
to kill бүтээл нь кино ертөнцийг доргиож, Suzuki-г домог болгов. Гэвч дараагийн
10 жилд Suzuki кино хийх боломжгүй болсон тул зөвхөн эссэ бичих, реклам хийх
зэргээр л ажиллаж амьдарч байжээ. Уг кино 1980-аад онд олон улсын үзэгчдийн
хүртээл болж, мөн хэд хэдэн кино наадамд оролцжээ. Уг бүтээл нь Nikkatsu
студийн хамгийн уламжлалт бус, нэр хүндтэй бөгөөд олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн култ классик кино гэгдэх болжээ. Хөгжмийн зохиолч John Zorn, кино
найруулагч Quentin Tarantino зэрэг уран бүтээлчид уг киног шедевр хэмээсэн
байхад шүүмжлэгч Tony Rayns: Suzuki ер бусын триллерээрээ улиг болсон yakuza-ын
уран зохиомжоос Японы уламжлалт цензур хүртэл бүгдийг нь тохуурхадаг гэжээ. Мөн
найруулагч Jim Jarmusch эл бүтээлийг
кино урлагийн түүхэнд гарсан хамгийн этгээд, хамгийн гаж хөлсний алуурчинтай
кино гэсэн буй. Suzuki-ын энэхүү ер
бусын классик триллер дэлхийн кино урлагт үлэмж нөлөө үзүүлсэн буюу John Woo,
Chan-wook Park, Wong Kar-wai, мөн түрүүн дурдсан Quentin Tarantino болон Jim
and нарт нөлөөлсөн байдаг ажээ.
Comments
Post a Comment