The Laughing Cavalier

 


The Laughing Cavalier (1624). Нидерландын Барокко урлагийн хөдөлгөөний анхны аугаа зураач Frans Hals нь энд танилцуулах хөрөг зургаараа алдартай бөгөөд Frans Hals нь амьдлаг, аяндаа гарсан хөрөг зургуудаараа нэрд гарсан зураач юм. Тэрээр 17-р зууны шилдэг хөрөг зураачдын нэг гэж тооцогддог агаад El Greco, Rubens, Rembrandt болон Velasquez нарын аваргуудтай эн зэрэгцдэг бөлгөө. Түүнийг ялангуяа хөрөг зургийг аварга том хэмжээтэй зурдагаар нь онцолж болно. Харамсалтай нь, Frans Hals-ын хувийн эмх замбараагүй амьдрал нь санхүүгийн хувьд ч, гэр бүлийн аз жаргалын хувьд ч тэр, ерөөсөө амжилтад хүрэх замд нь саад болсон гэж үздэг. Энэхүү зураг нь Frans Hals-ын хамгийн шилдэг туурвил гэгддэг агаад түүний нэр хүндийг дахин сэргээхэд Jan Vermeer-г "дахин нээчихээд" байсан урлаг судлаач Theophile Thore-Burger-ын хүчин чармайлт ихээхэн байсан гэдэг. 1865 онд болсон уран зургийн нэгэн үзэсгэлэн дээр "The Laughing Cavalier"-г Барон Rothschild мөнгөөр "зодон" худалдаж авах хүртэл Frans Hals урлагийн ертөнцөд мартагдсан байлаа.  Энэ явдал түүнийг дахин үнэлэхэд түлхэц болсон бөгөөд нэн ялангуяа импрессионист зураачид болох Edouard Maner, Claude Monet нарын анхаарлыг татжээ. Барокко урлагийн хамгийн аугаа хөрөг зураг гэгддэг энэхүү бүтээлийн нэрийг 1872-1875 оны үед Bethnal green музейн үзэсгэлэнгээр нээлтээ хийж олон нийтийн хүртээл болох үеэр Викториан шүүмжлэгчид өгсөн ажээ. 
Үнэндээ зураг дээрх хүн морин цэрэг биш, мөн ерөөсөө ч инээж байгаа биш юм. Энэ хүн бол Haarlem-ын иргэн 26 настай Tieleman Roosterman гэгч болой. Түүний давхар торгоор нарийн шаглаж оёж нэхсэн торон зах хийгээд ханцуйвч зэргийг харахад энэ хүн бол баян чинээлэгийн дээр загварын мэдрэмжтэй нэгэн байсныг харуулна. Ханцуй дээрх хээ угалзыг нарийвчлан харваас эгнээ зүрх болон сум, мөн дүрэлзэж буй бамбар, хайрын зангилаа, зөгий зэрэг харагдана; эдгээр нь бүгд хайр хийгээд романтикын симбол юм. Энэ нь эл зураг сүйн хөрөг зураг байх магадлалтайг харуулж байна. 18-р зууны сүүлч хүртэл хөрөг зураг зурагчид инээмсэглэж буй хөрөг зураг зурах нь туйлын ховор зүйл байсан учраас зураг зурах явцад Tieleman Roosterman-ын нүд анивчсан байх өндөр магадлалтай юм. Frans Hals гар болон нүдний гайхамшигтай шүтэлцэн ажилладаг авъяастай байсан нь түүний зурах техникийн эрдмийг хялбархан харагдуулдаг. Түүний хурдтай бийрийн ажиллагаа бол импрессионистуудын мөрөөдөл байсан гэдэг!

Comments