Янаглагч буюу Лесли Чеунг

 






Миний хамгийн дуртай Ази жүжигчин Leslie Cheung 1956 оны 9-р сарын 12нд төрж, 2003 оны 4-р сарын 1нд амиа хорлон үхсэн билээ. Тэрээр кино жүжигчин гэхээсээ илүү алдартай поп дуучин байсан ба Happy Together, Temptress moon, The Phantom Lover, Ashes of time, Days of Being Wild, Farewell My Concubine болон A Better Tomorrow, Chinese Ghosts Story зэрэг киногоор нь би түүнийг биширдэг, мөн эдгээр киногоороо тэр кино урлагийн агшин зуурын супер од, гялалзсан авъяас байснаа нотолдог. 
Хонг Конгийн, сүүлд Канадын иргэн болсон Leslie Cheung бол Cantopop-г үүсгэгчдийн нэгээс гадна кино болон хөгжмийн ертөнцөд яг ижилхэн үлэмж амжилт гаргасан манай гариг дээрх цөөхөн артистын нэг буюу энэ талаараа тэрээр Азидаа тэргүүлэгч юм. 1988-1989 оны Хонг Конгийн хамгийн алдартай уран бүтээлчээр дараалж шалгарсан бол 1999 онд Хонг Конгийн хөгжмийн наадмаас дээд шагнал хүртсэн ба Monica гэх дууг нь зууны хит дуугаар тодруулж байв.

2010 онд CNN-ээс явуулсан бүх цаг үеийн хамгийн алдартай хөгжимчинийг тодруулах санал асуулгад Cheung Michael Jackson болон The Beatles хамтлагийн дараа 3-р байрт эрэмбэлэгдсэн байдаг бөгөөд CNN түүнийг Хонг Конгийн хамгийн үзэсгэлэнтэй кино од, мөн Азийн хамгийн аугаа 25 жүжигчний нэгээр нэрлэсэн байдаг.1977 оноос урлагийн гараагаа эхлүүлсэн тэрээр 1980-д он гэхэд охид хүүхнүүд, шүтэн бишрэгчдийнхээ хувьд бурхан болоод байсан ба Cheung-ын анхнаасаа л гунигтай байсан амьдралыг товчхон хүргэж байна. 
Leslie Cheung Хонг Конгийн 10 хүүхэдтэй дундаж нэгэн гэр бүлийн хамгийн бага хүүхэд болж мэндэлжээ. Түүний эцэг нь Marlon Brando, Gary Grant нарын Америкийн сор жүжигчдийн хувцсыг хийж оёж өгдөг оёдолчин байв. Cheung-г бага байхад эцэг, эх нь салсан бөгөөд Cheung Хонг Конгийн Rosaryhill сургуульд орж, 12 настайдаа Английн Norwich-ын сургууль руу илгээгджээ. Энэ үедээ тэрээр амралтын өдрүүдээр хамаатныхаа ресторанд барменаар ажиллахын хажуугаар дуулдаг байжээ. Чухам энэ үедээ тэрээр Leslie гэх нэрээ сонгож авсан буюу энэ нэрийг сонгох шалтгаан нь Gone With the Wind кинонд дуртай байсан, Leslie Howard жүжигчинд дуртай байсных ажээ. 

Хожим хэд хэдэн ярилцлагадаа; хүүхэд нас нь аз жаргалгүй өнгөрсөн талаараа ярьсан байдаг. "Миний хүүхэд нас аз жаргалгүй өнгөрсөн. Байнга маргаан, хэрүүл болно, бид хамтдаа амьдардаггүй байсан. Эмээ маань намайг өсгөсөн. Эцэг эх маань надтай хамт байдаггүй байсан нь хүүхэд насны минь хамгийн сэтгэлээр унагадаг зүйл байлаа. Би бага байхаасаа л эцэг эх маань яагаад гэртээ байдаггүйг ойлгодоггүй байсан. Одоо хүртэл үүнээс болж сэтгэлээр унах үе надад тохиолддог" гэж Cheung хэлж байжээ. Cheung Leeds-ын их сургуульд нэхмэлийн менежментийн чиглэлээр суралцаж байгаад аавыгаа өвдөх хүртэл суралцаж байгаад сургуулиа хаясан буюу эхний нэг жил л суралцаад буцаж Англи явж сургуулиа төгсөөгүй ажээ. Манайхаар бол "одод болохын хүслэн" уралдаанд оролцсоныхоо дараа тэрээр 1977 онд Polydor Records-той гэрээ байгуулж, улмаар анхны цомгоо гаргав. I like dreaming and Day dreamin нэртэй цомог нь бүхэлдээ Англи хэлээр бичигдсэн байлаа. 

Цомог 1979 онд Cantonese хэл дээр гаргасан  Lover's Arrow цомог шиг бүтэлгүйтэв. 1980 оны нэгэн тоглолтын үеэр үзэгчид түүнийг шүгэлдэж, Cheung хэсэг хугацаанд хөгжмийн замналаасаа холдоход хүрчээ. 1982 онд Cheung Capital Artist-тай гэрээ байгуулсан ба өөрийг нь од болгосон Wind Blows on цомгоо гаргав. 1984 онд гаргасан Monica дуу нь Хонг Конгийн түүхэн дэх хамгийн их борлогдсон сингл болж, Cheung хормын төдий супер од болгожээ. Түүний дараачийн цомгууд: For your Heart, Stand up, Admiration мөн л асар их амжилтыг дагуулсан. Cheung 1987 онд Capital Artist-г орхиж Cinepoly-той гэрээ байгуулсан агаад Cinepoly-той хамтран 9 цомог гаргасан байдаг. Cheung Хонг Конгийн хамгийн том уран бүтээлчдийн нэг байсан нь түүнийг өөр нэг сүпер од Alan Tam-тай өрсөлдүүлэхэд хүргэсэн ба тэдний фенүүдийн дунд аажмаар дайсагнал өсөн нэмэгдэж, эл мөргөлдөөн нь эргээд 2 уран бүтээлчдэд болж ирэв.

 1988 онд Tam поп хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр хөгжмийн замналаа эцэслэж буйгаа зарлав. Тэгвэл дараах жил нь Cheung дуучны замналаа өндөржүүлэх гэж байгаагаа мөн зарласан байна. Түүний үдэлтийн тоглолт 33 үдэш Дараалан болсоноор Cantopop-ын түүхэнд дээд амжилт болон үлдэв. Энэ үед Cheung дөнгөж 33 настай байлаа. 1986 он бол түүний жүжигчний замналд эргэлт гарсан жил байсан бөгөөд найруулагч John Woo-ын A Better Tomorrow кинонд тоглож гарамгай жүжигчин болохоо харуулав. Уг кино Хонг Конгийн хамгийн их ашиг олсон кино болсон юм. Дараагийн жилүүдэд тэрээр өөрийг нь дэлхий хэмжээний жүжигчин болгосон: A Chinese Ghosts Story, Rouge, найруулагч Wong Kar-Wai-ын Days of Being Wild зэрэг кинонууддаа тоглосон билээ. Cheung 1989 оноос 1995 оны хооронд поп дуучны замналаа орхиод байсан ч дуу зохиогчийн амжилттай үргэлжлүүлж байв. 1993 онд Red Cheek, white hair киноны хөгжмөөр Golden Horse наадмын шилдэг эх хөгжим төрөлд ялалт авсан ба хөгжим зохиогчийн хувиар тэрээр Golden Horse наадамд 4 удаа, Хонг Конгийн кино наадмын киноны шилдэг хөгжим төрөлд 2 удаа тус бүр нэр дэвшиж байжээ. 1998 онд тэрээр 48 дахь удаагийн Берлины олон улсын кино наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан. Тэрээр 1995 онд Rock records-той гэрээ хийснээр дахин дуулах болсоноо зарлав. 

Тэр жилдээ Beloved цомгоо гаргасан бөгөөд уг цомог IFPI-ын хамгийн их борлогдсон цомогт олгодог шагналыг хүртжээ. 2001 онд сенсаац тарьсан ижил хүйстэн 2 залуугийн харилцааг харуулсан Bewildered дууны клипээ гаргав. Уг клипт түүний хамтрагчаар Японы балетчин Nishijima Kazuhiro тоглосон агаад уг клипийг гомосекс дүрслэл агуулсан хэмээн хоригдож байжээ. Cheung-ын сүүлчийн аялан тоглолт Passion Tour нэртэй байв. Аялан тоглолт 2000 оноос 2001 оны хооронд Хонг Конг болон хилийн чанадад болсон ба загвар зохион бүтээгч Jean Paul Gaultier-тэй хамтран ажиллажээ. Тоглолтын агуулга нь сахиусан тэнгэрээс чөтгөр хүртэл гэсэн зохиомжтой байж, Cheung тоглолтын турш 4 өөр хувцас өмссөн буюу сахиусан тэнгэр, царайлаг залуу, латин дурлагч, мөн чөтгөрт хувирсан байна. Энэ чөтгөр нь соёлуудыг холбох хийгээд түүний манин, бисексуал байдлыг голлон илэрхийлжээ. Япон, Солонгос болон Канадад түүний аялан тоглолтын загвар маяг, өөрийгөө илэрхийлэх байдлыг өндрөөр сайшааж байсан бол Хонг Конгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байв. 

2011 онд, CCTV уг аялан тоглолтын талаар: тоглолтын хэлбэр, урлагийн концепт, хувцаслалт болон үзэгчдийн хариу үйлдэл гээд Cheung-ын концерт нь Хятадын концертийн урлагт хэний ч,.хэзээ ч давж гарахааргүй өндөр жишиг тогтоолоо хэмээж байв. Cheung-ын хувийн амьдрал маш ээдрээтэй: 1977 онд тэрээр Love Story гэх телевизийн цувралд тоглож байхдаа хамтран тоглогч Teresa Mo-д дурлав. Тэр үед Cheung 20 настай, харин Mo 17 настай байсан гэдэг. Cheung түүнд гэрлэх санал тавьжээ. Үүнд ихэд гайхсан Mo саналыг зөвшөөрсөнгүй, харин ч аажмаар холбоогоо тасалж эхэлсэн аж. Гэвч тэд найзууд хэвээрээ үлдэж, 1992 онд All's well, Ends well кинонд дахин хамт тогложээ. Дараа нь Cheung жүжигчин Shirley Yim хэсэг үерхэсэн агаад бие биенийхээ амьдрах хэв маягт дасаагүй тул 1980 онд салжээ. Үүний дараа Хонг Конгийн модел Ngai Sze-pui-тэй 2 жил харилцаатай байсны эцэст мөн л салав. 1984 онд Хонг Конгийн тэрбумтаны охин Cindy Yeung-тэй хэд хэдэн болзов. Cindy түүний Фен байсан  бөгөөд 7 насаар дүү байлаа. 

Гэсэн хэдий ч Cindy Америк явсанаар энэ харилцаа дууссан ба захидлаар, утсаар харилцаж байсан ч энэ нь хангалтгүй байлаа. "Миний оюун ухаан бол Бисексуал. Энэ нь надад эмэгтэй хүнийг хайрлахад хялбар байдаг, мөн эрэгтэй хүнийг хайрлахад ч бас хялбар байдаг. Сайн жүжигчин манин байх ёстой гэдэгт би итгэдэг, энэ нь жүжигчний өөрчлөлтөд хэрэгтэй байдаг" гэж Cheung 1992 онд хэлж байжээ. 1997 онд Cheung өөртэй нь адилхан сексийн чиг хандлагатай багын найз Daffy Tong-той харилцаатай болохоо зарласан ба Daffy түүнийг үхэх хүртэл буюу бараг 20 жил түүний дэргэд байжээ. "Хайрын хувьд, би хайрлагчаас илүү сайн найз байж чадна гэж боддог. Учир нь би бол ажлын морь. Миний романтик сэтгэлийг хуваалцах тэр хүн зарим талаар эрсдэл гаргах хэрэгтэй юм" гэж Cheung хайрын талаар өгүүлжээ. 2003 оны 4-р сарын 1нд Cheung  Mandarin oriental зочид буудлын 24-р давхаар үсрэн амиа хорлож үхсэн юм. 

46 настай байсан одын үхэл дэлхий даяарх шүтэн бишрэгчдийг нь шоконд оруулав. "Сэтгэл гутрал! Бүх найзууддаа баярлалаа. Энэ жил маш хүнд байлаа. Би цаашид тэвчиж чадашгүй нь. Ноен Tong-д маш их талархаж байна. Гэр бүлдээ маш их баярлалаа. Эгчдээ баярлалаа. Би амьдралдаа ямар ч муу зүйл хийж байгаагүй. Яагаад заавал ийм байх ёстой гэж?" Энэ бол Cheung-ын цонхоор үсрэхээсээ өмнө бичиж үлдээсэн зурвас юм. Cheung-ын үхлийн дараа, үнэхээр сэтгэл гутралаас болж үхсэн үү? Гэсэн асуулт гарсан бөгөөд Daffy тэргүүтэй түүний ойр дотны хүмүүс Cheung сүүлийн нэг жилийн хугацаанд сэтгэлзүйчид үзүүлж эмчилгээ хийлгэж байсныг баталдаг. Түүний эгч, дүү нь нэг удаа: "би яагаад сэтгэлээр гутраад байгаа юм болоо? Надад мөнгө байна, намайг хайрладаг хүмүүс байна шүүдээ" хэмээн цөхрөн өөрт нь хэлж байсныг дурссан байдаг. 2002 онд Cheung амиа хорлох гэж оролдож байсныг дотны хүмүүс нь ил болгов. Cheung-г эцсийн замд нь үдэх үед дэлхий дээр САРС өвчин гарчихсан, Хонг Конг руу аялахыг аюултайд тооцож байсан ч Cheung-ын фенүүд дэлхийн өнцөг булан бүрээс Хонг Конгийг зорьж байлаа. 

Түүний үхлийн сэдэв бүтэн сар Хонг Конгийн сонины нүүрийг "чимсэн" бөгөөд түүний эцсийн цомог Everything Follows the Wind нь үхсэнээс нь хойш 3 сарын дараа нээлтээ хийж байжээ. 2013 онд, түүний нас барсны 10 жилийн ойгоор фенүүд нь цуглаж 2 сая цаасан шувуу нисгэсэн нь Guinness-ын номонд бичигдэж байв. Cheung амьд ахуйдаа маш их сайн үйлсийн аянд оролцдог байсан ба ихэнх нь хүүхдийн төлөөх аянууд байдаг байв. Хонг Конгийн урлагийн академид түүний нэрэмжит тэтгэлэг байдаг аж. Leslie Cheung-ын хөгжмийн, кино урлагийн замнал зөвхөн Хонг Конгийг байлдан дагуулаад зогсохгүй Тайвань, Сингапур, Малайз, Япон Солонгос гээд Азийг бүхэлд нь хамарсан ба тэр бол Японд 16 удаа концерт хийсэн анхны гадаад артист (энэ амжилт хараахан эвдэгдээгүй байна), мөн Солонгост хамгийн их цомог зарж чадсан C-pop артист ажээ.

Comments