The Last Laugh (1924). Нэгэн алдартай зочид буудлын үүдэн дээр 70 орчим насны бараг генерал юмуу циркийн жүжигчин шиг хувцастай өвгөн-манаач зочид буудал руу орж гарах хүмүүст эелдэг бөгөөд чин сэтгэлээсээ үйлчилнэ. Хаалгач маань уг ажилдаа түүртэх бус харин ч энэ ажлаасаа аз жаргал, өөрийнхөө бахархлыг олж байгаа нь нүднээ илхэн байна. Өвгөн- манаач хэдий ажил үүргээсээ цэнгэл таашаал, урам зориг авч байгаа боловч аргагүй насны эрхээр ажилдаа гологдох болсон нь хэн хүнд тодорхой ажээ. Үүнийг анзаарсан зочид буудлын менежер нэг өдөр хаалгачийг дуудаад; одооны ажил чинь насанд чинь хүнддэх боллоо, тиймээс "тушаал" буруулж илүү бага ажиллагаатай ариун цэврийн өрөөнд ажиллуулах болсоноо дуулгана. Өвгөн-манаачид энэ бол үхлээс өөрцгүй мэдээ болно, учир нь, түүний амьдралын утга учир чухам энэ л ажил байсан, ганган хувцастайгаа тансаг буудлын өмнө зогсч бусдаар хүндлүүлж, бусдаас талархалын үг сонсох нь түүний баяр бахдал, нэр төр байсан тул энэ ажлаа алдах, илүү доод, илүү муухай ажилд орох болсон нь шившигтэй, байж боломгүй хэрэг билээ. Өвгөн-манаач нэг охинтой, охин нь удахгүй гэрлэх гэж байгаа ба манаач ядуухан байрандаа хүндлэгдсэн хөгшин буюу түүнийг хүндлэх гол шалтгаан нь хүндтэй манаачийн ажил болон гоёмсог ажлын хүрэм нь гэж хэлж болно. Манаач "тушаал" буурсан оройдоо дэгжин хүрмээ хулгайлах бөгөөд гэртээ өмсөж очно, ингэдэг нь шившигт орсноо гэрийнхэндээ мэдэгдэхгүй гэснийх юм. Ингээд, өвгөн-манаач өглөө дөө хүрмээ өмсөөд гэрээсээ нэг л мундаг хүн гарч буудлын дэргэд очоод хүрмээ нуучихаад ариун цэврийн өрөөний муухай ажлаа гунигтайгаар хийнэ. Энэ явдал удаан насгүй байсан нь хэнд ч илэрхий; өвгөн-манаачийн үнэн байдал бүгдэд ил болсоноор бүгд түүнийг шоолон, зэвүүнээр тохуурхах агаад үүнд гэр бүлийнхэн нь ч багтах нь тун бэрх ээ. Гайхан балмагдаж, гутран ичсэн манаачийн сэтгэл санааг илэрхийлэх боломжгүй юм. Түүнд одоо үхлээс өөр юу хэрэгтэй гэж?
1924 онд Германы кино
найруулагч F. W. Murnau камераа сууринаас нь чөлөөлж, зураглалдаа төсөөлөл
хийгээд сэтгэлийн илэрхийлэмжийг шингээж өгсөнөөр кино бүтээх аргыг эгнэгт
өөрчилсөн юм. Өмнө нь Камер замтай, хадагдсан байсан боловч хэзээ ч ийм
тооцоотой, сэтгэл татам байгаагүй бөгөөд уг кино олон улсад өндөр амжилт
олсоноор Murnau-д холливууд явах "тасалбарыг" олгосон ба TSPDT сайт
эл бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 179-р байрт жагсаажээ.
Киноны гол дүрд Германы нэрт жүжигчин Emil Jannings тоглож, киноны зураглаачаар
Mark Freund ажилласан бол кино зохиолыг Carl Mayer бичжээ. Үйл явдал хийгээд
бүтцээс илүүтэйгээр нийгмийн ядуу ангийнхны сэтгэлзүйн мөн чанарыг чухалчилж,
авсаархан хэв маягаар хийгдсэн энэхүү киноны жанрыг Kammerspielfilm буюу
"chamber-drama" гэдэг ба сайхь жанрын гол жишээ болсон кино ажээ.
Хамгийн аугаа дуугуй кино, жинхэнэ дуугүй кино гэгддэг эл бүтээл нь өөрөө ямар
ч харилцан яриагүй, бүр дуугүй кинонд ихэвчлэн ашигладаг бичгэн дүрслэл ч үгүй,
зөвхөн дүрсээр буюу зураглалаар утга санаагаа харуулах ёстой гэгддэг жанр ажээ.
Тухайн цаг үед найруулагч Murnau замналынхаа оргил үедээ байсан ба тэрээр:
бидний бүхий л хүчин чармайлт нь кино урлагийн жинхэнэ бүс биш бүхнийг тоймлоход чиглэгдэх ёстой гэж
хэлсэн байдаг. Murnau-ын " жинхэнэ
кино урлагийн бүсэд" ажиллаж байсан хүн гэж тодорхойлсон кино зохиолч Carl Mayer-тэй хамтран
ажиллажээ. Энэхүү кино маань яриагүй, бичиггүй гэдгээрээ алдартай, Carl Mayer
өмнө нь дээрх аргыг өөр кинон дээр ашиглаж байсан байдаг. Murnau болон
зураглаач Karl Freund нар кинондоо камерын нарийн хөдөлгөөнийг ашигласан нь
хожим "гинжгүй камер" гэж алдаршсан байдаг. Freund камераа цээжиндээ
бариад цахилгаан шатаар унадаг дугуйгаар явах, камерыг цонхоор доош нь гудамж
руу унагах зэрэг зоримог, шинэлэг камерын ажиллагаанууд уг кинонд ашиглагджээ.
Францын нэрт кино найруулагч Marcel Carne: энэ киноны камер гулсана, босно,
ойртуулна бас савална, энд ямар ч тогтсон зүйлгүй, чухам энэ нь үйл явдлын
болон драмын нэг хэсэг болдог хэмээжээ. Олон жилийн дараа Freund уг кинонд
Murnau-ын оруулсан хувь нэмэр гэх юм байгаагүй гэж хэлсэн байдаг нь хачин.
Хожим Murnau киноныхоо багахан өө сэвний талаар ингэж хэлж: угаалгын өрөөний
үйлчлэгч манаачаас илүү ажил хийдэг гэдгийг бүгд мэддэг шүүдээ гэжээ. Киног
1924 онд Веймарын бүгд найрамдах улсын үед хийсэн бөгөөд энэ нь Герман улсад
ногдуулсан асар их өр, нөхөн төлбөр, эдийн засгийн хямралтай, үлэмж ядууралтай
үе юм. Хөрөнгөтөн Германчууд эдийн засгаа сайжруулах гэж хичээж бас тэр
найдварыг хайж байсан цаг агаад бараг бүх хүн гэнэт маш их хөрөнгийн өв
залгамжлагч болох юмсан гэж мөрөөдөж байсан бодит бус, тэгтлээ ядуурсан цаг юм.
Эл найдварын хэрэгцээ болгож бас найруулагч маань олон нийтийн хүлээлтэд
нийцүүлэн киноныхоо төгсгөлийг жаргалтай, бодит бусаар хийсэн байна. Германы
кино уран бүтээлчид холливуудтай холбогдсоноор буюу 1926 оноос Германы шилдэг
кино урлаачид холливууд руу бараг нүүсэн байдаг. Үүний үр дүнд найруулагч
Alfred Hitchcock Берлин явж Murnau-тай хамтран ажиллажээ. Hitchcock-ын хувьд
Murnau-ын гинжгүй камер зэрэг цоо шинэ техникүүд гайхам байсан агаад Hitchcock-ын
хувьд Герман "багшаасаа" маш их зүйл сурсан, замналынх нь гол
лавлагаа болжээ. Уг кино холливуудад маш өндөр үнэлгээтэй байсан, холливууд энэ
киногоор галзуурч байсан гэдэг. Бүх зүйл камераар илэрхийлгдэнэ, кино урлагийн
цэвэр зохиомж, найруулгын хэмнэлийн сонгодог жишээ гэж шүүмжлэгчид энэ
бүтээлийг магтсан байдаг ба мөн Murnau-ын хамгийн бага сенсаацтай мөртлөө
хамгийн чухал кино гэгчид бас байна. Энэ кино, кино урлагт камерын шинэ
ноёрхол, шинэ эрх чөлөө авчирсан бөгөөд ирээдүйн кино урлагт үлэмж нөлөөлжээ.
Comments
Post a Comment