Эрдэнэсийн арлын эзэн: Р. Л. Стивенсон

 

 


Шотландын зохиолч, яруу найрагч, аялалын зохиолч Роберт Луис Стивенсон 1850 оны 11-р сарын 13нд Эдинбургт төрж, 1894 оны 12-р сарын 3нд Самоагийн арлуудын Vailima гэх тосгонд 44 настайдаа нас нөгчжээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүд бол "Эрдэнэсийн арал", "Хулгайлагдсан нь", Доктор Жекил, ноён Хайд хоёрын жигтэй явдал" зэрэг роман туужууд бөгөөд амьд ахуйдаа алдартай байсан Стивенсоны нэр хүнд үхсэнийх нь дараа хэлбэлзэж байсан удаа бий ч өнөөдөр түүний бүтээлийг өндрөөр үнэлдэг агаад 2018 онд түүнийг Ч. Диккенсийн ард буюу дэлхий дээр ном нь хамгийн их орчуулагдсан зохиолчдын жагсаалтад 26-р байрт эрэмбэлж байна. Эдинбургт төрж, мөн тэндээ боловсрол эзэмшсэн Стивенсон насан туршдаа мөгөөрсөн хоолойн хүнд өвчинөөр шаналж байсан ч сул дорой эрүүл мэндийн байдлаасаа үл хамааран асар их оюуны бүтээл туурвиснаас гадна олон газраар аялсан аялагч байв. Залуу байхдаа Лондогийн уран зохиолын хүрээлэлд багтаж, Эндрю Ланг, Эдмунд Госсе, Лесли Стипен болон В. Э. Хенли нараас урам зориг авсан агаад "Эрдэнэсийн арал" романы загварыг Хенли гаргаж өгсөн байх магадлалтай гэж үздэг. 1890 онд тэрээр Самоа-д суурьшсан бөгөөд Европчууд болон Америкууд Өмнөд тэнгисийн арлуудыг эзлэн түрэмгийлж буйд сэтгэл түгших болов. Үүнээс болж Стивенсоны бичих хэв маяг романтикаас бараан реализм руу чиглэх болсон гэж үздэг. Стивенсон нэр хүндтэй нийгмийн дундаж давхаргын инженерийн гэр бүлд төрж өссөн бөгөөд багын бие султай хүүхэд байсан тул ихэнх цагийг орондоо хэвтэж өнгөрүүлдэг байжээ. 
 
Бяцхан Стивенсонд сувилагч нь болох Элиссон гэх хүүхний уншиж өгдөг байсан "Хуучин гэрээ" тэргүүтэй ном зохиол маш их нөлөөлсөн буюу зохиолч болох хүслийг нь бий болгожээ. Аавынхаа хүслийг дагаж инженер болохын тулд Эдинбургийн их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр сурахаар болсон Стивенсоны сонирхол даанч өөр байсан буюу тэрээр ихэнх цагаа Шотландын түүх, Францын уран зохиол, мөн Дарвин, Спенсер нарын бүтээлийг судлахад зарцуулж байв. Тэрээр уран зохиолд хайртайгаа, уран зохиолчийн замналаар хөөх хүсэлтэй байгаагаа аавдаа хэлэхэд аав нь маш их уурласан ба хүүдээ ямар ч байсан өмгөөлөгчийн шалгалтад бэлд, хэрвээ уран зохиолч болох чинь бүтэлгүйтвэл ядаж хүндлэхүйц мэргэжилтэй болж үлд хэмээн зөвлөж байжээ, гэхдээ хүү нь мэдээж бүтэлгүйтээгүй билээ. Стивенсоны зохиол бүтээлд болон амьдралд нь түүний төрсөн хот Эдинбург нь маш их нөлөөлсөн гэдэг бөгөөд тэрээр хотын сайн, муу гэсэн хоёр янзын төрх байдлын талаар хангалттай туршлагатай болсон байв. Тиймээс энэ туршлагаа уран бүтээлдээ тусгаж өгдөг байсан агаад нэг талдаа шашин шүтлэгтэй, хүндэтгэлтэй, уламжлалт хотыг, харин нөгөө талаар Эдинбург нь хуурмаг үйл явдлаар дүүрсэн, хар бараан дүрүүдтэй, янханчлал газар авсан замбараагүй байдлаар дүрслэгддэг. Уг ажиглалтынхаа ачаар тэрээр хүний мөн чанарын хоёрдмол байдлын талаар их зүйлийг мэдэж авсан бөгөөд хожим "Доктор Жекил, ноён Хайд хоёрын жигтэй явдал" гайхалтай туужийнх нь үндсэн суурь болжээ. 1873 онд Стивенсоны цээж хөндүүрлэн өвдөж, мэдрэлийн ядаргаанд оров, эмч түүнийг хэсэг хугацаанд амарч, гадаад улсаар аялахыг зөвлөжээ. Тэрээр Францын өмнөд нутгаар 6 сар аялсан агаад энэ хугацаандаа олон тооны эссэ бичсэн байдаг. Эдинбургт эргэж ирээд номын тойм, нийтлэл, богино өгүүллэгүүд бичих зэргээр бичгийн ажлаа үргэлжлүүлэх болов. Түүний нэр аажмаар чухал гэсэн хэвлэлүүдэд гарч эхэлсэн бөгөөд энэ үеэр тэрээр өөрөөсөө 10 эгч Фанни Осборн гэгч Америк хүүхэнтэй танилцжээ.

 Энэ Америк хүүхэн тусдаа амьдрах болсон нөхрөөсөө зугтааж Европоор "аялж" явж байж. Ингээд Осборн нөхрөөсөө албан ёсоор салсаны дараа тэд 1880 онд гэрлэлтээ батлуулжээ. Стивенсон 1870-аад оны сүүлчээр уран зохиолын ертөнцөд танигдаж, амжилт гаргаж эхэлсэн. 1889 онд Самоа-ын Vailima-д 300 акр бүхий эдлэн газар худалдаж авсан ба ихэнх чухал бүтээлээ Vailima-д амьдарч байхдаа бичжээ. Стивенсон 44 настай тархинд нь цус харваснаас болж 1894 оны 12-р сард нас нөгчсөн билээ. Уншигчдаа өөрсдөөс нь болон тэдний нөхцөл байдлаас нь холдуулж чаддаг чадвартай Вальтер Скоттын хэвэнд өөрийгөө олж хардаг хэмээн Стивенсон хэмээж байв. Стивенсон Францын реализмд байх муухай, заваан зүйлд анхаарлаа хандуулан маргаантай Хандах болжээ. "Дэнлүү баригч" бүтээлдээ тэрээр Эмиль Зола шиг гол баатруудаасаа эрдэм мэдлэг хайгаад олдоггүй. Амьдралтай өрсөлдөх тухай өгүүлсэн Америкийн нэрт зохиолч Хенри Жеймсийн "хүүрнэл зохиолын урлаг" номын хариу болгож "даруухан эсэргүүцэл" номоо Стивенсон бичсэн байдаг. Амьдралын нарийн түвэгтэй байдалд хэзээ ч найдаж болохгүй гэж Стивенсон Х. Жеймсийг эсэргүүцсэн бөгөөд зохиолчид 1885 онд уулзаж байсан байдаг, бас тэдний дунд үл ойлголцол байсан эсэх нь одоо ч яг таг батлагдаагүй байдаг юм. Ямартай ч Стивенсон Жеймс-д "Хулгайлагдсан нь" номоо бэлэглэжээ, харин Жеймсийн дуртай ном нь "Эрдэнэсийн арал" байсан гэдэг. Стивенсон "Эрдэнэсийн арал" романаа хөвгүүдэд зориулан бичсэн буюу нарийн бөгөөд сэтгэлзүйн талаас бичих шаардлагагүй гэж үзжээ. Харин роман маш их алдаршсан агаад  уг бүтээлийг; хүүхдийн уран зохиолыг Викториан үеийн сургаалийн гинжнээс чөлөөлсөн явдал гэж үздэг ажээ. Стивенсоны анхны гар бичмэлүүдийн тал хувь нь алдагджээ; үүнд "Эрдэнэсийн арал", "Хар сум"  зэрэг бүтээл багтдаг. 

Өв залгамжлагчид нь түүний бичиг баримтыг дэлхийн 1-р дайны үеэр зарсан бол олон бичиг баримтыг нь 1918 онд дуудлага худалдаагаар заржээ. Стивенсон өөрийн цаг үедээ алдартай байсан агаад Х. Л. Борхес, Бертолт Брехт, Хенри Жеймс, А. Д. Дойл, Жек Лондон, В. Набоков, Эрнест Хемингуэй нар түүнийг биширдэг байв. Г. К. Честертон түүний талаар: Стивенсон спилликин тоглож байгаа хүн шиг зөв үгийг үзэгнийхээ үзүүрээр оновчтойгоор сонгож авдаг гэж хэлж байжээ. Стивенсоныг 20-р зууны ихэнх хугацаанд хоёрдугаар зэрэглэлийн зохиолч гэж үздэг байв. В. Вулф хийгээд  уран зохиолын зүтгэлтнүүдийн хэрэггүй гэж үздэг хүүхдийн уран зохиол болон аймшгийн жанр руу шилжин зэрэг буурсан ба мөн Стивенсоныг сургуулиудад заадаг уран зохиолын гол бүтээлүүдээс хасчээ. 20-р зууны сүүлчээр Стивенсоныг өргөн цар хүрээтэй, ухаалаг, уран зохиолын онолч, нийгмийн шүүмжлэгч, хүмүүнлэг үзэлтэн бөгөөд номхон далайн арлуудын колончлолын түүхэн гэрч хэмээн дахин үнэлэх болжээ. Р. Л. Грийн: түүний уран зохиолын чадвар буюу төсөөллийн хүч нь төгс төгөлдөр гэж хэлсэн буй. Одоо түүнийг Жосеф Конрад болон Хенри Жеймс зэрэг зохиолчдтой нэгэн үеийнхэн гэж үздэг бөгөөд түүнд зориулсан эрдэм шинжилгээний судалгаа, байгууллага хүртэл бий болжээ. Стивенсон манай гаригийн хамгийн их орчуулагдсан зохиолчдын 26-р байрт Оскар Уайлд, Э. А По нарын өмнө бичигдэж байна.

Comments