"Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал". Энэхүү роман нь Чехийн нэрт зохиолч, хошин шогийн зохиолч, сэтгүүлч, анархист Ярослав Хашекийн хамгийн шилдэг туурвил бөгөөд уран зохиолын ертөнцөд егөөдөлт, ёжлолт байдлаараа Хашекийг Рабле, Сервантес, Диккенс болон Твен нартай харьцуулж бас нэг түвшинд авч үздэг билээ. Энэхүү роман 1921-1923 оны хооронд бичигдсэн агаад харамсалтай нь бүрэн гүйцэт дуусаагүй бүтээл юм. Романд хошин шогийн мэдрэмжтэй, дундаж насны цагаахан сэтгэлтэй Швейк гэх эрийн дэлхийн 1-р дайнд Австри-Унгарын өмнөөс цэргийн алба хааж байгаа хөгтэй түүхийг өгүүлнэ. "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал" нь Чехийн уран зохиолд хамгийн их орчуулагдсан ном буюу 50 гаруй хэлнээ орчуулагдсан байдаг ба "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал" нэр бол товчилсон нэр аж; Чех хэл дээрх жинхэнэ нэр нь "Дэлхийн дайны үеийн цэрэг Швейкийн хөгтэй адал явдлууд" гэдэг нэртэй байжээ. Хашек "Швейк"-ээ нийтдээ 6 ботиос бүрдэхээр хүсэж байсан ч 1923 оны 1-р сарын 3нд зүрхний шигдээсээр нас барахаасаа өмнө 3 ботийг нь биччихсэн байсан, 4 дэх боть дээрээ ажиллаж байжээ. Түүнийг нас барсны дараа сэтгүүлч Карел Ванек романыг нь гүйцээн дуусгах хүсэлтээ хэвлэн нийтлэгч Адольф Сынекээс хүсчээ. Ванек 4 дэх ботийг 1923 онд дуусгасан агаад мөн ондоо 5 болон 6-р ботиуд хэвлэгдэн гарав. Роман 1949 он хүртэл хэвлэгджээ. Харин 1991 онд 5 болон 6-р ботийг нийлүүлэн нэг боть болгон гаргаж байжээ. Энэхүү романы анхны бүх зургийг (Хашекийг нас барсны дараа) Иозеф Лада зурсан бөгөөд арай хожуу үеийн зургийг нь Чехийн зураач Петр Урбан туурвижээ.
ҮНДСЭН СЭДЭВ. Романы үйл явдал дэлхийн 1-р дайны үед олон үндэстнээс
бүрдэж байсан Австри-Унгарын эзэнт гүрэнд харъялагдаж байсан тэдгээр
үндэстнүүдийн эртнээс зөрчилдөж ирсэн үед өрнөнө. Энэ дайнд 15 сая хүн үхсэнээс
нэг сая орчим нь Австри-Унгарын цэргүүд байсан бол 140 мянга орчим нь Чехүүд
байсан хэмээдэг. Зохиолч өөрөө энэхүү мөргөлдөөнд оролцож явсан бөгөөд дээрх
судалгаа, туршлагаасаа "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй адал" романаа
бичжээ. Романд гарах ихэнх нөхцөл байдал, дүрүүдийг бодит амьдралаас санаа
авсан агаад Хашек Австри-Унгарын армийн 91-р явган цэргийн ангид алба хааж
байв. Мөн роман нь дайныг эсрэг сэдвийг өргөнөөр авч үздэг; тухайлбал, гол
төлөв утгагүй хошин үзэгдлүүдийн цуврал гарах ба энэ нь мөргөлдөөний ерөнхийдөн
болоод цэргийн сахилга бат, нэн ялангуяа Австри цэргийнхний сахилга батын утга
учиргүй, хий хоосныг авч үзнэ. Олон дүрүүд, тэр дундаа Чехүүд нь үнэнч бус
байдаг эзэнт гүрнийхээ өмнөөс ойлгохгүй байгаа мөргөлдөөнд оролцдог. Швейкийн
дүр бол энэхүү үндсэн санааны өсөлт юм. Тэрээр тэнэглэл (зориуд тэгдэг байх
боломжтой) болон чадваргүй байдлаараа цэргийн эрх мэдэлтнүүдээс ирэх байнгын
хавчилгыг аргалж, идэвхгүй тэнэг төрхөөрөө эсэргүүцлээ илэрхийлдэг. Швейк
үнэхээр чадамжгүй балай юмуу санаатайгаар дүлий дүмб царайлаад байгаа нь
уншигчдад тодорхой бус үлддэг билээ.
Энэхүү утгагүй үйл явдлууд нь Швейкийг
Орос цэргийн дүрэмт хувцас андуурч өмсөн өөрийнхөө талд баригдаад шоронд орж
байгаагаар оргил хэсэгтээ хүрнэ. Хабсбургийн эрх баригчдыг шоглохоос гадна
Хашек Католик сүмийн санваартнуудтай холбоотой авилгал, хоёр нүүрт байдлыг
илчлэн дүрсэлжээ. Уран зохиолын шүүмжлэгчид "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй
явдал" бүтээлийн дайны эсрэг анхны романы нэг гэж үздэг бөгөөд Эрих Мария
Ремаркийн "Өрнөд фронтоор онцын гойд юмгүй" бүтээлээс өмнө бичигдсэн
дайны эсрэг бүтээл гэж үздэг ажээ. Америкийн зохиолч Жосеф Хеллер хэрэв би
"Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал"-г уншаагүй байсан бол
"Баривчилгаа-22" номоо бичихгүй хэзээ ч бичихгүй байсан гэж хэлсэн
байдаг. The Guardian сэтгүүл: бүх дарамтлагдсан хэлэлцээр хийгчид, хүнд нөхцөлд
байгаа бүх улс төрчдийн эхнэр, меланхилок төлөв нь улам бүр нэмэгдэж байгаа хэн
ч гэсэн Хашекийг энэхүү классик бүтээлийг өөртөө байлгах ёстой гээд энэ бол
дайны эсрэг, шашны эсрэг, системийн эсрэг гайхалтай бичигдсэн,
"Баривчилгаа-22"-оос ч илүү инээдтэй роман гэжээ.
АМЬДРАЛААС САНАА
АВСАН НЬ. Рабле болон Сервантесаас илүү Хашек өөрийн амьдрал, янз бүрийн олж
авсан туршлагаасаа санаа авч энэхүү романаа бичсэн юм. Германы зохиолч Курт
Тучолский уран зохиолын бүхий л Ертөнцөд "Эрэлхэг цэрэг Швейкийн
хөгтэй явдал" романтай харьцуулах роман мэдэхгүй гэсэн буй.
Швейкийн фронт руу явах замыг маш нарийн дүрсэлсэн байдаг нь зохиогчийн 1915
оны 7-р сард Галициагийн фронт руу аялсан аялалтай ихээхэн тохирдог ажээ.
Романы дүрүүд нь голдуу хошин маягаар дүрслэгдсэн тул бодит амьдрал дээрх
хүмүүстэйгээ бүрэн таарч тохирдоггүй хэдий ч тэдгээр хүмүүс нь танигдахуйц
хэвээрээ, бүр намтарыг нь нарийн гаргаж болохуйц байна. Зохиогчийн өргөн бөгөөд
төрөл бүрийн ерөнхий мэдлэгтэй нь романы турш харагдах ба тухайлбал; архидах,
Катехизмын талаар, шашны зан үйл, нохой эрлийзжүүлэх тухай нарийн дүрсэлсэн
байдаг, энэ бүхэн зохиолчийн өөрийн туршлага, мэдлэг бөлгөө.
УРАН ЭЛЭГЛЭЛ.
Хашекийн ёжлол маш хорон байж байгаа нарийн
онодог ч хэзээ ч бүдүүлэг байдаггүй. Уншигчдыг хамгийн их цочирдуулдаг
зүйл бол эрх баригчид хийгээд системийг үл хүндэтгэх явдал юм. Үүнээс болж
романыг хэд хэдэн удаа хориглож, цензурдаж байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Романы энэхүү үлгэрлэл нь яг л өвчтэй хуруу нь дээр чинь дэлбэлсэн мэт мэдрэмж
төрүүлэх нөлөөтэй ба хорлон сүйтгэх, авторитар дэглэмийг эсрэг уран зохиолын
энэ жанр нь иймэрхүү хариу үйлдлийг байнга өдөөж байдаг бөгөөд "Эрэлхэг
цэрэг Швейкийн хөгтэй явдал" роман нь үүнийг маш сайн дүрсэлжээ. Юуны
түрүүнд эл романыг хошигнол, егөөдөлтэй ихэнхдээ холбодог боловч хүмүүст хүргэх
гэсэн мессеж нь ноцтойгоос гадна цаглашгүй бөлгөө. Хорон элэглэл нь хүн
төрөлхтөний бүтээсэн системийн эсрэг, эрх мэдлийн бүтэц дэх албан тушаалаа
хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж бусдыг хүчирхийлэхийн эсрэг юмуу эсхүл
зүгээр л өөрсдийн ухвар мөчид байдлаасаа юмуу эсхүл хамгийн амиа бодсон, тэнэг
бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь болох сонголт үгүй нь үүднээс бий болсон
дарангуйлалын эсрэг чиглэжээ. Хашекийн дүрсэлсэнээр ёс суртахууны доройтол, эрх
мэдлээ урвуулан ашиглах нь эрин үеэр болон газарзүйн бүс нутгаар
хязгаарлагдахгүй; энэ нь хүний мөн чанартай гүнзгий холбогдсон үзэгдэл ажээ. Уг
роман дээрхээр бол дэлхий дээр хүн төрөлхтөн оршин байх л юм бол үүнтэй
хамаатай байх ажээ. Мөн роман нь төв Европын газарзүй, соёл, түүхтэй хүчтэй
холбогддог ч энэ нь ерөнхийдөө түгээмэл сэдэв юм.
Comments
Post a Comment